Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00584

 

 

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00584

 

 

                                            Б.Б-ын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00298 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын, хариуцагч НШШГГ-т холбогдуулан  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2846 дугаар шийдвэрээр Б.Б-аас 47 125 000 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн Нaobisigalatu /Хувьсгалт/-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 00 тоот, хуучнаар 27м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх замаар битүүмжилж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг явуулсан. НШГГ-аас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 00000 албан тоот ирүүлсэн бөгөөд уг албан тоотод эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Б.Б- миний өмчлөлийн орон сууцыг шинжээч томилж үнэлүүлсэн, уг үнэлгээнийхээ 70 хувиар дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн байсан.

Шинжээч нь миний орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээн дээр гомдолтой байгаа тухайгаа НШГГ-т хүсэлт гарган хүргүүлсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №0/00 тоот тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан тухай хариу өгсөн. Иймд миний зүгээс НШГГ-аас тогтоосон хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч гомдолтой байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр Б.Б-аас 47 125 000 төгрөгийг гаргуулж, БНХАУ-ын иргэн Нaobisigalatu /Хувьсгалт/-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Б-ад шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 0000000000000 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох өмчлөгчийн гаргасан үнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй, талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлэхэд 88 500 000 төгрөгөөр үнэлснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 88 500 000 төгрөгийн 70 хувиар тооцон 61 950 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиар 44 250 000 төгрөгөөр тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй. Нэхэмжлэгч Б.Б- нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02846 дугаар шийдвэрээр Б.Б-аас 47 125 000 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн Нaobisigalatu /Хувьсгалт/-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд зах зээлийн ханшийн дагуу үнэлэгдсэн нь хэт бага үнэлсэн үндэслэл байхгүй нэхэмжпэгч тал хугацаа хожих маягтай байгаа нь төлбөр авагчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо энэ хуулийн 55.3 заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоног дотор гэж заасан байдаг тул 10 сарын 03-ны өдөр Б.Б-ад ШШГГ-аас албан тоотоор мэдэгдсэн ба нэхэмжлэлийн өдөр нь 11 сарын 01-ний өдөр үүнээс хойш 27 хоногийн хугацаа хэтэрсэн байгаа нь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжоор хангаж, Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын НШШГГ-т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 0 хороо, 0 дугаар байрны 76 тоот /хуучнаар 27м2 талбайтай/, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах гомдолд:  Миний бие БНХАУ-ын иргэн Хувьсгалтаас зээлсэн 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 11 дүгээр сарьн 13-ны өдөр Сухбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зээлийн барьцааны зүйл болох орон сууцны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тухай шүүхийн шийдвэр гарсан болно.

 

Би шүүхэд хандаж, 2017 оны 12 дутаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 181/ШШ32017/16324 дугаартай шүүгчийн захирамж гарсан. НШГГ-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх замаар битүүмжилж, дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэж, миний өмчлөлийн орон сууц болох Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 00 тоот хаягт орших 2 өрөө орон сууцны үнэлгээг хэт багаар тогтоосон тухай гомдлыг тус газарт гаргасан боловч 2018 оны 10 сарьн 25-ны өдөр №0/00 тоот тогтоолоор хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргасан боловч Шуухийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зуйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэл хүлээн аваагүй.

 

Гэтэл тус нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд хүргэж өгсөн боловч шүүхийн ажилтны буруу мэдээлэл өгсний улмаас буцаж шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хугацаа алдсан байдаг. Энэ нь миний тэмдэгтийн хураамжийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст тушаасан баримт дээрхи огноо, цаг хугацаагаар нотлогдоно. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 181/ШШ2019/00298 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч үнэлгээнд гомдол гаргах хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул залруулж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасныг шүүх эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Хариуцагч НШШГГ-  хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг нэхэмжлэгч Б.Б-ад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд уг үнэлгээг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж дахин шинжээч томилуулах хүсэлт хариуцагч НШШГГ-т гаргасан баримт хэргийн 63 дугаар талд байна. Нэхэмжлэгч  үнэлгээний талаар эхлээд хариуцагч байгууллагад гомдол гаргасан үйл баримтаа 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхийн ажилтан буруу мэдээлэл өгч Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хугацаа алдсан ...” гэж  тайлбарласан байна. /хх 77,137/

 

Хэргийн 2 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй, уг баримтаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэхэд нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээж аваад шүүхэд хандсан нь тогтоогдож байх тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчийн үнэлгээний талаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэдэг зарчимтай байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2846 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-аас 47 125 000 төгрөг гаргуулж, хариуцагч БНХАУ-ын иргэн Нaobisigalatu /Хувьсгалт/-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11 375 000 төгрөгийн шаардлага, бичгээр гаргасан баталгааг хүчинтэйд тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б-аас хариуцагч Хувьсгалтад /Haobisgalatu/ холбогдуулж гаргасан Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар  тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх4-6/

 

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 18280163 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 27 м.кв 2 өрөө орон сууцыг 00/00 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 00/00 дугаар тогтоолоор хураан авч, нэхэмжлэгчид дээрх шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор барагдуулахыг мэдэгдэх хуудсаар сануулсан байна. /хх7-8, 43-44, 48-50/

 

Төлбөр төлөгч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгөө 120 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа ирүүлсэн байх боловч төлбөр авагч уг саналыг эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх51, 53/

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч НШШГГ- Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 233 дугаар тогтоолоор “В” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны бодит талбайн хэмжээг 27 м.кв гэж тодорхойлж, 1 м.кв талбайд ногдох үнэлгээгээр харьцуулан жишилт хийж, нийт 88 500 000 төгрөгөөр тогтоосон ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай нийцсэн байна. /хх54-62/

 

Тухайн орон сууцны одоогийн зах зээлийн ханш хэд байгаа, өөр бусад орон сууцны үнэлгээтэй хэрхэн харьцуулсан зэрэг нь тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                        Т.ТУЯА

 

                                                                                           А.МӨНХЗУЛ