Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Ст холбогдох эрүүгийн 1907004770186 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 5-8 насны 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ж.С /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

            Шүүгдэгч Ж.С нь иргэн С.*******ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* ******* зах дотор байрлах ХААН банкны АТМ-аар гүйлгээ хийхдээ 497000 төгрөг бэлнээр гарч ирснийг мэдэлгүй орхисныг авч завшин бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ж.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би 11-р сарын 30-ны өдөр ******* захын АТМ орж виз уншуулах гээд орсон. Би визээ хийх гэтэл урдаас

их хэмжээний мөнгө гарч ирсэн. Би тэрийг нь олзтой боллоо гээд аваад гадаа гараад тоолоод үзэхэд 497,000 төгрөг  байсан. Би тэр мөнгөнөөс хоол унд хувцас авсан. Дараа нь цагдаа дээр ирээд хохирогчтой уулзуулсан. Би тэр дор нь үрсэн мөнгөө бэлнээр тоолж өгсөн. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ж.С яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 08 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд мөнгө авахаар ******* ******* зах дотор үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны ATM рүү мөнгө авахаар орсон. Намайг дотогш ортол ATM машин ямарч оочир байхгүй цонхон эрэгтэй хүн цонхоор хараад зогсож байсан ба би шууд очоод виза картаа уншуулах гээд яваад очтол ATM машины мөнгө гарч ирдэг хаалга нээгдээд дотроос 20,000, 5000, 1000 төгрөгийн дэвсгэртүүд гараад ирэхээр нь аваад мөнгөө авалгүй шууд буцаад гараад явсан. Ингээд гарч ирээд ******* захын буланд шахаж зогсоод мөнгөө тоолоод үзэхэд 497,000 төгрөг байсан. Тэгэхээр нь би олзтой боллоо гэж бодоод баярлаад шууд *******ын зах ороод өөртөө күртик, гутал, гоо сайхны хэрэгсэл пүдр, үсний будаг, 2 хүүхдэдээ нэг нэг өмд, цамц зэрэг эд зүйлс аваад мөн гэртээ хоол хүнсний эд зүйлс аваад цайны газар ороод хоол, ундаа зэрэг эд зүйлс аваад гэртээ очоод хүүхдүүдтэйгээ хуваагаад идсэн. Ингээд 223,000 төгрөг үлдсэн ба гэртээ байж байтал цагдаа нар ирээд мөнгийг хураагаад авсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/

 

            Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед миний бие цалингийн зээлээ төлөх гэтэл мөнгө байхгүй болохоор Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа эхнэр аас мөнгө гуйхад за би шилжүүлъе гэхээр нь би өөрөө картгүй болохоор эхнэрийн төрсөн ах Гэндэнгийн ******* ахын хаан банкны виза картыг хэрэглэдэг байсан. Тухайн үед надад карт нь явж байсан болохоор эхнэртээ ******* ахын 5749969921 дугаарын хаан банкны дансыг нь өгөхөд шилжүүлчихлээ гэхээр нь за гээд тухайн шөнөө авалгүй маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад мөнгөө авахаар *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* захад байрлах хаан банкны АМТ машинаас мөнгөө авахаар очоод картаа уншуулаад 497000 төгрөг авахаар команд өгсөн боловч АМТ машин уншаад мөнгө гарч ирэхгүй байхаар нь одоо сайн санахгүй байна ямарч байсан 1-ээс 2 минут орчим хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь мөнгө нь шилжээгүй юм байхдаа гэж бодоод дараагийн хүнээ оруулаад цонхон дээр очиж зогсоод эхнэр рүүгээ ярих гэснээ жоохон байж байгаад дахиад үзъе арай шилжүүлсэн мөнгө орж ирээгүй байгаа юм байлгүй гэж бодоод хэсэг зогсож байгаад дахиад очоод үзэхэд мөнгөн дүн хүрэлцэхгүй байна гэсэн хариу ATM машин өгсөн. Тэгэхээр нь банкнаас гараад эхнэр рүүгээ залгахад шилжүүлсэн одоо оролгүй яадаг өчигдөр орой шилжүүлсэн мөнгө тэр дороо орох ёстой гэхээр нь буцаад гэртээ очоод ******* ахыг дагуулаад Хаан банкин теллер дээрээс дансны мэдээллийг шалгуулахад 497,000 төгрөг ******* захын ATM машинаас гараад явсан байна 08 цагт мөнгийг авсан байна гэхээр нь би тухайн картыг би ашиглаж байсан юм мөнгө авахаар команд өгсөн боловч гарч ирээгүй шүү дээ гэж хэлэхэд ка тэгвэл камер шүүж өгье гээд камераа шүүж үзсэнээ таны арын хүн таны мөнгийг авчихсан байна гэхээр нь шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/

           

            Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие одоо Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт үйлдвэрт засварчин хийж байгаад 2010 онд тэтгэвэртээ гарсан юм. Ингээд тэтгэвэртээ гарсан цагаасаа эхлээд л ******* дүүрэгт ирж амьдраж байгаа ба дүү ын гэрт хүүхдүүдийг нь харж байдаг юм. Одоогоор манай дүү Солонгос улсад ажиллаж амьдраж байгаа ба би нөхөр *******ын хамт хүүхдүүдийг нь харж байдаг. Миний бие картнаас мөнгө төгрөг авч чадахгүй дүү *******т картаа өгсөн тэтгэвэрээ буухаар *******аар авхуулаад хэрэглэдэг юм. *******т би картаа тэтгэвэр буухаар аваад өгч байгаарай бусад үед нь чи ашиглаж бай гээд өгсөн юм. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай дүү ******* өглөө банкнаас мөнгө авна гэж гараад өдөр 10 цагийн үед ирээд миний данс руу мөнгө хийсэн тэрийг авах гэсэн чинь АТМ-ээс гардаггүй 2 уулаа хамтдаа банк ороод таны дансны хуулгыг шалгуулъя гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа Хаан банк ороод дансаа шалгахад теллер таны арын хүн мөнгийг чинь авсан байна гэж *******т хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

            Хохирогч *******ын Хаан банкны Дансны хуулга /хх-ийн 32 дугаар хуудас/

 

            “Хаан банк 2019.10.30” гэсэн бичиглэлтэй дүрс бичлэг зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгчийн мөнгө завшсан үйлдлийг алдаатай гүйлгээгээр бий болсон хөрөнгийг завшсан гэж зүйлчилснийг хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн зөвтгөж дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

            Үүнд  шүүгдэгч Ж.С нь иргэн С.*******ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* ******* зах дотор байрлах ХААН банкны АТМ-аар гүйлгээ хийх үед бусдын гээгдүүлсэн 497,000 төгрөг бэлнээр гарч ирснийг авч завшин бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ж.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би 11-р сарын 30-ны өдөр ******* захын АТМ орж виз уншуулах гээд орсон. Би визээ хийх гэтэл урдаас их хэмжээний мөнгө гарч ирсэн. Би тэрийг нь олзтой боллоо гээд аваад гадаа гараад тоолоод үзэхэд 497,000 төгрөг байсан. Би тэр мөнгөнөөс хоол унд хувцас авсан.” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ж.С яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би шууд очоод виза картаа уншуулах гээд яваад очтол ATM машины мөнгө гарч ирдэг хаалга нээгдээд дотроос 20,000, 5000, 1000 төгрөгийн дэвсгэртүүд гараад ирэхээр нь аваад мөнгөө авалгүй шууд буцаад гараад явсан. Ингээд гарч ирээд ******* захын буланд шахаж зогсоод мөнгөө тоолоод үзэхэд 497,000 төгрөг байсан.” гэсэн мэдүүлэг, Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэртээ ******* ахын 5749969921 дугаарын хаан банкны дансыг нь өгөхөд шилжүүлчихлээ гэхээр нь за гээд тухайн шөнөө авалгүй маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад мөнгөө авахаар *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* захад байрлах хаан банкны АМТ машинаас мөнгөө авахаар очоод картаа уншуулаад 497,000 төгрөг авахаар команд өгсөн боловч АМТ машин уншаад мөнгө гарч ирэхгүй байхаар нь одоо сайн санахгүй байна ямарч байсан 1-ээс 2 минут орчим хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь мөнгө нь шилжээгүй юм байхдаа гэж бодоод дараагийн хүнээ оруулаад цонхон дээр очиж зогсоод эхнэр рүүгээ ярих гэснээ жоохон байж байгаад дахиад үзъе арай шилжүүлсэн мөнгө орж ирээгүй байгаа юм байлгүй гэж бодоод хэсэг зогсож байгаад дахиад очоод үзэхэд мөнгөн дүн хүрэлцэхгүй байна гэсэн хариу ATM машин өгсөн. Тэгэхээр нь банкнаас гараад эхнэр рүүгээ залгахад шилжүүлсэн одоо оролгүй яадаг өчигдөр орой шилжүүлсэн мөнгө тэр дороо орох ёстой гэхээр нь буцаад гэртээ очоод ******* ахыг дагуулаад Хаан банкны теллер дээрээс дансны мэдээллийг шалгуулахад 497,000 төгрөг ******* захын ATM машинаас гараад явсан байна 08 цагт мөнгийг авсан байна гэхээр нь би тухайн картыг би ашиглаж байсан юм, мөнгө авахаар команд өгсөн боловч гарч ирээгүй шүү дээ гэж хэлэхэд та тэгвэл камер шүүж өгье гээд камераа шүүж үзсэнээ таны арын хүн таны мөнгийг авчихсан байна гэхээр нь шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай дүү ******* өглөө банкнаас мөнгө авна гэж гараад өдөр 10 цагийн үед ирээд миний данс руу мөнгө хийсэн тэрийг авах гэсэн чинь АТМ-ээс гардаггүй 2 уулаа хамтдаа банк ороод таны дансны хуулгыг шалгуулъя гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа Хаан банк ороод дансаа шалгахад теллер таны арын хүн мөнгийг чинь авсан байна гэж *******т хэлсэн” гэсэн мэдүүлэг, Дансны хуулга, “Хаан банк 2019.10.30” гэсэн бичиглэлтэй дүрс бичлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.Ст холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Ж.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшсны улмаас 497,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                                                                                    

            Шүүгдэгч Ж.Ст холбогдох гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан“ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

           

            Шүүгдэгч Ж.С нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 497,000 төгрөгийн хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Ж.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

 

           7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД