Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00583

 

 

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00583

 

 

                          Э.Э-, Б.Т- нарын нэхэмжлэлтэй

                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00194 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нар хариуцагч Д.Г-, Ц.Д- нарт холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 484 266 478 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нарын зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э-, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, өмгөөлөгч Ү.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие эхнэр Б.Т-ийн хамт иргэн Д.Г-, Ц.Д- нартай харилцан тохиролцож 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар 00 мянгатын  0 дугаар байрны 00 тоот байрлах Ц.Д-гийн өмчлөлийн 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн,  2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүг 5 хувь болгож өөрчилсөн, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 0000 000 төгрөгийг сарын 2 хувийн 10 хоногийн хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг нэмж нийт 83 000 000 төгрөг зээлдүүлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулж 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан. Эдгээр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй ба зээлийн гэрээг Д.Г-, Ц.Д- нар нь сунгах хүсэлт гаргасны дагуу бүх зээлийн гэрээг сунгасан. Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн хүүг 4 удаа төлсөн. Үүнд: 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 500 000 төгрөг, нийт 177 500 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Д.Г-, Ц.Д- нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Г-, Ц.Д- нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 177 516 450 төгрөг, хүү 235 260 213 төгрөг, алданги 71 489 815 төгрөг, нийт 484 266 478 төгрөгийг гаргуулна. Д.Г-, Ц.Д- нар нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар 00 мянгатын 00 байрны 00 тоотод байрлах Ц.Д-гийн өмчлөлийн 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд хариуцагч Ц.Д-гээс 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. 2013 оны 02 дугаар сарын 16-аас 2016 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн хүүг 5 хувь болгон өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 59 516 450 төгрөг, хүү 82 430 214 төгрөг, алданги 14 746 991 төгрөг, 156 693 655 төгрөг гаргуулах, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгаж хүүг 5 хувь болгож өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 13 866 666 төгрөг, алданги 11 933 333 төгрөг, нийт 35 799 999 төгрөг гаргуулах, нийт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 192 493 654 төгрөг, хариуцагч Д.Г-, Ц.Д- нараас 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг зээлж, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэмж 3 000 000 төгрөг зээлж, нийт 83 000 000 төгрөг зээлдүүлж гэрээ байгуулсан, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэрээг сунгаж хүүг 5 хувь болгон өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 83 000 000 төгрөг, хүү 103 838 333 төгрөг, алданги 14 746 991 төгрөг, нийт 201 585 324 төгрөг гаргуулах, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгийг зээлж 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан тул үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 35 125 000 төгрөг, алданги 30 062 500 төгрөг, нийт 90 187 500 төгрөг гаргуулах, нийт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 291 772 824 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээгээр нийт 484 266 478 төгрөгийг төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй хохирол учруулж байгаа учраас хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөг зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний барьцаанд 0000...-тэй мобикомын дугаарыг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрийг төлж байхад Э.Э- нь утасны дугаарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдээ авч гэрээг дуусгавар болгосон учир энэ гэрээний дагуу төлөх төлбөргүй. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, харин Д.