Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00505

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00505

 

 

 

А.Батбилэг, Э.Энхбаатар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03827 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нарын хариуцагч УБТЗ ХНН-д холбогдуулан, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Батбилэгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 354 097 төгрөг, Э.Энхбаатарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 637 775 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, А.Батбилэгийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч хавчуулагдан нар барсан авто осол гарсан. Тухайн авто ослыг Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас шалгаж Тухайн прокурорын яллах дүгнэлтэд ...Э.Энхбаатар нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах өртөөний харьяа Чойр солилцох тасгийн туслах машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний аюулгүй байдлын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34-ийн б, 10.35, А.Батбилэг нь Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөний харьяа Чойр солилцох тасгийн машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний аюулгүй байдлын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34.б, 10.34.в заалтуудыг тус тус зөрчиж, туслах найруулагч авто угсраанд хавчуулагдан нас барсан хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор А.Батбилэг, Э.Энхбаатар нарыг гэм буруутайд тооцож, тус бүрийг 1 жил хорих ялаар шийтгэснийг Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаартай магадлалаар цагаатгасан. Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тухайн магадлал, тогтоолд хариуцагчийн буруутгаж байгаа дүрэм журам заалтыг нэхэмжлэгч нар нь зөрчөөгүй, нэхэмжлэгч нар нь гэм буруугүй болох нь тогтоогдсон тул цагаатгагдаж байсан. Уг хэрэгт холбогдоод шалгагдаж байх хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын Б-2-07 дугаарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан. Уг тушаалаар Э.Энхбаатар, А.Батбилэг нарыг ажлаас халсан. Ажлаас халах болсон гол үндэслэл нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 45 минут орчимд Чойр өртөө, Шивээ-Овоо өртөөний туслах найруулагч нь өртөөний замд сэлгээ хийж байх үедээ зүтгүүр болон эхний вагоны хооронд хавчуулагдан нас барсан буюу осол гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг ажлаас халсан байдаг.

Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгч хариуцагч нарыг гэм буруутайг шүүхээс тогтоогоогүй байхад хариуцагч байгууллага нэхэмжлэгч нарыг гэм буруутайд тооцож, ажлаас халсан. Тухайн үед нэхэмжлэгч нар сэтгэл санааны гүн цочролд орсон, нүдэн дээр нь авто осол болсон, хамт ажиллаж байсан ажилтан нас барсан байдал, өөрсдөө эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа байдал зэргээс шалтгаалан өөрсдийгөө үнэхээр гэм буруутай гэж үзэх сэтгэгдэл үүсч байсан. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ажлаас үндэслэлгүй халсан болохоо хүлээн зөвшөөрч 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс буюу давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа нэхэмжлэгч нар магадлалаа гардаж аваад, Улсын дээд шүүхийн тогтоол 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарахаас өмнө Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэгт нэхэмжлэгч нарыг туслах ажилтнаар 2 сар ажиллуулж байгаад 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс Э.Энхбаатарыг илчит тэрэгний туслах машинч, А.Батбилэгийг машинчийн ажилд тус тус томилон ажиллуулж байсан.

