Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00413

 

 

 

 

 

 

 

 

 

В.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00169 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Бэгз, хариуцагч ХУДЗДТГт холбогдуулан, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би ХУДЗДТГт 2010-2013 онд Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 2013-2017 онд Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны Б/21 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Тамгын газрын даргын 2017 оны Б/21 тоот тушалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүх 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар бүхий шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0756 дугаар бүхий магадлал гарч намайг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан. Хариуцагч шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг Захиргааны хэргийн танхимын шүүгч 2018 оны дүгээр сарын 3-ны өдөр 12 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар 23-ны өдрийн захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэгч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0576 дугаар шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох 5 701 255 төгрөгийг хариуцагчаас албадан гаргуулж 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр надад олгосон. Намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох шийдвэр хараахан хэрэгжээгүй байна. Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 17 сарын хугацаанд миний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэдэгт ажилгүй байсан бүх хугацаа хамаарах тул шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговроо нэхэмжилж байна. Миний тооцооллоор 18 000 000  төгрөг орчим болж байна. Хуульд зааснаар ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговроо нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 756 дугаар магадлалыг тус тус үндэслэн ХУДЗДТГдаргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/140 дугаар олговор олгох тухай тушаал гарч шийдвэрт заасан олговрыг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 765 732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Бэд олгож, илүү нэхэмжилсэн 5 234 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан В.Бийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ХУДЗДТГт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 219 202 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Бэд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Бийн давж заалдах гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00169 дугаар шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтыг буруу хэрэглэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөрчсөн учир миний үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна.

Би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 17 сарын турш миний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 17 915 579 /үндсэн цалин 12 796 844 төг, нэмэгдэлд 51 18735 төг/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, дундаж цалинтай тэнцэх олговрын тооцооллыг хавсаргаж хүргүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс миний ажилгүй байсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 1 сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо миний үндсэн цалин болох 733 863 төгрөгөөс ажлын 1 өдрийн цалинг 34 133 төг /733 863:21,5/ гэж бодож, 17 сар 20 хоногт ногдох ажлын 374 хоногоор үржүүлж 12 765 742 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь буюу нийт 40 хувийн нэмэгдэлд багтах 5 234 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

 

Миний урьд авч байсан цалинд одоо нэхэмжилж байгаа нэмэгдлүүд бүгд орж бодогдож байсныг 2016-2017 оны цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагддаг. Мөн дундаж цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлах ёстой гэж үзэж байна.

 

Энэ журмын 3.в-д дундаж цалинг тооцохдоо өмнө эрхэлж байсан албан тушаалд хамаарах цалингийн сүлжээний ТЗ-7-5-Д заасан үндсэн цалин болох 733 863 төгрөг дээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь болох 110 079 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь болох 183 466 төг буюу нийт 40 хувийн нэмэгдэл 293 545 төгрөгийг нэмж бодохоор байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт миний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 28 өдрийн 128/ШШ2017/0576 дугаар шийдвэрээр үндсэн цалинг 733 863 төгрөгөөс нийт ажлын хоногийг тооцсон” гэдгийг үндэслэв гэж байгаа нь уг шүүхийн шийдвэрийг дутуу дульмаг ойлгож, ажилгүй байсан 6 сард ногдох 122 ажлын хоногт 5 7012 55 төгрөг олгохоор тогтоосон тооцооллыг сайтар нягталж үзэлгүйгээр хайхрамжгүй хандсан үйлдэл болсон.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 1 дүгээр сарын 26-аас 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 6 сарын хугацаанд 122 ажлын хоног байсан гэж үзэж, ажлын 1 өдөрт 46 731,6 төгрөг /5 701 255 төгрөг: 122хоног/ төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн бол Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас ажлын 1 өдөрт 34 133,1 төг /733 863 төгрөг 21.5 хоног/-ийн цалин олгохоор шийдвэрлэж байгаа нь өмнөх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон 1 ажлын өдөрт олгох цалингаас 12 598,5 төгрөг /46 731,6 – 34 133,1/ -өөр дутуу бодогдсон байна.

Дээрх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт миний зэрэг дэвийн нэмэгдлийг 25 биш 22 хувиар, ажилласан хугацааны нэмэгдлийг 15 хувь нийт нэмэгдлийг 40 биш 37 хувиар /12 598.5:34 133.1/ бодсон байгаа.

 

Харин дээрх журмын 7.а-д “Буруу халсан бол ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговрыг олгох”. гэсэн заалтыг үндэслэвэл миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж баталгаажсан 2017 оны 1 сарын цалин 1 359  388 төгрөг, 2016 оны 12 сарын цалин 1 564 271 төгрөг, 11 сарын цалин 11 484 08 төгрөг буюу сүүлийн 3 сарын нийт цалин 4 072 067 төгрөгөөс 3 сарын хоол, унааны хөнгөлөлт нийт 383 000 төгрөгийг хасаж, үлдэх 3 689 067 төгрөгийг 3 сард хувааж, нэг сарын дундаж цалин болох 12 296 89 төгрөгийг 17 сараар үржүүлж нийт 20 904 713 төгрөгийн олговрыг надад олгох ёстой болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч ХУДЗДТГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 000 000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч ХУДЗДТГдаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 тоот тушаалаар нэхэмжлэгч В.Бийг тус дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговорт 5 701 255 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0756 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамж хэрэгт авагдсан ба эдгээр нь хуулийн хүчин төгөлдөр байна. /хх6-14/

 

Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 374 хоног эрхэлсэн ажилгүй байж цалин хөлсөөрөө хохирсон байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг ажил олгогч байгууллага хариуцах үндэслэлтэй.

 

Ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд ажлаас халагдсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдох хүртэлх хугацаа хамаарах тул энэ хугацааны олговрыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Бийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн ажлын 1 өдрийн цалинг 34 133 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 374 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 765 742 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцож шийдвэрлэсэн нь буруу болно. 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллын мөнгөн орлогыг хамааруулахаар заасан байна.

Иймд дээрх тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн 1 сард авах цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт нь бичигдсэн түүний тогтмол авч байсан 2016 оны 10, 11 сар, 2017 оны 01 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын цалинтай тэнцэх олговор 1 213 234 төгрөг, ажлын 1 хоногт 56 429 төгрөг байх ба 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх нийт 374 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 21 104 446 төгрөг байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 18 000 000 төгрөг гэж тодорхойлсон байх тул  энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх31/

 

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00169 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Бэд олгож” гэж, 3 дахь заалтын “219 202” гэснийг “247 950” гэж өөрчлөлт  оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 185 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

   ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                                 А.МӨНХЗУЛ