Г- нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөг аваагүй, өмнөх 75 000 000 төгрөгийн гэрээнд төлөх 1 сарын хүү 4 500 000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул хүүг нэмж 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болгон шинэчлэн байгуулсан учир эдгээр гэрээнүүдэд тус тусд нь үндсэн зээл, хүү, алданги тооцон нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны болон 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнүүдийг байгуулан мөнгийг хүлээн авсан. Харин дээрх гэрээнүүдийн хугацааг 2016 он хүртэл огт сунгаагүй, сунгалт хийх талаар ярилцаж байгаагүй тул 2016 он хүртэлх хугацааны хүү алданги төлөх үндэслэлгүй. Хариуцагч нараас зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч Э.Э- 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 00000000 дугаарыг хүлээн авч төлбөр тооцоог дуусгавар болгосон. Гэтэл Э.Э- өөрөө гарын үсэг зураагүй 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан гэх баримтаар хариуцагчаас төлбөр нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэгч Б.Т-тэй байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэх баримтад зээлдүүлэгч Б.Т- гарын үсэг зураагүй. Төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг бүхий баримтаар төлбөр нэхэмжилсэн. Гэтэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т "гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар ..." гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульчилсан байдаг. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43.2.1-д заасныг зөрчсөн байгаа тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцогдох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн ... хэлцэл" хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 5 дугаар сарын 12- ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцэл, 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Ц.Д-гийн Э.Э-той 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч Э.Э- нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан "хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно" гэсэн хуулийн заалтыг зөрчиж зээлийн гэрээний сунгалтыг 10 хоногийн дараа буюу 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд хугацаа тоолох журмыг зөрчиж байгуулсан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн нэхэмжлэгч талаас эдгээр хэлцлүүдийг үндэслэл болгон хариуцагч нараас хэдэн төгрөг тус тус нэхэмжилж байгаа нь ч огт тодорхойгүй байна. Б.Г нь Э.Э-оос 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөг зээлж аваагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Э-ын шүүхэд гарган өгсөн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг эхнэр Ц.Д- Б.Т- нарын хооронд байгуулсан. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүү 4 500 000 төгрөгийг нэмж нэгтгэн Д.Г миний нэр дээр шинэ зээлийн гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай Б.Т- Э.Э- нараас хүсэлт тавьсныг зөвшөөрч, 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулан, мөн шаардсаны дагуу мөнгө хүлээн авсан тухай бичиж өгсөн. Энэ гэрээг байгуулснаар Ц.Д- Б.Т-тэй байгуулсан 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хүүгийн хамт дуусгавар болсон гэж бодож байтал нэхэмжлэгч нараас 75 000 000 төгрөг болон 80 000 000 төгрөгийг хүү, сунгалтууд гэх баримтад заасан үнийн дүнг нэмж нэгтгэн биднээс нэхэмжилсэн байна. Энэ гэрээний үүргүүдийг шаардаж байгаа талаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас олж мэдсэн. Гэтэл Б.Г нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанчлан 80 000 000 төгрөгийг өөрийн өмчлөлд хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй, бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээг хүүгийн хамт нэмж нэгтгэн дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээг хууран мэхлэж байгуулсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 болон 59 дүгээр зүйлийн 59.1-д “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй...” гэж заасныг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг, хуулийн 56.1.10-д заасан үндэслэлээр уг гэрээг сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү,

