Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00383

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00383

 

 

 

 

Лакшири Зайсан СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00088 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Лакшири Зайсан СӨХ, хариуцагч Н.Дэлгэрмаад холбогдуулан, дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, завсар үйлчилгээний зардалд 1 419 330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Өнгөрсөн 3 жилийн туршид энэ сууц өмчлөгчдийн холбоо үүргээ биелүүлсэн. Тус байрны оршин суугчдын хогийг нь байнга зөөж, лифтийг нь засаж байсан, харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, бүхий л үйлчилгээ засвартай холбоотой ажлуудыг өнөөдрийг хүртэл хариуцаж байсан. Ганцхан Н.Дэлгэрмааг явах үед лифтийг зогсоох, Н.Дэлгэрмаагийн хогийг үлдээгээд бусдыг нь ачих боломжгүй гэдгийг бүгд мэднэ.  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалтын хэсгийн халаалт, халуун цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой гэсэн хуулийн заалтын дагуу 1 419 330 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Хариуцагчийн ойлгохгүй байгаа гэх 21 610 төгрөгийн зардал нь ариутгалын бодис, вок саван, алчуур авах, гэрэлтүүлгийн чийдэн бусад үйл ажиллагаатай холбогдон гардаг ахуйн бүтээгдэхүүн авахад зориулагдсан мөнгө юм.  Дээврээс болж төлбөрөө төлөхгүй өмнөх жилээс хойш маргасан. Хариуцагч энэ асуудлаар СӨХ-той тохиролцсон гэдэг. Дээврийн дам нурууг буруу хийснээс болж ус алдаад байгаа, борооны устай ч холбоотой биш, сантай холбоотой байсан гэдгийг бид нар тогтоогоод 50 сая төгрөгийн төсөвтэй засвар үйлчилгээ хийх, их хэмжээний дотоод засвар хийх байдалд орсон. Хотхоны 4, 7 дугаар давхрын барилгын дээврийн ажлыг 2018.09.10-ны өдрөөс 2018.09.25-ны өдрийн хооронд гүйцэтгэнэ гэсэн боловч барилгын инженер нь уг асуудал дээр зөвшөөрөл өгөхгүй, санал зөрөлдсөнөөс болж энэ асуудал хойшлоод өвлийн улирал эхэлсэн гэж тайлбарласан. Мөн 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хийж эхэлнэ гэдэг тайлбарыг хэлсэн гэв

  Хариуцагчийн тайлбарт: Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, интернэшнл хотхон, Ар зайсан гудамж, 90-5 дугаар байр, 11 тоот, 6 давхарт 2010 оноос хойш амьдарч ирсэн. Тухайн үедээ СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлөөд явж байсан. Харин дээврээс ус гоожиж эхэлсэн буюу 2016 оноос эхлээд СӨХ-ны даргатай уулзаад уг асуудлаа ярьж, энэ үеэс эхлээд СӨХ-ны төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг байгууллага нь СӨХ гэж заасан байгаа. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна гэсэн байгаа. Үүнээс харахад СӨХ гэдэг нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байгууллага учраас  байшингийн дээврийг СӨХ хариуцна гэдэг нь тодорхой харагдаж байна. Лакшири зайсан СӨХ-ны удирдах зөвлөлийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний зорилго нь СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчийн тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээний санг бүрдүүлж, зөв зохистой зарцуулахад оршино. Нэхэмжлэлээс үзэхэд үйл ажиллагааны зардал гэдэгт ариутгал вок саван, ламп зэрэг бүтээгдэхүүн авахад зориулагдсан гэсэн боловч энэ нь талбайгаар гарч ирэхгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл талбайгаар биш тогтмол тоогоор гарч ирэхээр заалт байгаа. Энэ хуулийн заалтын дагуу орон сууцны дээврийн засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо талбайн хэмжээгээр төлбөр төлөх нь 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар тодорхой байна. Мөнгөө авч сангаа бүрдүүлэхдээ СӨХ нь үүргээ гүйцэтгээд л явж байгаа юм байна. Үйл ажиллагааны зардал гэдэг нь өөрөө дээврийн засварын төлбөр байна. Өөрөөр хэлбэл энэ зардлыг 2010 оноос хойш нэг айл сард дунджаар 21 610 төгрөг гэж бодоход нэлээд хэдэн төгрөг цугларсан байх ёстой боловч ямар ч засвар хийгээгүй, засвар хийх гэхээр мөнгө ярьдаг гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар Н.Дэлгэрмаагаас дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 419 330 төгрөгийг гаргуулж Лакшири Зайсан СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Н.Дэлгэрмаагаас 37 660 төгрөг гаргуулж Лакшири Зайсан СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 660 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилсан Лакшири Зайсан СӨХ-ны тооцоо хууль зөрчөөгүй гэж Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Энэ нь хог, лифт, цэвэрлэгээ зэрэг нийтлэг зардалтай холбоотой төлбөрүүд байдаг бөгөөд сууц өмчлөгч болгон тогтмол адилхан төлбөр төлдөг. Хариуцагч энэ төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй.

 

Хэрэгт байгаа Лакшири Зайсан СӨХ-өөс сууц өмчлөгчид ирүүлсэн нэхэмжпэлд Үйл ажиллагааны зардал гэж талбайн хэмжээгээр тодорхойлогдсон төлбөр байдаг. Энэ төлбөр нь талбайн хэмжээнээс хамааран сууц өмчлөгч болгонд өөр өөр байдаг. Энэ төлбөрийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны дээвэр, ... зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээнд зарцуулах ёстой. Хариуцагч болон бусад сууц өмчлөгч нар тус СӨХ-нд энэ төлбөрийг олон жил төлсөн бөгөөд дээврийн засвар үйлчилгээнд зарцуулах хэмжээний мөнгөн дүн хуримтлагдсан байх ёстой. Гэтэл тус СӨХ нь энэ төлбөрөөр нийтлэг зардлаа санхүүжүүлдэг гэсэн тайлбарыг өгсөн нь хууль зөрчсөн асуудал. Хариуцагчийн оршин суугаа байрны дээврээс 3 жилийн турш ус алдаж байгаа бөгөөд үүнийг засварлуулах гэж олон жил Лакшири Зайсан СӨХ-нд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрсэн.

Хариуцагчийн зүгээс хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой дээрх Үйл ажиллагааны зардал-ын задаргаа болон тайланг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс энэ хүсэлтийг хангахгүй орхисон.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхэд гаргасан тайлбаруудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бүхий л талаас нь дүгнэж үзээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00088 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Лакшири Зайсан СӨХ нь хариуцагч Н.Дэлгэрмаад холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 419 330 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Н.Дэлгэрмаа нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд буюу нийт 1 419 330 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 36-49 дүгээр талд авагдсан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардлын нэхэмжлэх, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх9, 66/

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй талаар хариуцагч маргадаггүй боловч гэрт нь ус алдсаны улмаас ая тухтай амьдрах нөхцөл бололцоо нь алдагдаж, орон сууцны тааз, дүүжин тааз, цахилгаан холболт, гэрэлтүүлэг зэрэгт гэмтэл үүсч эд хөрөнгийн хохирол учирсан, СӨХ дээврээс ус гоожих асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ. /хх15/

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар орон сууцанд оршин суугаа өмчлөгч нь заавал СӨХ-ны гишүүн байдаг ба хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 16 дугаар зүйлийн 16.5, 16.6 дахь хэсэгт зааснаас үзэхэд орон сууцны байшингийн дээвэр нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах ба засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэдэг, их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллага дүгнэлт гаргаж, орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлдэг байх тул дээврийн засвар үйлчилгээтэй холбоотой шаардлагыг тусд нь гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагчийн оршин суугчдаас төлж буй төлбөрийн зарцуулалтын талаарх задаргаа болон санхүүгийн тайланг гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 660 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

А.МӨНХЗУЛ