Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00169

 

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00169

               Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 6Д байр, 72 тоот хаягт оршин суух Боржигон овогт В Б /РД:ИЭ64111314/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, Х холбогдох

 

 Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 18 000 000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл  мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х 2010-2013 онд Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 2013-2017 онд Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаасаа халагдсан болно. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдсан тул Тамгын газрын даргын 2017 оны Б/21 тоот тушалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар бүхий шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0756 дугаар бүхий магадлал гарч намайг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан болно. Дээрх шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хариуцагчаас Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг Захиргааны хэргийн танхимын шүүгч Ч.Т  хянан үзээд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр “Гомдлыг хүлээж авахаас татгалзах тухай” 12 тоот захирамжийг хариуцагчид хүргүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсээр байсан тул Захиргааны хэргийн шүүхэд албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг би 2018 оны 7 дугаар 23-ны өдөр гаргасан бөгөөд улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Чинзулд хуваарилагдсан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар бүхий шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох 5 701 255 төгрөгийг хариуцагчаас албадан гаргуулж 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр надад олгосон бөгөөд харин миний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд намайг томилох тухай шийдвэр хараахан хэрэгжээгүй байна. Иймд хариуцагч тал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа учир би 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 17 сарын хугацаанд миний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан. харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэдэгт ажилгүй байсан бүх хугацаа хамаарах тул шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговроо нэхэмжилж байна. миний тооцоололоор 18 000 000 төгрөг орчим болж байгаа. Хуульд зааснаар ажил олгогч нь шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговроо нэхэмжилж байна гэв.

           

Хариуцагч Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 756 дугаар магадлалыг тус тус үндэслэн Х даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/140 дугаар бүхий олговор олгох тухай тушаал гарч шийдвэрт заасан олговрыг олгосон болно. Иймд шүүхийн шийдвэрт  тусгагдаагүй цалин хөлсийг олгох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Б  нь хариуцагч Х холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 18 000 000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан байх ба нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацаагаа 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл гэж тодруулжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч В.Б  нь Х даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба уг тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, тус шүүхийн 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байх ба хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 756 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба дээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 6-13/

 

Хариуцагч тал “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 756 дугаар магадлалыг тус тус үндэслэн Х даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/140 дугаар бүхий олговор олгох тухай тушаал гарч шийдвэрт заасан олговрыг олгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Эдгээрээс үзэхэд хариуцагч Хан-Уул дүүргийн ЗДТГазар нь дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдээс шийдвэрт заасан олговрыг олгосон байх ба харин  В.Б ийг Хан-Уул дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч байгууллага нь дээрх шийдвэрийн дагуу В.Б ийг уг ажилд нь авч ажиллуулахгүй, ажиллах нөхцлөөр хангахгүй, ажил үүргийг нь эрхлүүлэхгүйгээр 374 хоног болж, улмаар энэ хугацааны цалин хөлсийг олгохгүйгээр хохироосон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласан нь үндэслэлтэй байна.

 

Дээрхээс дүгнэхэд В.Б ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар шийдвэрээр үндсэн цалинг 733 863 төгрөгөөс нийт ажлын хоногийг тооцсон” гэснийг үндэслэж, ажлын нэг өдрийн цалинг 34 133 төгрөгөөр /733 863:21,5/ тооцож, ажилгүй байсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 374 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 12 765 742 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 765 742 төгрөгийг хангаж, үлдэх 5 234 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд хариуцагчийн төлөөлөгч Ч.Байгаль гарын үсэг зурж, хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 765 732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Б д олгож, илүү нэхэмжилсэн 5 234 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан В.Б ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Х даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 219 202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Б эд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