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баримтыг хариуцагч тал өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй. Э.Э- нь 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хариуцагч талын гэрийн хаяг болон ажил үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрийн байранд 5-6 удаа 1-2 хүмүүсийн хамт ирж хэрүүл гарган үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, дайрч доромжлон, гэрт насанд хүрээгүй хүүхэд байхад дайрч орох, айлгах, загнах зэргээр зүй бус авирлах болсон. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрт үл таних нэг хүний хамт ирж хүүхдүүдийг загнан гэрт дайрч орж айлгахад нь хүүхдүүд Хан-Уул дүүргийн 00 хорооны цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу эргүүлийн 2 цагдаа ирж Э.Э-ыг үл таних хүний хамт гэрээс гаргасан. Бид энэ явдлаас болоод Э.Э-ын өөрийнх нь гараар бичсэн баримт дээр 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан. Үр хүүхэд айлган, гэр орон үйлдвэрийн байраар ирж хэрүүл хийж, машинтай залуусыг хөлслөн шөнө өдөргүй араас дагуулж, хамт олны дунд ажил хэргийн нэр хүндэд халдаж байсан учраас хүссэн баримтан дээр нь гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Э.Э- хууль бус хийгдсэн 80 000 000 төгрөгийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2012 оны 02 сарын 17-ны өдрийн сунгалтуудыг баталгаажуулах, халхавчлах, баримтжуулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баримт үйлдэн өөртөө авсан. Хариуцагч нарын зүгээс энэхүү баримтыг үнэн зөв болгох, дахин нягтлан үзэж тооцоо нийлэх талаар 2016 онд удаа дараа Э.Э-од хандсан боловч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд хариуцагч нарын зүгээс Э.Э-той 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэл болгон хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч нартай харилцан тохиролцоод өөрсдөө зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлт гаргасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 12- ны өдрийг хүртэл сунгахдаа зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан. Нэхэмжлэгч Б.Т-ийн зөвшөөрлөөр эрх олгосны дагуу 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Ц.Д- нь зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлүүлэхээр хариуцагч нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар нь 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүгийн хамт 80 533 333 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг хугацаандаа төлөх боломжгүй байгаа талаар хүсэлт гаргасны дагуу тус зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байсны улмаас 2016 оны 7 дугаар сард Хан- Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад Д..Г нь “... 200 000 000 төгрөгийг авсан, Э.Э-оос авсан мөнгөний 7 000 000 төгрөгийг ноос ноолуулан утас, ажилчдын цалин, түрээсийн төлбөрт зарцуулсан, байраа барьцаалсан 75 000 000 төгрөгийг С банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаалсан байсан 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлсэн тэр нь 60 000 000 төгрөгний барьцаанд тавигдсан байсан. Үлдэгдэл мөнгийг үйлдвэрлэлдээ зарцуулсан. Дараагийн 10 000 000 төгрөгийг бас л үйлдвэртээ зарцуулагдсан байх гэж бодож байна. 80 000 000 төгрөгийг “А” ББСБ-д барьцаалсан байсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэхэд зарцуулагдсан. Сүүлийн зээлсэн мөнгийг хүүгийнхээ сургалтын төлбөрт зарцуулагдсан” гэж тайлбар өгсөн байж одоо ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Д.Г-, Ц.Д- нар нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн талаар тооцоо нийлж 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 356 787 700 төгрөг болсныг харилцан тохиролцон зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэхүү 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд огт хамаарахгүй, мөн уг хэлцлийг бид дарамталж хийсэн гэдэг нь худлаа, бид өөрсдөө тооцоо нийлсэн, хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Тиймээс Д.Г-, Ц.Д- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Д.Г-аас 140 000 000 төгрөг, хариуцагч Ц.Д- 140 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 204 266 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г-, Ц.Д- нарын нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Ц.Д-гийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар 00 мянгатын 00 дугаар байрны 00 тоот 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 579 290 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 488 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 557 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч нарын давж заалдах гомдолд:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс, зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон 6 зээлийн гэрээний сунгалтуудыг хийгдсэн гэж үзэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон 6 зээлийн гэрээний сунгалтуудыг “... хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, зээлийн гэрээний сунгалтууд, мөнгө хүлээн авсан баримт, барьцааны гэрээ, Төрийн болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн болон зарлагын баримтуудаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Гэтэл 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон 6 зээлийн гэрээний сунгалтууд гэх баримтуудыг хариуцагч талаас доорх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргасан.

