Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1264

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ад холбогдох 1806 01048 0850 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Гөрөөчийн овогт Бат-Эрдэнийн Алтаншагай /РД:ТЛ87071378/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Олимп" хотхоны 422 дугаар байрны 104 тоотод иргэн Т.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ан өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цолмонбаатар ах над руу яриад байр түрээслэж байгаа хүмүүс түрээсийн мөнгөө өгөхгүй байна. Түрээсийн мөнгөө аваад ломбарданд тавьсан машинаа ломбарднаас чөлөөлж авмаар байна. Байр түрээслэж байгаа хүмүүстэй очиж уулзая гээд хамт явсан. Тэгээд “Олимп” хотхонд байдаг Цолмонбаатар ахын түрээслүүлж байгаа байр руу очоод, граж дотор нь тухайн байрыг түрээслэгч Батхүү, Баярмаа хоёртой таарсан. Батхүү, Баярмаа хоёр зогсоолд тавьсан машинаа авч зогсоол чөлөөлж өгөхгүй бол машиныг чинь ачууллаа гэж ярьсан учир Мөнхцэцэг, Цолмонбаатар, Чимэдноров, Жанчивдорж бид нар очсон. Батхүү, Баярмаа нар танай машин манай зогсоол дээр байна, хүний өмчлөлд байгаа зогсоолыг суллаж өг гэж бид нарт хэлсэн. Түрээсийн гэрээн дээр зогсоолыг түрээслэх талаар дурдаагүй байсан. Аман хэлцэлээр манайх машинаа тавихгүй байгаа учир танайх машинаа тавьчих гэж хэлсний үндсэн дээр Батхүү нь тухайн зогсоолд машинаа тавьдаг байсан. Энэ талаар нэлээн маргаан болсон тул Батхүү цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирээд энэ асуудлыг манай байгууллага шийдэх боломжгүй, та нар маргааш шүүхийн байгууллагаар энэ асуудлаа шийдвэрлүүлээрэй гэж хэлээд явсан. Б.Батхүү эхнэртэйгээ цуг түрээслэсэн байр руу орсон байсан. Бид нар хэдий хугацаанд түрээсийн мөнгөө өгөх талаар ярилцах гээд араас нь ороод гэрийнх нь хаалгыг нэлээн удаан цохисоны дараа Батхүү хаалгаа онгойлгосон. Тэгээд Чимэдноров, Мөнхцэцэг бид гурав ороод ярилцахад Батхүү гэрээ хийсэн хүнтэйгээ ярилцана гээд юу ч ярихгүй байсан. Цолмонбаатар ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би согтуу энэ хүмүүстэй юу ярих вэ, эрүүл дээрээ ярилцъя гээд Батхүүгийн гэр рүү ороогүй, гадна байсан болохоор Мөнхцэцэг,  Чимэдноров хоёр Цолмонбаатар ахыг дуудъя гээд гарсан. Би Батхүүгийн гэрийн үүдэнд гэрийнх нь түлхүүрийг аваад та нар түрээсийн мөнгөө хэзээ өгөхөө шийдэж чадахгүй байгаа юм чинь одоо хаалганы голыг солино гэж хэлээд байж байхад Батхүү цаанаас босож ирээд түлхүүрээ булаагаад авсан. Надад Т.Баярмааг зодсон, биед нь халдсан асуудал ерөөсөө байхгүй. Тухайн үед Т.Баярмаа цаад талын өрөөнд орон дээр сууж байсан. Тэгээд байж байхад гаднаас Мөнхцэцэг, Чимэдноров хоёр орж ирээд тэнд хэрүүл маргаан болоод цагдаагийн байгууллагад дахиад дуудлага өгөхөд дуудлага хүлээн авсан цагдаа нь маргааш өглөө би очно гэсэн. Тэгээд бид нар Батхүүгийнхээс гараад явсан гэв.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярмаагийн өгсөн: “... Би нөхөр Батхүүгийн хамт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Баянзүрх дүүргийн  26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 422 дугаар байрны 104 тоот 2 өрөө  байрыг гаражийн хамт сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээр Цолмонбаатартай гэрээ байгуулсан. Түрээсийн мөнгийг улирал тутамд бодож өгдөг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойшхи улирлын төлбөрийг төлж амжаагүй 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон. 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим гэртээ ирэхэд Цолмонбаатар гаражид өөрийнхөө машиныг тавиад явсан байсан. Тэгээд манай нөхөр Батхүү Цолмонбаатар руу утасдаж машинаа холдуул, одоохондоо гэрээ цуцлагдаагүй байна, бид хоёр машинаа тавих ёстой гэж хэлсэн. Цолмонбаатар авахгүй гэж хэл амаар доромжлоод утсаа салгасан… Цолмонбаатарын эхнэр Мөнхцэцэг, бэр эгчтэйгээ дүү гэх залуугийнхаа хамт орж ирсэн. Мөнхцэцэг, бэр эгчтэйгээ гарч яваад дүү залуугаа үлдээгээд наанаа хамт хоноорой гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд дүү гэх залуу нь үүдэнд сууж байснаа үүдний тавиур дээр байсан миний түлхүүрийг аваад халаасандаа хийсэн. Би очоод түлхүүрээ авах гэтэл намайг цээж хэсэг рүү гараараа  түлхэж, би бөгсөөрөө хойшоо газарт унасан. Батхүү босож ирээд жирэмсэн хүнийг яаж байгаа юм гэж хэлэхэд тухайн 30 орчим насны залуу Батхүүг заамдаж эрүү рүү нь нэг удаа гараараа цохиж, доош нь дарж цээжин тус газар нь 1 удаа өшиглөсөн. Би болиулах гээд тухайн залуугийн куртикнээс татахад гартаа барьж байсан гар утсаараа миний зүүн, баруун гар руу 2 удаа цохисон. Тэгээд тухайн залуу гар утсаараа түлхүүрийг нь авчихлаа гээд хүн рүү залгахад хаалга нүдсэн. Тухайн залуу очоод хаалга онгойлгож өгөөд Мөнхцэцэг, ах, бэр эгчийнхаа хамт гаднаас орж ирсэн. Тэгээд манайд үлдсэн байсан дүү залуу цоожны голыг нь солъё гээд халааснаасаа цоожны гол гаргаж ирсэн. Би нөхөр Батхүүгийн хамт цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батхүүгийн өгсөн: “… Би эхнэр Баярмаагийн хамт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 422 дугаар байрны 104 тоот 2 өрөө байрыг гаражийн хамт сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээр Цолмонбаатартай гэрээ байгуулсан. Түрээсийн мөнгийг улирал тутам өгдөг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойшхи улирлын төлбөрийг  төлж амжаагүй, 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон. 01 дүгээр сарын 16-ны өдөр Цолмонбаатар автомашины зогсоол дээр өөрийнхөө Тоёота карина маркийн  автомашинаа аваачиж тавьсан байсан. Тэгээд би Цолмонбаатар руу утсаар яриад машинаа авахыг шаардсан. Цолмонбаатар урдаас танайх эхлээд гэрээгээ зөрчсөн учир би өөрийнхөө машины зогсоол дээрээ машинаа тавьсан авахгүй гэж хэлсэн. Тэгээд машинаа авахгүй байсан учир 01 дүгээр сарын 18-ны өдрийн  20-21 цагийн орчим гаражийн харуулаар Цолмонбаатар руу утсаар яриулж машинаа авахыг хэлүүлсэн. Тэгтэл Цолмонбаатар зогсоол чинь минийх, наадах чинь түрээсээ төлөөгүй учир би машинаа тавьсан гэж хэлсэн. Тэгээд удахгүй 30  минутын дараа очлоо гэж хэлсэн. Удалгүй Цолмонбаатар, эхнэр Мөнхцэцэг, эхнэрийнх нь ах, бэр эгч, дүү гэх 30 орчим насны залуугийн хамт ирсэн. Тэгээд Мөнхцэцэг зангиа зүүсэн луйварчидаа түрээсийн төлбөрөө төл гэж хэлсэн. Мөнхцэцэгийн ах гэх залуу намайг хуруугаараа чичилж, хаа явсан газар чинь ална үү гэж хэлсэн. Тэгээд маргаан болоод цагдаа дуудсан. Цагдаа ирээд иргэний маргаан байна, гэрээний дагуу асуудлаа шийд гэж хэлээд явсан. Ингэж маргаан үүсгэж болохгүй гэж хэлээд Цолмонбаатарыг согтуу үедээ маргаан хийгээд байвал эрүүлжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд маргаан хийхгүй одоо явцгаалаа гээд явсан. Би эхнэр Баярмаагийн хамт гэртээ ороод байж байхад Мөнхцэцэг, бэр эгч нь гэх эмэгтэй, дүү нь гэх 30 орчим насны залуугийн хамт гэрийн хаалга нүдэж орж ирсэн. Гэрт орж ирээд хононо гээд гэр дотор чөлөөтэй яваад байсан. Тэгээд дүү гэх 30 орчим насны залууг эндээ хоноорой гээд үлдээгээд гарсан. Дүү нь гэх 30 орчим насны залуу сууж байгаад үүдний тавиур дээр байсан Баярмаагийн түлхүүрийг аваад халаасандаа хийсэн. Баярмаа түлхүүрээ нэхэхэд өгөхгүй гээд булаацалдаад тухайн 30 орчим насны залуу Баярмаагийн  цээж хэсэг рүү нь гараараа түлхэхэд хойшоо бөгсөөрөө газарт унасан. Тэгээд тухайн 30 орчим насны залуу түлхүүр булаацалдаж байхдаа Баярмаагийн хоёр гap руу гар утсаараа 2-3 удаа цохисон. Би босож очоод юу болоод байгаа юм, жирэмсэн хүнийг ингэж болж байгаа юм уу гэж хэлэхэд тухайн 30 орчим насны залуу миний шанаа хэсэг рүү 1 удаа цохиж, хоолой боож, доош дарж цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд тухайн залуу гар утсаараа яриад нөгөө хүмүүсээ дуудаад байсан. Гаднаас Мөнхцэцэг, ах, бэр эгчийнхээ хамт орж ирсэн. Ах гэх эрэгтэй хүн халааснаасаа цоожны гол гаргаж ирээд цоожны голоо солисон. Би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ан гэрчээр өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим  Цолмонбаатар  ах над руу яриад байр түрээсэлж байгаа хүмүүс түрээсийн мөнгөө өгөхгүй мөртлөө зогсоол дээр тавьсан байсан автомашиныг чинь ачуулна гэсэн байсан. Тэгээд Цолмонбаатар хамт очоод ирье гээд эгч Мөнхцэцэг, ах Жанчивдорж, эгч Чимэдноров нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхон дээр очсон. Тэгээд байрны гараж руу ороход Цолмонбаатарын 05-46 УНС улсын дугаартай Карина маркийн автомашиныг Батхүү гэх түрээслэгч залуу машинаараа хаагаад зогссон байсан. Тэгээд бид нар очоод уулзахад Батхүү, Баярмаа нар Мөнхцэцэгийг чи машинаа аваад эндээс зайл, ачуулна гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд маргалдаж байгаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Иргэний хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүл гээд явсан. Баярмаа, Батхүү нар машинаа гаражийн үүдэн дээр үлдээгээд гэр рүүгаа орцгоосон. Араас нь Мөнхцэцэг,  Чимэдноров нарын хамт гэрийнх үүдэнд очоод 2 цаг орчим хаалгыг нь нүдсэн. Цолмонбаатар, Жанчивдорж нар гадаа хүлээгээд зогсож байсан. Хэзээ түрээсийн мөнгөө өгөх талаар хүлээж зогссон. Тэгээд Батхүү, Баярмаа нар хаалгаа онгойлгохоор гэр рүү нь Чимэдноров, Мөнхцэцэг бид гурав орсон. Байрны эзэн Цолмонбаатартай ярина, та нартай нэг ч үг ярихгүй, Мөнхцэцэгийг Цолмонбаатарын эхнэр мөн ч юм уу, биш ч юм уу, байрыг нь авах гэж байгаа шуналтай хүүхэн ч юм уу гэж хэл амаар доромжилсон. Тэгээд зайл гэж маргалдан хэрэлдэж байгаад Мөнхцэцэг, Чимэдноров нар Цолмонбаатарыг оруулж ирэх гэж гарсан. Би гэрт нь үлдсэн. Би гэрийнх нь үүдэнд хүлээгээд сууж байхад Батхүү ирээд хажууд тайлж тавьсан куртикийг над руу шидээд миний эзэмшилээс зайл гэж хөөсөн. Тухайн үед Баярмаа хойд өрөөндөө байсан. Гаднаас Мөнхцэцэг, Чимэдноров орж ирсэн. Үүдний тавиур дээр байсан түлхүүрийг Мөнхцэцэг эгч бид хоёрын нэг авахад Батхүү ирж түлхүүр аваад дахин цагдаа дуудсан. Цагдаа хүлээж байх хооронд Мөнхцэцэг, Чимэдноров бид гурав цоожны гол солисон. Тэгээд цагдаа ирэхийг хүлээж байгаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10356 дугаартай дүгнэлтэд:

