Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00007

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00298 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 584 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Б-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х-

          Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Дэлгэрмөрөн, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ..-р хороо, ..-р байрны 76 тоот, хуучнаар 27 м.кв талбайтай, 2 өрөө, миний өмчлөлийн орон сууцыг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх замаар хариуцагч битүүмжилж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг явуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018-10-03-ны өдөр 16517 дугаар албан тоот ирүүлж, уг албан тоотод   миний өмчлөлийн орон сууцыг шинжээчээр үнэлүүлж, уг үнэлгээнийхээ 70%-р дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн байсан. Шинжээч нь миний орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27-р зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээнд гомдолтой байгаагаа хүргүүлсэн. Гэвч 2018-10-25-ны өдрийн №4/27 дугаар тогтоолоор миний хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн. Би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Шүүх Б.Б-аас 47,125,000 төгрөгийг гаргуулж, Х-д олгох шийдвэр гаргасан байсан. Төлбөр төлөгч Б.Б-ад шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нэхэмжлэгчийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ..-р хороо, ...-р хороолол, ..-р байрны 76 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан.  Анхны албадан дуудлага худалдаанд өмчлөгчийн санал болгосон үнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй, талууд харилцан тохиролцоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлсэн. Шинжээч уг орон сууцыг 88,500,000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177.1-д зааснаар шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийн 70%-р тооцон 61,950,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ч санал ирээгүй. 2 дахь албадан дуудлага худалдаанд 61,950,000 төгрөгийн 70%-р буюу 44,250,000 төгрөгөөр оруулсан ч орон сууц худалдан борлогдоогүй, үнийн санал мөн ирээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Б.Б- нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгаа. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Шүүхийн 2017-11-13-ны өдрийн шийдвэрээр Б.Б-аас 47,125,000 төгрөгийг гаргуулж Х-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд эд хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэгдсэн. Үнэлгээ хэт бага гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч тал хугацаа хожих маягтай байна. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг 27 хоног хэтрүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019-01-28-ны өдөр 181/ШШ2019/00298 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн .. хороо, .. дугаар байрны 76 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-04-01-ний өдрийн 584 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-01-28-ны өдрийн 181/ШШ2019/00298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

   Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Сүхбаатар дүүргийн шүүх 2017-11-13-ны өдөр  шийдвэр гаргаж, Х-ад 47,125,000 төгрөг олгох, зээлийн барьцааны зүйл болох орон сууцны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон. 2017-12-12-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 181/ШЗ2017/16324 дугаартай захирамж гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх замаар Сүхбаатар дүүргийн ..-р хороо, ..-р байрны 75 тоот, миний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн. Шинжээч уг орон сууцны үнэлгээг хэт багаар тогтоосон бөгөөд энэ тухай гомдлыг хариуцагчид хандан гаргасан. Гэвч 2018-10-25-ны өдөр №4/27 дугаар тогтоолоор миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Мөн давж заалдах шатанд гаргасан гомдолд миний бие тус үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэ ханшаар буюу буруу үнэлсэн тухай гомдол гаргасан. Шүүхээс үнэлгээний процессын ажиллагаа хуулийн дагуу явагдсан тухай дурджээ. Гэвч миний бие үнэлгээний процессын ажиллагаа буруу зөв явагдсан тухай бус зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тухай гомдол гаргасан байдаг. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Б.Б- 2018-11-01-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ..дугаар хороолол, .. дугаар байрны 76 тоот хаягт байрлах 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг “...хэт бага тогтоосон...” гэж хүчингүй болгохыг шаарджээ. /хх1/

       Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч нар /хх 15, 31-32, 77, 87/ болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Х-н төлөөлөгч Р.Дэлгэрмөрөн /хх 25, 72/ нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн...” гэсэн үндэслэл заажээ.    

      Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа “...үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй ...харин орон сууцны зах зээлийн ханш болон өөр бусад үнэлгээтэй харьцуулсан баримт хэрэгт байхгүй байна...” гэж дүгнээд   шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.    

      Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...би үнэлгээний процесс буруу зөв явагдсан тухай бус, харин эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн тухай гомдол гаргасан...” гэжээ.  

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, өмнө нь Б.Б- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд БНХАУ-ын иргэн Х-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ..-р хорооны ..-р байрны 76 тоот 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах тухай 2017-02-03-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан орон сууцыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх...”-г шаарджээ. Харин Х-нь “...58,500,000 төгрөгийг Б.Б-аас гаргуулах, бичгээр гаргасан баталгааг хүчинтэйд тооцох, үүргийн гүйцэтгэлийг 76 тоот 2 өрөө орон сууцнаас хангуулах...” сөрөг нэхэмжлэлийг тухайн үед гаргаж байжээ.

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017-11-13-ны өдөр хэлэлцэж, Б.Б-ын нэхэмжлэлийг Х-нь зөвшөөрснийг баталснаас гадна Б.Б-аас 47,125,000 төгрөг гаргуулж Х-д олгох 181/ШШ2017/02846 дугаартай шийдвэрийг гаргасан байна. /хх 4-6/

     Дээр дурдсан шийдвэрийн дагуу шүүгчийн 2017-12-12-ны өдрийн 181/ШЗ2017/16324  дугаар захирамж гарч /хх7/, уг захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018-01-17-ны өдөр 18280163 дугаар тогтоолоор /хх 41/ албадан гүйцэтгэх ажиллагааг эхэлжээ.

   Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5 дугаар байрны 76 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж 47,125,000 төгрөгийг 2018-09-24-ний өдрийн дотор барагдуулахыг мэдэгдсэн ч Б.Б- уг төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон байна.   

    Б.Б- 47,125,000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, хураагдсан 2 өрөө орон сууцны үнийн санал өгөхийг талуудад мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч 2018-09-19-ний өдөр эд хөрөнгөө 120,000,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг төлбөр авагч зөвшөөрөөгүйгээс шинжээч томилогдож, үнэлгээ хийгдсэн нь хэрэгт буй баримтаар нотлогджээ.  

     2. Төлбөр төлөгч 2018-09-19-ний өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгөө үнэлж санал өгсөн, уг үнэлгээг төлбөр авагч зөвшөөрөөгүйгээс хариуцагч шинжээч томилж, орон сууцыг үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 76 тоот 2 өрөөг шинжээч 88,500,000 төгрөгөөр үнэлсэн, үүнийг Б.Б- “хэт бага” гэж маргах боловч энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.         

     Өөрөөр хэлвэл, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн тайлбараа Б.Б- баримтаар нотлоогүй байна.        

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ. 

   Нэхэмжлэгч нь татгалзлынхаа үндэслэлийг, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагчийн гаргасан нотолгоог баримтаар үгүйсгэж чадаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээхдээ хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 42, 44, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн гэж үзнэ.    

   Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00298 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 584 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