Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2380

 

 

  

 

 

 

 

 

 

2019 оны11 срын 21 өдөр

                             181/ШШ2019/02380

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны талбай, Жигжиджавын гудамж-9,Бодь цамхаг, 3 дугаар давхарт оршин байрлах Б  ХХК /РД:2088606/- ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо , Тээвэрчдийн гудамж, нарны зам, Саруул төв өөрийн байранд байрлах С Г ХХК-д холбогдох

 

           54.017.454 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд, Г.Бадамцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, иргэдийн төлөөлөгч А.Содбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б  ХХК нь 2006 оны 10 сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2/13 тоот Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болно.

Манай компани “Саруул групп” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу Саруул худалдааны төвд лангуу, павильон түрээсэлдэг 39 түрээслэгчтэй тэдний өмчлөлийн хөрөнгийг аливаа эрсдлээс хамгаалахаар харилцан тохиролцож “Эд хөрөнгийн даатгалын гэрээ”-г байгуулсан байдаг.

2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 02 цаг 28 минутад Саруул худалдааны төвд гал гарч түрээслэгчдийн эд хөрөнгө шатаж, хохирол учирсан тул бидний зүгээс талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын зүйлд даатгалын эрсдэл учирсан эсэхийг хянан үзээд 39 даатгуулагчид учирсан 54,017,454 төгрөгийн хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгосон болно.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж зааснаар Даатгагч буюу “Б ” ХХК нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлснөөр олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр тухайн даатгалын тохиолдолд буруутай байсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна.

С Г ХХК-ийг 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 02 цаг 28 минутад Саруул худалдааны төвд гарсан галын тохиолдолд дараах үндэслэлээр буруутай гэж үзэж байна. Үүнд:

1. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч, ахмад П.Мөнхбатын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 199/562 тоот шинжээчийн дүгнэлтээр гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт үүсэж гал түймэр гарсан ба энэ нь хэргийн газрын үзлэг, хэргийн материал дахь Онцгой байдлын ерөнхий газрын гамшиг туршилт, шинжилгээний төвийн шинжилгээний хариу, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс гаргасан хэргийн газрын материал, монгол улсын итгэмжлэгдсэн геологийн төв лабораторын шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, иргэнээс авсан тайлбар зэргээр нотлогдож байна гэсэн дүгнэлт.

2. Мөн дүгнэлтэд MNS:5390-2004 Монгол улсын Стандартын цахилгааны галын аюулгүй байдал ерөнхий шаардлага 4.4.3-т “Цахилгааны богино холбоо-Цахилгааны шугам сүлжээ ба цахилгаан хэлхээний хүчдэлтэй цэгүүд маш бага эсэргүүцлээр холбогдох цахилгаан гүйдэл” заасан стандарт шаардлагыг мөрдөж ажиллаагүйгээс цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт үүсэж гал гарсан байна.

3. “Саруул групп” ХХК болон түрээслэгч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д “Цахилгаан шат, галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, агааржуулалтын систем, барилга доторх бусад тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд байлгах үүрэг хүлээнэ” гэж зааснаар хөрөнгийн өмчлөгч болох “Саруул групп” ХХК нь галын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг хэвийн байлгах, аюулгүй байдлыг хангах талаарх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс дээр дурьдсан байдлаар гал гарсан байна.

4. Монгол улсын Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5-т “барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангуулах” үүргийг барилга байгууламжийн өмчлөгч хариуцна гэж заасан боловч өмчлөгчийн хувьд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан байх зэргийг тус тус үндэслэн буруутай гэж үзэж байна.

Иймд Б  ХХК нь даатгуулагчтай байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэснээр даатгуулагчаас даатгагчид олгосон энэхүү шаардах эрхийн дагуу “Саруул групп” ХХК-иас даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох нийт 54,017,454 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,037.27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б  ХХК-ийн 2019 оны 09 дүгээр 06-ны өдөр С Г ХХК-д холбогдуулан гаргасан С Г ХХК-иас 54,017,454  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холботдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус зааснаар зөвхөн буруутай этгээдээс нөхөн төлбөр, холбогдох зардлыг шаардах эрхийг даатгагчид олгосон байна.

2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө С Г ХХК-ийн Саруул маркет худалдааны төвд гал гарч, даатгалын тохиолдол үүссэн. Тус хэрэгт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 сарын 04-ний өдрийн №05 тоот прокурорын тогтоолоор “Хэргийг хэрэгсэхгүй” болгосон байдаг.

Тодруулбал тус прокурорын тогтоолоор “Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Саруул худалдааны төвд 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 12-т шилжих шөнө гарсан ... гал нь ямар нэгэн гадны нөлөөгүй цахилгааны утасны богино холболтоос үүсэн гал гарсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №199/562 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалт буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Өөрөөр хэлбэл гал гарсан нөхцөл байдалд С Г ХХК нь буруутай гэсэн эрх бүхий байгууллагыы шийдвэр гараагүй, гадны нөлөөгүй болох нь нотлогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол гасан тул С Г ХХК-иас нөхөн төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй юм. Нөгөөтэйгүүр С Г ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс галын эрсдэл үүсч бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд харин ч тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд С Г ХХК-ийг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “MNS:5390-2004 Монгол Улсын Стандартын цахилгааны галын аюулгүй байдал ерөнхий шаардлага 4.4.3-т “Цахилгааны богино холбоо- Цахилгааны шугам сүлжээ ба цахилгаан эсэргүүцлээр холбогдох цахилгаан гүйдэл” заасан стандарт шаардлагыг мөрдөж ажиллаагүйгээс цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт үүсэж гал гарсан байна” гэжээ. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №199/562 дугаартай дүгнэлтээр хариуцагч С Г ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан нөхцөл байдал үүссэн талаар огт тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл дээрх стандартыг мөрдөж ажиллаагүйгээс цахилгаан дамжуулагч утсанд богино холболт үүсэж гал гарсан гэж огт дүгнээгүй байтал нэхэмжлэгч нь нөхцөл байдлыг мушгин гуйвуулж хариуцагчийг буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Саруул худалдааны төвд гал гарч даатгалын тохиолдол үүссэний улмаас С Г ХХК нь Бодь дааттал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр болон гэрээний алданги нийт 240,162,768 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 001/XT2019/00425 дугаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тус тогтоолоор Б  ХХК-иас нөхөн төлбөр төлөх үүргийг 95,274,190 төгрөгөөр тогтоож нэхэмжлэгч С Г ХХК-д олгож шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл Б  ХХК-иас даатгалын тохиолдолд үүссэн нөхөн төлбөрийг С Г ХХК-д олгох үүрэгтэй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон атал С Г ХХК-г даатгалын тохиолдол үүсэхэд буруутай гэж үзэн нөхөн төлбөрийг шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Иймд С Г ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын хэлж буй 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 199/562 тоот шинжээчийн дүгнэлтэд MNS:5390-2004 Монгол улсын Стандартын цахилгааны галын аюулгүй байдал ерөнхий шаардлагыг зөрчсөн гэсэн зүйл байхгүй. Гал нь богино холболтоос болж гарсан. MNS:5390-2004, 4.4.3-т Цахилгааны богино холбоо цахилгааны шугам сүлжээ ба цахилгаан хэлхээний хүчдэлтэй цэгүүд маш бага эсэргүүцлээр холбогдох цахилгаан гүйдэл” байна гэж тайлбарласан. Нэгэнт гаргасан дүгнэлтийг өөрт ашигтай байдлаар тайлбарлах боломжгүй.

С Г ХХК нь 4.4.3-т заасан стандартыг зөрчсөн гэх баримт байхгүй. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад С Г ХХК болон Б  ХХК нь хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. Энэ гэрээг үндэслэж С Г ХХК нь Б  ХХК-д даатгуулсан. Гал гарснаас болж С Г ХХК-д хохирол учирсан. Тус нөхөн төлбөрийг Б  ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд даатгалын хохирол 179,762,624 төгрөг, алданги 60,400,146 төгрөг, нийт 240,062,768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан.

Тус маргааныг Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00425 тогтоолоор эцэслэн шийдвэрлэж даатгалын нөхөн төлбөрт Б  ХХК-иас 95,274,190 төгрөгийг гаргуулж С Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. С Г ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Б  ХХК нь 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байсан. Үүнд: хураамж төлөөгүй учраас даатгалын нөхөн төлбөр олгохгүй, талуудын хооронд гэрээ байгуулаагүй учраас даатгалын нөхөн төлбөр олгохгүй, даатгалын тохиолдол бий болсон нь талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө болсон гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлээс татгалзсан.

Б  ХХК нь С Г ХХК-ийн улмаас гал гарсан учраас даатгалын нөхөн төлбөр төлөхгүй гэх үндэслэлээр маргаж байгаагүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01802 тоот дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэрээ хийхээс өмнө даатгалын тохиолдол гарсан учраас нөхөн төлбөр төлөхгүй гэх татгалзал бичигдсэн. Мөн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2300 тоот магадлалын хянуулах хэсэгт даатгуулагч гэрээний дагуу даатгалын хураамжийг хувийн дагуу төлөөгүй учраас нөхөн төлбөр төлөхгүй гэх татгалзлыг Б  ХХК гаргаж байсан. Харин тус галыг С Г ХХК санаатайгаар гаргасан гэх тайлбарыг нэг ч гаргаж байгаагүй.

