Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00292

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00292

 

 

 

Ц.Энхийн-Есөнбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатарын хариуцагч Г.Мэндбаярт холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Энхийн-Есөнбаатар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж 33 дугаар байрны 76 тоотод байрлах 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг дангаар өмчилж, ам бүл 3-уулаа амьдардаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/XT2019/00579 дугаар тогтоолоор жижиг дунд үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зориулалттай урт хугацааны зээлийн гэрээ цуцлагдаж Соёлзорро ХХК нь Капитал банкинд 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 283 019 736 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 624 665 371 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн /1.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн/ үл хөдлөх хөрөнгө болон бусад 3 этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай зээлдэгч Соёлзорро ХХК болон Капитал банкны зүгээс хэн нь ч барьцаалуулагчид огт мэдэгдэлгүй шат шатны шүүхийн шийдвэр гаргуулсан ба хууль болон гэрээнд зааснаар бол талууд барьцаалагчид мэдэгдэх үүрэгтэй байсан. Х.Соёл-Эрдэнэ түүний нөхөр Д.Ганзориг нар нь Соёлзорро ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд шийдвэрийн дүгнэлтэд Соёлзорро ХХК нь бусдын өмчлөлийн буюу ... Ц.Энхийн-Есөнбаатар нарын 4 хүний эд хөрөнгийг барьцаалахдаа уг этгээдүүдээс хуульд заасны дагуу тухайн эд хөрөнгүүдийг тэдний нэрийн өмнөөс барьцаанд тавих, гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангах гэх мэт эрх олгосон итгэмжлэлүүдийг үндэслэл болгосон гэжээ. Шийдвэрийн үндэслэл болох Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Мэндбаяр 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчлэхдээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол Хилчид гудамж 33 дугаар байрны Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн 16 тоотын өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатар би Х.Соёл-Эрдэнийг 514.92 м.кв талбайтай 5 өрөө 100 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөлд төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцны захиран зарцуулах эрхгүйгээр хамтран өмчлөгчөөр нэмж оруулахаар гэр бүлийн гишүүдтэй харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Мөн хамтран өмчлөгчөөр нэмэгдэж буй Х.Соёл-Эрдэнэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц эзэмших, ашиглах, захиран зарцуулахад гэр бүлийн гишүүнтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж үнэн зөвийг гэрчилсэн гэж бичээд бүртгэлийн 2287 дугаарт бүртгэсэн байна. Нотариатын энэ үйлдэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан эрхийг Х.Соёл-Эрдэнэд олгохоор гэрчилсэн ба уг заалт нь бүхэлдээ аль ч утгаараа хууль ёсны гэр бүлийн гишүүдэд хамааралтай бөгөөд Х.Соёл-Эрдэнэ нь Ц.Энхийн-Есөнбаатартай нэг гэр бүлийн гишүүн биш тул хууль зөрчин эрх олгожээ. Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн 76 тоотын өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатарын Х.Соёл-Эрдэнэд хэлцлээр шилжүүлсэн хөрөнгө болох 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг Капитал банк 1 029 840 000 төгрөгөөр үнэлсэн ба гэрчлэгдсэн хэлцэлд 100 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц гэж тэмдэглэсэн зэргээс үзэхэд бодит байдлуудыг сонирхоогүй, шаардлагатай баримтыг шаардан аваагүй байна.

Мөн X.Соёл-Эрдэнэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Ц.Энхийн-Есөнбаатарын өмчлөлийн орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж бичсэн атлаа гар бичмэлээр төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцыг захиран зарцуулах эрхгүй гэж бичиж утга агуулгын зөрчил үүсгэсэн. Эдгээр зөрчлүүд нь нотариатч хэлцлийг гэрчлэхдээ төрлөө зөв тодорхойлоогүй, холбогдох баримтыг шаардаж аваагүй, үйлчлүүлэгч нарын хүсэл зориг зөрчилдсөн байхад хэлцлийг гэрчлэхээс татгалзах, мөн хууль зүйн үр дагавар, ач холбогдлыг үйлчлүүлэгчид тайлбарлах, зөвлөх, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг хуулиар олгосон эрхээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс муу үр дагавар үүсгэхэд хүргээд байна. Иймд нотариатчийн гэрчлэх үйлдэл хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчимд нийцээгүй гэж үзэн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Мэндбаярын бүртгэлийн 2287 дугаарт бүртгэсэн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нотариатын үйлдлийг хийхдээ ямар ч хууль зөрчөөгүй бөгөөд гэрээг байгуулах үед талуудыг биеэр байлцуулан, хувийн байдлыг тогтоож, холбогдох бичиг баримтыг нягтлан шалгаж, хууль ёсны эрх үүргийг тайлбарлан танилцуулж, гэрчилсэн. Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар нь хэлцэл гэрчлүүлэхээр ирэхдээ ухаан санаа эрүүл, иргэний үнэмлэх, Ү-2204064492 дугаар улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 000354656 тоот эрхийн гэрчилгээг эх хувиар нь авчирсан. Тухайн бичиг баримтыг шалгахад нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр иргэн Х.Соёл-Эрдэнийг нэмж оруулах хүсэл зоригоо илэрхийлж байсан бөгөөд Х.Соёл-Эрдэнэ хүлээн зөвшөөрч хэлцэлд биечлэн гарын үсгээ зурсан. Тухайн хэлцэл нь хуульд нийцэж гэрчлэгдсэн учраас улсын бүртгэлд бүртгэгдсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд Ү-2204064492 дугаар улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Ц.Энхийн-Есөнбаатарын 1 хүний өмчлөлд байх бөгөөд энэ нь 000354656 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Хууль ёсны өмчлөгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй. Хэрэв тухайн үл хөдлөх хөрөнгө нь 2 буюу түүнээс дээш хамтран өмчлөгчтэй байсан бол Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх заалт хамаарах бөгөөд бусад хууль ёсны хамтран өмчлөгчидтэй харилцан тохиролцож, зөвшөөрсөн тохиолдолд хамтран өмчлөгч нэмэх эсэхийг шийдвэрлэх байсан. Иргэний хуулийн дээрх холбогдох заалт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээнд дурдсан хамтран өмчлөгчид хамаарах бөгөөд эдгээр хууль ёсны өмчлөгчид нь хэнийг хамтран өмчлөгчөөр нэмэх, хасах эсэхийг шийдвэрлэх эрхтэй. Аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь гагцхүү гэр бүлийн гишүүд байна гэсэн хязгаарлалт одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд байхгүйг дурдах нь зүйтэй. Аливаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг өмчлөгч нь өөрөө тогтооно гэсний дагуу өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатар уг үл хөдлөх хөрөнгөө 100 000 000 төгрөгөөр үнэлж хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хийсэн. Арилжааны банк аливаа хөрөнгийг үнэлдэг өөр өөрийн арга зүйтэй байхыг үгүйсгэхгүй. Гэвч хууль ёсны өмчлөгч нь өөрийн хөрөнгийн үнэлгээг өөрөө бодитой тогтоох ёстой бөгөөд өмчлөгчийн үнэлгээг үгүйсгэх, ямар ч боломжгүй. Хэлцлийн талууд үнэлгээн дээр санал зөрүүтэй байр суурь илэрхийлээгүйг дурдах нь зүйтэй. Аливаа хэлцэлд талуудын хүсэл зоригийг тусгадаг бөгөөд энэ удаа ч үйлчлүүлэгчийн хэлцэл хийх хүсэл зоригийг хэлцэлд тусгасан болно. Хамтран өмчлөгчөөр нэмэгдсэн тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг дангаар захиран зарцуулах эрхгүй гэдгийг тодорхой тайлбарлан өгсөн. Үүнийгээ хэлцлийн оролцогч талууд бүрэн ойлгож гарын үсгээ зурж, гэрчлүүлсэн. Үр дагавараа бүрэн ойлгож хийсэн гэдэг нь дараа дараагийн үйлдэл, хуулийн дагуу төлөөлөл олгосон итгэмжлэл зэрэг нь нотолдог. Өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатар нь хамтран өмчлөгч нэмж оруулахыг зөвшөөрсөн үйлдлээ бүрэн ойлгож, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн. Хэлцэл хийхдээ төөрөлдсөн, холбогдох баримтыг дутуу бүрдүүлсэн, өөрийн хүсэл зоригоос өөр хэлцэл хийсэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалаагүй гэх үндэслэлгүй. Байраа алдахгүйн тулд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар хандсан гэдгээ төлөөлөгч тайлбартаа дурдлаа. Захиран зарцуулах эрхгүй гэж оруулсан байтал барьцаанд тавьж алдах болоод байгаа тухай асуудал ярьж байна. Ц.Энхийн-Есөнбаатар байрыг барьцаанд тавих эрхийг Х.Соёл-Эрдэнэд итгэмжлэлээр олгосон байдаг. Уг асуудлыг өөрөө мэдэж хийсэн атлаа нотариатын буруутай үйл ажиллагаанаас болсон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээтэй холбоотой асуудал нотариатчид хамааралгүй. Нотариатын үйлдлийг хийхдээ хууль зөрчсөн аливаа үйлдэл хийгээгүй, хуулийн дагуу хэлцлийг гэрчилсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Мэндбаярт холбогдох бүртгэлийн 2287 дугаарт бүртгэсэн 2015 оны 09 сарын 22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуулын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй. Нотариатчийн хэлцэл гэрчлэх үйлдэл хууль зөрчсөн. Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар нь иргэн Х.Соёл-Эрдэнийг Ү-2204064429 тоот Улсын бүртгэлийн дугаартай, 000354656 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилээтэй орон сууцны өмчлөлд төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр хамтран өмчлөгчөөр оруулах тухай хүсэл зоригоо илэрхийлж, талууд уг хэлцлээ гэрчлүүлэхээр нотариатч Г.Мэндбаярт хандсан. Нотариатч Г.Мэндбаяр нь энэхүү хэлцлийг гэрчлэхдээ хамтран өмчлөгчөөр нэмэгдэж буй иргэн Х.Соёл-Эрдэнэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц эзэмших, ашиглах, захиран зарцуулахад гэр бүлийн гишүүнтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн хэвлэмэл бланк ашиглан хэлцлийг гэрчилсэн байдаг. Нотариатчийн энэ үйлдэл нь утга агуулгын ноцтой зөрчил үүсгэсэн ба үр дагавар нь шүүхийн 1906 дугаар шийдвэрт дурьдсан 43 тоот барьцааны гэрээ, барьцаалбар зэрэг юм. Энэ үйлдэл нь санаатай эсхүл хайхрамжгүй үйлдлийн аль нь болохыг мэдэхгүй. Нотариатч нь гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.6 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн нь тодорхой бус байх ба хэрэв уг үүргээ хэрэгжүүлсэн бол энэ талаарх баримт байх байсан. Нотариатчид энэ хэлцлийг гэрчлэхээс татгалзах хуулийн үндэслэл бодит байдалд байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 579 дугаар тогтоолд 2015 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 43 тоот зээл болон барьцааны гэрээнд заагдсан Ү-2204064429 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000421038 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан ба энэ гэрээнд заагдсан орон сууц нь нотариатчийн хэлцэл гэрчилсэн үйлдлийн улмаас хоёр хүний өмч болсон орон сууц бүхэлдээ байгаа. Иймээс нэхэмжлэгчийн өгсөн тайлбар бодит үнэнд нийцсэн ба нотлох баримтаар нотлогдсон байхад, зөвхөн хариуцагчийн тайлбар, түүний гаргуулсан итгэмжлэл энэ хэрэгт хамааралгүй гэж үзэн нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан баримтанд хэт ач холбогдол өгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар нь хариуцагч Г.Мэндбаярт холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж 33 дугаар байрны 76 тоотын 514.92 м.кв 5 өрөө 100 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Х.Соёл-Эрдэнийг төслийн зээлд хамрагдуулахын тулд орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр гэж тодотгон нэмж оруулах хэлцлийг байгуулж, нотариатч Г.Мэндбаяраар гэрчлүүлсэн байна. /хх6/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотариатч хэлцлийг гэрчлэхдээ холбогдох баримтыг шаардаж аваагүй, үйлчлүүлэгчийн хүсэл зориг зөрчигдсөн байхад хэлцлийг гэрчлэхээс татгалзаагүй, хууль зүйн үр дагавар, ач холбогдлыг тайлбарлах, зөвлөх, эрх ашгийг хамгаалах хуулиар олгосон эрхээ хангалттай хэрэгжүүлснээс бусдын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууцаа алдах нөхцөл байдал үүсээд байна гэж тайлбарласан.

Нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ биелүүлсэн гэж тайлбарлан нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг баримтаар ирүүлсэн нь хэргийн 41-45 дугаар талд авагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчийн уг тайлбарыг баримтаар үгүйсгээгүй, нотариатчийн үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2, 3, 4 дэх хэсэг, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд нотариатч талуудын гэрээний чөлөөт байдалд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Нэхэмжлэгч нь нотариатын үйлдлээс өмнө 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн дээрх орон сууцаа Соёлзорро ХХК-ийн нэр дээр авах зээлийн барьцаанд барьцаалуулах ... бүрэн эрхийг Х.Соёл-Эрдэнэд итгэмжлэлээр олгосон байна. Тэрээр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 00579 дүгээр тогтоолоор Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Соёлзорро ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 976 384 535.70 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлээд хариуцагчаас 907 658 107 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. /хх74-76, 77/

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцлийн агуулгыг өөрөө мэдэж байсан бөгөөд эд хөрөнгийг барьцаалснаас үүсч болох эрх зүйн үр дагаврыг мэдээгүй, ойлгоогүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