Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01207

 

                                   

“,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02491 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,” ХХК-д тус тус холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 190,444,300.37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон барьцаат батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус шүүхэд Голомт банкнаас 2018.05.01-ний өдөр ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнөх цуцлуулах, уг гэрээний төлбөрт 170,688,376.51 төгрөгийг “,,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг “,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг маргаан нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар шийдвэрлэгдэхгүй удааширч одоог хүртэл шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд энэ хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөр Голомт банкны эрх ашиг хохирч байгаа билээ. Уг зээлийн эх үүсвэр нь улсын төсвийн мөнгөн хөрөнгө бөгөөд Голомт банк зээлдэгчийн авсан зээлийг Сангийн яаманд хүүгийн хамт буцаан төлж байгаа болно.

ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээний хугацаа нь 2019.04.28-ны өдөр дууссан тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаас татгалзаж байна. Тиймээс Иргэний хуулийн 453, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл, ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээний 2.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19,755,923.86 төгрөгийг нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлж байгаа болно. Өнөөдрийн байдлаар гэрээний дагуу тооцсон зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээлийн өр 168,347,504.13 төгрөг, хүүний өр 19,077,937.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,896.77 төгрөг, нийт өр 190,444,300.37 төгрөг байна. “,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээний зээл болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл нийт 190,444,300.37 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 190,444,300.37 төгрөгийг “,,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулж, Голомт банканд олгож,  “,,,,,,,,,,,” ХХК-ийн ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БД/8125000746 тоот барьцаат батлан даалтын гэрээ болон БД/8125000746 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,” нь Голомт банктай 2009.04.29-ний өдөр ЗГ8125000746 тоот дунд хугацааны зээлийн гэрээг байгуулсан. Тухайн зээлийн хугацаа нь 10 жилийн буюу 120 сарын хугацаатай. Энэ хугацаа нь 2019.04.29-ний өдөр дуусгавар болсон. 2019.09.06-ны өдрийн Голомт банкны нэмж тооцоолсон тооцооллын дагуу зээл, хүүгийн үлдэгдэл 190,444,300 төгрөг төлөгдөөгүй гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээрээ байна. Тухайн зээлийн барьцаанд “,,,,,,,,,,,” ХХК-ийн Голомт банктай байгуулсан БД8125000746 тоот гэрээний дагуу барьцаалагдсан 2592 м.кв үйлчилгээний зориулалттай Москва хорооллын зүүн талд байрлалтай барилга, мөн уг барилга байршиж буй Баянгол дүүрэг, ,,,,,, дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ГД0231,,,,,,,, гэрчилгээтэй газар эзэмших эрх, түүнчлэн барьцааны гэрээгээр “,,,,,,,,,,,” ХХК-ийн 12240-Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл барьцаалагдсан. Нэгэнт зээлийн гэрээний хугацаа дуусчихсан. Одоогоор 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 168,347,504.13 төгрөг, зээлийн хүү 19,077,937.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,896.77 төгрөг, нийт 190,444,300.37 төгрөгийн зээлийн өр төлөгдөөгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэдгээ хэд хэдэн үндэслэл гарган тайлбарлаж байна. Нэгдүгээрт шүүхэд хандсан өдрөөр гэрээ цуцлагдсанд тооцно гэсэн утгатай тайлбар хэлж байна. Энд шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдаж байгаа зүйл байхгүй. 2018.05.01-ний өдөр шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага дотор тухайн үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү гэсэн агуулгатай байсан. Өөрөөр хэлбэл, банк болон зээлдэгч нар хоорондоо зээлийн гэрээгээ цуцалж байгаа зүйл биш. Харин шүүхээр цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан. Нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр зүйлд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үлдэгдэл 170,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага байсан. Өнөөдрийг хүртэл шүүхээр маргаан явж байх хугацаанд зээлдэгч нэг ч төгрөг төлсөнгүй. Шүүхэд маргаан үүссэнээр зээлдэгч зээлээ төлөхөө болино гэсэн ойлголт байхгүй.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 сард дууссан, энэ гэрээг цуцлах шаардлагагүй учраас гэрээний хугацаа дуусаж түүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа юм. Шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдаагүй гэж үзэж байна. Гэрээ болон хуульд тийм зүйл заалт байхгүй. “,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс хүү тооцоолж байгаа арга нь тодорхойгүй байгаа учраас хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байна гэсэн агуулгатай хариуг өгч байна. Гэтэл дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнд тодорхой заасан. Зээлийн гэрээний хүү 2009 оны эхний хагас жилд 4.95 дээр нэмэх нь 4 хувь байна. Мөн үүнээс хойш 6 сар тутамд Сангийн яамны Голомт банктай байгуулсан 2009.04.26-ны өдрийн гэрээгээр Сангийн яамны тогтоосон хүү дээр 4 хувийн хүүг нэмнэ гэсэн зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл, хүүг номиналь утгаар заана гэсэн хуулийн шаардлага байхгүй. Хүүг хэрхэн бодох аргыг нь тодорхойлчихсон байгаа. Үүний дагуу Сангийн яамнаас хүү тогтоосон. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах төсөл дээр нээлттэй хийгдэж байгаа маш олон компанийг хамарсан зээл юм. Энэ хүүгийн талаар Сангийн яамны веб сайт дээр нээлттэй байдлаар зарлагддаг байсан. Энэ талаар тухайн үед Голомт банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ болон бүх банкнуудад явуулсан зээлийн хүүгийн мэдээллийг ирүүлсэн. Энэ баримт дээр Сангийн яам хэдэн хувийн хүү тогтоосон түүн дээр Голомт банк хэдэн хувийн хүү нэмсэн нь тодорхой байгаа. Тийм учраас хүү тооцоолсон арга нь тодорхой юм. Зээлийн хүүг тооцоолсон арга нь Монголбанкнаас зээлийн хүүг тооцох аргачлал журмын дагуу 365 хоногт жилийн хүүг хуваагаад ашигласан өдрөөр нь үржүүлэх аргаар л бодсон. Хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-аас гаргаж байгаа хүү тооцоолсон арга нь буруу юм гэдэг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. “,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлж байгаа ,,,,,,,,,,,,, нь төлөөлөх эрхгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Тайлбарынхаа үндэслэлийг ,,,,,,,,,,,агсан нас барсан учраас төлөөлөх эрхтэй этгээд байхгүй гэж тайлбарлаж байна. ,,,,,,,,,,,агсан 2015 онд нас барсан. Энэ хүн нас барснаас хойш зээлийн харилцаа нэг хэсэгтээ хэвийн үргэлжилж байсан. Компани 2017 оны эцэс хүртэл зээлээ хэвийн төлөөд явж байсан. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,агсан нас барснаар компани зээл төлөх ямар нэгэн боломжгүй боллоо гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ компани 2015 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрсдийн дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа нь нэхэмжлэгч Голомт банкны эрх ашгийг хойш нь тавих, эсхүл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаагаа хойшлуулах үндэслэл болохгүй. Энэ нь ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл биш юм. Ийм учраас гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Учир нь компани хэвийн үйл ажиллагаагаа явуулаад эрхээ эдэлж байгаа. Харин нөгөө талдаа хариуцлагаа хүлээхдээ төлөөлөх эрхтэй этгээд байгаа эсвэл байхгүй гэдэг тайлбар өгөх нь утгагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцлуулахаар хандаж иргэний маргаан үүсгүүлсэн атлаа маргааш биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаар шийдвэрлэгдээгүй гэж үндэслэлгүй тайлбар гаргаж, улмаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. Улмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах шаардлагаасаа татгалзсантай холбоотойгоор гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцох үндэслэлтэй мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага 19,755,923.86 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийг банкны зүгээс гаргаснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалсан эсвэл татгалзсан гэж үзэх хууль зүйн ойлголт гарч ирэх бөгөөд гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл, банкнаас шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ. Гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль агуулгаар шаардлага гаргасан, эрх зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй ч шүүх залруулж зөвтгөж, тайлбарлах замаар хуулийг хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Голомт банкнаас дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан өдрөөс эхлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхээ алдах бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй юм. Иймд 2019.09.06-ны өдрийн нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Голомт банктай 2009 онд байгуулсан гэрээний дагуу зээл авсан. Зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд зээлийг хугацаанд нь төлж байсан. Зээлийн эргэн төлөлтийн зөрчил гарсан үеэс үндсэн зээлийн үлдэгдэл 168,347,504 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үндсэн зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин банкны зүгээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон байна. Зээлийн гэрээнд заасны дагуу Сангийн яамтай байгуулсан 2006 оны дагуу зээлийн хүүг тохиролцоно гэж заасан. Тус гэрээний 2.1.2-т заасныг удирдлага болгон зээлийн хүүг 8 хувиар тооцоод нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж орж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын гэрээ нь банкны өмч хөрөнгө биш гэж байгаа боловч бидний зүгээс банктай гэрээ байгуулсан. Тийм учраас үндсэн зээлээ төлөх асуудал дээр маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа 2, 3 удаа нэмэгдүүлсэн. Сүүлд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа шүүхэд хандаж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагаасаа татгалзаж байна, татгалзсантай холбоотойгоор хүүг тооцсон гэсэн байсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээг цуцлах эрх гэрээний аль нэг талд байгаа. Банкны зүгээс өөрийн эрхээ хэрэгжүүлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Учир нь гэрээг цуцлах шаардлага гаргасантай холбоотой банк өөрийнхөө үүргийн харилцаанд үүссэн үүргээ дуусгавар болгосон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биднээс шалтгаалахгүйгээр хэрэг шийдэгдэхгүй байгаа үе дэх хугацаанд биднийг үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс үндсэн нэхэмжлэлд дурдагдсан 168,347,504 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч болон хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-ийн зээлийн гэрээний 2.1-д зээлийн хүү хэрхэн өөрчлөгдөх талаар зааж өгсөн байдаг. Банкнаас зээлийн хүүгээ өөрчилсөн гэдгээ зээл олгож байгаа эх үүсвэр болох Сангийн яаманд мэдэгдээгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч зээлийн хүүгээ хэдэн хувиар, ямар аргачлалаар тооцох нь тодорхойгүй. Өнөөдрийг хүртэл төлсөн хүүгийн мөнгөн дээр үндсэн зээлдэгчийн зүгээс маргахгүй байгаа. Харин шүүхэд маргаан үүссэнээс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй бөгөөд маргаан үүссэн тохиолдолд зээлийн хүүг хэрхэн зохицуулах талаар гэрээнд тусгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нийт 19,000,000 төгрөгөөр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 168,347,504 төгрөгийг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа.

Иймд хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл аван оролцож байна гэсэн гуравдагч этгээдийн байр сууринд тайлбар хэлье. Үүнтэй холбоотой асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Тус захирамжид гомдол гараад гомдлын хурлаар мөн тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Энэ асуудал жил гаруй хугацаанд яригдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширснаас болоод нэмэгдүүлсэн хүү 19,000,000 төгрөгийг төлөх эсэх дээр маргаад явж байна. Энэ асуудал шийдэгдэхгүй байснаар өвлөгчдийн өвлөн авах эд хөрөнгийн хэмжээ буурах асуудал бий болсон. Байгаа юмнаас нь гэрээний дагуу юм авъя гэхээр өгөхгүй гэсээр байгаад 19,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдчихсэн. Ингэж явсны эцсийн үр дагавар нь өвлөгчдийн эрх ашиг хөндөгдөх юм шүү гэдгийг гуравдагч этгээд ойлгоосой гэж хүсэж байна. Улсын бүртгэлийн архиваас ирсэн материалаас ,,,,,,,,,,,, нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн гэдэг нь нотлогдсон. Төлөөлөх эрхтэй этгээд мөн эсхүл биш гэдэг асуудлаар энд маргах нь зохисгүй юм. Гагцхүү зээлийн хүү, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар маргах нь зүйтэй гэжээ.

Гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би энэхүү хэрэгт өөрийн 2 хүүгийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Зээлийн болон барьцааны гэрээний зэрэгцээ батлан даалтын гэрээ байгуулагдсан байдаг. Батлан даалтын гэрээний зүйл болох хөрөнгө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа өв хөрөнгийн хэргийн хөрөнгөд хамаарч байгаа. Хууль ёсны өвлөгчид хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас “,,,,,,,,,,,” ХХК-ийн 90 хувийн хувьцааг хэн эзэмших нь тодорхойгүй байна. “,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг томилоогүй. Өвийн маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа 90 хувийн хувьцааг ямар этгээдүүд эзэмших нь тодорхой болсны дараагаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар “,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох журамтай. Хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэрэг баримтуудад ,,,,,,,,,,, өөрийгөө гүйцэтгэх захирал мэт гарын үсэг зурсан байна. Бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны гүйцэтгэх захирал нь бодит байдал дээр талийгаач болчихсон. Нөгөө талаас компанийн дүрэмд ,,,,,,,,,, нь компанийн эрх бүхий албан тушаалтан байна гэж заасан. Компанийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан гэдэг нь гагцхүү компаниас гарах шийдвэрт шууд ба шууд бусаар оролцох компанийн гишүүдийг ойлгодог. Эрх бүхий албан тушаалтан байна гэдэг нь автоматаар компанийн гүйцэтгэх захирал болно гэсэн хуулийн зохицуулалт байдаггүй. Гүйцэтгэх захирал гэдэг бол хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригийг амьдрал дээр хэрэгжүүлдэг этгээд юм.

,,,,,,,,,,,,, нь өв хөрөнгө болгон авах 90 хувийн хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригийг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх бүхий этгээд биш. Өөрөөр хэлбэл, хуулиараа бол 90 хувийн хувьцааг ирээдүйд эзэмших этгээдүүд хурлаа хийгээд компанийн гүйцэтгэх захирлыг томилох журамтай. Тэр утгаараа бид өмнөх хурлууд дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өвийн хэрэг хянан хэлэлцэгдэж дуусах хүртэл түдгэлзүүлэхийг хүсч байсан. Зээлийн гэрээний хамтаар барьцааны болон батлан даалтын гэрээ хийгдсэн. Барьцааны гэрээний зорилго бол зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжинд хангуулах ёстой. Тийм ч учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс зээлийн гэрээний үүргийг тэргүүн ээлжинд хангуулахад үүргийн гүйцэтгэл бүрэн дуусахгүй бол батлан даалтын гэрээний зүйл болох өв хөрөнгөд байгаа зүйлсээс хангуулах журамтай. Барьцааны батлан даалтын гэрээний 3.3.3-т “банк энэ гэрээний 3.3.2-т заасан үүргийг биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирлын хэмжээгээр” гэж заасан байна. Эхлээд барьцааны гэрээнээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулна. Үлдэгдлээс нь магадгүй хүрэлцэхгүй байх тохиолдолд батлан даагч тэр хэмжээгээр нь батлан даах ёстой юм байна гэдэг нь харагдаж байна. Батлан даалтын гэрээний зорилго нь өөрөө нөхөх хариуцлага хүлээх юм. Банкны хувьд барьцааны болон батлан даалтын гэрээний аль алинаас нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байх шиг байна. Гэтэл энэ нь хууль дүрэмд нийцэхгүй. Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон бол батлан даалтын гэрээ рүү орох ёстой. Гэхдээ би энэ тайлбарыг хэлж байгаагаараа өөрийн өмнөх тайлбараа үгүйсгээгүй. Хууль хэрэглээний хүрээнд ямар байгааг нь хэллээ. Бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа нь иргэний процессын хуульд нийцэж явах ёстой. Гэтэл хууль ёсны төлөөлөгчгүйгээр энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэснээр миний 2 хүүхэд болох ,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,, нарын өвлөх хөрөнгө дээр эрх ашиг, сонирхол нь хөндөгдөх асуудал үүсч байна. ,,,,,,,,,,,,,,,, нь миний 2 хүүхдийн хүсэл зоригийг төлөөлөх эрх бүхий этгээд биш учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа нь хуулийн хувьд боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн этгээд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд хариуцагч нарыг төлөөлсөн 2 этгээд ирсэн байна. “,,,,,,,,,,,” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй, 90 хувийн хувьцаа эзэмшигч нь,,,,,,,,,, , 10 хувийн хувьцаа эзэмшигч нь ,,,,,,,,,,,, гэж хүн байдаг. ,,,,,,,,,,,, нь нас барсан. Тухайн хүний өв хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл өв хөрөнгийн асуудал шийдэгдээгүй. Өвлөгчид өв хөрөнгөө өвлөж аваагүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан “,,,,,,,,,,,” ХХК-ийн гэрчилгээнээс харахад тухайн компанийн гүйцэтгэх захирал нь талийгаач ,,,,,,,,,,,, байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивт итгэмжлэл олгосон хүн нь 10 хувийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,, байдаг. Гүйцэтгэх захирлаас итгэмжлэл аваагүй этгээд нь компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй юу гэдэг дээр гуравдагч этгээдийн зүгээс эрхгүй гэдэг байр суурин дээр байна. Гүйцэтгэх захирал нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1-д зааснаар заавал бүртгэх байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгэх байгууллагад бүртгэгдсэн гүйцэтгэх захирал нь хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу талийгаач ,,,,,,,,,,, юм. Гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн эсэх талаар ямар нэгэн тэмдэглэл үйлдэгдээгүй. Хууль ёсны дагуу итгэмжлэл авсан этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй учраас “,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан хэрэг үүсгэсэн байгаа нь хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02491 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-аас 170,688,376.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19,755,923.86 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 461 дүгээр зүйлийн 461.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,” шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ,,,,,,, хайрга нэртэй газарт байршилтай 27 гектар талбайд хайгуул хийх эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл, техник тоног төхөөрөмжийн гэрчилгээ, 12240Х дугаар гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байршилтай 600м2 талбай бүхий газар, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо ,,,,,,,,,,төвийн 5 давхар 2592м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,256,230.59 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,081,592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 102/ШШ2019/02491 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 59 дүгээр магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч “... гэрээ нэхэмжлэл гаргасан үеэр цуцлагдсан гэж үзнэ...” гэсэн үндэслэлээр нэмж гаргасан шаардлагыг хангалгүй орхисон байна. “,,,,,,,,,,,” ХХК нь 2018.05.01-ний өдөр гэрээг хугацаанаас нь  өмнө шүүхийн журмаар цуцлуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээр хэрэг шийдвэрлэгдээгүй байх хугацаанд буюу 2019.04.28-ны өдөр “,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон. Иймд “,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн эхний шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах шаардлага нь ач холбогдолгүй болсон байдаг. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,” ХХК 2019.09.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн ба ингэхдээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлийн хүүг нэмж шаардсан байдаг.

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх ёстой ба уг асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй. Харин уг шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаар байтал шүүх уг нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж, түүнээс хойш тооцогдсон хүүг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. “,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлөгдөх өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

Барьцаат батлан даалтаас үүргийн гүйцэтгэл хангуулах тухайд: БД8125000746 тоот барьцаат батлан даалтын хүчин төгөлдөр гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангахгүй байхаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хийгээд хууль ёсны бус байна. Учир нь уг барьцаат батлан даалтын гэрээ нь агуулгын хүрээнд барьцаа болон батлан даалтын гэрээний аль аль шинжийг давхар агуулсан байх ба тус гэрээ нь Улсын бүртгэлийн газарт ипотекийн гэрээгээр бүртгэгдсэн болно. БД/8125000746 тоот Барьцаат батлан даалтын гэрээний батлан даагчийн хариуцлага нь нөхөх хариуцлага бус, харин Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан хамтран хариуцлага хүлээх нөхцөлтэй гэрээ болно. Барьцаат батлан даалтын гэрээний 3.1.1-д Батлан даагчийн үүрэгт “...зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор биелүүлээгүй тухай банк шаардлага тавьсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс батлан даагч нь банкинд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангана /зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй, зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудахаар заасан бусад нөхцөлүүдийг ойлгоно/.

