Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00778

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00778

 

 

 

 

                              “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/00727 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ч” ХХК, хариуцагч НШШГГт холбогдуулан  Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 101/ШШ2017/01456 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжаар нэхэмжлэгч Ч ХХК-д хариуцагч Н.Энхжаргал, Л.Будсүрэн нар зээлийн гэрээний үүрэгт 459.387.644 төгрөгийг үүрэг гүйцэтгэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж захирамж гарсан.

Ингээд НШШГГт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 101/ШШ2017/1612 дугаартай гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээж, төлбөр төлөгч Н.Энхжаргал нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр НШШГГт үйлдвэрээ 550 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Харин төлбөр авагч Ч ХХК нь уг үйлдвэр болон газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргахад “Дамно” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг 727 696 091 төгрөгөөр үнэлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Ичинхорол нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/658 дугаартай мэдэгдлийг танилцуулахад “Дамно” ХХК нь анх төлбөр төлөгч Н.Энхжаргал өөрийн улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн барилга, нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг 550 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс дариу 177.696.091 төгрөгөөр илүү үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн байна.

Иймд уг “Дамно” ХХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. “Орка” ХХК-ийн захирал нь 550 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээндээ үйлдвэрийнхээ үйлдвэрлэл явуулахад бэлэн тоног төхөөрөмжийн хамт шилжүүлэх нөхцөлөөр 550 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл “Дамно” ХХК нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх болон газрыг үнэлсэн. Гэтэл манайх үүргийн гүйцэтгэлдээ очоод авъя гэхээр Энхжаргал нь доторх үйлдвэрлэл явуулахад бэлэн тоног төхөөрөмжөө мөн шилжүүлэх хүсэлт гаргаад байдаг. Тэгэхээр “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан нь зөрүүтэй байна. Анх санал болгоод өгөх гэж байсан тоног төхөөрөмжөө аваад явчихсан. Зөвхөн сэндвич барилгыг шилжүүлэх асуудал гарч, эд хөрөнгийн маргаан цаашид гарч болзошгүй. Дамно ХХК-ийн үнэлгээ тодорхой бус байх бөгөөд барилгын ямар эд хөрөнгийг үнэлсэн, дотор нь ямар эд хөрөнгө бэлэн болон бэлэн бус байгааг гаргаагүй учраас үнэлгээг хүчингүй болгуулна гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01456 дугаар шийдвэрээр Найдансүрэнгийн Энхжаргал, Лхамсүрэнгийн Будсүрэн нараас 459 387 644 төгрөгийг гаргуулж Чинд олгохоор шийдвэрлэсэн Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэхажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Энхжаргал, Л.Будсүрэн нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Орка” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн 1835 мкв талбайтай барилгын материалын үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17262009, дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17262009 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Н.Энхжаргал, Л.Будсүрэн, эзэмшигч “Орка” ХХК-аас үнийн саналыг авахад 550 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр төлөгч Л.Будсүрэнгийн зүгээс хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр үнийн санал ирүүлээгүй мөн төлбөр авагч Чны зүгээс шинжээчээр үнэлгээ топоолгох хүсэлтийг ирүүлсэн. Иймд тус газраас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Дамно” ХХК-аар тогтоолгоход нийт 727 696 091 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 45 минутад хүлээн авч төлбөр төлөгч Н.Энхжаргал, Л.Будсүрэн, “Орка” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 4/659 дугаартай албан бичгээр, төлбөр авагч Чинд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/658 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргах тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээг 70 хувиар тооцон 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыгбүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнгөнсүхийн давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд НИК-ийн төв байрны баруун талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 107 дугаар зүйлийн 107.2.-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй ...” гэж дүгнэсэн байна. Уг хэрэгт “Орка” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А/2 дугаартай үйлдвэрийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичигт тухайн үйлдвэрийн үнийг 550 000 000 төгрөг гэж өөрийн өртгийг тодорхой тусгаж санал ирүүлсэн байдаг. Уг албан бичигт үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан эд хөрөнгөө тодорхой заасан бөгөөд зарим эд хөрөнгөө өөрийн үнэлгээнд оруулаагүй байна.

Гэтэл хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК үнэлгээ хийхдээ яг ямар эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь тодорхойгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал: “Орка” ХХК 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А/2 дугаартай албан бчигт европ стандартын шаардлага хангасан 4 төрлийн бетон эдлэлийг жилийн 4 улиралд үйлдвэрлэх, компьютерийн удирдлагатай, бүрэн автомат шугамтай, даацын хавтанг хүссэн даац, маркаар үйлдвэрлэх өндөр хүчин чадалтайгаас гадна өөрийн төмөр замын ачих буулгах талбайтай ба 10 гаруй ажилчин ажиллуулдаг, цахилгаан утас, холболт, худаг, уурын зуухны шугам, тоног төхөөрөмжийн шугам, төмөр ... гэх мэт эд хөрөнгө дурдсан байтал хөрөнгө үнэлгээ компани үнэлгээндээ “ ... үйлдвэрийн дотор талд тоног төхөөрөмж суурилуулсан ...” гэж ерөнхийд нь хэлсэн бөгөөд төлбөр төлөгч үүгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь тодорхойгүй байхад үнэлсэн байна.

Мөн “Ч” ХХК нь барилгын материалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсаар байхад “Дамно” ХХК нь үнэлгээгээ “үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө/зоорийн давхар-3 давхар” гэж зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байна. “Дамно” ХХК нь үнэлгээний тайлан хийхдээ зуны цагт авсан зургаар хөрөнгийн үнэлгээг гаргаж дүгнэлтэнд хавсаргасан бөгөөд уг дүгнэлтийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав хүлээн авсан байна. Ингээд хавтаст хэрэгт байгаа “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт болон “Орка” ХХК-ийн үнийн санал нь илэрхий хоорондоо эд хөрөнгийн үнэлгээгээрээ зөрсөөр байхад шүүх нэхэмжлэгчийн хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг, нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1456 дугаар захирамжаар хариуцагч Н.Энхжаргал, Л.Будсүрэн нараас зээлийн гэрээний үүрэгт 459 387 644 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх тул хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэх үүрэгтэй.

 

Төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул хариуцагч НШШГГ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. /хх 45-48, 52, 57,59-60/

 

Төлбөр төлөгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 550 000 000 төгрөгөөр үнэлсэн санал ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр томилогдсон “Дамно” ХХК нь барилгын материалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хүнд үйлдвэрийн зориулалттай эзэмшлийн газрыг 727 696 091 төгрөгөөр үнэлсэн байна. /хх62, 67-74/

Шинжээч үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан журмын дагуу хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгө нь үйлдвэрийн зориулалттай бөгөөд хэргийн баримтаас тухайн хөрөнгө хичнээн бүрдэл хэсэгтэй болох, үүнийг шинжээч хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Хэргийн 76 дугаар тал дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ бүдэг хуулбарлагдсанаас гаргацгүй уншигдахгүй байна.

 

Түүнчлэн төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлэхдээ үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө худаг, уурын зуух, хатаах технологийн дамжлагатай, компьютер удирдлагатай бүрэн автомат шугамтай гэж тодорхойлсон байхад энэ талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаагүй, хөрөнгийн бүрдэл хэсэг тус бүрийн үнэлгээг тодруулахгүйгээр үнэлгээ зөв хийгдсэн эсэхт дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/00727 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2003012553 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 080100301 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай”  гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ш.ОЮУНХАНД

 

                                                   ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

                

                                                                                            А.МӨНХЗУЛ