Даатгалын тохиолдол гарсанд С Г ХХК-ийн буруутай үйлдэл хийгдээгүй гэдэг нь 2 шинжээчийн дүгнэлтээр харагдаж байна. Үүнээс үзэхэд С Г ХХК нь стандартыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд Б  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Б  нь С Г ХХК-ийн улмаас гал гарсан гэх баримтыг гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. Иймд дээрх баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б  ХХК нь хариуцагч С Г ХХК-иас гэм хорын хохиролд 54,017,454 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Саруул худалдааны төвд гарсан галд гэм буруугүй тул бусдад хохирол төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төвд 2017 оны 3  дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө гал гарсны улмаас тус худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг нийт 39 иргэний эд хөрөнгөд нийт 54,017,454 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Нэхэмжлэгч Б  ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг О.Ичинхорлоо 574,352 төгрөг, Ж.Баярцэцэг 6,066,247 төгрөг, О.Цэрэннадмид 242,040 төгрөг, Э.Ууганцэцэг 1,600,000 төгрөг, Б.Амарзаяа 1,600,000 төгрөг, Б.Болормаа 1,895,120 төгрөг, Б.Удвал 1,001,320 төгрөг, Д.Алтанзаяа 142,628 төгрөг, А.Ганболор 800,000 төгрөг, Л.Бор 522,240 төгрөг, Ш.Одгэрэл 800,000 төгрөг, Д.Эрдэнэжаргал 1,600,000 төгрөг, Ж.Долгорханд 1,686,640 төгрөг, Б.Ганчимэг 5,341,321 төгрөг, Б.Энхтунгалаг 1,137,419 төгрөг, Н.Солонго 451,500 төгрөг, Х.Ханд 1,600,000 төгрөг, Ч.Батбуян 290,728 төгрөг, Ш.Төмөрхуяг 1,600,000 төгрөг, Б.Алтанцоож 800,000 төгрөг, О.Доржсүрэн 400,000 төгрөг, Б.Хонгорзул 3,575,935 төгрөг, Ц.Энхзол 509,600 төгрөг, Ж.Баяржавхлан 839,824 төгрөг, Ц.Алтанцэцэг 800,000 төгрөг, Т.Одончимэг 400,000 төгрөг, П.Нарантуяа 1,600,000 төгрөг, Д.Мөнхцэцэг 96,760 төгрөг, Г.Өлзийбилэг 799,815 төгрөг, Э.Мөнхзул 352,928 төгрөг, Х.Одончимэг 1,600,000 төгрөг, О.Баасанхүү 777,480 төгрөг, М.Баяржаргал 800,000 төгрөг, Н.Цэрэннадмид 632,044 төгрөг, Д.Отгонболд 778,508 төгрөг, Н.Цэцэгмаа 1,858,080 төгрөг, Д.Баттогтох 7,079,234 төгрөг, П.Оюунчимэг 965,691 төгрөг, Д.Алтанцэцэг 400,000 төгрөг, нийт 39 иргэнд 54,017,454 төгрөгийг олгосон болох нь баримтаар нотлогож байх ба дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж заасны дагуу Саруул худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байгаа иргэдэд төлсөн даатгалын нөхөн төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Б  ХХК нь “Саруул худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг нэр бүхий 39 иргэнтэй даатгалын гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 54,017,454 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 199/562 дугаартай дүгнэлтийн 2 ба 4 дүгээр асуултын хариулт хэсэгт “...гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулах утсанд цахилгааны богино холболт үүсэж гал түймэр гарсан байна. MNS: 5390-2004 Монгол Улсын Стандарт Цахилгаан галын аюулгүй байдал ерөнхий шаардлага” гэж дурьдсан ба уг уг стандартын 5.1-д Богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, аянгын үйлчлэлийн улмаас гал түймэр гарахгүй байх нөхцөл бүрдүүлэх гэж заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар гэм буруутай этгээд С Г ХХК-иас шаардаж нэхэмжлэл гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч С Г ХХК нь “...гал гарсан шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллага шалгаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон, мөн С Г ХХК нь Б  ХХК-иас даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад С Г ХХК-ийг буруутай тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж маргаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 199/562 дугаартай дүгнэлтэд стандарт дурьдсан нь манай байгууллагыг гэм буруутай гэж дурьдаагүй, харин стандартад богино холболт гэж юуг тодорхойлсон болохыг дурьдсан бөгөөд С Г ХХК нь гал гарсан үйл баримтад гэм буруугүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төвд 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө гал гарахад С Г ХХК нь гэм буруугүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 199/562 дугаартай дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт /хариуцагч Б  ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар/ “...Нэхэмжлэгч нь 174,000,000 төгрөгийн хохирол шаардаж байгаа ба үүнээс 7,500,000 төгрөгийн төлбөрөөс 4,000,000 төгрөг буюу 50 орчим хувь гэж үзээд даатгалын компаниас хувь тэнцүүлэн гаргах нь талуудын хувьд аль алинд нь шударга байж магадгүй гэдэг үндэслэл байгааг үгүйсгэхгүй” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байсан бол даатгалын гэрээний нөхөн төлбөр шаардахад зөвшөөрсөн тайлбар өгөх бус харин С Г ХХК буруутай гэж маргах боломжтой байсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулсан Хөрөнгийн даатгалын гэрээний 12.1.8-д зааснаар цахилгаан, эрчим хүчний аюулгүй ажиллагааг хамтран үзэлг хийж гарын үсэг зурж, баталгаажуулаагүй ба С Г ХХК-д эрх бүхий байгууллагаас цахилгаан, эрчим хүчний аюулгүй ажиллагааны журам, стандарт норм дүрмийг хангуулан ажиллах талаар ямар нэг албан шаардлага өгч байсан үйл баримт баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч С Г ХХК нь MNS: 5390-2004 Монгол Улсын Стандарт Цахилгаан галын аюулгүй байдал ерөнхий шаардлага” гэж дурьдсан ба уг стандартын 5.1-д “Богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, аянгын үйлчлэлийн улмаас гал түймэр гарахгүй байх нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг уг стандартад заасан үүргээ биелүүлээгүй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас цахилгааны богино холболт үүсч, гал гарсан байдлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүх хариуцагч С Г ХХК-иас гэм хорын хохиролд 54,017,454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар хариуцагч С Г ХХК-иас гэм хорын хохиролд 54,017,454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,037 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР

 

 

                                                 ШҮҮГЧ                                              О.ОДГЭРЭЛ

 

 

                                                 ШҮҮГЧ                                              Б.УУГАНБАЯР