2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээний сунгалт: Шүүх 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан гэх баримтанд зээлдүүлэгч Э.Э- өөрөө гарын үсэг зураагүй байгааг, хариуцагч нараас үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж байгааг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 00000000 дугаарыг хүлээн авч төлбөр тооцоог дуусгавар болгосон байгааг анхаараагүй.

Гэтэл сунгалт гэх баримт нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг зөрчсөн тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцогдох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй бөгөөд энэхүү зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй.

2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээний сунгалт: энэ зээлийн гэрээний сунгалтыг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Т-тэй байгуулсан зээлийн гэрээний сунгалт гэх баримтанд зээлдүүлэгч Б.Т- гарын үсэг зураагүй. Төлөөлөх эрхгүй этгээд болох Э.Э-ын гарын үсэг зурсан баримтаар төлбөр үндэслэлгүй нэхэмжилж байгааг шүүх анхаарч үзээгүй, зөв дүгнээгүй. Хариуцагч нь зээл болон зээлийн хүүнд 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр угүй бөгөөд гэрээний сунгалт гэх баримт нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 заасныг зөрчсөн тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцогдох үндэслэл үгүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй.

2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний сунгалт: энэхүү зээлийн гэрээ 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч Э.Э- нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж зээлийн гэрээний сунгалтыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бус харин 10 хоногийн дараа буюу 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан тул хүчин төгөлдөр бус. Хугацаа тоолох журмыг зөрчин 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байхад шүүх зээлийн гэрээний сунгалтыг мөн хүчин төгөлдөр гэж үзсэнд гомдолтой байна. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж бүрэн барагдуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй.

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон сунгалт: Шүүх “... Талууд маргаж буй 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлдуүлсэн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хариуцагч Д.Г- нь 80 000 000 төгрөгийг авлаа гэсэн баримтанд гарын үсгээ зурсан мөн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтаар үндсэн зээл 80 000 000 төгрөгийн зээлийн хүүг сар бур төлнө гэж харилцан тохиролцсон, Э.Э-ын Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулгаар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 500 000 төгрөг зарлага гарсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас баримт болон гэрээн дээр гарын үсэг зурсан нөхцөл байдлын талаар маргаж, гэрээг хууран мэхэлж хийсэн талаар тайлбарласаар байхад хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг анхаарч үзээгүй. 75 000 000 төгрөгийн зээлийг зээлийн хүүгийн хамт нэмж нэгтгэн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болгоно хэмээн хууран мэхэлж 80 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэдэг нь нэхэмжлэгч талаас 75 000 000 төгрөг, 80 000 000 төгрөгийг тус бүр хүүгийн хамт нийлүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаар тогтоогдож байгаа.

Гэтэл шүүх гарын үсэг нь засвартай, үнэлэхэд эргэлзээ бүхий гэрээ, гэрээний сунгалт гэх баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас дээрх гэрээ гэрээний сунгалтын дагуу шаардаж байгаагүй. Мөн хариуцагчаас гэрээ болон гэрээний сунгалт гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргасаар байхад шүүх “... гэрээ болон гэрээний сунгалт гэх баримтуудад гарын үсгээ зурсан, гарын үсэг зурсан талаар маргаагүй” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанчлан 80 000 000 төгрөгийг өмчлөлдөө хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй, Э.Э- 80 000 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж өгөөгүй байхад шүүх зөвхөн Э.Э-ын депозит дансны хуулгаар уг мөнгийг хариуцагч хүлээн авсан байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Э.Э- данснаасаа авсан мөнгөө юунд ч зарцуулж, хэн ч өгч болно. Тэрхүү дансны хуулга Э.Э-ыг данснаасаа мөнгөө гарган авсан талаарх баримт. Харин хариуцагч нарын өмчлөлд 80 000 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт биш гэдгийг шүүх анхааралгүй “...хариуцагч нар нь уг зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн аваагүй гэдгийг баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар шаардах  эрхтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

Шүүхээс “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй 2 хэлцэл хийгдсэнээр бий болдог” гэж тайлбарласан атлаа нэхэмжлэгч тал  75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг халхавчлан 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ гэх баримтаар нэмж нэхэмжилж байгааг шүүх анхаараагүй.

2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний сунгалт: энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж бүрэн барагдуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгааг үнэлээгүй.

2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний сунгалт: энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгөөс мөн 4 удаагийн бараа бүтээгдэхүүнээр нийт 15 165 700 төгрөгийг тус тус зээлдүүлэгчид төлж бүрэн барагдуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй.

