Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/03495

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 06 өдөр           Дугаар 101/ШШ2019/03495                Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Б

 

Хариуцагч: “Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд  үйлчлэх төрийн бус байгууллага /регистрийн дугаар: 8277605/-д холбогдох

 

Ажиллаж байсан хугацааны цалин 500,000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Насанзаяагийн Бүрэнгэрэл би “Баянзүрх дүүргийн хоёр дугаар байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагатай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан нарийн бичгийн ажилтнаар орсон. Тус байгууллага сар бүрийн 15-нд урьдчилгаа цалин,  сүүлчийн өдөр сарын эцсийн цалинг Хаан банкны 5011324085 тоот дансанд минь шилжүүлдэг байсан юм. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 15-нд миний урьдчилгаа цалинг хэзээ өгөхийг захирал Л. Батхүү, ня-бо Ц. Дашпэлжээ нар руу мессеж бичиж асуухад надад хариу өгөөгүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын цалинг өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй учраас 01 дүгээр сарын цалин болох 500000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан дээрх ТББ-аас нэхэмжилж байна.

2019 оны 01-р сарын 09-нд дээрх ТББ-ын ня-бо Ц.Дашпэлжээ нь тамга хадгалдаг. бичиг баримтанд тамга дардаг байсан үүргийнхээ дагуу миний нийгмийн даатгалын дэвтэр (цаашид НДД гэх) дээр тамга дарж өгөөгүйгээр барахгүй миний биед халдаж. миний НДД-ийг булааж, үгээр дарамталж, улмаар миний нэр төрд халдсан учраас би 102-луу залган цагдаа дуудаж зөрчлийг цагдаагаар зогсоолгуулсан.

Иймд дээрх ГҮТББ-аас 01 дүгээр сарын цалин болох 500000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Миний бие 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл өгсний үндсэнд хэрэг үүсч, улмаар 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хэргийн материалтай танилцах үед хариуцагч талаас өгсөн №03 дугаар бүхий 2019 оны 01 дүгээр сарын 14-нд гаргасан тушаалыг эх хувиар нь анх удаа олж харсан билээ.

Тус ТББ нь дээрх тушаалыг надад огт мэдэгдээгүйгээр барахгүй ямар ч нотлох баримтгүйгээр “Гадаадын оршин суугчдыг хөөж дарамтлах зэрэг үйлдэл удаа дараа гаргасан” гэж гүтгэсэн байна. Мөн миний бие урд өмнө сахилгын зөрчил огт гаргаж байгаагүй бөгөөд дээрх ТББ-ын зүгээс сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй учраас дээрх №03 тоот тушаал нь хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь зүйл заалтыг, Хөдөлмөрийн тухай хууль зэргийг тус тус зөрчиж байна.

Иймд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл байхгүй учраас “нарийн бичиг”-ийн - лд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны (2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудын цалин 4,500,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны цалинг өгнө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Бийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан. Холбооны нэр барьж хувийн эрх ашигт ашигладаг, гадаадын оршин суугчдыг хөөж дарамталдаг гэдэг үйлдлийг удаа дараа гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тушаал гарсан тухай Н.Б огт мэдээгүй. Хариуцагч хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг дурдаж байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо ТББ нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаад нэг сарын үндсэн цалин 500,000 төгрөгөөр Н.Бийг нарийн бичгээр ажилд томилсон. Цалин хөлс олгож байгаад 1 дүгээр сарын цалингаа өгөөгүй. Тэгээд миний урьдчилгаа цалин орж ирэхгүй байна гэж мессеж бичсэн баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Тэгэхээр энэ тухай асууж байхад Н.Бийг ажлаас халагдсан тухай огт хэлээгүй. Тиймээс ажлаас халагдсан тушаалыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нөхөж гаргасан тушаал гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Энхмягмар, Н.Б нарын хооронд баримт бичгийн асуудал байдаг. 69 хуудас баримт байсан. Үүнийг 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яагаад өг гэсэн юм бэ гэхээр холбооны оффис гэж байхгүй учраас Энхмягмар гэж хүн шаардлагатай гэсэн баримтуудаа Н.Бээс шаардаж авдаг гэж надад хэлсэн. Тийм учраас шаардлагатай гэсэн баримтуудаа авч гарын үсэг зурсан болох нь харагдаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3 хүн оролцсон тэмдэглэл гэж бичсэн байсан. Энэ хуралдаа Н.Бийг оролцуулах ёстой байсан бол оролцуулах талаар ямар нэгэн зүйл тусгагдаагүй. Нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орсон тушаал бичсэн байсан. Үүндээ тамга дарах гэж ортол тамга дарж өгөөгүй учир маргаан үүссэн. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гээд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүхэд өгсөн нотлох баримтуудад тушаал хавсаргасан байдаг. Тухайн тушаалыг шүүхэд бус Н.Бд өгөх ёстой. Гэтэл энэ тушаалын талаар Н.Бд огт танилцуулаагүй. 2019 оны 01 дүгээр 22-ны өдөр  JCS олон улсын байгууллагын албан бичиг хавтаст хэрэгт байгаа. Энэ албан бичиг нь үндэслэлтэй эсэх ямар арга хэмжээ авагдсан нь тодорхойгүй. Мөн гадаад оршин суугчтай айлуудад асуудал гарсан эсэх нь нотлогдохгүй байна. Тиймээс гаргасан тушаал нь хөдөлмөрийн хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь нэхэмжлэгч Н.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтын дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр тохирох цалинг олгож ирсэн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурджээ.

Харин 2018 оны эцэс 2019 оны 01 дүгээр сард Н.Б нь бусадтай хамтран өөрт олгогдсон эрх үүрэг, албан тушаалаа буруугаар ашиглан, байгууллагын нэр барьж гадаад оршин суугчдын байр сууцыг өөртөө болон хамсаатандаа авах шунахай зорилгоор удаа дараа утсаар болон биеэр очиж тэднийг хөөх зэргээр дарамт шахалт үзүүлж хөдөлмөрийн сахилга, ёс суртахууны зөрчил гаргаж тэр нь бидэнд илэрхий болсноос хойш 2019 оны 01 дүгээр сарын 10-даас/ тухайн сарын сүүлийн 20 хоног огт ажиллаагүй. /ер нь 10 хоног хагас дутуу ажиллажээ/.

Гэсэн ч тус байгууллагын удирдах зөвлөл хуралдаж хэлэлцээд түүнийг ажлаас халах шийдвэр гарсны дагуу ажлаас чөлөөлөх тушаал гарч ажилласан гэх 10 өдөрт тохирох цалинг олгохоор болсон ба тэхдээ цалинг Н.Бд байгаа байгууллагын бүх бичиг баримт эд зүйлийг бүрэн авч байж олгохоор шийдвэрлэсэн юм.

Дээрх тушаалд заасны дагуу Бүрэнгэрэлийн хариуцаж байсан эд зүйл, бичиг баримтыг хүлээж авах ажлыг манай тэргүүн асан Энхмягмар хариуцан хөөцөлдөж Н.Бтэй утсаар болон цахимаар олон удаа харьцаж, мөн биеэр уулзаж шаардсан боловч Н.Б нь байгууллага хувь хүний нууцтай холбоотой байж болох бүх бичиг баримт, эд зүйлийг үүнд: /байгууллагын гэрчилгээ эх хувь, хурлын шийдвэр, протокол, холбооны дүрэм, ирсэн болон явуулсан албан бичиг эх хувь, оршин суугчидтай гэрээнүүд, тушаал шийдвэрүүд, ажилчдын хувийн хэрэг анкет, үнэмлэхний цээж зэрэг тус тус хавтастайгаа, худалдаж аваад нэг ч хэрэглээгүй цагаан хоолой /одоо хүртэл хүлээлгэж өгөхгүй, харин ч зарим бичиг баримтыг бусад байгууллага компанид өгч байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж ажлаа хүлээлгэж өгөхгүй санаатай зугтсаар байгаа юм.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2 -д ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах... үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Энэхүү бичиг баримт эд зүйлээ олж авах талаар дүүргийн болон хорооны цагдаад мэдүүлж байсан болно.

Нэхэмжлэгч 1 дүгээр сарын цалин гэж 500000 төгрөг олгуулахаар нэхэмжилснийг дээр дурдсан үндэслэлээр болон /Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл/ ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл ,мөн ХАОАТ-ын хуулийн дагуу зохих татвар төлөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтын үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан мөнгийг зөвшөөрөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Харин манай байгууллага нь дээр дурдсан авах ёстой бүх бичиг баримт, эд зүйлсээ Бүрэнгэрэлээс бүрэн гүйцэд авсны дараа түүнд олговол зохих ажлын хөлсийг олгоход ямар ч асуудалгүй юм. Бидэнд энэ хүний цалингаас илүү байгууллагын бичиг баримт нэн чухал шаардлагатай байна.

