Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2019/00088

 

2019 оны 01 сарын 07 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00088                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот Л СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод  оршин суух, Д /РД:.../-д холбогдох,

 

дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,419,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Л СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өнгөрсөн 3 жилийн туршид энэ сууц өмчлөгчдийн холбоо үүргээ биелүүлсэн. Тус байрны оршин суугчдын хогийг нь байнга зөөж, лифтийг нь засаж байсан, харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, бүхий л үйлчилгээ засвартай холбоотой ажлуудыг өнөөдрийг хүртэл хариуцаж байсан. Ганцхан Дг явах үед лифтийг зогсоох, Дгийн хогийг үлдээгээд бусдыг нь ачих боломжгүй гэдгийг бүгд мэднэ.  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалтын хэсгийн халаалт, халуун цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой гэсэн хуулийн заалтын дагуу 1,419,330 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Хариуцагчийн ойлгохгүй байгаа гэх 21,610 төгрөгийн зардал нь ариутгалын бодис, вок саван, алчуур авах, гэрэлтүүлгийн чийдэн бусад үйл ажиллагаатай холбогдон гардаг ахуйн бүтээгдэхүүн авахад зориулагдсан мөнгө юм.  Дээврээс болж төлбөрөө төлөхгүй өмнөх жилээс хойш маргасан. Хариуцагч энэ асуудлаар СӨХ-той тохиролцсон гэдэг. Дээврийн дам нурууг буруу хийснээс болж ус алдаад байгаа, борооны устай ч холбоотой биш, сантай холбоотой байсан гэдгийг бид нар тогтоогоод 50 сая төгрөгийн төсөвтэй засвар үйлчилгээ хийх, их хэмжээний дотоод засвар хийх байдалд орсон. Хотхоны 4, 7 дугаар давхрын барилгын дээврийн ажлыг 2018.09.10-ны өдрөөс 2018.09.25-ны өдрийн хооронд гүйцэтгэнэ гэсэн боловч барилгын инженер нь уг асуудал дээр зөвшөөрөл өгөхгүй, санал зөрөлдсөнөөс болж энэ асуудал хойшлоод өвлийн улирал эхэлсэн гэж тайлбарласан. Мөн 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хийж эхэлнэ гэдэг тайлбарыг хэлсэн” гэв

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д гэх хүн Хан-Уул дүүргийн ...  тоот, 6 давхарт 2010 оноос хойш амьдарч ирсэн. Тухайн үедээ СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлөөд явж байсан. Харин дээврээс ус гоожиж эхэлсэн буюу 2016 оноос эхлээд СӨХ-ны даргатай уулзаад уг асуудлаа ярьж, энэ үеэс эхлээд СӨХ-ны төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг байгууллага нь СӨХ гэж заасан байгаа. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна гэсэн байгаа. Үүнээс харахад СӨХ гэдэг нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байгууллага учраас  байшингийн дээврийг СӨХ хариуцна гэдэг нь тодорхой харагдаж байна. Л СӨХ-ны удирдах зөвлөлийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний зорилго нь СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчийн тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээний санг бүрдүүлж, зөв зохистой зарцуулахад оршино. Нэхэмжлэлээс үзэхэд үйл ажиллагааны зардал гэдэгт ариутгал вок саван, ламп зэрэг бүтээгдэхүүн авахад зориулагдсан гэсэн боловч энэ нь талбайгаар гарч ирэхгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл талбайгаар биш тогтмол тоогоор гарч ирэхээр заалт байгаа. Энэ хуулийн заалтын дагуу орон сууцны дээврийн засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо талбайн хэмжээгээр төлбөр төлөх нь 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар тодорхой байна. Мөнгөө авч сангаа бүрдүүлэхдээ СӨХ нь үүргээ гүйцэтгээд л явж байгаа юм байна. Үйл ажиллагааны зардал гэдэг нь өөрөө дээврийн засварын төлбөр байна. Өөрөөр хэлбэл энэ зардлыг 2010 оноос хойш нэг айл сард дунджаар 21,610 төгрөг гэж бодоход нэлээд хэдэн төгрөг цугларсан байх ёстой боловч ямар ч засвар хийгээгүй, засвар хийх гэхээр мөнгө ярьдаг” гэв.

 

 

 

           Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Шүүх сууц өмчлөгч Дгаас дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,419,330 төгрөг гаргуулахыг хүссэн Л СӨХ-ны нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Л СӨХ  дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2016 оны үлдэгдэл төлбөр 66,120 төгрөг, 2017 оны үлдэгдэл төлбөр 736,120 төгрөг, 2018 оны төлбөр 617,090 төгрөг нийтдээ 1,419,330 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд тус байрны оршин суугч Д нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2016 оны 8 сар болон 2017 оны 1 сараас хойшхи хугацааны төлбөрийг дутуу төлсөн, 2018 оны төлбөрийг   төлөөгүй байх бөгөөд хариуцагч тал төлбөр төлөгдөөгүй хугацаа болон төлбөрийн хэмжээний тухайд маргаагүй атлаа “...байрны дээврийн засварын ажлыг хийгээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй болно.

 

            Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, харин  СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй байгаа талаар тухайн СӨХ-нд гомдол гаргах эрхтэй болно.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон 2018.04.27-ны 98 дугаар тэмдэглэлээс үзэхэд  Дгаас 2016 оны 6 сараас хойшхи төлбөр 948,260 төгрөгийг шаардсан өргөдлийг нэхэмжлэгч 2018.03.09-ний өдөр гаргасан боловч Д нь “эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлэхгүй, өөрөө СӨХ-ны даргатай уулзаж зохицуулна” гэх үндэслэлээр ирээгүй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т “орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана”, 147.3-т “орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана” гэж тус тус заажээ.

 

Хариуцагчийн хүсэлтээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тогтоосон талаарх баримт, төлбөрийн товчоо, сар тутмын төлбөрийн нэхэмжлэхүүд хэрэгт авагдсан бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилсан Л СӨХ-ны тооцоо хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

            

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар Дгаас дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,419,330 төгрөгийг гаргуулж Л СӨХ-нд олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Дгаас 37,660 төгрөг гаргуулж Л СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,660 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д. ЭНХЦЭЦЭГ