Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/02491

 

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/02491

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Г ХХК -ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух Дөрвөн уул овогт Дын М,

 

Хариуцагч :  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух Боржигон овогт Мын А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 45 665 674,74 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.М, М.А нар нь 2013.07.29-ний өдөр Гтай ЗГ2405012917 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ипотекийн гэрээ байгуулсан. ЗБ2405012917 тоот ипотекийн гэрээгээр Д.М, М.А нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206025056 дугаартай Нийслэлийн ХУД-ийн 15 дугаар хороо, ... тоот 37.46 м.кв талбайтай 1 өрөө орон сууц барьцаалсан болно.

Зээлдэгч Д.М, М.А нар нь ЗГ2405012917 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн ч төлөхгүй, үндсэн зээл 37 173 753,85 төгрөг, зээлийн хүү 8 173 701,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 218,93 төгрөг, нийт 45 665 674,74 төгрөг байна. Иймд ЗГ2405012917 тоот Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 45 665 674,74 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний тэгш байдал хангагдаагүй, удаа дараа зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаж байхад нэхэмжлэгч шийдвэрлэж өгөөгүй, зээлийн гэрээний хугацааг сунгасан бол сард төлөх төлбөрийн хэмжээ багасаж төлбөрөө төлөх боломжтой байсан, уг зээл нь Гны хөрөнгө биш, зээлийг МИК худалдаж авсан,   хариуцагч Мыг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлзэх эрхийг хангах нь тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2013.07.29-ний өдөр ЗГ2405012917 тоот орон сууцны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 37 173 753.85 төгрөг, зээлийн хүү 8 173 701,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 218.93 төгрөг, нийт 45 665 674.74 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206025056 дугаартай Нийслэлийн ХУД-ийн 15 дугаар хороо, ... тоот 37.46 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулахаар нэхэмжилж байна ...” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч М.Агийн бие өвдөж эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн, мөн гэрээний тэгш байдал хангагдаагүй, удаа дараа зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ хариуцагч нар гаргаж байхад нэхэмжлэгч шийдвэрлэж өгөөгүй, зээлийн гэрээний хугацааг сунгасан бол сард төлөх төлбөрийн хэмжээ багасаж төлбөрөө төлөх боломжтой байсан, уг зээл нь Гны хөрөнгө биш, зээлийг МИК худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж  маргажээ.

 

           Нэхэмжлэгч буюу Г ХХК нь хариуцагч Д.М, М.А нартай 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2405012917 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 50 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар олгохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 50 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар маргаагүй байна. /хх-7-12/.

 

           Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий  хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

           Зохигчдын хооронд байгуулсан ЗГ2405012917 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараас үзвэл хариуцагч буюу зээлдэгч Д.М, М.А нар нь 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртлэх хугацаанд зээлийн хүүнд нийт 12 355 102,88 төгрөг төлөхөөс хүү төлөх хугацааг 932 хоног хэтрүүлж,  2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар

 8 173 701,96 төгрөгийн хүү  төлөх үүрэгтэй байна /х.х-ийн 10, 17/

        

           Зээлдэгч нар Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” буюу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 8 173 701,96 төгрөгийн хүү төлөх ёстой  байтал тус үүргээ зөрчиж, зээлийн хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

        

           Нэхэмжлэгч “Г” ХХК-иас хариуцагч Д.М, М.А  нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахыг шаарджээ.

 

           Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заажээ.

 

          Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар зээлдэгч тал зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй тохиолдолд нөгөө тал буюу зээлдүүлэгч тал гэрээг цуцлах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагчид зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 932 хоногийн хүү төлөөгүй ба 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл огт төлөлт хийгээгүй, 2019.04.18-ны өдөр хүүнд 239 760 төгрөг, 2019.05.06-ны өдөр 302 761 төгрөг тус тус төлж зээл болон хүү төлөх үүргээ дахин зөрчсөөр өнөөдрийг хүрчээ.

      

       Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүний зориулалт болон зээлийг буцаан төлөх эргэн төлөлтийн хуваариас үзвэл энэхүү гэрээ урт хугацаатай байна.

 

        Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцалж болох бөгөөд гагцхүү 221.3-д заасны дагуу гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно гэж заасан.

 

       Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн нь нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ./х.х-ийн 15 /

 

        Зээлдэгч буюу хариуцагч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгчээс энэхүү зөрчлийг үндэслэн цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байхаас гадна үүрэг гүйцэтгэгч тал үүргийг зохих ёсоор гүйцэтгэхгүй, зээлийг МИК-д шилжүүлсэн тул банкинд төлөхгүй, төлөх үндэслэл байхгүй хэмээн тайлбарлаж, татгалзаж буй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221.1, 221.2-т тус тус зааснаар гэрээг цуцлах эрхтэй учраас нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргээ шаардсанг буруутгах үндэслэлгүй байна.

 

         Хариуцагч Д.М, М.А  нар нь эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас  мөн нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацаа сунгах талаар удаа дараа хүсэлт гаргаж байхад гэрээний хугацааг сунгаж өгөөгүй тул  зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлж чадаагүй гэж тайбларлаж маргадаг.

 

         Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “ Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан ба хариуцагч нар эрүүл мэндийн шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн банк зээлийн гэрээний хугацаа сунгахгүй байгаа  учраас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх  хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

      

          Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн хуулийн 242.2-д “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заажээ.

 

         Өөрөөр хэлбэл, зээлдэгч Д.М, М.А  нар энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Г” ХХК-ийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч тал зээлийг хариуцагч нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

 

         Иймд хариуцагч Д.М, М.А  нараас үндсэн зээл  37 173 753.85 төгрөг, зээлийн хүү 8 173 701.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 218.93 төгрөг, нийт 45 665 674.74 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

        Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлж, баталгаажуулсан ба нэхэмжлэгч тал шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

         Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

          Үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийг хүүг төлөөгүй тул  үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.

 

           Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Хариуцагч М.А нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Д.М итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч М.Аг төлөөлж Д.М оролцжээ.

           

          2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14.30 минутад товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад хариуцагч М.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.М гарын үсэг зурсан байх тул шүүх хариуцагч М.А  Д.М нарт хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ. Хариуцагч М.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хүндэтгэн үзэх шалтгааныг нотлосон баримтаа шүүхэд ирүүлээгүй учраас хариуцагч М.Аг байлцуулахгүйгээр, хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нг байлцуулан хуралдааныг хийсэн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт нийт 45 665 674.74 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1,  дэхь заалтыг  тус тус баримтлан хариуцагч Д.М, М.А  нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025056 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... тоот 37.46 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг  шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 456 478 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