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баримтыг хариуцагч талаас хүсэл зоригийн дагуу хийгээгүй байхад шүүх эргэлзээтэй байдлаар 2 өөр утгаар дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх “...талууд уг хэлцлийг байгуулж, зээлийн гэрээг дүгнэж гарын үсэг зурснаар хариуцагч нар 6 удаагийн зээл авсан нъ нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч уг баримтад үндэслэн үндсэн зээл зээлийн хүүнд 356 787 700 төгрөгийг шаардах эрхтэй... ” гэж, 2. “.. .хариуцагч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 00м/0000 тоот Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан бичиг зэргээс дүгнэхэд дээрх зээлийн гэрээний сунгалтууд болон зээл төлөлтийн нэгтгэн дүгнэсэн хэлцлийг зөвшөөрч, гарын үсэг зурсан нь хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдэгт эргэлзээ төрж байна гэж тус тус дүгнэсэн.

Хариуцагч тал 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлийг өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй, нэхэмжлэгч талаас хууль бусаар хийгдсэн 80 000 000 төгрөгийн гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн, 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн сунгалтуудыг баталгаажуулах, халхавчлах, баримтжуулах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар илэрхийлсээр байсан. Шүүх нэгэнт “хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдэгт эргэлзээ төрж” байгаа бол яагаад хариуцагч нарыг үүргээ гүйцэтгээгүй хэмээн шийдвэрлэж байгааг ойлгох боломжгүй байна.

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцэл гэх болон зээлийн гэрээнүүдийн сунгалтууд гэх баримтуудад хариуцагч талаас гарын үсэг зурсан нь хэрэв ‘‘... нэхэмжлэгчийн зүгээс гаргасан дээрх хүчин зүйлүүд нөлөөлсөн байх боломжтой” гэж шүүхээс нэгэнт дүгнэж байгаа бол яагаад нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэх давуу тал болж, яагаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн нэхэмжлэгч талаас гаргасан 280 000 000 сая төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгааг мөн ойлгох боломжгүй байх бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын эрх тэгш байх зарчмыг хангаж шийдвэрлээгүй гэж үзэж байна.

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч тал нэхэмжлэгч талтай зээлийн гэрээг огтхон ч дүгнээгүй. Энд зөвхөн зээлийг 1 сарын 5 хувийн хүүтэй бодсон талаар, хүүг хасаж илүү гарсныг үндсэн зээлээс хасаж тооцож бодсон талаар тэмдэглэл хийсэн. Мөн хариуцагч нарын зүгээс энэхүү баримтыг үнэ зөв болгох талаар болон дахин нягтлан үзэж тооцоо нийлэх талаар 2016 онд удаа дараа Э.Э-д хандсан боловч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан талаар тайлбарласаар байсан.

Шүүх хариуцагч талаас гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзан хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус баримтуудад шинжээч томилох тухай хүсэлт гаргасан боловч хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “шүүхийн өмнө тэгш байх” үндсэн зарчим хангагдаагүй шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үүргээ биелүүлж, шүүхэд хүсэлт гаргасан байхад, нотлох баримтад тулгуурлан шүүхийн шийдвэр гаргах ёстой байхад тухайн үндэслэл болсон нотлох баримтын эргэлзээг арилгуулах, талуудын тайлбараар үгүйсгэгдэж буюу эсрэг тал нь ч бүрэн нотолж чадаагүй баримтуудыг хөтөлбөргүй үнэнд тооцон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүнээс гадна шүүхийн шийдвэрт тусгаж өгсөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалт нь хэзээний хэдэн төгрөгийн барьцаанд хамаарах болоод хэний үүрэгт хамаарах тухайд мөн л тодорхойгүй шийдвэр гаргасан байна. Гэтэл хоёр хариуцагчид үүрэг ногдуулсан хоёр тусдаа төлбөрийн дүнтэй шийдвэр гаргасан хэдий ч нэг барьцааны зүйлийг шууд хамааралтай гэж үзэн бүхэлд нь төлбөрийн дүнд үүргийн гүйцэтгэлд нэгтгэн шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хоорондийн гэрээний стандарт нөхцөлийн агуулга хуульд нийцээгүй байгааг анхаарч үзээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нар нь хариуцагч Ц.Д-гээс 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт нийт 192 493 654 төгрөг, хариуцагч Д.Г-, Ц.Д- нараас 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 80 000 000 төгрөгийн, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 000 000 төгрөгийн, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 25 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт нийт 291 772 824 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон дээрх гэрээнүүдийн сунгалт, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл тооцооны талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. /1хх58-59, 2хх25/