  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажлаас халагдсантай холбоотой асуудлаар 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах ёстой гэх заалтыг дурдаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэх тайлбар гаргасан байдаг. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол уг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай зохицуулсан. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гарсан туслах найруулагч нас барсан осолтой холбогдуулан нэхэмжлэгч нарыг ажлаас халсан, уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж дуусахаас өмнө шүүхэд хандах боломжгүй байсан. Тиймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Улсын дээд шүүхийн тогтоол гардаж авсан баримт байгаа. Уг баримтаар нэхэмжлэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нар нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан. Тэгээд шүүхэд 2018 оны 07 сарын 31-ны өдөр буюу 6 хоногийн дараа нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй байгаа. Тиймээс хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарыг үндэслэлгүй ажлаас халсан Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, А.Батбилэг, Э.Энхбаатар нарыг хариуцагч нь үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоолгох, Э.Энхбаатар, А.Батбилэг нарын ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны нийт 14 сар 22 хоногийн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын 7 дахь хэсэгт заасны дагуу А.Батбилэгийн сарын дундаж цалин 1 913 466 төгрөг, Э.Энхбаатарын дундаж цалинд 1 607 591 төгрөг тул А.Батбилэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 28 354 097 төгрөг, Э.Энхбаатарын ажилгүй байсан хугацааны цалин 22 637 775 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу амралтын мөнгө 2 334 396 төгрөг, Э.Энхбаатарын амралтын мөнгө 1 729 976 төгрөг тус тус гаргуулах, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нэхэмжлэгч А.Батбилэгийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулах, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318 800 төгрөгийг гаргуулан А.Батбилэгт олгуулах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нь Сайншанд татах хэсэгт машинчаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч А.Батбилэгийн хувьд 2016 оны 6 дугаар сард зөрчил гаргасны улмаас 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сайншанд татах хэсгийн даргын 376 дугаар тушаалаар үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авагдаж байсан. Ингээд үүний дараа буюу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад буюу Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээ-Овоо татах хэсэгт галт тэргийн зүтгүүр салгах сэлгээний ажил хийх явцдаа зүтгүүр болон вагоны хооронд 24 настай туслах найруулагч н.Баатаржав хавчуулагдаж амь нас хохироход энэ хүний буруутай үйлдэл нөлөөлсөн учраас машинч А.Батбилэг болон туслах машинч Э.Энхбаатар нарт Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 269607 тоот тушаалаар холбогдох журам, Улаанбаатар төмөр замын даргын А/55 тушаалд заасныг мөрдөж ажиллаагүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзээд хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Төмөр замын хувьд өөрөө тусгай үйл ажиллагаа эрхэлдэг тул уг үйл ажиллагааг зохицуулах тусгай хэм хэмжээ үйлчилдэг, тодорхой журмууд хэрэгждэг. Замын даргын нэг дүгээр орлогч дарга болон ерөнхий инженер нарын даргалан зохион байгуулсан шуурхай хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг үндэслээд Б.Батбилэг, Э.Энхбаатар нарыг ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцласан. Сайншанд татах хэсгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3-т заасан нөхцөлийг дурдсан байдаг. Энд бол осол авар гаргасан, хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм ноцтой зөрчиж хүн болон хөрөнгөд хохирол учруулсан зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байдаг. Тэгэхээр сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчил гарсан нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн байдал, үр дагавар зэргийг харгалзаж үзэх ёстой. Хөдөлмөр хамгааллын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасан байдаг бөгөөд галт тэрэгний болон сэлгээний тохиолдолд осол гаргасан туслахын зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Төмөр замын тээврийн багц хууль, Төмөр замын ашиглалтын дүрэмд, мөн 16.17, 10.2-т хоорондоо ярих, янз бүрийн үйлдэл хийхийг хориглосон бөгөөд тухайн үеийн нөхцөлд тохируулан эргэлзээтэй байвал шалгах, дохиочны дохиог тухай бүр биелүүлэх зэрэг заалтыг зөрчсөн байдаг. Нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар нь тухайн ослыг гарахад эдгээрийн нөхцөл байдлыг бүрдүүлсэн байдал, хариуцлагагүй ажилласан, хөдөлмөр хамгааллын болон холбогдох дүрмийг мөрдөөгүй гэдэг нь харагдаж байгаа бөгөөд хийвэл зохих үйлдлээ зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдлийн улмаас хүний амь нас эрсдсэн, хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг ноцтой зөрчсөн буюу ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажлаас халсан.

  Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны ээлжийн амралтын болон цалинд 55 056 244 төгрөг нэхэмжилсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл нийт ажлын 317 хоног байгаа. Үүнээс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажлын 42 хоног байгаа. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар цагдан хоригдож байсан. Тэгэхээр уг хугацааны хохиролд нэхэмжлэгч нарт тус бүр 3 636 291 төгрөг буюу нийт 7 272 582 төгрөгийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар 01-ний өдрийн 177 дугаар шийдвэрээр засаг даргын сангаас олгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд дээрх 317 ажлын өдрөөс 42 ажлын өдрийг хасч тооцох ёстой. Энд цагдан хоригдож байгаа учраас нийт 275 ажлын өдөр байх ёстой. А.Батбилэгийн хувьд цалин нь 2016 оны 11 сард 2 018 352 төгрөг, 12 сард 1 891 900 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 1 394 802 төгрөг нийт 5 305 052 төгрөг болж байгаа. Хөдөлмөр хамгааллын сайдын тушаалд зааснаар дундаж цалин хөлсийг тооцохдоо хоол, унааны мөнгө хасагдах ёстой. Мөн замын даргын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн №а411 тушаалаар батлагдсан дүрмийн 2.5, 2.11, 2.12-т зааснаар сар бүр ажилтнуудын ажил үүргийг үнэлэх, шагнал урамшуулал олгохдоо тухай бүрийн салбар нэгжийн шагналын комисс шийдвэрлэх бөгөөд сахилгын зөрчил гаргасан болон осол гаргасан ажилтнуудад шагнал урамшил олгогдохгүй юм. Хөдөлмөр хамгааллын зөрчил, ажлын хариуцлага алдсан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлээр ажлын цалин бууруулах эрхийг шагналын комисст нь өгсөн байдаг.