“1. Т.Баярмаагийн биед умайн доргилт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.43/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх.1/,

Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал/ хх.2-4/,

Зөрчилийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх.5/,

Зөрчилийн талаар гаргасан гомдолыг хүлээн авсан тухай баримт /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярмаагийн өгсөн мэдүүлгүүд /хх.12-13, 20-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.30-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Цолмонбаатарын өгсөн мэдүүлэг /хх.33-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чимэдноровын өгсөн мэдүүлэг /хх.36-38/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.55/,

Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний хуулбар /хх.59-61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ан яллагдагчаар өгсөн мэдүүлэг /63-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Олимп" хотхоны 422 дугаар байрны 104 тоотод иргэн Т.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярмаагийн өгсөн: “... Тэгээд дүү гэх залуу нь үүдэнд сууж байснаа үүдний тавиур дээр байсан миний түлхүүрийг аваад халаасандаа хийсэн. Би очоод түлхүүрээ авах гэтэл намайг цээж хэсэг рүү гараараа  түлхэж би бөгсөөрөө хойшоо газарт унасан. Батхүү босож ирээд жирэмсэн хүнийг яаж байгаа юм бэ? гэж хэлэхэд тухайн 30 орчим насны залуу Батхүүг заамдаж эрүү  рүү нь нэг удаа гараараа цохиж, доош нь дарж цээжин тус газар нь 1 удаа өшиглөсөн. Би болиулах гээд тухайн залуугийн куртикнээс татахад гартаа барьж байсан гар утсаараа миний зүүн, баруун гар руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.21-22/;

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 10356 дугаартай дүгнэлт /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батхүүгийн өгсөн: ... Баярмаа түлхүүрээ нэхэхэд өгөхгүй гээд булаацалдаад тухайн 30 орчим насны залуу Баярмаагийн  цээж хэсэг рүү нь гараараа түлхэхэд хойшоо бөгсөөрөө газарт унасан. Тэгээд тухайн 30 орчим насны залуу түлхүүр булаацалдаж байхдаа Баярмаагийн хоёр гap руу гар утсаараа 2-3 удаа цохисон. Би босож очоод юу болоод байгаа юм, жирэмсэн хүнийг ингэж болж байгаа юм уу гэж хэлэхэд тухайн 30 орчим насны залуу миний шанаа хэсэг рүү 1 удаа цохиж, хоолой боож, доош дарж цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.25-26/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Шүүгдэгч Б.А нь хохирогчийг зодож гэмтээсэн гэмт хэрэг үйлдээгүй гэж, мөн түүний өмгөөлөгч нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх.1/, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал/ хх.2-4/, зөрчилийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх.5/, зөрчилийн талаар гаргасан гомдолыг хүлээн авсан тухай баримт /хх.8/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярмаагийн өгсөн мэдүүлгүүд /хх.12-13, 20-23/ зэрэг нотлох баримтын болон тэдгээрт хэрэг явдал болсон өдрийг дурдсан огноо нь 2018 оны 01 дүгээр сарын 16 эсхүл 17-ны өдөр гэж тус тус тэмдэглэн бичсэн байхад уг хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн гэж шүүгдэгчийг яллаж байгаа, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцэцэг /хх.30-32/, Б.Чимэдноров /хх.36-38/ нарын тус тус өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг зодсон ямар нэгэн байдал гараагүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг тогтоогоогүй гэж мэтгэлцэн тайлбарлаж байх боловч шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Т.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар тогтоогджээ.

Б.Ан үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирогч Т.Баярмаа нь хохиролд нийт 1,390,797 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 390.797 төгрөгийг шүүгдэгч Б.Агаас гаргуулж, хохирогч Т.Баярмаад олгох нь зүйтэй.

Харин цаашид гарах эмчилгээний зардал 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т.Баярмаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.А нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Ан үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Гөрөөчийн овогт Бат-Эрдэнийн Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Агаас 390,797 төгрөг гаргуулж, хохирогч Т.Баярмаад олгосугай.

          7. Хохирогч Т.Баярмаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Агаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР