Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00395

 

 

 

Н.Бнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03495 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Бхариуцагч ...холбоо гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагад холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин 500 000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Б миний бие ...холбоо гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагатай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан нарийн бичгээр ажилд орсон. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилгаа цалин хэзээ өгөхийг захирал Л.Б, ня-бо Ц.Д нар руу зурвас бичиж асуухад хариу өгөөгүй тул 2019 оны 01 дүгээр сарын цалин болох 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцах үед хариуцагч талаас өгсөн №03 дугаартай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалыг эх хувиар нь анх удаа харсан. Хариуцагч нь дээрх тушаалыг надад огт мэдэгдэхгүйгээр нотлох баримтгүйгээр гадаадын оршин суугчдыг хөөж, дарамтлах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан гэж гүтгэсэн байна. Миний бие урд нь сахилгын зөрчил огт гаргаж байгаагүй, №03 тоот тушаал нь хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийг тус тус зөрчиж байна. Иймд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл байхгүй учраас нарийн бичгийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2-10 дугаар саруудын цалин 4 500 000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн тайлбарт: Манай байгууллага нэхэмжлэгч Н.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтын дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр тохирох цалинг олгож байсан. 2019 оны 01 дүгээр сард Н.Б нь бусадтай хамтран өөрт олгогдсон эрх үүрэг, албан тушаалаа буруугаар ашиглан, байгууллагын нэр барьж гадаад оршин суугчдын байр сууцыг өөртөө болон хамсаатандаа авах шунахай зорилгоор удаа дараа утсаар болон биеэр очиж тэднийг хөөх зэргээр дарамт шахалт үзүүлж хөдөлмөрийн сахилга, ёс суртахууны зөрчил гаргасан нь илэрхий болсноос хойш 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тухайн сарын сүүлийн 20 хоног огт ажиллаагүй. Тус байгууллагын удирдах зөвлөлөөс түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарч ажилласан гэх 10 өдөрт тохирох цалинг олгохоор болсон. Цалинг нь Н.Бд байгаа байгууллагын бүх бичиг баримт, эд зүйлийг бүрэн авч байж олгохоор шийдвэрлэсэн юм. Дээрх тушаалд заасны дагуу Н.Бхариуцаж байсан эд зүйл, бичиг баримтыг хүлээж авах ажлыг манай тэргүүн асан н.Эхариуцан хөөцөлдөж Н.Бтэй утсаар болон цахимаар олон удаа харьцаж, мөн биеэр уулзаж шаардсан боловч Н.Б нь байгууллага хувь хүний нууцтай холбоотой байж болох бүх бичиг баримт, эд зүйлийг /байгууллагын гэрчилгээ эх хувь, хурлын шийдвэр, протокол, холбооны дүрэм, ирсэн болон явуулсан албан бичиг эх хувь, оршин суугчидтай гэрээнүүд, тушаал шийдвэрүүд, ажилчдын хувийн хэрэг анкет, үнэмлэхний цээж зэрэг тус тус хавтастайгаа, худалдаж аваад нэг ч хэрэглээгүй цагаан хоолой /одоо хүртэл хүлээлгэж өгөхгүй, харин ч зарим бичиг баримтыг бусад байгууллага компанид өгч байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж ажлаа хүлээлгэж өгөхгүй санаатай зугтсаар байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү бичиг баримтуудаа олж авах талаар дүүргийн болон хорооны цагдаад мэдүүлж байсан. Нэхэмжлэгч 1 дүгээр сарын цалин гэж 500 000 төгрөг нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Манай байгууллага нэхэмжлэгчээс авах ёстой бүх бичиг баримт, эд зүйлсээ бүрэн гүйцэд авсны дараа түүнд олговол зохих ажлын хөлсийг олгоход ямар ч асуудалгүй. Бидэнд энэ хүний цалингаас илүү байгууллагын бичиг баримт нэн чухал шаардлагатай байна. Н.Б нь гэрээгээ зөрчиж удаа дараа айлууд руу залгаж дарамтлан, мессеж бичиж байсан. Энэ талаар JCS байгууллагаас бидэнд албан тоотоор мэдэгдэж байсан. Энэ тухай бид Н.Бд өөрт нь сануулж, холбооны нэрийг барьж буруутай ажиллагаа хийсэн тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тушаалдаа хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт дэх заалтыг үндэслэсэн. Н.Б өөрөө ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Мэдсэн болохоор 2 хуудас холбооны баримт бичгийг хүлээлгэж өгсөн гээд бариад явдаг. Ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрт нь удаа дараа мессежээр болон цахимаар хэлдэг байсан. Гэрийнхээ хаалгыг хэзээ ч нээж өгдөггүй. Гар утсанд үзлэг хийж мессежийг бэхжүүлсэн. Ингэхдээ зөвхөн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мессежэд үзлэг хийлгэсэн. Н.Бийг ажлаас үндэслэлтэй халсан гэж үзэж байгаа учраас ажиллаж байсан хугацааны 500 000 төгрөгийг зөвшөөрч бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д заасныг баримтлан, ... гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 500 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Бнэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч ... гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага нь нэхэмжлэгч Н.