Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00666

 

 

 

 

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00666

 

 

 

 

 

                                      П.Аын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00305 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.А, хариуцагч НШШГГт холбогдуулан  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 770 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 892 дугаар тогтоолоор П.Ааас 102 122 687 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийн дагуу НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч П.А миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 1 дүгээр байрны 02 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай, 66.6 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Баянчимэг нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18290241/02 тоот тогтоолоор хураан авсан болно. НШШГГ нь талуудын хооронд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцох талаар ажиллагаа хийлгүйгээр шинжээч томилсон ба уг  шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/18288 дугаар анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 11/27 дугаар тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/18852 дугаар мэдэгдэл зэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар илгээсэн байх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах эрхийг хангалгүй, анхны дуудлага худалдааг албан ёсоор хийлгүй, шууд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж байна. Миний бие уг дуудлага худалдаагаар дуудах шинжээчийн үнэлгээ буюу 124 000 000 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх ба шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалтай танилцаж, Монгол улсын зах зээлд тухайн объект ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд ажиллагааны явцад гаргаж өгөх болно. Миний үл хөдлөх эд хөрөнгийг 124 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг шуудангаар илгээсэн мэдэгдлээс мэдсэн болно. Иймд П.А миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 1 дүгээр байрны 02 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай, 66.6 метр квадрат талбайтай, 3 өрөө сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдлоо гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар явуулсан ажиллагаа нь нэхэмжлэгч П.Аын эрх ашгийг хөндсөн гэж тус шүүхэд хандсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/18288 дугаартай үл хөдлөх хөрөнгийг нь 124 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэл, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/27 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/18852 дугаартай албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл зэргийг хуульд заасан цаг хугацаанд нь танилцуулаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар ирүүлсэн байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч П.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 01 дүгээр байр, 02 тоотын 3 өрөө, 66.6 метр квадрат метр квадрат үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит ханш тогтоож чадаагүй гэж үзсэн. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Шударга байх зарчимд нийцүүлж гаргасан дүгнэлт биш гэж үзэж байна. Маргаан бүхий үнэлгээ жишиг үнийн аргаар буюу харьцуулсан зах зээлийн судалгаанд тулгуурласан гэх боловч 3 өрөө байрыг 2 өрөө байртай харьцуулж, 1 давхарт өргөтгөх, худалдаа үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байрлалтай байрыг 9 давхарт байрлах байртай харьцуулсан, үзэгдэх орчин дотоод бүтэц зохион байгуулалтын ашигтай байрлал, засвар үйлчилгээг огт харгалзахгүй, өөр зориулалтай үл хөдлөх хөрөнгийн хэв өндөр үнийг судалж харьцуулан тусгасан нь зөв үндэслэл бүхий дүгнэлт болсон гэж үзхээргүй байна. Иймд хуульд заасан шат дараалал, төлбөр төлөгчийн оролцох, танилцах эрхийг хязгаарлан явуулсан, мөн хэт багаар үнэлсэн баримталбал зохих зарчим журмаа баримтлаагүй хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/00892 дугаар тогтоолоор П.Ааас 102 307 687 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч П.Ад төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн саналаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдэж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4/16953 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Заасан хугацаанд ирүүлээгүй тул дахин 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4/17042 дугаар албан бичгээр үнийн саналаа 2018 оны 10 дугаар сарын 19-ний дотор ирүүлэхийг дахин баталгаат шуудангаар мэдэгдэнэ. Талууд харилцан тохиролцоогүй тул 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 262 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг томилсон.  Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь төлбөр төлөгч П.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон 01 байр, 12 тоот 66.6 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг 124 000 000 төгрөгөөр үнэлж 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг талуудад 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4/18289 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлсэн үнийн 70 хувь буюу 86 800 000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин албадан дуудлага худалдаагаар орж худалдан борлогдсон. Анхны албадан дуудлага худалдаагаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар буюу 86 800 000 төгрөгөөр орох мэдэгдлийг болон ахлах гүйцэтгэгчийн тогтоолын хамт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4/18853 11/27 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар тус тус талуудад мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2018/14365 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: Төлбөр төлөгч П.А нь төлбөр төлөхөөс байнга зайлсхийдэг 2014 онд авсан зээлийн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй явж байна. НШШГГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэжээ.

            Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч П.Аын НШШГГт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 66,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн №183/ШЗ2018/14363 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр барагдуулах ажиллагааны хөрөнгийн үнэлгээнд гомдол гарган “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэт нэг талыг баримталсан буюу үндсэн төлбөр барагдуулах ажиллагааг хамгаалсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон, шийдвэр гүйцэтгэгчийн эрх үүргийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үүргийг зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг ач холбогдол өгөлгүй, нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхээс шийдвэр гаргахдаа хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хөндөгдсөн эрх, шинжээчийн хуульд заасан үүргээ зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгчийн эрхийг нь хязгаарласан зэргийг зөв зүйтэй үнэлж, дүгнэсэнгүй гэж үзэж байна.

