Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00382

 

 

 

 

 

 

 

 

 

З.Дгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00129 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч З.Д, хариуцагч Б.Ут холбогдуулан, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие З.Д, өөрийн хүү Ө.Ариунболдын хэргийг өмгөөлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Б.Утэй гэрээ байгуулсан. Б.У нь миний хүү Ө.Ариунболдын хэрэгт дахин шинжээч томилуулахаар прокурортай ярьсан гэж худлаа хэлж гэрээ байгуулан, манай гэрт машинтай ирж, ажлын хөлсөнд 500.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан дахин шинжээч томилуулмаар байна гэхэд дахин томилох болсон гэж хэлсэн. 2 хоногийн дараа Б.У рүү залгахад Төв аймагт шүүх хуралдаанд оролцохоор явж байна гэсэн бөгөөд 7, 8 хоногийн дараа залгахад утсаа аваагүй хариу өгөөгүй нэлээн удсан. Мөн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүх хурал болох гэж байхад миний хүүтэй уулзаагүй. Ингээд шүүх хуралдаан болох гэж байхад Б.У нь нөгөө талын өмгөөлөгчтэй уулзсан бөгөөд архи ууссан байсан ба шүүх хуралдаанд нэг ч үг дуугараагүй. Миний хүүгийн эмнэлгийн 3 акт нотлох баримтаар өгөөгүй байгаа, өгч болох уу гэхэд одоо хэрэггүй гээд өгүүлээгүй. Өмгөөлөгч Б.У нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд худлаа хэлж залилсан төдийгүй өөрөө гэмт хэрэг үйлдэж өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж хийх ёстой ажлаа хийгээгүй учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулах хүсэлтэй. Иймд хариуцагч Б.Уээс 500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн хариу тайлбарт: 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Өмгөөллийн “Энуг Консалтинг“ ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Б.У би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж, хохирогч Ө.Ариунболдод хуулийн дагуу гэрээний 1.3-т зааснаар өмгөөллийн эрх зүйн туслалцааг үзүүлсэн /үйл ажиллагаа явуулсан/ болно. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Дгийн нэхэмжлэлтэй, Б.Ут холбогдох, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Дгийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Утэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ дуусгавар болоогүй байсан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болохоор зохицуулсан. Гэтэл өмгөөлөгч Б.У нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний үүрэг дуусгавар болоогүй.

Өмгөөлөгч Б.У нь хурлаас өмнө миний хүү Ө.Ариунболдтой уулзаагүй, 2018 ны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан орох үед нөгөө талын өмгөөлөгчтэй уулзаад архи уусан ба шүүх хуралдаан дээр нэг ч үг хэлээгүй. Энэ нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 80 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдох боломжтой.

Б.У нь З.Д надтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг зохих ёсоор биелүүлээгүй буюу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 38 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах ёстой үйлчлүүлэгчтэйгээ уулзаагүй, шүүх хуралдаанд үг хэлээгүй. Ийм тохиолдолд Б.Уийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

Өмгөөлөгч Б.Уийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг нь тогтоосон. Гэтэл Б.У нь үүнийгээ нуун дарагдуулан З.Д надтай 2018 оны 05 сарын 17-ны өдөр хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Б.У нь хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй гэдгээ мэдсээр байж З.Д надтай гэрээ байгуулсан. Б.У нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн. Гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан нь дээрхээс харагддаг. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч З.Д нь хариуцагч Б.Ут холбогдуулан өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.У нь нэхэмжлэгч З.Дтай 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч З.Дгийн хүү Ө.Ариунболдын эрүүгийн хэрэгт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил үйлчилгээний хөлсийг тохирсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс үйлчилгээний хөлсөнд 500 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх31-33/

 

Нэхэмжлэгч буюу ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байх тул Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсч, мөн хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Хэргийн 4 дүгээр тал дахь “хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний 1.3-т зааснаар өмгөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гармагц гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнд тооцон гэрээний хугацаа дуусгавар болно, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаа дуусгавар болсноор өмгөөлөгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоор тохиролцсон байна. /хх4/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 561 дүгээр шийтгэх тогтоолыг нотлох баримтыг ирүүлсэн нь хэргийн 29-30 дахь талд авагдсан байх ба уг тогтоолд хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр хариуцагч Б.У оролцсон нь тэмдэглэгдсэн байна.

Шүүх гэрээнд заасны дагуу хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр Б.У оролцож, гэрээ дуусгавар болсон гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь “өмгөөлөгч Б.У шүүх хуралдаан болох гэж байхад нөгөө талын өмгөөлөгчтэй уулзсан, архи уусан, шүүх хуралдаанд нэг ч үг дуугараагүй, миний хүүгийн эмнэлгийн 3 актыг нотлох баримтаар өгөөгүй, гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийгээгүй, гэмт хэрэг үйлдэж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй байсан гэдгээ нуун худал хэлж залилсан” гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтгүй байна. /хх1, 37-38/

 

Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 04/241 тоот албан бичигт, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор хуульч, өмгөөлөгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн гэх агуулга тусгагдсан байх боловч шүүхийн шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүй байна. /хх10/

Хариуцагч Б.Уийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот тушаалаар хүчингүй болгосон ба хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанд оролцоход өмгөөллийн эрх нь хүчинтэй байжээ. /хх9/

Хэргийн оролцогч нь шаардлагын үндэслэл болж буй баримтаа өөрөө гаргаж өгөх, өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр бүрдүүлэх боломжтой бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарлан өгсөн байх боловч шүүхээс олгосон боломжит хугацаанд тэрээр өмгөөлөгч шүүх хуралдаанд нэг ч үг дуугараагүй, архи уусан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хуулийн заалтыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

   ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

                                 А.МӨНХЗУЛ