Бажиллаж байсан хугацааны цалин 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, 500 000 төгрөг гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ... гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 15 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажил олгогч нь ажилтныг ажилд авах, халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул бичгээр гаргадаг. Гэтэл хариуцагч нь ажлаас халсан тухай шийдвэрийг нэхэмжлэгчид өгөөгүй. Энэ талаар огт хэлж байгаагүй бөгөөд шүүхэд хариу тайлбар гаргахдаа тушаалыг нөхөж гарган 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр огноо тавьсан нь иргэн Н.Бд биш шүүхэд гаргаж өгсөн байсан. Ажил олгогч өөрийн санаачлагаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-т заасныг баримталсан нь ажлаас халсан гэх үндэслэлтэй нь огт тохирохгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сайхан амарсан уу. Өчигдөр удирдах зөвлөл хуралдаад, Б бичиг баримт өгөхгүй бол бид цагдаад гомдол гаргахаас өөр аргагүй боллоо гэдгийг албан ёсоор бичиж байна. Холбооны бичиг баримтыг албан ёсоор өгөөд цалингаа авч ямар ч асуудалгүй бүгдийг дуусгавар болгоё гэж хүсч байна гэсэн зурвас ирснийг тэмдэглэн авсан. Дээрх үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч өөрийгөө ажлаас халагдсан гэдгээ мэдээгүй байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд ... гэх нь үндэслэл муутай, өөрөөр тушаал гаргаж өгөх ёстойг хаацайлах шалтаг, баримт олдохгүй байгаа учраас хийсэн дүгнэлт гэж үзэж гомдолтой байна. 2019 оны 01 сарын 24-ны өдөр таныг ажлаас халсан тушаал гарсан гэж надад албан ёсоор мэдэгдсэн бол би ойлгох байсан ч хариуцагч нь цагдаад хандаагүй. Миний бие ажлаас халсан тушаалыг хүлээж аваагүй, хариуцагч нөхөж шүүхэд өгсөн байсан ч ажилтан хүний хувьд миний эрхийг хууль бусаар хохироож, дорд үзсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж хуульд зааснаар нэрлэн заасан зөрчил байхгүйгээс гадна би нэг удаа ч сахилгын зөрчил гаргаагүй. Ажлаас халсан тушаал гаргаагүй, гаргасан тушаалаа танилцуулж гардуулаагүй. Хууль буруу хэрэглэж тушаал гаргасан нь ажилгүй байсан хугацааны болон ажлаас халагдсаны тэтгэмж авах эрхээ эдлэх боломжийг олгоогүй, давхар хохироосон санаатай үйлдэл юм. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцласан гэх шийдвэртээ 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгоно гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцласан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ажил олгочгийн шийдвэрт тусгагдсан байх хугацаа дуусах сүүлийн өдөрт багтаан ажилтанд уг шийдвэрийн 1 хувь болон зохих журмы дагуу хөтөлсөн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтрийг өгөх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учруулсан хохирлыг ажил олгогч хариуцах ёстой. Гэтэл 1 сард нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй гэдгээс маргаан гарч нягтлан миний биед халдаж цагдаад хандах хүртэл арга хэмжээ авсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ......... нарын оролцсон протокол гэх баримт шаардлага хангахгүй байгаа бөгөөд уг хуралд намайг оролцуулах боломжтой байсан. Энэ талаар хэн ч мэдэгдээгүй, уг баримтыг нөхөн хийсэн байна. Миний бие тус орон сууцанд амьдардаг бөгөөд хаалга тайлахгүй, олдохгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр н.Эзахирал ажлын талаар зурвас бичиж байсныг үзлэг хийж баталгаажуулсан нь хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болгосон гэдгийг нотлохгүй байна. Миний хувьд тус байгууллагад бичиг хэрэг хариуцсан ажилтан бөгөөд н.Эзахирал оршин суугч гадаадын иргэдтэй байгуулсан гэрээг байгуулахад миний бие хамт явж байсан. 1-2 айлд шаардлага тавихад нь удирдах зөвлөлийн гишүүн н.Охамт явж байсан. Жолон улсын байгууллагын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгийг нотлох баримтаар өгсөн боловч энэ талаар надтай ярилцаж байгаагүй, уг бичиг нь намайг ажлаас халагдсаны дараа ирсэн баримт байх бөгөөд бичигт дурдсан зүйлийн талаар хариуцагч нотолж чадаагүй. Уг байр нь ОХУ-ын өмчлөлийнх бөгөөд миний хувьд гадаадын иргэдийг хөөж дарамтлах эрхгүй. Гэтэл үндэслэлгүйгээр миний эрхийг хохироож байна. Ажлаас халсан тушаалыг гардуулан өгсөн үеэс хугацаа тоологдоно. Ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, ажлаас халсан шийдвэрийг ажилтанд хүлээлгэн өгөөгүй байх үеийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу олгох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч шүүхээс хэргийн зарим нотлох баримтад хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б2019 оны 01 дүгээр сарын цалин хөлс 500 000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 500 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ...холбоо гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага ажиллаж байсан хугацааны цалин болох 500 000 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч ...холбоо гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б нь тус холбооны нарийн бичгээр ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх3-6, 24/

 

Нэхэмжлэгч ажлаас халсан тушаалыг гардуулаагүй, ажлаас чөлөөлсөн талаар мэдээгүй гэж, хариуцагч ажлаас чөлөөлсөн талаар утсаар болон цахимаар удаа дараа хэлж байсан, нэхэмжлэгч ажлаас халагдсан гэдгээ мэдэж байсан гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 

Хэргийн 86-87 дугаар талд авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд тус холбооны тэргүүн асан н.Э ........... дугаарын утаснаас нэхэмжлэгч Н.Бд бичсэн зурвас нь агуулгын хувьд ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдсэн эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан, харин холбооны тэргүүн н.Энхмягмарыг нас барснаас хойш ажил үүрэг гүйцэтгэх боломжоор хангаагүй гэж тайлбарладаг.

 

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр н.Э .................. гэсэн дугаараас нэхэмжлэгч Н.Б ...............  дугаарын утсанд ирсэн зурваст үзлэг хийсэн тэмдэглэл хэргийн 41-45 дугаар талд авагдсан байх бөгөөд үүнд, таны гараар бичиж өгсөн зааврын дагуу ерөнхийлөгч рүү явуулах албан бичгээ шивээд фэйсбүүкээр тань руу явуулсан, үүнийг ерөнхий сайд руу явуулах уу .., та миний бичсэнийг харсан уу, ямар болж ... харсан би дахиад харъя түр байж байгаарай Оюунаа эгчид үзүүлээд бас санаа оноог нь сонсоорой ... Э ах руу мэссежээр явуулчих ... гэж тусгагдсанаас үзэхэд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсны дараа ажил үүргээ гүйцэтгэж байсан, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар тус холбооны эрх бүхий этгээдтэй саналаа солилцож байсан нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх тушаал гарсан талаар мэдэгдээгүй, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгчийн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүйг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзэх бөгөөд ажилтан энэ талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. /хх67/

 

Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж хариуцагчийн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн 2019 оны 01 дүгээр сарын цалин хөлс 500 000 төгрөг болон 2019 оны 02 дугаар сарын цалин 500 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын эхний хагас сарын цалин 250 000 төгрөг, нийт 1 250 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Харин ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ... гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагаас 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 1 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 3 750 000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг 1 дэх заалттай нэгтгэж, 3 дахь заалтын 15 650 гэснийг 34 550 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бдавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

 

А.МӨНХЗУЛ