Эцэст нь нэхэмжлэлд дурдсан тухайн нэхэмжлэлтэй төдийлэн хамааралтай бус манай байгууллагын нягтлантай холбоотой нэг асуудлаар товч тайлбар өгье. Тухайн асуудлаар Бүрэнгэрэл нь цагдаа, дүүргийн болон нийслэлийн прокуророор явж заргалдаад уг асуудал хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэнийг дурдъя гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б ажлаас үндэслэлгүй халсан гэж ярьж байна. Бид Н.Бийг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажилчин үнэнчээр хөдөлмөрлөх, нууцад хамаарах заалт зэрэг нь гэрээнд тусгагдсан байгаа. Гэтэл гэрээгээ зөрчиж удаа дараа айлууд руу залгаж, дарамталж, мессеж бичиж байсан. JCS байгууллагаас бидэнд албан тоотоор мэдэгдэж байсан. Энэ тухай бид Н.Бд өөрт нь сануулж, холбооны нэрийг барьж буруутай ажиллагаа хийсэн тул тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт  дэх заалтыг үндэслэсэн. Н.Б өөрөө ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Мэдсэн болохоор 2 хуудас холбооны баримт бичгийг хүлээлгэж өгсөн гээд бариад явдаг. Тийм болохоор өөрийгөө халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрт нь удаа дараа мессежээр болон цахимаар хэлдэг байсан. Гэрийнхээ хаалгыг хэзээ ч нээж өгдөггүй. Гар утсанд үзлэг хийж мессежийг бэхжүүлсэн. Ингэхдээ зөвхөн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мессежэд үзлэг хийлгэсэн. Энэ тухай хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Н.Б холбооны бичиг баримтуудыг эх хувиар нь авчхаад өгөхгүй байгаа. Иймээс ажлаас үндэслэлтэй халсан гэж үзэж байгаа учраас ажиллаж байсан 500,000 төгрөгийг зөвшөөрч бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагад холбогдуулан, ажиллаж байсан хугацааны цалин 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 2019 оны 01 дүгээр сард бүтэн ажиллаагүй боловч нэхэмжлэлээр шаардаж буй, ажиллаж байсан хугацааны цалин 500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн тайлбар гаргасан.

“Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/02 дугаар тушаалаар Н.Бийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нарийн бичгээр томилсон, нэг сарын үндсэн цалин 500,000 төгрөг байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 02 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд байгуулжээ.

Хариуцагч  “Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Н.Бийг ажлаас чөлөөлж, түүний хариуцсан бүх бичиг баримт, эд зүйлийг бүрэн хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагчийг дээрх тушаалаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай тушаал /хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан/, хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсан баримт /хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан/ зэргээс үзэхэд, нэхэмжлэгчийг ажлаас халагдсан гэдгээ мэдээгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн SM-J100H нэртэй RV1G31JRMDV сериал дугаартай, Самсунг дуал маркийн гар утсанд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн үзлэг хийж, Enhmyagmar нэртэй 89020037 дугаараас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Сайхан амарсан уу, Өчигдөр удирдах зөвлөл хуралдаад, Бүрнээ бичиг баримт өгөхгүй бол бид цагдаад гомдол гаргахаас өөр аргагүй боллоо гэдгийг албан ёсоор бичиж байна. Холбооны бичиг баримтыг албан ёсоор өгөөд цалингаа авч ямар ч асуудалгүй бүгдийг дуусгавар болъё гэж хүсч байна”  гэсэн зурвас ирснийг тэмдэглэн авсан.

Дээрх үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч өөрийгөө ажлаас халагдсан гэдгээ мэдээгүй байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгч Н.Б нь хариуцагчийн хүлээн авахаар шаардаж буй бичиг баримт, эд зүйлийг хариуцагч талд хүлээлгэн өгснөө нотлох баримтаар нотлоогүй, ажлаас халсан тушаалыг гардуулах гээд нэхэмжлэгчтэй уулзаж чадахгүй байсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн болох нь дээр дурдсанаар тогтоогдож байх бөгөөд энэхүү хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч “Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны цалин 500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д заасныг баримтлан, “Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага нь нэхэмжлэгч Н.Бийн ажиллаж байсан хугацааны цалин 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, 500,000 төгрөг гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны эрх ашгийг хамгаалах холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАА