Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 215

 

“З-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Б.Мөнхтуяа

Шүүгчид:             Д.Мөнхтуяа

                              П.Соёл-Эрдэнэ

                              Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:   М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 109/ШШ2019/0019 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э-О нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 109/ШШ2019/0019 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч “Зургаан эгшиг” ХХК-ний гаргасан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байгаа болно.

4. Энэхүү шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй төдийгүй хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж, маргаан бүхий акт, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Зургаан Эгшиг” ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр, Алтан-Овоо багийн Халуун-Ус гэх нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 2 газрыг, жимс жимсгэний зориулалтаар 2 га газрыг тус тус эзэмшдэг болох нотлогддог бөгөөд гуравдагч этгээд, сонирхогч этгээдийн зүгээс “Зургаан Эгшиг” ХХК-ний эзэмшиж буй газрын талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй болно.

6. Тодруулбал, Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 171 дугаар захирамжаар 2 га газрыг 15 жилийн хугацаатай “..жимс, жимсгэний зориулалт...”-аар эзэмшдэг, мөн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай захирамжаар 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа ба уг захирамжуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулагдсанаар бидний хооронд газрын харилцаа үүссэн. Газрын харилцаа үүссэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу зохих хэмжээний тогтоосон газрын төлбөрийг зохих ёсоор, шударгаар төлж ирсэн. /Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан/

7. Магадлалын хянавал хэсэгт: “...Тухайлбал, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “газрын давхцал байгаа” эсэхийг огт тогтоогоогүй, 1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх талд авагдсан газрын давхцалыг харуулсан зургаар нэхэмжлэгчийн жимс жимсгэний зориулалттай 2 га газартай гуравдагч этгээдэд маргаан бүхий захирамжаар эзэмшүүлсэн 2000 м.кв газар ямар нэгэн давхцалгүй, хил залгаа орших бөгөөд...” энэ талаар бус ерөнхий байдлаар дүгнэсэн, энэхүү зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн хөндөгдсөн талаар огт дүгнэлт хийгээгүй, мөн холбогдох нотлох баримт бүрэн шалгаагүй тул дүгнэлт хийх боломжгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна.

8. Хавтаст хэргийн /1хх-ийн 194 тал/-д авагдсан газрын давхцалыг харуулсан зургаас үзэхэд нэхэмжлэгч талд олгосон жимс жимсгэний зориулалттай газрын урд хэсгээр хашаатай нийлүүлэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Отгонцэрэн Р.Эрдэнэбилэгтийн нэрээр кадастрын зураг үйлдэж баталгаажуулсан байдаг. Үүнээс өмнө нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар болон шүүхэд хандсан байсан ба маргаан үүсгэх үед болон үүсгэхээс өмнө кадастрын зураг үйлдэгдээгүй байсан юм. Энэ баримтанд давж заалдах шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан байна.

9. Гуравдагч этгээд гэх Р.Э-т, түүний хүүхдүүд 2019 оны 05 дугаар сараас эхлэн Халуун-Усанд ирж нэхэмжлэгчийн жимс, жимсгэний зориулалтын талбай бүхий газарт гэр барих, хашаа хатгах, нүх ухах зэрэг хууль бус үйлдэл гаргаж байсан ба энэ нь нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа чөлөөтэй ашиглаж чадахгүй байх зэрэг нөхцөл байдлыг үүсгэж байсан тул арга буюу шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага үүссэн байдаг.

10. Мөн Р.Эрдэнэбилэгтийн гэх кадастрын зураг бүхий газар дээр “Зургаан эгшиг” ХХК-ний хувьцаа эзэмшигч Н.Цэрэннадмидын зуслан, намаржааны зориулалттай газар байдаг ба үүнээс урагшаа газар олгох боломжгүй буюу Халуун рашааны хязгаарлалтын бүс байдаг тул энд дахин газар олгох боломжгүй юм. Усны тухай хуульд заасны дагуу хязгаарлалтын бүсэд орж байгаа болно.

11. Гуравдагч этгээд Р.Э-ийн эзэмшдэг гэх газрын хувьд иргэн Д.Сүхбаатар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 40x50 хэмжээтэй буюу 2000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг анх 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон байсан ба Д.Сүхбаатар нь 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Р.Эрдэнэбилэгтэд шилжүүлсэн байдаг. /1 хх-ийн 69 дүгээр талд/

12. Дээрх худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг үзэхэд Д.Сүхбаатар нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багт байрлах 2000 м.кв газрын эрхийг шилжүүлсэн буюу Төрийн мэдлийн газрыг худалдсан талаарх гэрээ нотлох баримтаар хэрэгт авагдсан мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 14 дүгээр захирамж гарч Р.Эрдэнэбилэгтэд Алтан-Овоо багийн нутаг Халуун-Ус гэдэг газар 50x40 хэмжээтэй газрыг эрхийг олгож 2008 оны 03 дугаар сарын 9 дүгээр сарын 16-ны өдөр 0223601 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож гэрээ байгуулсан зэрэг үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. Анх газар олгохдоо байршлыг тодорхой нэрлэн заагаагүй байдаг.

13. Мөн гуравдагч этгээд нь өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх шалтгаанаар Цэнхэр сумын Засаг даргын захирамж гарч газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримт хэргийн баримтаар давхар нотлогддог. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Р.Эрдэнэбилэгтийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд талууд эвлэрсэн тул 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 109/ШШ2017/0041 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

14. Дээрх маргааныг шийдвэрлэсэн шүүгчийн талуудын эвлэрлийг баталсан захирамжинд “...бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагын газартай давхацуулалгүйгээр газар олгох...” талаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болохыг тодорхой дурьдсан байсан. Уг шүүгчийн эвлэрлийг баталсан захирамжаар Р.Эрдэнэбилэгтийн хүчингүй болгосон газар эзэмших эрхийг дахин сэргээх бус харин аль нэг иргэн, хуулийн этгээдэд олгосон газартай давхацуулахгүйгээр газар эзэмших захирамж гаргахаар тохиролцож эвлэрсэн байхад Сумын засаг дарга өмнө нь хүчингүй болгосон захирамжаа буцаан сэргээж байгаа үйлдэл нь хууль бус болсон төдийгүй энэ хууль бус үйлдлийн улмаас бусдын эрх ашиг сонирхол хөндөгдөж байхад энэ талаар давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

15. Дээр дурьдсан гуравдагч этгээд Р.Эрдэнэбилэгтийн эзэмшилд олгосон газрын талаарх маргааныг шүүх шийдвэрлэсэн, талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байхад дахин Р.Эрдэнэбилэггэд газар олгосон талаарх болон Д.Сүхбаатар нь хаана газар эзэмшдэг байсан зэрэг баримтууд нь энэ хэрэгг ач холбогдолгүй, энэ талаар өмнө нь шүүх дүгнэсэн захирамж хүчин төгөлдор байх тул үүнийг дахин нотлох шаардлагагүй юм.

16. Мөн магадлалд дурьдсан “... “Зургаан эгшиг” ХХК-нд аялал жуулчлалын зориулалттай газар байхгүй гэх бөгөөд хүлэмж, нарийн ногооны зориулалтаар олгогдсон газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна, Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 171, 231 дүгээр захирамжаар 2 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн материал байхгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2018 оны А/71 дүгээр захирамжаар хүчингүй болгосон...” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн тухайд чухам ямар захирамжаар өөрт олгогдсон газартай нь давхцуулан гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сэргээсэн гэж буруутгаад байгаа үндэслэл тодорхой бус байна...” гэсэн нь шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ нотлох баримтанд тулгуурлаагүй, бодит байдалд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж мэргэжлийн хувьд алдаа гаргасан байна.

17. Хэргийн баримтаар Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 08 дугаар хуралдааны тогтоолын хавсралтаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад жимс жимсгэнэ зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталж, улмаар тус сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Комисс томилох тухай” 102 дугаартай захирамжаар тус аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багт 5 га газрыг жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмших дуудлага худалдаа явуулахаар болсон байдаг.

18. Үүний дагуу “Зургаан эгшиг” ХХК-нийг төлөөлж Б.Ганзориг нь 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцож, ялагчаар шалгарч, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Иргэнд газар эзэмшүүлэх тухай 171 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгож, гэрчилгээ олгогдсон байхад /1хх-82 тал/ үндэслэл нь тодорхой бус байна гэх байдлаар дүгнэх боломжгүй юм.

19. Нэхэмжлэгч “Зургаан эгшиг” ХХК нь 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудын газрыг төлбөрийг тогтмол төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн байхад газар эзэмших эрх олгосон үндэслэл тодорхойгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа явагдаагүй гэх байдлаар дүгнэж шийдвэр хүчингүй болгож буй нь хэт нэг талыг барьсан, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал байж болзошгүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байгааг дурьдах нь зүйтэй.

