Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 676

 

        Б.А-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Алтансүх,

            шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч З.Мөнхзолбоо,

            нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1377 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.А-д холбогдох 1806010480850 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-н А, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт ............ дүүргийн .... дугаар хороо, .......... дүгээр гудамжны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ........./;

Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 422 дугаар байрны 104 тоотод Т.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлж, Б.А-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:

Б.А нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын танилцуулсан саналыг хүлээн зөвшөөрч байх боловч прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг гүйцэд хангаагүй байхад прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт хэргийг буцааж, Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэлдээ: “…Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг Эрүүгийн хуулийн тодорхой зарим зүйл, хэсгээр тогтоох болон гэм буруугаа сайн дураараа хүлээсэн яллагдагч хүсэлт гаргасан тохиолдолд явуулахаар тус тус тусгаж зохицуулсан билээ. Тэгвэл яллагдагч Б.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам”-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийн харьяалалд хамаарч байгаа ба шүүхийн шийдвэр нь зөвхөн цагаатгах эсхүл шийтгэх хэлбэртэй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлага бол яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо барагдуулсан, хэргийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй гэж өөрөө үзсэн тохиолдолд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргах тухай зохицуулалт бөгөөд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх болон цагаатгах тогтоол гаргахаас гадна хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж болох билээ.

Мөн шүүгчийн захирамжид “...мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ...” гэсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа байгаа, мөрдөн байцаалтаар ямар ажиллагааг хийх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаагаас үзвэл шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангахгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийн гол үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт зааснаар бусад хэргийг талуудаас хүсэлт гаргасан тохиолдолд ялын талаар тохиролцож, шүүхэд шилжүүлнэ гэж тусгайлан заасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасан шаардлагыг заавал хангасан байх шаардлагагүй. Прокурор С.Солонгын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

  Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч З.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

  Анхан шатны шүүх Б.А-д холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг гүйцэд хангаагүй тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.  

Иймд прокурор С.Солонгын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.