Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 408

 

А.Т, Э.Н, Т.Ө

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  431 дүгээр магадлалтай, А.Т, Э.Н, Т.Ө нарт холбогдох 1808045191504 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, С.Төмөрбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй Б овогт Э-ийн Н,

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй Б овогт Т-ийн Ө,

3. Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 380 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн   124 дүгээр зүйлийн 124.2, 125 дугаар зүйлийн 125.1, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 5 жил хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 543 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн   239 дүгээр зүйлийн 239.2, 292 дугаар зүйлийн 292.1,112 дугаар зүйлийн 112.1, 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар 6 жил хорих ял,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2, 100 дугаар зүйл, 204 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ял,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 5 хоног хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 826 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Б овогт А-ын Т нар нь

Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Саппоро гэх газраас Б.Д ийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан 84-14 *** улсын дугаартай хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамж, 24 тоотод оршин суух Б.Н-ийн гэрт орж, М.Х, Б.Ннарыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан 84-14 *** улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хүчээр суулган авч явж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай гэх газар Б.Н, М.Х, Б.Д нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүчээр нүцгэлүүлж, ёс бус үйлдэл хийлгэн, гар утсаар бичлэг хийж, хүн хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж үйлдсэн,

Шүүгдэгч А.Т ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” зочид буудлын 404 тоот өрөөнд иргэн А.С-ийн 584.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-6 эс” маркийн гар утас, М.З-ийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-8” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн,

2018 оны 06 дугаар сарын 05-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” гоо сайхны салон дотор иргэн Э-т байсан иргэн Б.С-ийн 176.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-5” маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн,

Мөн Г.Э-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 60 дугаар байрны орчим иргэн Э.С-ийн 96.000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” маркийн гар утас 56.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн гар утас, бэлэн  20.000 төгрөгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Шүүгдэгч А.Т ыг “бусадтай хамтран хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлсан, бусадтай хамтран бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн” гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.Н ийг “бусадтай хамтран хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлсан”,

Шүүгдэгч Т.Ө ийг “бусадтай хамтран хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч А.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Э.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Т.Ө т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч А.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн А.Тын эдлэх хорих ялын хэмжээг 6 жилээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар А.Т д оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

Шүүгдэгч Э.Н т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Ө т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Т ын нийт цагдан хоригдсон 326 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Таас 584.000 төгрөг гаргуулан хохирогч А.С-д, 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч М.З, 176.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С-д, 581.600 төгрөг гаргуулан хохирогч Э.С-т тус тус олгож” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 826 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Т-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж” шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, шүүгдэгч А.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Ө ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Т.Ө ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 431 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан “хүн хулгайлах” гэмт хэргийн обьектив шинж нь хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан авч явсан үйлдэл байхыг шаардаж байгаа бөгөөд Т.Өийн үйлдэлд хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн шинж огт байхгүй. Хохирогч Б.Д өгсөн мэдүүлэгтээ “... шоронгийн харгалзагч гэх тэр хүн бид нарыг цохиж зодоогүй”, мөн хохирогч Б.Н“...урд суудалд сууж явсан юм ярихгүй чимээгүй л явж байсан” гэх зэрэг мэдүүлгээс харахад Т.Ө нь хохирогч нарт хүч хэрэглэсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй.

Шийтгэх тоггоолд Э.Н, А.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэж гэж буруутгасан боловч яг ямар үйлдлээрээ нэгдсэн талаар дүгнэлт хийгээгүй, Т.Ө ийн хувьд өөрийн гар утсаа өгөөгүй, А.Т түүний гар утсыг авч бичлэг хийсэн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг.

Яллах дүгнэлт Т.Ө ийг төрийн албан хаагч атлаа шүүгдэгч А.Т ын үйлдлийг хориглож таслан зогсоогоогүй гэсэн агуулгаар бичигдээгүй байхад шүүгч яллах дүгнэлтэд заасан хэмжээ хязгаараас хэтрүүлэн эрх зүйн байдлыг хэт дордуулан буруутгасан. Миний үйлчлүүлэгч Т.Ө гэрч Б.О-ийг өвөр дээр суулгаж байгаа тэр байдлыг улсын яллагч Т.Ө ийг буруутгах үндэслэл болгон яллах дүгнэлтэд дурдаж оруулан Т.Ө ийг уг үндэслэлээр “хүн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Т.Ө т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Ө ийн өмгөөлөгч С.Төмөрбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний үйлчлүүлэгч Т.Ө нь Э.Н, А.Т нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан угсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших “Саппоро” гэх газраас Б.Д ийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан 84-14 *** улсын дугаартай, хар хөх өнгийн, “Тоёото кроун” маркийн тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамж, 24 тоотод оршин суух Б.Н-ийн гэрт орж, М.Х, Б.Н нарыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан 84-14 *** улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёото кроун” маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хүчээр суулган авч явж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгай гэх газар Б.Н, М.Х, Б.Д нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүчээр нүцгэлүүлж, ёс бус үйлдэл хийлгэн гар утсаар бичлэг хийж хүн хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүх 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 431 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “... Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр Т.Ө нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгахаар хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 “Хүн хулгайлах” гэмт хэрэг нь хүний хувийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдан, хүнийг өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, нууц далд аргаар эзэрхийлэн авч, өөрийн эрхшээлд оруулан, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарлаж байгаа үйлдэл юм.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Т ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Т.Ө ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, шүүгдэгч Э.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүх А.Т ыг хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолон дээрэмдсэн, Э.Н ийг хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явсан, Т.Ө ийг хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч А.Т, Э.Н, Т.Ө нар хохирогч нарыг нууц, далд аргаар эзэрхийлэн авч өөрийн эрхшээлд оруулан эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан гэх шинж энэ хэргээс харагдахгүй байна. Тэрээр Т нь бааранд хамт архи, пиво ууж байсан өмнө нь зүс таньдаг Д, И, О нарыг баарнаас авч гараад, И-г нэг машинтай залуу аваад явсан гэдгийг гэрч Д, О нар гэрчилж байгаа бөгөөд энд ямар нэг далд нууц арга хэрэглэж эдгээр хүмүүсийг хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан авч явсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнээс гадна, Б гэгчийг Х, Н нартай гэрт нь байхад цуг авч яваад, түүнийг гудамжинд үлдээсэн, улмаар Б цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зэрэг байдлаас харахад ч энэ гэмт хэргийг нууц далд аргаар үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөн мөрдөн байцаалтаар И болон түүнийг авч явсан гэх этгээдүүдийг огт байцаагаагүй. О, Д нарыг хохирогчоор байцааж хохирогчоор тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байхад, хэргийг илтэд нэг талыг барьж шийдвэрлэж байгаа нь буруу байна.

“Хүн хулгайлах” гэмт хэргийн гол шинж нь ямар нэгэн болзол тавиагүй, хулгайлж байгаа хүнээ өөрийн болгох зорилготой, хэдийд суллах нь тодорхойгүй, ингэхдээ ихэвчлэн суллах хүсэлгүй байдаг бөгөөд А.Т, Э.Н, нар нь Д, О, Д, Х, Н нарт ямар ч болзол тавиагүй, мөн хулгайлж байгаа хүмүүсээ өөрийн болгох зорилго агуулаагүй, харин хөлчүүрхэн согтуурч тэднийг элдэв үгээр айлган сүрдүүлж, тухайлбал А.Т нь “муу сайн янханууд, 2 нүдийг чинь ухна гэж 2 хуруугаараа нүдийг нь хатгаж”, “үсийг чинь хусна гэж үсний үзүүрийг нь хайчилж”, гараараа цохиж, зодож, хромон гутлаараа өшиглөн, доромжлон тохуурхаж, басамжлан Х, Н, Д нарыг зодож ёс бус үйлдэл хийлгэж, Т, Н нар нь бичлэг хийж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, Э.Н ийг энэ хэрэгт өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Х, Д, Н нарыг зодуулж, үүр шөнийн цагаар Х, Н нарыг унтаж байхад нь гэрээс нь айлган сүрдүүлж авч явж байгаа зэрэг байдлаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан танхайн гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

“Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямарч шалтгаангүй эсвэл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдлээр илэрхийлэгддэг.

“Хүч хэрэглэх” гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдэл хийхийг хэлэх бөгөөд “Хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно.Энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно гэсэн Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд нийтээр мөрдөж хэвшсэн шүүхийн практик болсон зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэл харагдаж байна.Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй эмх замбараагүй байдаг ба шүүгдэгч А.Т, Э.Н нар нь дээрх танхайн гэмт хэргийг үйлдэхийг хүсч шууд санаатай үйлдсэн бөгөөд шүүгдэгч Т.Ө ийн хувьд А.Т, Э.Н нартай бүлэглэн, дээрх хүмүүсийн эрх, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргаагүй, нэг ч хөдөлгөөн хийгээгүй гэдгийг хохирогч Д, Х, Н гэрч Д, О нар бүгд гэрчилдэг. Харин түүнийг Т, Н нарын үйлдлийг таслан зогсоогоогүй, хориглоогүй, гар утсаа өгч бичлэг хийлгэсэн гэж буруутгах боловч түүний энэ идэвхгүй, эс үйлдэхүйг А.Т, Э.Н нарын үйлдлийг дэмжсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнээс гадна энэ гэмт хэрэг нь хүн хулгайлах гэмт хэрэг үү, эсвэл танхайн гэмт хэрэг эсэх, мөн тэдгээр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлтийг тогтоох, мөн хохирогч нар Түвшинжаргал, Нандинцэцэг нарт зодуулснаас тэдний биед гэмтэл учирсан эсэх талаар тогтоох зэрэг ажиллагаануудыг хийлгүй, илтэд нэг талыг барьсан байдлаар хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байх тул А.Т, Э.Н, Т.Ө нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлуудыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй” тогтоолгохоор прокурорт буцааж, анхан шатны шүүхийн 154 тоот шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн 431 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Ө хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхээс Т.Ө миний биеийг бусадтай хамтран хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд би давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлал гаргасанд гомдолтой байна.

Учир нь би А.Т, Э.Н нартай бүлэглэн, хохирогч Б.Д, Б.Н, М.Х нарыг хүч хэрэглэн тэднийг эрхшээлдээ оруулан хулгайлан авч явсан гэмт үйлдэлд ямар ч үйлдэл хийгээгүй, би тэдний хэнд нь ч ямар ч үг хэлээгүй. Тухайн үед согтуу байсан учраас А.Т ын үйлдлийг хориглож чадаагүйнхээ төлөө ийм гэмт хэрэг үйлдсэн гэж ял эдэлж байгаадаа гомдолтой байна.

Би хавтаст хэргийн материалтай танилцахад Б.Д “харгалзагч гэх ах бид нарыг зодож цохиогүй” гэх, хохирогч Б.Н“урд суудалд сууж явсан залуу юм ярихгүй чимээгүй л явж байсан, харгалзагч гэх залуу жолоочийн хажууд суучихаад А.Т-тай архи уугаад болж байгаа үйл явдлыг хориглохгүй юм яриад явж байсан” гэх мэдүүлэг, хохирогч М.Х “А.Т нь Э.Н, Т.Ө нараас бусдыг нь үгээр айлгаж, дарамталж байсан. Тэр Т.Ө нь Э.Т их дотно ярилцаж, инээлдэж, архи уусан боловч биеэ хянах чадвартай байсан” гэх мэдүүлгүүдээр би эдгээр хүмүүст хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй, мөн өөрийн эрхшээлдээ оруулж, тэднийг хулгайлан авч явсан гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон гэж ойлгож байна.

Т.Ө намайг А.Т-д гар утсаа санаатайгаар өгч бичлэг хийлгэсэн мэтээр хохирогч нар мэдүүлсэн боловч үнэн хэрэгтээ орой бааранд сууж байсан цагаас А.Т миний утсыг хэрэглэж авч байсан. Би бүүр сүүлд хэрэг гарсанаас хойш 20 хоногийн дараа би түүнээс гар утсаа олж авсан. Намайг А.Т-д гар утсаа өгсөн гэж хохирогч нар үгсэн нэгдэж, худал мэдүүлэг өгсөн байна. Тэд намайг хориглох үйлдэл хийсэнгүй магадгүй би үг нэмсэн бол А.Т өөрийн үйлдлийг зогсоох байсан гэдэг үүднээс ийм мэдүүлгүүд өгсөн гэж ойлгож байна. Би А.Т-д “энэ асуудал буруу шүү, сүүлд дэмий зүйл болно шүү, болно” гэж хэлж байсан. Тэр миний үгийг хүлээж аваагүй, хүлээж авах чадваргүй, бүр өөрийн бухимдаж, уурласан байдлаас салж чадахгүй байсан. Би ойлгохдоо, энэ хүмүүс өмнө нь тодорхой хугацаанд А.Т-тай холбоотой улс байсан юм байна гэж ойлгосон. Тиймээс би эдний асуудалд оролцоогүй. Гэхдээ А.Т-ыг “энэ үйлдлээ зогсоо” гэдгийг хэлж байсан. Би хавтаст хэргийн материалтай танилцаад хохирогч нарыг шүүх хуралд орж ирэх юм байна гэж ойлгосон, гэвч хэн нь ч шүүх хуралд ирээгүй. Би “энэ хүмүүс миний талаар худал мэдүүлэг өгчихөөд зугтаж байна даа” гэж ойлгосон. Ингэж илтэд бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан худал мэдүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд үнэнийг олж тогтоож өгнө үү.

