Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/00305

 

2019 оны 02 сарын 13 өдөр

    Дугаар 183/ШШ2019/00305

         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, .... овогт П.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Х холбогдох, 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Х,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                                                                                                                                                     

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 770 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 892 дугаар тогтоолоор П.Ааас 102 122 687 төгрөгийг гаргуулж, Х-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийн дагуу Хнь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч П.А миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 1 дүгээр байрны 02 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай, 66.6 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18290241/02 тоот тогтоолоор хураан авсан болно. Хнь талуудын хооронд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцох талаар ажиллагаа хийлгүйгээр шинжээч томилсон ба уг  шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/18288 дугаар анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хоёр дахь Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 11/27 дугаар тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/18852 дугаар мэдэгдэл зэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар илгээсэн байх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах эрхийг хангалгүй, анхны дуудлага худалдааг албан ёсоор хийлгүй, шууд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж байна. Миний бие уг дуудлага худалдаагаар дуудах шинжээчийн үнэлгээ буюу 124 000 000 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх ба шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалтай танилцаж, Монгол улсын зах зээлд тухайн объект ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд ажиллагааны явцад гаргаж өгөх болно. Миний үл хөдлөх эд хөрөнгийг 124 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг шуудангаар илгээсэн мэдэгдлээс мэдсэн болно. Иймд П.А миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 1 дүгээр байрны 02 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай, 66.6 метр квадрат талбайтай, 3 өрөө сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдлоо гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар явуулсан ажиллагаа нь нэхэмжлэгч П.Аын эрх ашгийг хөндсөн гэж тус шүүхэд хандсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/18288 дугаартай үл хөдлөх хөрөнгийг нь 124 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэл, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/27 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/18852 дугаартай албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл зэргийг хуульд заасан цаг хугацаанд нь танилцуулаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар ирүүлсэн байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч П.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 01 дүгээр байр, 02 тоотын 3 өрөө, 66.6 метр квадрат метр квадрат үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит ханш тогтоож чадаагүй гэж үзсэн. Учир нь Шүүхийн шинжилгэний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Шударга байх зарчимд нийцүүлж гаргасан дүгнэлт биш гэж үзэж байна. Маргаан бүхий үнэлгээ жишиг үнийн аргаар буюу харьцуулсан зах зээлийн судалгаанд тулгуурласан гэх боловч 3 өрөө байрыг 2 өрөө байртай харьцуулж, 1 давхарт өргөтгөх, худалдаа үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байрлалтай байрыг 9 давхарт байрлах байртай харьцуулсан, үзэгдэх орчин дотоод бүтэц зохион байгуулалтын ашигтай байрлал, засвар үйлчилгээг огт харгалзахгүй, өөр зориулалтай үл хөдлөх хөрөнгийн хэв өндөр үнийг судалж харьцуулан тусгасан нь зөв үндэслэл бүхий дүгнэлт болсон гэж үзхээргүй байна. Иймд хуульд заасан шат дараалал, төлбөр төлөгчийн оролцох, танилцах эрхийг хязгаарлан явуулсан, мөн хэт багаар үнэлсэн баримталвал зохих зарчим журмаа баримтлаагүй хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/00892 дугаар тогтоолоор П.Ааас 102 307 687 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч П.Ад төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудад үнийн саналаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдэж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4/16953 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Заасан хугацаанд ирүүлээгүй тул дахин 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4/17042 дугаар албан бичгээр үнийн саналаа 2018 оны 10 дугаар сарын 19-ний дотор ирүүлэхийг дахин баталгаат шуудангаар мэдэгдэнэ. Талууд харилцан тохиролцоогүй тул 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 262 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ Эстиминт ХХК-ийг томилсон.  Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстиминт ХХК нь төлбөр төлөгч П.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон 01 байр, 12 тоот 66.6 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг 124 000 000 төгрөгөөр үнэлж 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг талуудад 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4/18289 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шинжээчийн үнэлсэн үнийн 70 хувь буюу 86 800 000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин албадан дуудлага худалдаагаар орж худалдан борлогдсон. Анхны албадан дуудлага худалдаагаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар буюу 86 800 000 төгрөгөөр орох мэдэгдлийг болон ахлах гүйцэтгэгчийн тогтоолын хамт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4/18853 11/27 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар тус тус талуудад мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2018/14365 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч П.А нь төлбөр төлөхөөс байнга зайлсхийдэг 2014 онд авсан зээлийн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй явж байна. Хшийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэв.

 

  Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 66,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

          Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнэлгээ хийхдээ орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Шударга байх зарчимд нийцээгүй. Маргаан бүхий үнэлгээ жишиг үнийн аргаар буюу харьцуулсан зах зээлийн судалгаанд тулгуурласан гэх боловч 3 өрөө байрыг 2 өрөө байртай харьцуулж, 1 давхарт өргөтгөх, худалдаа үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байрлалтай байрыг 9 давхарт байрлах байртай харьцуулсан, үзэгдэх орчин дотоод бүтэц зохион байгуулалтын ашигтай байрлал, засвар үйлчилгээг огт харгалзахгүй, өөр зориулалтай үл хөдлөх хөрөнгийн хэв өндөр үнийг судалж харьцуулан тусгасан нь зөв үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй  тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

           Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, орон сууцны үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч төлбөр төлөгч нар үнийн саналаа тохиролцоогүй тул төлбөр авагч үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

          “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Ад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 107 255 260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №183/ШШ2016/01373 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч П.Ааас  73 803 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 408 560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П.Аын  өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 66,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №770 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №183/ШШ2016/01373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 73 803 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-нд олгож, нэхэмжлэлээс 33 408 560 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ... 98 322 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-нд олгож, 8 889 360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

         Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №001/ХТ2017/00892 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №770 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 98 322 400 төгрөг гэснийг 101 457 450 төгрөг гэж, 8 889 360 төгрөг гэснийг 5 754 220 төгрөг гэж өөрчилсөн байна. /хэргийн 23-25 дугаар хуудас /

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №183/ШЗ2017/13443 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан  гүйцэтгүүлэх тухай” захирамж, 1307 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 18290241 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 19,20, 37 талын арын хуудас/

        Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

        Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь мөн эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож саналаа шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 51, 52 хуудас/

       Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч П.А нь эд хөрөнгийн үнийг мэдэгдэлд заасан хугацаанд ирүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч Х-иас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хөндлөнгийн үнэлгээчин томилж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяраар үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 53-54 хуудас/

         Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 66,6 м.кв талбайтай 3 өрөө, эрхийн бүртгэлийн Ү-2206018412 дугаартай  орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 124 000 000 төгрөг” гэж үнэлжээ. /хэргийн 55,57-р  хуудас/

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж зааснаар “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 05 өдөр утсаар мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, баталгаат шуудангийн дардсаар тус тус тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. /хэргийн 71 дүгээр хуудасны ар, 72-р хуудас, 72 дугаар хуудасны ар/

         Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч  2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт 9 хуудас баримтыг шуудангаар хүргүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч шүүхэд нийт 8 хуудас баримт ирснийг Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Туулд хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.

        Шуудангаар ирүүлсэн нэхэмжлэлд хавсралтаар шуудангийн дугтуй 1 хуудас гэж тэмдэглэж бичсэн боловч уг дугтуйг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг дугтуйны шуудангийн дардсаар хуульд заасан гомдол гаргах эрхийг шийдвэр гүйцэтгэгч хангаагүй болохыг нотлоно гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан дээрх баримтаар үгүйсгэгджээ.

       Нөгөөтэйгүүр хариуцагч шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 05 өдөр утсаар мэдэгдсэн, баталгаат шуудангаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн болох нь шуудангийн дардсаар тогтоогдож байгаа үйл баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй байна.

       Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа нотлосон баримтыг ирүүлээгүй, уг барьцаа хөрөнгө болох “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 66,6 м.кв талбайтай 3 өрөө, эрхийн бүртгэлийн Ү-2206018412 дугаартай  орон сууц нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох,  шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийгээгүй гэдгийг баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн үнээс  доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

        Иймд нэхэмжлэгч П.Аын  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 66,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

        Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн №183/ШЗ2018/14363 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болно.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

       1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч П.Аын  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 66,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3.Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн №183/ШЗ2018/14363 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                 Ц.О