 

Зохигчид зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх, 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, төлбөрийн үүрэг бүрэн гүйцэтгэгдсэн эсэх талаар маргажээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 6-7, 10-12, 16-23 дугаар талд дээрх гэрээ болон гэрээний үүргийг тооцоолсон баримтууд авагдсан байх ба нэхэмжлэгч Э.Э- хариуцагч Д.Г-тай 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  80 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ц.Д-тэй 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, хариуцагч Ц.Д-, Д.Г- нартай 25 000 000 төгрөг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээг тус тус байгуулсан, нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Ц.Д-д 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 000 000 төгрөг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн 2202003140 дугаарт бүртгэлтэй 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Зохигчид 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс бусад гэрээнд тогтоосон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

75 000 000 төгрөг, 80 000 000 төгрөг, 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хариуцагч нарын хэн аль нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх ба “ ... 6 удаагийн гэрээгээр 200 000 000 төгрөгийн зээл авсан ...” тухай хариуцагч Д.Г-, Ц.Д- нар тодорхойлолт гаргаж байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар талд авагджээ.

 

Хариуцагч нь дээрх гэрээнүүдээс 80 000 000 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрдөггүй нэхэмжлэгч нь 80 000 000 төгрөгийг өөрийн данснаас авч хариуцагчид бэлнээр хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж хэрэгт хариуцагч Д.Г-ын 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 80 000 000 төгрөгийг хүлээн авсан гарын үсэг бүхий баримт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хариуцагч Д.Г-ын өгсөн “... Н.Э-оос авсан 80 000 000 төгрөгийг Алаг-Уул ган ББСБ-д барьцаанд тавьсан байсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэхэд зарцуулсан ...” гэх  мэдүүлэг зэргийг баримтаар ирүүлсэн байна. Хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй. /1хх20, 60-61, 2хх20/

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн хугацаанд үүргээ бүрэн биелүүлснийг нотлох баримтгүй байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “... үндсэн зээл 178 394 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 178 394 000 төгрөг, нийт 356 787 700 төгрөг” гэж тооцоолон гарын үсгээ зурж баталгаажуулсан баримтын талаарх шүүхийн дүгнэлт зөв боловч нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр буюу 280 000 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй. /1хх54/

Шүүх талуудын хоорондын гэрээний стандарт нөхцлийн агуулгыг анхаарч үзээгүйн улмаас зээлийн гэрээний тооцоолол, үүсэх үүргийн талаар буруу дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагч нарын гэрээгээр хүлээх үүргийн тооцооллыг хийхэд нийт 307 975 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “... хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 4 удаагийн төлөлтөөр нийт 177 500 000 төгрөг төлсөн ...” гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  “... хариуцагч нар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 165 000 000 төгрөг, 2015-2016 онд 15 165 700 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгч байсан ...” гэж тайлбарладаг боловч уг мөнгөн дүнг хэзээ, хэнээс, хэний ямар зээлийнх нь үүрэгт төлснийг нотолсон бичгийн баримтгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс мөнгөн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлж байсан гэдгээ нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй тул алдангийг гэрээнд заасан 0,5 хувиар хоног тутам тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээ хязгаарын дотор нэхэмжлэгч тал шаардах эрхтэй. /1хх1-2, 2хх22, 24/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний сунгалт гэх баримтуудад үндэслэж зээлийн хүүг тооцох үндэслэлгүй. Зээлийн гэрээний нөхцлийг нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарын зүгээс хариуцагч Ц.Д-, Д.Г- нарт санал болгосон гэх үйл баримтад талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг “гэрээний стандарт нөхцөл” гэж заасан ба стандарт нөхцөлтэй гэрээний утга агуулга ойлгомжгүй байвал нөгөө талд нь ашигтайгаар тайлбарлана. Талуудын байгуулсан зээлийн гэрээний сунгалт хэсэгт “ зээлдүүлэгч нь зээлдэгчтэй утсаар ярилцаж зээлийн гэрээний сунгалтыг дангаараа сунгаж болохыг тохиролцсон болно” гэж бичсэн байх тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын “... хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад дараа нь сунгалт гэдэг бичилт хийсэн ...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. Сунгалтын гэрээнд байгаа агуулгыг харвал нэг тал нөгөө талдаа зөвхөн аман хэлцлээр буюу утсаар ярьж гэрээ сунгаж хүү тооцохыг зөвшөөрүүлсэн баримт дээр гарын үсэг зуруулсан гэж үзэхээр байна. /1хх7, 12, 19, 22-23/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан. Гэтэл утсаар ярьж гэрээг сунгаж болно гэдгийг зөвшөөрүүлсэн байдал нь  хуульд заасан бичгээр гэрээ хийсэн гэж үзэх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан нөхцөлд хамаарахгүй. Иймд эдгээр гэрээнүүдийн сунгалт гэх хэсэгт заасан хугацаанд хүү шаардах эрхгүй.

Харин зээлийн гэрээний дагуу төлөх үүргийг тооцвол, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн хувьд үндсэн зээл 75 000 000 төгрөг, 2 сарын хүү 9 000 000 төгрөг, алданги 42 000 000 төгрөг, нийт 124 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 000 000 төгрөгийн хувьд үндсэн зээл 10 000 000 төгрөг, 1 сарын хүү 300 000 төгрөг, алданги 5 150 000 төгрөг, нийт 15 450 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 80 000 000 төгрөгийн хувьд үндсэн зээл 80 000 000 төгрөг, 10 хоногийн хүү 1 600 000 төгрөг, алданги 40 800 000 төгрөг, нийт 122 400 000 төгрөг,

2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 25 000 000 төгрөгийн хувьд үндсэн зээл 25 000 000 төгрөг, 3 сарын хүү 3 750 000 төгрөг, алданги 14 375 000 төгрөг, нийт 43 125 000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна. 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлсэн гэдэг боловч уг гэрээнд хүү тооцох боломжгүй, өөр гэрээг жишээлж хийсэн байх ба хэдэн төгрөгийн хүү, алданги тооцох талаар гэрэнд тодорхой заагаагүй тул 3 000 000 төгрөгийн үүрэг үүссэн байна.

Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч Д.Г-, Ц.Д- нарт үүссэн үндсэн зээл, хүү, алданги нийт 307 975 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагч талаас төлбөрт хүлээн авсан гэж зөвшөөрсөн 177 500 000 төгрөгийг хасч үлдэгдэл 130 475 000 төгрөгийг хариуцагч тус бүрээс хуваан гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

Хариуцагчийн “сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, гэрээний сунгалтууд дээр бичигдсэн бичиглэл, гарын үсгүүдэд шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй, шүүх уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанаас өмнө нотлох баримтаа гаргаж өгөх, өөрөө бүрдүүлэх боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтээ гаргадаг журамтай, уг хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой. Шүүх энэ үндэслэлээр мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00194 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Г-, Ц.Д- нараас тус бүр 65 237 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 353 791 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дахь заалтын “1 557 950” гэснийг “810 325” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                ШҮҮГЧИД                     Т.ТУЯА

 

                                                                                       А.МӨНХЗУЛ