Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00220

 

 

 

 

Б ДХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02380 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ДХХК-ийн хариуцагч С Г ХХК-д холбогдуулан 54 017 454 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б ДХХК нь 2006 оны 10 сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2/13 тоот ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Манай компани С Г ХХК-ийн өмчлөлийн С  худалдааны төвд лангуу, павильон түрээсэлдэг 39 түрээслэгчтэй тэдний өмчлөлийн хөрөнгийг аливаа эрсдлээс хамгаалахаар харилцан тохиролцож эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан. 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 02 цаг 28 минутад С  худалдааны төвд гал гарч түрээслэгчдийн эд хөрөнгө шатаж, хохирол учирсан тул бидний зүгээс талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын зүйлд даатгалын эрсдэл учирсан эсэхийг хянан үзээд 39 даатгуулагчид учирсан 54 017 454 төгрөгийн хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр гэж олгосон. С Г ХХК 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн шилжих шөнийн 02 цаг 28 минутад С  худалдааны төвд гарсан галын тохиолдолд буруутай гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч, ахмад П.Мөнхбатын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 199/562 тоот шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт үүсэж гал түймэр гарсан ба энэ нь хэргийн газрын үзлэг, хэргийн материал дахь Онцгой байдлын ерөнхий газрын гамшиг туршилт, шинжилгээний төвийн шинжилгээний хариу, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс гаргасан хэргийн газрын материал, Монгол улсын итгэмжлэгдсэн геологийн төв лабораторын шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, иргэнээс авсан тайлбар зэргээр нотлогддог гэсэн. Мөн MNS:5390-2004 Монгол улсын Стандартын цахилгааны галын аюулгүй байдал ерөнхий шаардлага 4.4.3-т цахилгааны богино холбоо-Цахилгааны шугам сүлжээ ба цахилгаан хэлхээний хүчдэлтэй цэгүүд маш бага эсэргүүцлээр холбогдох цахилгаан гүйдэл заасан стандарт шаардлагыг мөрдөж ажиллаагүйгээс цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт үүсэж гал гарсан байна. С Г ХХК болон түрээслэгч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.7-д цахилгаан шат, галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, агааржуулалтын систем, барилга доторх бусад тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд байлгах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд хөрөнгийн өмчлөгч болох С Г ХХК нь галын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг хэвийн байлгах, аюулгүй байдлыг хангах талаарх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс гал гарсан. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5-т зааснаар өмчлөгч нь барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, үүргээ хэрэгжүүлээгүй, аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсанд буруутай гэж үзэж байна. Иймд Б ДХХК нь даатгуулагчтай байгуулсан гэрээний 7.5-д заасан эрхийнхээ дагуу С Г ХХК-аас даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох нийт 54 017 454 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 037.27 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар зөвхөн буруутай этгээдээс нөхөн төлбөр, холбогдох зардлыг шаардах эрхийг даатгагчид олгосон байна. 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн шилжих шөнө С Г ХХК-ийн С  маркет худалдааны төвд гал гарч, даатгалын тохиолдол үүссэн. Тус хэрэгт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 сарын 04-ний өдрийн №05 тоот прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг С  худалдааны төвд 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн шилжих шөнө гарсан ... гал нь ямар нэгэн гадны нөлөөгүй цахилгааны утасны богино холболтоос үүсэн гал гарсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №199/562 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалт буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гал гарсан нөхцөл байдалд С Г ХХК нь буруутай гэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, гадны нөлөөгүй болох нь нотлогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан тул С Г ХХК-аас нөхөн төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №199/562 дугаартай дүгнэлтээр хариуцагч С Г ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан талаар огт тогтоогоогүй. Дээрх стандартыг мөрдөж ажиллаагүйгээс цахилгаан дамжуулагч утсанд богино холболт үүсэж гал гарсан гэж дүгнээгүй байтал нэхэмжлэгч нь нөхцөл байдлыг мушгин гуйвуулж хариуцагчийг буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн С  худалдааны төвд гал гарч даатгалын тохиолдол үүссэний улмаас С Г ХХК нь Бодь дааттал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр болон гэрээний алданги нийт 240 162 768 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 001/XT2019/00425 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Б ДХХК-аас нөхөн төлбөрийг 95 274 190 төгрөгөөр тогтоож нэхэмжлэгч С Г ХХК-д олгож шийдвэрлэсэн. Б ДХХК-аас даатгалын тохиолдолд үүссэн нөхөн төлбөрийг С Г ХХК-д олгох үүрэгтэй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон атал С Г ХХК-ийг даатгалын тохиолдол үүсэхэд буруутай гэж үзэн нөхөн төлбөрийг шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар хариуцагч С Г ХХК-аас гэм хорын хохиролд 54 017 454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ДХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 037 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд, Г.Бадамцэрэн нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй. Хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаснаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн. С  захад лангуу түрээслэж үйл ажиллагаа явуулахдаа Б ДХХК-тай эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан нийт 39 түрээслэгчийн гэрээний үүргийн харилцааг, С Г ХХК болон Б ДХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгийн даатгалын гэрээний үүрэгтэй хольж эрх зүйн дүгнэлт хийснээс шалтгаалан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг илтэд дордуулсан шийдвэр гаргасан. С Г ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б ДХХК-тай хөрөнгийн даатгалын №Р1А202170201088 гэрээг байгуулсан. С Г ХХК нь энэхүү гэрээгээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг гал, тэсрэлт, дэлбэрэлт, сантехникийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалж учирсан хохирол, цахилгааны гэмтэл зэргээс үүдсэн эрсдлээс хамгаалж даатгуулсан байдаг. 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн шилжих шөнийн 02 цаг 28 минутанд С  худалдааны төвд гал гарч даатгалын эрсдэл бий болсон боловч даатгуулагч С Г ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс маргаан гарсан. Даатгалын гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар зохигчид маргаж, өмнө нь шүүхээр хянан шийдвэрлүүлсэн. С Г ХХК нь даатгалын гэрээний 5.2-т заасны дагуу даатгалын төлбөрийг төлж барагдуулсан тул үнэлгээгээр тогтоогдсон даатгалын нөхөн төлбөрийг, алдангийн хамт гаргуулахаар шаардсан. Б ДХХК нь даатгалын нөхөн төлбөрийг хуваарийн дагуу төлсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих-ээр зохицуулсан, төлбөрийг бүрэн шилжүүлээгүй байхад даатгалын эрсдэл гарсан тул нөхөн төлбөр олгох үндэслэл болохгүй гэж маргасан нь шүүхийн шийдвэрт тодорхой туссан байдаг. С Г ХХК, Б ДХХК-ийн хооронд үүссэн хөрөнгийн даатгалын гэрээтэй холбоотой өмнө нь үүссэн маргаанд даатгалын тохиолдол бий болоход хэн аль нь гэм буруугийн талаар маргаагүй, харин гэрээний үүргийн гүйцэтгэл, хүчин төгөлдөр байдлын талаар маргасныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн талаар эцэслэн дүгнээгүй. С Г ХХК нь гал гарахад гэм буруутай байсан эсэхийг шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримт байхгүй учир Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд зөвхөн С Г ХХК-д даатгалын тохиолдол бий болсон эсэхийг дүгнэж, шийдвэрлэсэн болох нь тодорхой харагддаг. Гэтэл шүүх дээрх хөрөнгийн даатгалын гэрээний харилцаатай холбоотой маргааныг Б ДХХК-тай тусдаа эрх зүйн харилцаанд оролцсон 39 түрээслэгчийн эд хөрөнгийн даатгалын гэрээний харилцаатай хольж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Дээрх даатгалын гэрээний харилцаа нь тусдаа гэрээний харилцаа бөгөөд тус тусдаа эрх, үүрэг үүсгэж байгаагийн хувьд тэдгээр гэрээний харилцаа болон эрх үүргийг ялгаж, салгаж шийдвэрлэх ёстой байсан. Цагдаагийн байгууллагаас шалгахад хариуцагчийн гэм буруу нь гал гарахад тогтоогдоогүй, мөн шүүхээр өмнө нь шийдвэрлүүлсэн маргаанд гэм буруугийн асуудлаар маргах боломжтой байсан гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийн гал гарахад гэм буруутай үйлдлийг нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл хариуцагчийн гэм бурууг нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан нь нотлогдох бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү гаргасан үндэслэлийг хариуцагч няцааж чадаагүй. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 199/562 тоот шинжээчийн дүгнэлтээр ... цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт үүсч гал түймэр гарсан болохыг тодорхойлсон. Мөн хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол Улсын стандарт болон стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус зөрчсөн болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнчлэн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т галын аюулгүй байдал гэж учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлыг хэлэх бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас цахилгааны богино холболт үүсч ноцтой гал гарах шалтгаан нөхцөл бий болсон нь тогтоогддог. С Г ХХК нь түрээслэгч нартай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний нийтлэг журам үйлчилдэг. Улмаар Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3, 288.1.4-д заасан үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас их хэмжээний гал түймэр гарч түрээслэгч нарт хохирол учирсан.

