Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00526

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00526

 

 

                                   “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00303 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ГБ” ХХК хариуцагч “ЭСА” ХХК, “Н” ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 179 696 079 төгрөг 63 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “ЭСА” ХХК тус банктай 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ:8125000746 дугаартай Дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулан, 690 600 000 төгрөгийн зээлийг авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Н” ХХК, ГБ ХХК-тай байгуулсан БД:8125000746 дугаартай Барьцаат батлан даалтын гэрээ-гээр “Н” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015665 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Москва рестораны зүүн талд байрлах 2592 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилга, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг давсгэрт орших ГД:0231389 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, “ЭСА” ХХК, ЗБ:8125000746 дугаартай Барьцааны гэрээ-гээр эзэмшлийн 12240Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл зэргийг барьцаалсан.

Зээлдэгч гэрээнд зааснаар сар бүр зээл, хүүг төлж, 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үндсэн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан бөгөөд төлбөрөө төлөхгүй 9 сарын хугацаа хэтрүүлэн, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, банкийг хохироож, удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд хариуцагч “ЭСА” ХХК-тай байгуулсан ЗГ:812000476 дугаарын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдэгдэл төлбөр 179 696 079,63 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон барьцаат батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Өнөөдрийг хүртэл компани ямар нэгэн байдлаар татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байна. Мөн хүүг гэрээний дагуу 8 хувиар тооцож бодсон нь үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч “ЭСА” ХХК-ийн тайлбарт: Хариуцагч зээл авсан талаараа маргахгүй. Зээлийн төлбөрт 170.688.376.51 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Сүүлд нэмэгдүүлсэн 9.000.000 гаруй төгрөгийг төлөх үндэслэлгүй. Гэрээгээр хүүг 8 хувиар тооцон бодсоныг зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч “Н” ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 168.347.504 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөөгчийн 8 хувиар хүүг бодсон гэх тайлбарыг зөвшөөрмөөргүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч вэб хуудас дээр байгаа хүүг 8 хувиар бодохыг бүгд мэднэ гэх тайлбарыг гаргаж байгаа нь ойлгомжгүй. Шүүх вэб хуудас дээр байгаа гэхээр нь татаж авах юмуу, эсвэл харицагч нар авчирч өгөх ёстой юу өөрөө үүнийгээ нотлож, баримтаа өгөх үүрэгтэй. Иймээс 8 хувиар тооцож хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч надад олгосон Итгэмжлэлийг хууль бус гэж маргаж байна. “Н” ХХК-ийн захирал С.Б нас барсан. Компанийн 10 хувийг эзэмшигч У.Ганчимэгээс өөр тус компанийн үйл ажиллагааг явуулах хүн байхгүй учраас өнөөдрийг хүртэл энэ хүн компанийн татварыг төлөөд,тайлангаа өгөөд явж байгааг гуравдагч этгээд мэдэж байгаа.

Иймд итгэмжлэлийг хуулийн шаардлага хангахгүй гэх гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбартай санал нэгдэхгүй. Мөн өвийн асуудлаар маргаж байгаа, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Харицагчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан хөрөнгүүд, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хол давсан үнэтэй тул бүх хөрөнгөөр хангахуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хууль ёсны төлөөлөгчийн тайлбарт: Энэ хэрэгт миний 2 хүү болох Бгийн Л Бгийн Чнарын эрх ашиг хөндөгдөж байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан “ЭСА” ХХК-д холбогдох шаардлага хамааралгүй тул маргахгүй. “Н” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд С.Б агсан болохоос У.Ганчимэг биш. Үүнээс үзэхэд Г.Жанчивт олгосон итгэмжлэл хуульд нийцэхгүй. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өвийн маргаан үүсээд, хэрэг хянагдаж байна.

Иймээс “Н” ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас шүүхийг нэг зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. Гэрээ, У.Ганчимэгийн “Н” ХХК-ийн өмнөөс Улсын бүртгэлд гаргасан хүсэлт бусад баримтан дээрх С.Б гэсэн гарын үсгүүд бүгд хуурамч. С.Б агсаны гарын үсэг биш. Энэ нь тодорхой харагдаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “ЭСА” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 170.688.376 төгрөг 51 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч ГБинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, Элст хайрга нэртэй газар орших “ЭСА” ХХК-ийн эзэмшлийн 12240Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг давсгэрт орших ГД:0231389 дугаартай, 600 метр квадрат тайлбайтай, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Москва рестораны зүүн талд байрлах 2592 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилгыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 170 465 төгрөг 13 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ЭСА” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1 001 392 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-н давж заалдах гомдолд:

Тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдээр оролцож буй Б овогтой Л Б овогтой Чнар нь 2019 оны 01 сарын 22- ны өдрийн 102/ШШ2019/00303 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Тус иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Хариуцагч “Н” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу шүүхээс төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг оролцуулж хэргийг хянан шийдвэрлэж улмаар шүүхийн шийдвэр гаргасан нь хууль бус, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Жанчивт тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэг 2018 оны 05 сарын 15- ны өдөр №14 дугаар бүхий Итгэмжлэл (ХХ1-28 дахь тал) олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэхь хэсэгт: “....Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно...”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт "...Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно..Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгг: "...Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс опгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна...” гэж тус тус заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээд оролцох тохиолдолд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гагцхүү гүйцэтгэх удирдлага юм, Мөн гүйцэтгэх удирдлага нь хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээдийг томилох буюу түүнд итгэмжлэл олгох цорын ганц эрх бүхий этгээд юм.

 

Хариуцагч “Н” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий цорын ганц этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал, 90 хувийн хувьцаа эзэмшигч, талийгаач С.Б болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Н” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа (хх1-140-р тал)-аар нотлогддог. Гэтэл “Н” ХХК-

ийг төлөөлөх эрхгүй этгээд болох, компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэг нь Г.Жанчивт итгэмжлэл олгосон нь хууль бус буюу өөрөөр хэлбэл У.Ганчимэгээс Г.Жанчивт олгосон 2018 оны 05 сарын 15-ны өдрийн №14 дугаар бүхий Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна. “Н” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал С.Б нас барсан өдрөөс эхлэн компанийн гүйцэтгэх удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилох хүртэлх хугацаанд тус компани нь иргэний эрх зүйн харилцаанд оролцох буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй. Компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх удирдлагыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилж, чөлөөлөх бөгөөд өнөөдрийн байдлаар “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, шинээр гүйцэтгэх удирдлагыг томилох боломжгүй, талийгаач С.Б нь улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагаар албан ёсоор бүртгэгдсэн хэвээр байгаа болно.

 

Талийгаач С.Бгийн эзэмшлийн “Н” ХХК-ийн 90 хувийн хувьцааг түүний хууль ёсны өвлөгчид өвлөж авсны дараагаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах нөхцөл бүрдэж, улмаар компанийн гүйцэтгэх удирдлага хууль ёсоор томилогдоно. Үүний дараагаар “Н” ХХК нь тус иргэний хэрэгт өөрийн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжтой болох юм.

 

“Н” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч, талийгаач С.Бгийн төрсөн хүүүхдүүд болох Б.Л Б.Чнар нь тус компанийн 90 хувийн хувьцааны өөрт оногдох хэсгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна

 

Гэтэл шүүхээс “Н” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэгээс олгосон хууль бус итгэмжлэлийг үндэслэн Г.Жанчивыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль бус, “Н” ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмшигч асан С.Бгийн хууль ёсны өвлөгчид болох Б.Л Б.Чнарын эрх, ашиг сонирхол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөж байна.

 

Ийнхүү “Н” ХХК-ийн хууль бус итгэмжпэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүний гаргасан хууль бус тайлбарыг үндэслэн, “Н” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчихөд хүргэсэн.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00303 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК, хариуцагч “Н” ХХК болон “ЭСА” ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 179 696 079,63 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Н” ХХК 168 347 504 төгрөг, хариуцагч “ЭСА” ХХК 170 688 376 төгрөг тус тус төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч “ЭСА” ХХК-тай 690 600 000 төгрөгийг 120 сарын хугацаатай зээлдүүлэх ЗГ/8125000746 дугаартай дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн болон ЗБ/8125000746 дугаартай барьцааны гэрээ байгуулж, эзэмшлийнх нь Хан-Уул дүүрэг, Элст Хайрга нэртэй газар орших 27 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хайгуул хийх, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник эдийн засгийн үндэслэл, техник тоног төхөөрөмжийн гэрчилгээний хамтаар ашигт малтмал хайх зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг, хариуцагч “Н” ХХК-тай БД/8125000746 дугаартай барьцаат батлан даалтын гэрээг байгуулж, тус компанийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 2592 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилгыг, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 600 м.кв талбайтай газрын хамт тус тус барьцаалсан. /1хх9-21/

 

Хариуцагч “ЭСА” ХХК нь 690 600 000 төгрөгийн зээл авч 716 670 127,11 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг хариуцагч талаас шаардах эрхтэй. /1хх246/

 

Шүүх хэргийн оролцогчийн буюу хариуцагч “Намнан трейд” ХХК-ийн эрх зүйн байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Хуулийн этгээдийн хувьд хариуцагч “Н” ХХК татан буугдсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх ба талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах буюу хариуцагч компаниудын зээлийн болон барьцааны гэрээний үүргийг биелүүлэх тухайд маргасан байна.  

 

 Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Н” ХХК-тай холбоотой баримтад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь С.Баяр байх ба тус компанийн дүрэмд хамгийн сүүлд орсон өөрчлөлтөд У.Ганчимэг нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасан этгээд байна гэж бичигдсэн байна. /1хх139-213/

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно, 84.2 дахь хэсэгт компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна гэжээ.

Хэрэгт компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Баяр нас барснаас хойш У.Ганчимэг нь дээрх ажил үүргүүдээс аль үүргийг гүйцэтгэж байсан гэдгийг нотлох хангалттай баримт байхгүй, У.Ганчимэг хариуцагч “Н” ХХК-ийг төлөөлж бусад этгээдтэй харилцаж байсан, тайлан баланс гаргаж байсан гэж тайлбарладаг боловч нотолсон баримтгүй байна.

Компанийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд нь С.Б агсныг нас барахаас өмнөх буюу 1996-2014 оных бөгөөд шүүх хэргийн оролцогчийн төлөөлөх эрхтэй этгээдийг тодруулах үүднээс энэ талаар Улсын бүртгэлийн газар болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа авах боломжтой байсан. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлвөл зохих этгээд оролцсон эсэх нь тодорхой болно. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Харин хариуцагч “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өв залгамжлагч нарын хоорондох өвийн маргаан энэхүү маргааны зүйлтэй шууд хамааралтай асуудал биш учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 081 392 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

                           А.МӨНХЗУЛ