  Сар бүр уг дүрмийн дагуу шагналын комисс үр дүнгийн шагналыг тооцох бөгөөд сахилгын зөрчилтэй байгаа хүмүүст урамшуулал олгогдохгүй юм. Тиймээс А.Батбилэг, Э.Энхбаатар нарт олгогдох урамшууллыг хасч тооцох бөгөөд А.Батбилэгийн хувьд нэг сард 1 307 486 төгрөг, нэг өдөрт 59 430 төгрөг, Э.Энхбаатарын хувьд мөн адил тооцоод нийт 4 006 769 төгрөг, үүнээс дээрхийн адил үр дүн, хоол унааны зардлыг хасаад 3 122 013 төгрөг, үүнээс сарын дундаж цалин нь 1 040 671 төгрөг, ажлын өдрийн цалин нь 47 300 төгрөг болж байгаа. Тэгэхээр эдгээр цалингуудаас А.Батбилэгийн ажилгүйдлийн тэтгэмжид авсан 4 045 220 төгрөг, Э.Энхбаатарын авсан 2 884 540 төгрөгийг тус тус хасч тооцох нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч тал ажилгүйдлийн даатгалын сангаас олгох журмын 7 дугаар зүйлээс дурдаж байсан. Харин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-ын 4.6-д зааснаар цалин хөлс орлогыг ажилгүйдлийн тэтгэмжтэй хамт олгож болохгүй гэж заасан бөгөөд үүний дагуу хамт олгож болохгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нарын хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Батбилэгийн ажилгүй байсан хугацааны цалин 28 354 097 төгрөг, Э.Энхбаатарын ажилгүй байсан хугацааны цалин 22 637 775 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, А.Батбилэгийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгээс харахад шүүгч нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан байна. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 45 минутанд Шивээ-овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч хавчуулагдан нас барсан хэрэг гарсан бөгөөд энэхүү осолд холбогдуулан нэхэмжлэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нарын 4 хүнд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн 201724000035 дугаартай хэрэг үүсгэж, гурван шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 17 өдрийн ШЦТ/10 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 3 дүгээр сарын 15 өдрийн 07 дугаартай магадлал, Дээд шүүхээс 2018 оны 5 дүгээр сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарыг гэм буруугүй болохыг тогтоосон. Эрүүгийн журмаар хэргийг шалгаж байх хугацаанд Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсантай нь холбогдуулан 201 7 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын Б-II-07 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарч, нэхэмжлэгч Э.Энхбаатар, А. Батбилэг нарыг ажлаас үндэслэлгүй халсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог.

 

Нэхэмжлэгч нар нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэгч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 -д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүгч дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэгч нарьн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хохироосон. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нар нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Батбилэгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 354 097 төгрөг, Э.Энхбаатарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 637 775 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, А.Батбилэгийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгож, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч Б.Баатаржаргал хавчуулагдан нас барсан хэрэгт нэхэмжлэгч нарыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэснийг Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаартай магадлалаар цагаатгаж, Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх5-28, 34-42/

 

Нэхэмжлэгч А.Батбилэгийн Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан сайн дурын нийгмийн даатгалын гэрээ хэрэгт авагдаагүй байх ба 1 дүгээр хавтаст хэргийн 198-202 дугаар талд авагдсан уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн сайн дурын нийгмийн даатгалд төлсөн гэх 318 800 төгрөгийг хариуцах этгээд нь тодорхойгүй байна.

 

Уг мөнгөн дүнг хариуцагч байгууллагаас эсхүл Нийгмийн даатгалын байгууллагаас шаардаж байна уу гэдгийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг явуулаагүй байна.

Нэхэмжлэгч тал Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 250 дугаар тогтоолыг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан баримт 1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар талд авагдсан байх ба шүүх энэ баримтад дүгнэлт өгөөгүй байхын зэрэгцээ шийдвэртээ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна. /1хх242-243/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