Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 хороо, 220 мянгат, 23 байр 2 тоотод оршин суух, /РД:ХВ64120678/ Сүнэт овогтой Энхтүвшингийн Эрдэнэцогт,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 хороо, 220 мянгат, 23 байр 2 тоотод оршин суух, /РД:ЦЗ82110709/ Эрдэнэцагаан овогтой Бямбасүрэнгийн Төмөрсүх нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 хороо, 7 хэсэг, Андууд хотхон, 14/1 байр 4 тоотод оршин суух, /РД:ХЕ61121872/ Харгана овогтой Дашзэвэгийн Ганбат,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 хороо, 7 хэсэг, Андууд хотхон, 14/1 байр 4 тоотод оршин суух, /РД:ХБ64011767/ Боржигон овгтой Цэрэнсодномын Дуламсүрэн нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 484.266.478 /дөрвөн зуун наян дөрвөн сая хоёр зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан найм/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт, Э.Эрдэнэцогтын өмгөөлөгч, Б.Төмөрсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.   

    

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр Төмөрсүхийн хамт иргэн Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нартай харилцан тохиролцож дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан болно.

2012-03-12-ны өдөр 7.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 2012-05-12-ны өдрөөс 2016-07-12-ны өдрийг хүртэл сунгасан.

2012-12-17-ны өдөр 75.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2012-12-17-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот байрлах Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 41м2 талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. 2013-02-16-ны өдрөөс 2016-07-16-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн.

2013-01-07-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013-02-17-ны өдрөөс 2016-07-17-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүг 5 хувь болгож өөрчилсөн.

2013-01-16-ны өдөр 80.000.000 төгрөгийг сарын 2 хувийн 10 хоногийн хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013-01-17-ны өдөр 3.000.000 төгрөгийг нэмж нийт 83.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. 2013-01-26-ны өдрөөс 2016-07-26-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн.

2013-02-28-ны өдөр 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулж 2013-05-28-ны өдрөөс 2016-07-28-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан. Эдгээр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй ба зээлийн гэрээг Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нар нь сунгах хүсэлт гаргасны дагуу бүх зээлийн гэрээг сунгасан. Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн хүүг 4 удаа төлсөн. Үүнд: 2013-01-26-ны өдөр 15.000.000 төгрөг. 2013-10-24-ний өдөр 100.000.000 төгрөг. 2014-03-25-ны өдөр 50.000.000 төгрөг. 2016-01-23-ны өдөр 12.500.000 төгрөг, нийт 177.500.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 281.1-д заасны дагуу Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 177.516.450 төгрөг, хүү 235.260.213 төгрөг, алданги 71.489.815 төгрөг, нийт 484.266.478 төгрөгийг гаргуулна. Үүнийг тодруулбал:

Хариуцагч Ц.Дуламсүрэнгээс 2013-02-16-наас 2016-07-16-ныг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн хүүг 5 хувь болгон өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 59.516.450 төгрөг, хүү 82.430.214 төгрөг, алданги 17.872.250 төгрөг, 159.818.914 төгрөг, 2013-01-07-ны өдрийн зээлийн гэрээг 2013-02-17-ноос 2016-07-17-ныг хүртэл сунгаж хүүг 5 хувь болгож өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 10 сая төгрөг, хүү 13.866.666 төгрөг, алданги 17.872.250 төгрөг, 41.738.916  төгрөг, нийт 201.557.830 төгрөг,

Хариуцагч Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас 2013-01-16-нд 80 сая төгрөгийг сарын 2 хувийн 10 хоногийн хугацаатай зээлдүүлж, 2013-01-17-нд 3 сая төгрөг нэмж 83 сая төгрөг зээлдүүлж, 2013-01-26-наас 2016-07-26-ныг хүртэл гэрээг сунгаж хүүг 5 хувь болгон өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 83 сая төгрөг, хүү 103.838.333 төгрөг, алданги 17.872.250, нийт 204.710.583 төгрөг, 2013-02-28-нд 25 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж гэрээ байгуулан 2013-05-28-наас 2016-07-28-ныг хүртэл сунгасан тул үндсэн зээл 25 сая төгрөг, хүү 35.125.000 төгрөг, алданги 17.872.250 төгрөг, нийт 77.997.250 төгрөг буюу нийт 282.707.833 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Эрдэнэцогт Б.Төмөрсүх нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2012.03.12-ны өдөр 7.000.000 төгрөг зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний барьцаанд 9911... тэй мобикомын дугаарыг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрийг төлж байхад Э.Эрдэнэцогт нь утасны дугаарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдээ авч гэрээг дуусгавар болгосон учир энэ гэрээний дагуу төлөх төлбөргүй. 

2012.12.17-ны өдрийн 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, харин Д.Ганбат нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөг аваагүй, өмнөх 75 сая төгрөгийн гэрээнд төлөх 1 сарын хүү 4.500.000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул хүүг нэмж 2013.01.16-ны өдөр 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болгон шинэчлэн байгуулсан учир эдгээр гэрээнүүдэд тус тусад нь үндсэн зээл, хүү, алданги тооцон нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

2013.01.07-ны болон 2013.02.28-ны өдрийн гэрээнүүдийг байгуулан мөнгийг хүлээн авсан. Харин дээрх гэрээнүүдийн хугацааг 2016 он хүртэл огт сунгаагүй, сунгалт хийх талаар ярилцаж байгаагүй тул 2016 он хүртэлх хугацааны хүү алданги төлөх үндэслэлгүй. Хариуцагч нараас Э.Эрдэнэцогт Б.Төмөрсүх нарт зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх нар нь хариуцагч Ц.Дуламсүрэнгээс гэрээний үүрэгт /41.738.916+159.818.914/ 201.557.830 төгрөг, хариуцагч Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас зээлийн гэрээний үүрэгт /204.710.583+77.997.250/ 282.707.833 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээнүүдийг тус бүр сунгалт хийсэн тул зээлийн нийт нийлбэрээс төлсөн мөнгийг хүүнд тооцож, үлдэх зээлэнд хүү тооцох үндэслэлтэй гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ 80.000.000 төгрөгийг аваагүй, өмнөх 75 сая төгрөгийн гэрээний дагуу төлөх 1 сарын хүү 4.500.000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул нэмж гэрээ байгуулсан гэж маргаж, бусад гэрээнүүдийн хувьд зээлийг хүлээн авсан талаар маргахгүй байгаа, харин гэрээг сунгаагүй гэж мэтгэлцэж байна.

 

Э.Эрдэнэцогт нь 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай Д.Ганбаттай гэрээ байгуулж, зээлийг өгсөн, гэрээний дагуу зээлдэгч нь зээлдүүлэгчид 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүүний хамт 7.700.000 төгрөгийг зээлийн хамт буцаан төлөх үүрэг хүлээжээ. Зээлийн гэрээний хугацааг сунгасан баримтад Э.Эрдэнэцогт гарын үсэг зураагүй тул 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй юм.

 

Б.Төмөрсүх нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Дуламсүрэнд 75.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс мөн өдөр Барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 41м2 талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зээл, хүүнд 79.500.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг зээлдэгч хүлээсэн. Зээлийн гэрээг сунгаж, хүүг 5 хувь болгон өөрчилсөн гэх боловч гэрээний оролцогч биш этгээд Э.Эрдэнэцогт гарын үсэг зурсан, Б.Төмөрсүхээс гэрээнд түүнийг төлөөлөх эрх олгосон баримтгүй байна.

 

Э.Эрдэнэцогт нь 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай Ц.Дуламсүрэнд зээлж, гэрээ байгуулсан байна. 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч 10.300.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж зааснаар тооцоход зээлийн гэрээний хугацааг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс буюу 10 хоногийн дараа сунгаж байгаа нь хугацаа тоолох журмыг зөрчсөн байна.

 

Э.Эрдэнэцогт нь Д.Ганбатад 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлүүлэхээр тохиролцон гэрээ байгуулжээ. 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Д.Ганбат нь хүүгийн хамт 80.533.333 төгрөг төлөх үүрэгтэй байна. Э.Эрдэнэцогт, Д.Ганбат нарын зээлийн гэрээг сунгасан гэх баримт нь засвартай байх тул үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй. 

 

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх 5 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.

 

Зээлдүүлэгч нар нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч нартын өмчлөлд мөнгийг дансаар болон бэлнээр шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Хариуцагч Д.Ганбат нь Э.Эрдэнэцогтод /7.700.00+80.533.333/ нийт 88.233.33 төгрөг, Ц.Дуламсүрэн нь Б.Төмөрсүхэд 79.500.000 төгрөг, Э.Эрдэнэцогтод 10.300.000 төгрөг буюу нийт хариуцагч нар нь дээрх 4 зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нарт 178.033.333 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

 

Хариуцагч Д.Ганбат, Э.Эрдэнэцогт нарын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн хугацаа 2012 оны 5 дугаар сарын 12 болон 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дууссан, Б.Төмөрсүх, Ц.Дуламсүрэн нарын гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дууссан, Э.Эрдэнэцогт, Ц.Дуламсүрэн нарын гэрээний хугацаа 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр дууссан байна.