Мөн гэрээний 2.2-т “Батлан даагч энэхүү гэрээний 3.1.1-д заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол энэ өдрөөс эхлэн Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах тухай хуулийн дагуу барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар үл маргах журмаар худалдан борлуулах эрх банкинд үүснэ” гэж тус тус гэрээгээр харилцан тохиролцсон байдаг. Түүнчлэн, “,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд 2009.04.29-ний өдөр байгуулсан ЗГ/8125000746 тоот Дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний 4.2-т “Зээлдэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс хамгийн тэргүүн ээлжид зээлдэгчийн зээлийн гэрээний хавсралт №2, №3 Барьцааны гэрээнд заасан эд хөрөнгө түүнийг засан сайжруулах зорилгоор оруулсан нэмэлт өөрчлөлтийн хамт зээлийн барьцаанд тавьж байна. Хэрэв зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хавсралт №1-д заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг хугацаа дууссан өдрөөс эхлэн хавсралт №2, хавсралт №З Барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу холбогдох журмыг баримтлан худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй болно” гэж заасныг тус тус үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээгээр болон холбогдох хууль тогтоомжоор барьцаат батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т тус тус зааснаар хариуцагч хүүгээ төлөх үүрэг хүлээж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн дүнгээс 19,755,923.86 төгрөгийг хассаныг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн БД/8125000746 тоот барьцаат батлан даалтын гэрээнд заагдсан зээлийн барьцаа хөрөнгөөр “,,,,,,,,,,,” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт нэмж оруулан өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

“,,,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 190,444,300.37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон барьцаат батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Тодруулбал, шүүх “,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэл гаргасан 2018.05.01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн үлдэгдлийг  үндсэн болон нэмэгдүүлсэн хүү /170,688,376 төгрөг/-ний хамт хариуцагчаас гаргуулж шүүхэд хандсан буюу гэрээ цуцлагдсан өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг /19,755,923 төгрөгийг/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт  нийцсэн байна. 

Байгуулсан гэрээгээ  цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд  цуцлагдсан гэж үзэх эсэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлтээ үндэслэн үр дагаврыг л шүүхээс шийднэ. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т заасан зохицуулалт хамаарна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэж, гэрээнээс татгалзаж болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх  нэхэмжлэлийн зарим хэсгийг  хангасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардлагад нийцсэн байна. 

Иймд, “... “,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн эхний шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах шаардлагаас татгалзаад Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлийн хүүг нэмж шаардсан байдаг, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх ёстой ба уг асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй, харин уг шаардлагаас  нэхэмжлэгч татгалзсаар байтал шүүх уг нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж, түүнээс хойш тооцогдсон хүүг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч “,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009.04.29-ний өдрийн БД/8125000746 тоот барьцаат батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д заасан батлан даалтын гэрээ гэж дүгнэхдээ тухайн гэрээний 1.1-д “...Иргэний хуулийн 458 дугаар зүйлийг үндэслэн... харилцан тохиролцож байгуулав” гэж, 2.1-д “Батлан даагч нь банк, “,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд ... байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн нийт 690,600,000 төгрөгийн үндсэн зээл болон ... хүүгийн хамтаар зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө... –ийг оролцуулан хариуцахаар үүрэг хүлээж байна” гэж заасныг үндэслэл болгосныг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч болон “,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд 2009.04.29-ний өдрийн ЗБ/8125000746 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх тул шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тухайн барьцааны гэрээний зүйлээр хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.    

Иймээс “... БД8125000746 тоот барьцаат батлан даалтын гэрээ нь агуулгын хувьд барьцаа болон батлан даалтын гэрээний аль аль шинжийг давхар агуулсан байх бөгөөд тус гэрээ нь Улсын бүртгэлийн газарт ипотекийн гэрээгээр бүртгэгдсэн болно. БД/8125000746 тоот барьцаат батлан даалтын гэрээний батлан даагчийн хариуцлага нь нөхөх хариуцлага бус харин Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан хамтран хариуцлага хүлээх нөхцөлтэй гэрээ болно... талуудын хооронд байгуулсан гэрээгээр болон холбогдох хууль тогтоомжоор барьцаат батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн үндэслэлтэй...” гэсэн гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02491 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр магадлалыг  тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 327,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

                             ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Х.СОНИНБАЯР

                                                                                                      Б.УНДРАХ