Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0646/З |
Дугаар | 228 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 228
“И с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль
орчин, аялал жуулчлалын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “И с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0011 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 256 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Э-Оч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0011 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И с” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Интерсеарч ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хяанан хэлэлцээд 256 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн 128/ШШ2020/0011 дүгээр шийдвэр, 2020.04.09-ний өдрийн 256 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд:
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018.03.29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэж үзэн дуусгавар болгосон байдаг.
5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ.
6. Хуулийн зохицуулалтаас үзвэл, газар ашиглах эрхийг дээрх үндэслэлээр дуусгавар болгож байгаа бол газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутгийн горимыг бодитоор удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн байхыг шаардаж байна.
7. Гэтэл анхан шатны шүүх энэ тухай ямар нэгэн дүгнэлт өгч, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй ба талуудын огт маргаагүй, мэтгэлцээний явцад яригдаагүй “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын сүлжээнд холбогдоогүй” гэх асуудлыг маргаан бүхий актын гол үндэслэл мэтээр анхаарал хандуулж, хэргийг шийдвэрлэсэн.
8. Нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбогдох нотлох баримтаа гаргаж өгсөн ч түүнийг нь огтоос анхаарч үзэлгүйгээр, шууд л журам зөрчсөн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
9. Үүнийг давж заалдах шатны шүүх засаж залруулахын оронд улам бататгаж, энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан үндэслэлгүй гэж үзэн шүүхийн магадлалд “...хариуцагч талаас цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй үйл баримтын талаар тайлбар гаргаагүй ч маргаан бүхий актын үндэслэл нь “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх зорилгоор, гэж гарсантай холбоотойгоор холбогдох хууль, дүрэм журам зөрчигдсөн эсэх нөхцөл байдлыг шалгаж тогтоосон нь хууль зөрчөөгүй” гэж маргаан бүхий актын үндэслэлийг буруу тодорхойлж, дүгнэлт өгсөн.
10. Мөн шүүхийн магадлалд “Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” зөрчсөн зөрчлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлд хамааруулан маргаан бүхий газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй” гэжээ.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тодорхойлогдож байхад анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх тус хуулийг тайлбарлаж хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
12. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьсан үйл баримт тогтоогдож байхад ... битүү цооногтой эсэх нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй” гэжээ.
13. Энэхүү харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ариутгах татуурга гэж хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж, бохир усны цооногийг” хэмээн ойлгодог байна.
14. Гэтэл шат шатны шүүх бохир усны цооног нь ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд хамаарахгүй, ариутгах татуургад тооцогдохгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй гэж үзсэн нь тухайн харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхаас гадна маргааны үйл баримт болох тухайн газарт нэхэмжлэгч байгууллагыг угаас хууль зөрчсөн байгаа гэсэн зохиомол дүгнэлт гаргаж ямар ч нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
15. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргаан бүхий газарт ариутгах татуургын сүлжээ байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар талууд маргаагүй байхад өөрөө үндэслэлгүйгээр хууль бус дүгнэлт хийсэн, уг байдлыг нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх, хэргийн бодит нөхцөлийг тогтоох ажиллагаа явагдаагүй талаар үндэслэл бүхий гомдол гаргахад үндэслэлгүй хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
Давж заалдах гомдолд дурдагдсан асуудалд дүгнэлт өгөөгүй тухайд:
16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “Төслийн байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээ” хэсгийг шүүхийн шийдвэрт дурдаад тэдгээрийн тайлбарыг үнэлээгүй байна. Уг 4 тайлбарын 4 дэх хэсэгт “Усны тухай хууль тогтоомж болон бусад хууль тогтоомжоор хориглосон хязгаарласан бүсийн дэглэмийг зөрчихгүй байх талаар зөвлөмж боловсруулж тайланд хавсаргах /цооног өрөмдөх, худаг гаргах/ гэсэн хэсгийг шүүх үнэлсэнгүй” тухай дурдагдсан.
17. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3, 121.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох эрх зүйн үр дагавартай.
18. Гэтэл давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдагдсан нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн асуудалд дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд....хянан үзэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.
19. Нөгөө талаар, Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэх ба уг зарчмыг ч Захиргааны ерөнхий хуульд тусгалаа олж хуулийн 4.2.1-д “Хууль дээдлэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “Хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн тусгай зарчмуудыг тусгайлан хуульчилж өгсөн.
20. Монгол улсын иргэн, хуулийн этгээд болон Захиргааны байгууллага, шүүх ч уг зарчмыг хэлбэрлэлтгүй даган биелүүлэх үүрэгтэй хэмээн итгэж найддаг боловч БОАЖ яам болон шат шатны шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөхгүй байгаад туйлын гомдолтой байна.
21. Учир нь давж заалдах гомдолд “Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт шийдвэр гаргах ажиллагааг хуульчилсан байх бөгөөд хуулийн 11-36 дугаар зүйлд захиргааны акт гаргахаас өмнө авч хэрэгжүүлэх алхмуудыг заасан. Энэ бүлэгт заасан нэг ч ажиллагаа шийдвэр гаргах үе шатанд хэрэгжээгүй буюу маргаан бүхий газартай холбоотой нөхцөл байдлыг тодорхойлоогүй /хуулийн 24/, актын үндэслэл болсон газрын төлбөр төлсөн эсэх, тухай байршилд үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн нотлох баримт цуглуулаагүй /хуулийн 25/, улмаар актын үндэслэл тохирох оролцогчийг сонсох ажиллагааг /хуулийн 26, 27/ хийгээгүй.
22. Үүний дараа захиргааны байгууллагаас шийдвэр гарсны дараа Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэрийг мэдэгдэх үүргийг тухайн шийдвэрийг гаргасан байгууллага хүргүүлэх үүрэгтэйг Захиргааны ерөнхий хуулийн 43.1-т заасан байх ба мөн хуулийн 46.1-д тухайн захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор хуулиар тусгайлан заасан байна. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчид гарсан акттай холбоотой ямар ч мэдэгдэл хүргүүлж байгаагүй нь хэргийн материалаар нотлогдож байна. Хэрэв дээрх алхмуудыг хийсэн бол газрын төлбөр төлсөн нь тогтоогдож, үл хөдлөх хөрөнгөтэй нь батлагдаж уг акт гарах ёсгүй нөхцөл байдал үүсэх байсан хэмээн гомдол гаргаж тайлбар хийсэн хэдий ч энэ талаар нэг ч дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасныг зөрсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг зөвтгөсөн тухайд:
23. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьсан энэ нь усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг зөрчсөн гэж үзэн дуусгавар болгосон. Тиймээс үүнтэй холбогдуулж, анхан шатны шүүхээс усны хангамжийн онцгой хамгаалалтын бүс болон эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн талаар дүгнэлт өгөх ёстой байсан.
24. Гэвч анхан шатны шүүх зөвхөн энгийн хамгаалалттай бүсийн дэглэм зөрчигдсөн талаар л дүгнэлт өгсөн ба давж заалдах шатны шүүх үүнийг нь учир дутагдалтай ч энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцсэн гэж анхан шатны шүүхээс зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай байсан үйл баримтыг орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
25. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн 128/ШШ2020/0011 дүгээр шийдвэр, 2020.04.09-ний өдрийн 256 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
26. Нэхэмжлэгч “И с” ХХК-ний Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхив.
27. Маргаан бүхий дээрх тушаалаар Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус баримтлан, “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэх үндэслэлээр 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон; нэхэмжлэгчийн ашиглаж байсан Богдхан уулын дархан цаазат газар, Бага тэнгэрийн аманд байрлах 0.42 га газрын хувьд “... усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх ...” гэсэн үндэслэлд хамаарч дуусгавар болгосон талаар хариуцагч талаас тайлбар ирүүлжээ.
28. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: анх Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын дагуу Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд 0.42 га газрыг “И с” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах 2016/232 дугаар гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар олгосон; нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 2018/64 дүгээр гэрээ байгуулж, газрын төлбөрт 2,502,072 төгрөгийг төлсөн; уг газар дээр 955.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьж, улсын бүртгэлийн Ү-2204099490 дугаарт бүртгүүлж, 000685444 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, “Их тэнгэр ресорт” нэртэй аялал, жуулчлалын цогцолбор байгуулан үйл ажиллагаа явуулж байсан; маргаан бүхий 0.42 га газар нь Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс болон Туул голын энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай, онцгой хамгаалалтын бүстэй 2223 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн давхцлын зураг болон Туул голын сав газрын захиргаанаас ирүүлсэн зургаар нотлогдсон; мөн цогцолбор нь нийт 2 бохирын цооногтой бөгөөд гал тогооноос гарсан бохирын цооногийг 10 хоногтоо 1 удаа соруулж байхаар төлөвлөсөн зэргээс маргаан бүхий газар нь ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй болох нь тус тус тогтоогдсон байна.
29. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус зааснаар хууль тогтоогч усны нөөцийг хомсдох болон бохирдохоос хамгаалж, үеийн гамшгаас сэргийлэх зорилгоор гурван төрлийн бүс тогтоож, эдгээрээс энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн зайг тодорхой зааж, тэдгээр бүсэд мөрдөх дэглэмийг хоёр сайдын хамтарсан тушаалаар батлах эрхийг шилжүүлж, тэрхүү дэглэмийг зөрчихийг хориглосон байна.
30. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 тушаалаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг хавсралтаар баталсан бөгөөд энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна”, 2.3-т онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:” гээд 2.3.2-т “гол мөрөн ... эргээс 50 метрээс доошгүй зайд ...”, 2.5-д “... дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа ...” (зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн эрхэлж буй аялал, жуулчлалын үйл ажиллагаа дурдагдаагүй) гэж; 2.6-д “энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно:” гээд 2.6.2-т “улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд”, 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 2.9.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах” гэж; 3.9-д “ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 3.9.11-д “орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж барьж ашиглах”, 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж тус тус заажээ.
31. Тодруулбал, нэхэмжлэгчийн ашиглаж буй газар нь ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс болон Туул голын энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай, харин онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай бөгөөд тухайн бүсэд хориглосон дэглэмийг дээрх байдлаар зөрчсөн, цаашид газар ашиглах нь хууль, журамд нийцэхгүйн зэрэгцээ нийтийн ашиг сонирхол зөрчигдөх учир газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаал хуульд нийцсэн, ингэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал зөв юм.
32. Гомдол гаргагчаас “... анхан шатны шүүх маргаан бүхий газарт ариутгах татуургын сүлжээ байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар талууд маргаагүй байхад өөрөө үндэслэлгүйгээр хууль бус дүгнэлт хийсэн ...”, “... анхан шатны шүүхээс усны хангамжийн онцгой хамгаалалтын бүс болон эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн талаар дүгнэлт өгөх ёстой байсан ...” гэж маргаж байгаа ч тухайн газар нь энгийн хамгаалалтын бүсээс гадна ус хангамжийн эрүүл ахуйн бүстэй бүтэн, онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай нь бүрэн тогтоогдсон энэ тохиолдолд эхнээсээ үйлчилгээний зориулалтаар барилга, байгууламж барьж газар ашиглах нь дэглэмээр хориотой, эдгээрийг дахин шалгаж тодруулах шаардлагагүй буюу хавтаст хэрэгт авагдсан баримтаар илэрхий тогтоогдож байх тул энэ талаарх гомдол үгүйсгэгдэж байна.
33. Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий захиргааны актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн нь бодит байдалд нийцээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн (энэ талаар давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн); мөн Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 26, 27-д заасан сонсох ажиллагаа хийгээгүй, эдгээр гомдол үндэслэлтэй боловч энэ нь маргаан бүхий газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, газар ашиглах эрхийг сэргээх үндэслэл болохооргүй юм.
34. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих дээрх хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол дээрх байдлаар няцаагдаж байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 256 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