 

Түүнчлэн С Г ХХК болон түрээслэгч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.7-д заасан үүргээ түрээслүүлэгч хэрэгжүүлээгүй, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5-т зааснаар хариуцагч нь өмчлөгчийн үүргээ хэрэгжүүлээгүй, аюулгүй байдлыг хангаагүй улмаас тухайн барилгад гадны нөлөөгүй гал түймэр гарч их хэмжээний хохирол учирсан. Шинжээч гал ямар нэгэн гадны нөлөөгүй гарсан болохыг тогтоосон тул тухайн барилга байгууламжийн өмчлөгч нь гал гарахгүй байх нөхцлийг бүрэн хангаж ажиллаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаант холбоо тогтоогддог. Шүүх хуралдаанд шүүгчийн зүгээс хариуцагч талаас нэхэмжлэгч талын яриад байгаа хууль болон стандартад заасны дагуу өмчлөгчийн хувьд галын аюулгүй байдлыг хангах болон хууль, стандартыг биелүүлэх үүрэгтэй юу гэж асуухад хариуцагчийн өмгөөлөгч нь тийм үүрэг хүлээсэн, биелүүлэх үүрэгтэй гэж хариулсан байдаг. Гэвч шүүх хариуцагчийн зөвхөн гэм буруутай үйлдэл тогтоогдож байж буруутгах ёстой мэтээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн гэм буруу зөвхөн гэм буруутай үйлдлээр хязгаарлагдахгүй, хууль болон холбогдох эрх зүйн актад заасан өмчлөгчийн хувьд хүлээх ёстой үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь өөрөө гэм буруутай болох, гал гарахад хүргэсэн, гал гарсан нь өөрөө хариуцагчийн гэм буруу байсантай холбогдуулан гаргасан нотлох баримтыг үнэлээгүй. Шүүх барилга, байгууламжийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхгүй байснаас гал түймэр гарсанд заавал өмчлөгчийн гэм буруутай үйлдэл эсхүл хэн нэгэн этгээдийн гэм буруутай үйлдэл л тогтоогдох шаардлагатай мэтээр дүгнэсэн. Шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд эрх зүйн дүгнэлт хийхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд хэтэрхий ач холбогдол өгч, С Г ХХК-ийг гал гарахад гэм буруутай болохыг уг дүгнэлт, тогтоолд тодорхой тусгаагүй байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж субъектив дүгнэлт хийсэн. Гэтэл аж ахуйн нэгж нь урьдчилан сэргийлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас гал гарах болсон шалтгаан нөхцлийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасныг хариуцагч ямар байдлаар няцаасан талаар эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хариуцагч С Г ХХК нь шүүхэд хандаж хохирлоо барагдуулсан атлаа өөрийн гэм буруугаас түрээслэгч нарт учруулсан хохирлыг өөрсдөдөө хамааралгүй мэтээр тайлбарлаж, гэм хорын хариуцлагаас хууль бусаар чөлөөлөгдөх гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Даатгалын компани нь хохирол учирсан этгээдэд гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх ёстой болохоос гэм хор учруулсан этгээдэд давхар нөхөн төлбөр төлж хохирох ёсгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б ДХХК нь хариуцагч С Г ХХК-аас даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг төлсөн тул буруутай этгээдээс нөхөн төлбөрт 54 017 454 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнийн 02 цаг 28 ... С  худалдааны төвийн 2 давхарт гал гарч түрээслэгчдийн эд хөрөнгө шатсан, үүний улмаас хариуцагч С Г ХХК-ийн нэр бүхий 39 түрээслэгчид учирсан 54 017 454 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Б ДХХК-аас төлсөн байна. /1хх10-250, 2хх1-16/

 

Хариуцагч С Г ХХК гал гарсанд хариуцагчийг буруутай гэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, гадны нөлөөгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай нийцээгүй.

 

Хариуцагч С Г ХХК түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээний 4.7-д заасан цахилгаан шат, галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, агааржуулалтын систем, барилга доторх бусад тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд байлгах үүргээ хангалтгүй биелүүлснээс түрээслэгч нарт эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэв.

 

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд ... цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан богино холболт үүсэж гал түймэр гарсан. Галын голомт нь тус худалдааны төвийн 2 дугаар давхарын 23 дугаар лангууны дотор талдаа байна гэж дүгнэж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газар 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор гал гарахад ямар нэгэн гадны нөлөөгүй байсан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй цахилгааны галын аюулгүй байдал Ерөнхий шаадлага MNS5390:2004 Монгол улсын стандартын 4.3-т богино холбоо гэдгийг цахилгаан шугам сүлжээ ба цахилгаан хэлхээний хүчдэлтэй цэгүүд маш бага эсэргүүцлээр холбогдох цахилгаан гүйдэл гэж тодорхойлсон байх ба 5.1-д богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, аянгын үйлчлэлийн улмаас гал түймэр гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийг тухайн объектын өмчлөгчид үүрэг болгож стандартчилсан байна. Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг журамласан.

 

Дээрхээс үзэхэд түрээслүүлэгч буюу С Г ХХК нь тухайн объектод гал гарахаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан богино холболт үүсч гал түймэр гарсан гэж дүгнэх үндэслэлтэй. /2хх158/

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ .., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасан байна.

 

Нэр бүхий 39 түрээслэгчид нийт 54 017 454 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч Б ДХХК-аас түрээслэгч бүрт эзэмшлийнх нь дансанд нөхөн төлбөрийг олгож, эд хөрөнгийн даатгалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн нь хэргийн 1 дүгээр хавтасны 12-250, 2 дугаар хавтасны 1-16 дугаар талд авагдсан нөхөн төлбөр олгох тухай шийдвэр, банкны шилжүүлгийн баримт, нөхөн төлбөрийн шийдвэр зэргээр тогтоогдож байна.

 

 

 

Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д тус тус заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих тул нэхэмжлэгчийн даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох 54 017 454 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02380 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хариуцагч С Г ХХК-аас 54 017 454 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ДХХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 037 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 037 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 038 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