20. Маргаан бүхий А/127 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор гуравдагч этгээд болох Р.Эрдэнэбилэггийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөхгүй бөгөөд талуудын эвлэрлийг баталсан захирамж хүчин төгөлдөр хэвээр байх тул бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхацуулалгүйгээр газар эзэмших эрх нь нээлттэй болно.

21. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153 дугаартай магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

22. Давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүх талуудын маргаж буй гол үйл баримтад хамааралтай нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх учиртай.

24. Энэхүү маргааны тухайд, нэхэмжлэгчээс “…манай компанид Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 171 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн жимс, жимсгэнийн зориулалттай 2 га газартай давхцуулсан олгосон…” гэж маргасан; 1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх талд авагдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын давхцлыг харуулсан ГХБХБГ-ыг мэргэжилтэн Б.О-гийн үйлдсэн зурагт нэхэмжлэгчийн нийт эзэмшиж буй 2 га (үүнээс хашаа барьсан 15,177.6 м.кв) газартай гуравдагч этгээдэд маргаан бүхий захирамжаар эзэмшүүлсэн 1999.9 м.кв газар ямар нэгэн давхцалгүй, хил залгаа оршиж байгаа байдлаар тусгагдсан; гуравдагч этгээдээс шүүхэд хандаж гаргасан тайлбарт “...2011 оны 10 дугаар сарын 10-ны 173 дугаар захирамжийг үндэслэн “З-Э” ХХК-д 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгожээ. Гэтэл энэ захирамж нь иргэн Б.Ц-аас “З-Э” ХХК-д нарийн ногооны зориулалттай 1 га газрыг эзэмшүүлэх захирамж байсан... анхнаасаа хууль зөрчиж уг газрыг авсан... ” зэргээр маргасан байхад анхан шатны шүүх хуульд заасан дээрх үүргээ биелүүлж, газрын давхцал байгаа эсэхийг тодруулалгүй буюу холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

25. Нэхэмжлэгчийн хувьд, Засаг даргын 2017 оны а/131 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 171 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцож, газрын байршлыг өөрчлөхөөр шийдвэрлэж, 2018 оны 5 дугаар сард 2 га газрыг аялал жуулчлалын бүсээс гаргаж зориулалтын дагуу газрыг заан өгч, үйл ажиллагааг сэргээхийг мэдэгдсэн болон гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий захирамж нь эвлэрлийг баталсан шүүгчийн 2017 оны 41 дүгээр захирамжийн хүрээнд гарсан бөгөөд уг захирамжаар одоогийн гуравдагч этгээд Р.Эрдэнэбилэгтийн нэхэмжлэлтэй Цэнхэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний хооронд байгуулсан “бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцуулахгүй”-гээр газар олгохоор эвлэрснийг баталсан зэргээс үзэхэд: нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар нь хоорондоо давхцалтай эсэх; хэрвээ эзэмшиж буй газарт давхцал байгаа бол аль хэсгээрээ ямар хэмжээгээр давхцаж байгаа; мөн давхцал байгаа бол тухайн газрын хувьд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэнд газар эзэмших эрх хууль ёсоор түрүүлж үүссэн талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

26. Мөн түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “...уг а/131 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг энэхүү хэрэгтэй нэгтгэн шалгах явцад гарсан шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэргийг тусгаарлах тухай” 215 дугаар захирамжаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн л хариуцагчаас нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх боловч энэхүү захирамж хэрэгт авагдаагүй, мөн уг захирамжийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн 2 га газрыг сэргээсэн эсэх...”; “...2011 онд Ц.Цэрэннадмидаас хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрыг “З-Э” ХХК-д шилжүүлсний дараа сумын Засаг даргаас 2016 оны А/108 дугаар захирамжаар дахин 1 га газрыг дээрх зориулалтаар баталгаажуулан олгосон боловч байршил тодорхойгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2018 оны А/71 дүгээр захирамжаар хүчингүй болгосон…” гэснээс үзэхэд ч нэхэмжлэгчийн тухайд чухам ямар захирамжаар өөрт олгогдсон газартай нь давхцуулан гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сэргээсэн гэж буруутгаад байгаа үндэслэл...”-ийн аль аль нь тодорхой бус байх тул мөн энэ талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгөх нь зүйтэй.

27. Нэгэнт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү...” гэх гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                     М.БАТСУУРЬ