Тухайлбал: Нэгдүгээрт. Нэхэмжлэгч П.А нь хөрөнгийн үнэлгээ тюлон албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хамтад нь 2018 оны 11 сарын 13-ны өдөр шуудангаар хүлээн авсан тухай, шууданг хүлээн авсан баримт болгож дугтуйг нь нэхэмжлэлдээ хавсаргасан байдаг, бөгөөд дугтуйг хэрэгт байхгүй байсан учир шуудангын салбараас хэдэн сарын хэдний өдөр шууданг хүлээн авсан баримтаар хүлээн авсан бүртгэлийн дэвтрийг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн.

Хоёрдугаарт: Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээчинд эрх үүрэг тайлбарлан хуульд заасан хугацаанд дүгнэлтийг гаргаж өгөх үүрэгтэй танилцуулсан байдаг боловч уг хөрөнгийн үнэлгээ нь заасан хугацаандаа гараагүй.

Гуравдугаарт: уг хөрөнгийн үнэлгээг гаргасан шинжээч, үнэлгээчин нь харьцуулалтын аргаар үнэлгээг гаргасан боловч 1 давхрын байрлалтай байрыг 9 давхарт байрлах байртай харьцуулсан, өөр зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэт өндөр үнийг жишиг болгож судалсан зэргээс шалтгаалан тухайн гаргасан үнэлгээ, дүгнэлттэй нь холбогдуулан шинжээчийг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хэргийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хүлээн аваагүй,

Дөрөвдүгээрт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг өөрөө цуглуулах боломжгүй учир шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч нотолгооны шинж чанарыг харгалзан үзэлгүй хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан,

Тавдугаарт: Нотлох баримтыг зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн үнэн зөв гэж үзсэн бөгөөд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тооцон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хуралдаанд нэмэлт тайлбараар үнэлгээг хүчингүй болгох үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан, мөн 2018 оны 11 сарын 05-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг утсаар мэдэгдсэн, баталгаат шуудангаар 2018 оны 11 сарын 05-ний өдөр хүргүүлсэн болох нь шуудангын дардсаар тогтоогдож байна гэж буруу дүгнэлт хийсэн байна.

Утсаар ярьсан тухай тэмдэглэлд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэн хариуцагчийн утасны дугаараас дуудлага хийсэн тухай лавлагааг холбогдох үүрэн холбооны байгууллагаас гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй шуудангийн дугтуй алга болсон байна. ийм учир шуудангийн байгууллагаас хүлээн авсан бүртгэлийн дэвтрийг тамга даруулан хуулбарлан ирүүлсэн зэрэгт шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан.

 

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00305 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.А хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Ааас 101 457 450 төгрөг гаргуулж төлбөр авагч “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 892 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноор төлбөр төлөгч П.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч НШШГГ дээрх тогтоол болон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1307 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч П.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 17011, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байршилтай, 66,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах, талуудад орон сууцны зах зээлийн үнийн талаар санал ирүүлэхийг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Тэрээр төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор үнийн саналаа ирүүлээгүй тул төлбөр авагч “Хас банк” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хариуцагч тал “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны зах зээлийн үнийг 124 000 000 төгрөгөөр тогтоосон ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Хөрөнгийн үнэлгээний  тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгтэй нийцжээ. /хх44, 54/

 

Нэхэмжлэгчээс үнэлгээний талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ. Хэргийн 56-68 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь уг орон сууцыг өртгийн хувьд нөхөн орлуулах өртөг, элэгдлийг тооцоолох, жишиг үнийн тухайд орон сууцны хийц, өрөөний хувьд ойролцоо, одоогоор unegui.mn /үнэгүй.мн/ зарын сайт дээр худалдахаар зарлагдаж байгаа Хан-Уул дүүрэгт байрлах Рапид харш орон сууцны хотхоны 2012 онд ашиглалтад орсон 9 давхар байрны 9 давхрын 66,6 м.кв 3 өрөө орон сууц, мөн 12 давхар байрны 1 давхарт  байрлах 75,97 м.кв 3 өрөө орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг 124 000 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ 124 000 000 төгрөгөөс илүү өндөр үнээр үнэлэгдэх боломжтой байсан гэдгээ баримтаар нотлоогүй.

 

Шинжээчийн дээрх дүгнэлтийг төлбөр төлөгчид 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шуудангаар илгээснийг төлбөр төлөгч П.А 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан нь  хэргийн 197 дугаар талд авагдсан шуудангийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь уг үнэлгээг мэдсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үнэлгээний талаар гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх72, 73/

 

Харин хөрөнгийн үнэлгээний явцад гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргахыг “Сэлэнгэ эстимэйт” ХХК-д даалгасан боловч 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан байдаг. Дүгнэлтийг 1 хоног хэтрүүлж гаргаснаар нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хохирсон нь тодорхойгүй байна. Түүнчлэн хариуцагчийн “... шинжээч нар эд хөрөнгийг үзэхээр 5 удаа очсон боловч орон байрандаа нэвтрүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгч өөрөө биечлэн очиж байж шинжээч нар хэмжилт авсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар үнэлгээчин Г.Отгонбаярыг оролцуулах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг “... хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх122-123/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                        Б.НАРМАНДАХ

 

                                                                                           А.МӨНХЗУЛ