Би өөрөө хуульч эрх зүйч хүний хувьд энэ үйлдсэн гэмт хэргийг хүн хулгайлах гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа бөгөөд А.Т-ын үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, энэ үйлдэлдээ Э.Н-ийг өдөөн турхирч, татан оруулж, бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж харж байна. А.Т нь анхнаасаа л баарнаас гарч явахдаа зан араншин нь эрс өөрлөгдөж, дээрэнгүй, дарамтын хэлбэр лүү орж улмаар машинд тэр баарнаас гарч ирсэн О, Д нарыг машинд суулгаж, Н дараа нь Б.Д-тай таарч түүнийг загнаад Н-г ол гээд л энэ үйлдлээс эхэлж догшин авирлаж эхэлсэн. Би ойлгохдоо “надад өөрийгөө том гэж ойлгуулах” гэсэн юм болов уу гэж бодож байсан. Эцэстээ түүний үйлдэл хяналтаас гарч өөрийгөө барих чадваргүй болоход нь л би “за энэ хүн ч хүмүүжээгүй, юм бодоогүй л яваа юм байна гэж бодоод өнгөрсөн. Тухайн үед би согтсон учраас ухаан орж гарч байсан. Би дөнгөж дээд сургууль төгссөн өдөр байсан учир баярлаад нилээн уусан байсан. Ийм асуудал болсон. Надад шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, өөрөөр хэлбэл надад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, ямар ч гэмт хэрэг үйлдсэн нэг ч идэвхитэй үйлдэл хийгээгүй байтал, санаатайгаар, идэвхитэй үйлдлээр бусадтай бүлэглэж бусдад хүч хэрэглэн эрхшээлдээ оруулж авч явж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд үнэн зөвийг олж тогтоон анхан шатны шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч А.Т нь хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, А.Т, Э.Н, Т.Ө нар нь бүлэглэн гэмт хэргийг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдыг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Хэргийг шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй буюу шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаагүй, шүүх шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял оногдуулсан. Мөн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, С.Төмөрбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан боолон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч А.Т, Э.Н, Т.Ө нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Саппоро” гэх газраас Б.Д ийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан өөрсдийн унаж явсан 84-14 *** улсын дугаартай хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд хүчээр суулган авч явж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамж, 24 тоотод оршин суух Б.Н-ийн гэрт орж, М.Х, Б.Н нарыг мөн дээрх аргаар хүчээр авч явж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай гэх газар Б.Н, М.Х, Б.Д нарыг хүчээр нүцгэлүүлж, ёс бус үйлдэл хийлгэн, гар утсаар бичлэг хийж, хүн хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж үйлдсэн,

Шүүгдэгч А.Т нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” зочид буудлын 404 тоот өрөөнд иргэн А.С-ийн 584.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-6 эс” маркийн гар утас, М.З-ийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс- 8” маркийн гар утаснуудыг,

2018 оны 06 дугаар сарын 05-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дестиний релакс” гоо сайхны саолон дотор иргэн Э-т байсан иргэн Б.С-ийн 176.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-5” маркийн гар утсыг тус тус дээрэмдсэн,