 

Дээрх гэрээнүүдийн тухайд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй гэж үзэхгүй тул хариуцагч нар нь 178.033.333 төгрөг төлөх үүргээс 2013 оны 1 дүгээр 26-ны өдөр 15.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50.000.000 төгрөг, нийт 165.000.000 төгрөгийг төлснөөр эхний 3 гэрээний үүрэг дуусгавар болж, Д.Ганбат нь Э.Эрдэнэцогтод 13.033.333 төгрөг төлөх үүрэг үлдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийг хугацаа хожимдуулан төлсөн үеийн алдангийг нэхэмжлээгүй, харин өөрийн тооцооллоор өмнөх үүргүүдийг дуусгавар болгож, гэрээг сунгагдсан гэх хугацаанаас хойш гэрээ дуусгавар болсон гэх хугацааны алдангийг нэхэмжилсэн ба хариуцагч нарын төлөлтөөр өмнөх үүргүүд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон тул хангах үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 76 дугаар зүйлийн 76.2-т шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж, 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах үеэс эхлэн тоолно гэж заасан ба нэхэмжлэгч нарт гэрээнүүдийн хугацаа тус тус дууссанаар шаардах эрх үүсчээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан ба нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт нь Д.Ганбатаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг алдангийн хамт шаардах эрх үүссэнээс хойш дээрх хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт, шаардлага гаргаагүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Э.Эрдэнэцогт нь Ц.Дуламсүрэнд 2013 оны  1 дүгээр 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай, 2013 оны 2 дугаар 28-ны өдөр 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар тус тус зээлэхээр тохиролцон, гэрээ байгуулсан, зээлийг зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч хүлээн авсан, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч Ц.Дуламсүрэн нь зээлийн гэрээний дагуу 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 3.020.000 төгрөгийг, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 28.750.000 төгрөгийг зээлдэгчид буцаан төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний хүүг 1 сарын 5 хувь болгон өөрчилж, сунгасан баримтууд нь талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байх тул сунгагдсан гэж үзлээ.

 

Дээрх 3 сая төгрөгийг гэрээг 2016 оны 7 дугаар хүртэл тооцоход /150.000х42 сар/ 6.300.000 төгрөг, 25 сая төгрөгийн гэрээг мөн хугацаагаар /1.250.000х37 сар/ 46.250.000 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар 232.4, 282 дугаар зүйлийн 282.2-т заасанд нийцүүлэн 4.500.000+37.500.000, нийт 42.500.000 төгрөгийг Ц.Дуламсүрэн нь Э.Эрдэнэцогтод төлөх үүрэгтэй байна.

 

Үүнээс Э.Эрдэнэцогтод 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 12.500.000 төгрөг болон хариуцагчаас зээлд тооцож авсан барааны үнийг хасч, нийт 26.834.300 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар 232.4-т зааснаар Ц.Дуламсүрэнгээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх нарын Ц.Дуламсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 174.723.530 төгрөг гаргуулах болон Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас зээлийн гэрээний үүрэгт 282.707.833 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагч Д.Ганбат нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөгийг аваагүй, өмнөх 75 сая төгрөгийн гэрээнд өмнөх 2012 оны 12 сарын 17-ны өдрийн гэрээний дагуу төлөх 1 сарын хүү 4.500.000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул нэмж гэрээ байгуулсан гэж тайлбарлан маргаж байгаа боловч мөнгийг хүлээн авсан баримтын хувьд маргахгүй байх тул энэ баримтаар тайлбар нь няцаагдаж байна.

 

Б.Төмөрсүх нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 41м2 талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Зээлдэгч нь 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зээл, хүүнд 79.500.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөг төлж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон ба 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгах үндэслэлгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2.579.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дуламсүрэнгээс тэмдэгтийн хураамжид 292.122 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар 232.4-т зааснаар хариуцагч /РД:ХБ64011767/ Боржигон овгтой Цэрэнсодномын Дуламсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.834.300 /хорин зургаан сая найман зуун гучин дөрвөн мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч /РД:ХВ64120678/ Сүнэт овогтой Энхтүвшингийн Эрдэнэцогтод олгож, 236 дугаар зүйлийн 236.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх нарын Ц.Дуламсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 174.723.530 төгрөг гаргуулах, Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас 282.707.833 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2.579.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дуламсүрэнгээс тэмдэгтийн хураамжид 292.122 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