Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00266

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00266

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 183/ШШ2019/02491 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Мөнхбаяр, М.Амараа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45 665 674.74 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэргийг хариуцагч М.Амараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, хариуцагч М.Амараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, хариуцагч Д.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Д.Мөнхбаяр, М.Амараа нар нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Голомт банктай ЗГ2405012917 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөг жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ2405012917 тоот ипотекийн гэрээгээр Д.Мөнхбаяр, М.Амараа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206025056 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамжны 49 дүгээр байрны 402 тоот 37.46 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдсэн боловч төлөөгүй, үндсэн зээл 37 173 753.85 төгрөг, зээлийн хүү 8 173 701.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 218.93 төгрөг, нийт 45 665 674.74 төгрөг төлөхөөр байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 45 665 674.74 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний тэгш байдал хангагдаагүй, удаа дараа зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ гаргахад нэхэмжлэгч шийдвэрлэж өгөөгүй, зээлийн гэрээний хугацааг сунгасан бол сард төлөх төлбөрийн хэмжээ багасаж зээлийн төлбөрөө төлөх боломжтой байсан. Уг зээл нь Голомт банкны хөрөнгө биш, зээлийг МИК худалдаж авсан,   хариуцагч Д.Мөнхбаярыг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцэх эрхийг нь хангаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт нийт 45 665 674.74 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1  дэх заалтыг  тус тус баримтлан хариуцагч Д.Мөнхбаяр, М.Амараа  нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025056 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, туул гол гудамжны 49 дүгээр байрны 402 тоот 37.46 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг  шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 456 478 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Амараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн. Иргэн Д.Мөнхбаяр, М.Амараа нар 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Голомт банкинд 180-240 сарын хугацаатай орон сууцны зээл хүссэн. Голомт банк зээлийг судалж, сар бүр төлөх төлбөрийг буруу тооцоолон орлого хангалттай учраас 240 сар буюу 20 жилээр биш 120 сар буюу 10 жилийн хугацаатайгаар 50 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл гаргахаар шийдвэрлэсэн. Голомт банк анх орон сууцны зээл олгохдоо 240 сар биш 120 сараар тооцоолсоноос эргэн төлөлтийн хуваарь нь өндөр дүнгээр төлөгдөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн үед худалдаж авсан орон сууцандаа орчихсон байсан тул банкны шаардлагыг биелүүлэхээс аргагүй байсан. 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийг хэвийн төлж байхдаа зээл төлөхөд хүндрэлтэй байгаа талаар дурдаж 240 сар болгох, сар бүр төлөх төлөлтийг багасгаж, орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлцэл хийх хүсэлтийг гаргасан. Банкнаас уг хүсэлтэд хариу өгөөгүй. Хэрвээ банк энэ хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэсэн бол өнөөдөр ийм маргаан үүсэхгүй байсан. Банк бидний өмнөөс өөрт ашигтайгаар шийдвэрлэдэг. Гэтэл иргэд гэрээний нэг тал байж ямар ч эрх мэдэлгүй. Зээл төлөлтийн явцад манай гэр бүл ам бүл нэмж, ээж минь удаан хугацааны турш өвдөж нас барсан. Д.Амараа миний бие хүнд өвдөж, эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө шаардлагатай болж орон сууцны зээлийг төлөх чадвар муудах эрсдэл үүсээд байгаа талаар 2013 оны 09 дүгээр сарын 13, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд Голомт банкны холбогдох этгээдүүдэд хандаж орлогыг дахин судлан орлоготой нь уялдуулан орон сууцны зээлийн гэрээний хугацааг 180-240 сар болгож өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Бид энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтийг сар дотроо багтаагаад төлдөг байсан. Голомт банк орон сууцны зээлийн гэрээний хугацаа сунгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй өрхийн орлогыг дахин судалж шийдвэрлээгүй. Бид 2013-2018 он хүртэл зээлийг сар бүр төлдөг байсан бөгөөд гэрээний үүргээ огт биелүүлэхгүй гэж хэлж байгаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Голомт банкнаас орон сууцны зээлийг судалж, зээл гаргахад цуглуулсан бүх материал мөн зээлийн эдийн засагчийн тооцоолол, зээл хүсэхэд хавсаргаж өгсөн өвчтэй байсан талаарх баримтууд болон хэрэгт нэн шаардлагатай зээлийн материалыг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн авч захирамж гаргасан. Голомт банкнаас зээлийн материалуудыг бүхэлд нь эхээр судлуулаагүй түүвэрчилсэн байдлаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр авчирсан. Хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, хэргийн материалтай танилцаад хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас өмгөөлөгч авах байсан боловч өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрхээр хангаагүйд гомдолтой байна. Иймд Д.Амараа миний хууль ёсны эрхийг эдлүүлж, эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, тэгш эрхтэйгээр шүүх хуралдаанд мэтгэлцэх, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг эдлүүлэх боломжоор хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч Д.Мөнхбаяр, М.Амараа нараас үндсэн зээл 37 173 753.85 төгрөг, зээлийн хүү 8 173 701.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 218.93 төгрөг нийт 45 665 674.74 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Мөнхбаяр, М.Амараа нар 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Голомт банк ХХК-аас 50 000 000 төгрөг жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/, Туул гол гудамжны 49 дүгээр байрны 402 тоотын 37.46 м.кв орон сууцыг барьцаалсан байна.

Хариуцагч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байх ба ар гэрийн гачигдлын улмаас үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй, зээлийн эргэн төлөх хугацааг 20 жил болгох хүсэлтийг банкинд удаа дараа тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй гэж маргадаг. /хх7-14/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна. Хэрэгт талуудаас ирүүлсэн баримтууд нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар шаардсан орон сууцны зээлийн гэрээний хувийн хэргийг байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй ирүүлж, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг нь хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагчид хамаарахгүй, тэдгээрийн хуулбар үнэн тэмдэгтэй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 

  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Голомт банк ХХК-аас шинээр ирүүлсэн баримттай танилцах боломжит хугацаа олгоогүй, эдгээр баримтуудтай хамааралтай тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах эрх хангагдаагүй гэх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Хариуцагчаас ирүүлсэн баримтууд хэргийн 64-104 дүгээр талуудад авагдсан, эдгээртэй хариуцагчийн төлөөлөгч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14.40 цагаас 15.18 цагийн хооронд танилцан, шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргах, хариуцагч хариуцагч Д.Мөнхбаярыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр нь хангах хүсэлтийг гаргажээ. Тэрээр Голомт банк ХХК-аас шинээр ирүүлсэн баримтаас хамаарч сөрөг нэхэмжлэл гаргах, хариуцагч Д.Мөнхбаяр хөдөө орон нутагт цасанд боогдсон гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй гэж тайлбарласан байхад шүүх тухайн нөхцөл байдалд нь дүгнэлт хийлгүйгээр хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу.

  

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 183/ШШ2019/02491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 478 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