Мөн Г.Э-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 60 дугаар байрны орчим иргэн Э.Содбилэгийн 96.000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” маркийн гар утас 56.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн гар утас, бэлэн 20.000 төгрөгийг дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Т, Э.Н, Т.Ө нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тэдгээрийн үйлдэл хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нар нь “... Т.Ө-т холбогдох хэргийг цагаатгах талаар гомдол гаргасан байх боловч шүүгдэгч Т.Ө нь А.Т, Э.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Б.Д-ийн “... Т ах шоронгийн харгалзагч гэх ахаас утсыг нь аваад бичлэг хийж эхэлсэн, шоронгийн харгалзагч гэх залууг Т ах “шоронгийн харгалзагч” гэж нэрлэж байсан ба тэр хүн Т ахыг хөөргөөд л байсан”, хохирогч Б.Н-ийн “... шивээс Т наад хоёрынхоо бичлэгийг хий гэхэд бичлэг хийдэг утас олдохгүй байна гэж байтал урд сууж байсан ах утсаа гаргаж нэг хүүхэнд өгсөн, харгалзагч гэх залуу жолоочийн хажууд суучихаад Т-тай архи уугаад болж байгаа үйл явдлыг хориглохгүй юм яриад явж байсан, харгалзагч согтуу байсан боловч болсон үйл явдлыг удирдан жолоодох чадвартай байсан”, хохирогч М.Х-гийн “... урд талын суудал дээр сууж явсан өөрийгөө харгалзагч гэх залуу Т-тэй архи уугаад нэг өндөр охиныг өвөр дээрээ суулгаад тэврээд хувцасны цаанаас хөхийг нь базаад явж байсан, тэр Ө гэх залуу Т-тай найз бололтой их дотно ярилцаж, инээлдэж, хамт явсан, мөн бичлэг хийхэд гар утсаа гаргаж өгч байсан, Ө нь архи уусан боловч биеэ хянах чадвартай байсан”, гэрч Б.О-ийн “... шоронгийн харгалзагч намайг өвөр дээрээ суулгаад Т-д “энэ охиныг чинь би аваад явья, маргааш аваад ирье” гэж байсан ба Т-ыг хориглоогүй, бичлэг хийж байхад хараад, тэрнийх нь хөх гоё юм гээд инээгээд зогсож байсан,  гэрч Б.Д-н “... шоронгийн харгалзагч гэх залуу Т-ыг хөөргөөд хамт архи уугаад шорон яриад л явж байсан мөн бичлэг хийхэд хажууд инээгээд зогсож байсан ...” гэх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.  

Мөн хэргийн үйл баримтаас үзэхэд Т.Ө нь хохирогч нарыг хүч хэрэглэн, айлгаж эрхшээлдээ оруулж хулгайлсны дараа хүчээр нүцгэлж заналхийлэлд автсаны улмаас харилцан бие биенийхээ бэлэг эрхтэнг долоолгох зэргээр ёс бус үйлдэл хийлгэн гар утсаар бичлэг хийсэн үйлдэлд өдөөн турхирч А.Т, Э.Н нартай /эс үйлдэхүйгээр/ хамтран оролцсон нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх тул  Т.Ө-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан “хүн хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Харин зөвхөн “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Шүүхээс гагцхүү прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан шийдвэрлэсэн байх ба тухайн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсвэл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох эрхгүй бөгөөд шүүгдэгч нар нь нийгмийн хэв журмыг зөрчин бусдад хүч хэрэглэсэн, улмаар ёс бус үйлдэл хийлгүүлсэн үйлдэл нь нийлмэл гэмт хэргийн  (Эрүүгийн хуулийн 13.5, 13.6, 20.16 болон бусад) шинж агуулсан шинжтэй байгаа эсэх талаар прокурор анхнаасаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу ял сонсгоогүй байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан дүгнэлт хийх боломжгүй гэж үзнэ. Гэхдээ прокуророос дээрх үйлдлийг сэргээн шалгах эрх нь нээлттэй байна.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч нарын тус үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын “... Т.Ө-т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү”, өмгөөлөгч С.Төмөрбаатарын “... шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал үг, үсгийн алдаатай бичигдсэн, мөн шүүгдэгч А.Т нь хэд хэдэн удаагийн үйлдлээр дээрэмдэх үйлдэл хийсэн байхад үйлдэл бүрд дүгнэлт өгөөгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан дүгнээгүй байхаас гадна дээрэмдэх гэмт хэргийн зөвхөн нэг удаагийн үйлдэлд өгч болох хамгийн доод хугацаагаар хорих ял оногдуулсан зэрэг алдаа гаргасан байгааг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 431 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, С.Төмөрбаатар нарын хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН