Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00357

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00027 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б, хариуцагч “ТОСК” ТӨААТҮГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 33 075 705 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие “ТОСК” ТӨААТҮГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд би шүүхэд хандсан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 242 дугаартай шийдвэрээр намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 919 535 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 864 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1224 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Харин хариуцагч намайг ажилд эгүүлэн авахгүй байсан учир би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан, шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа хийсэн боловч дорвитой арга хэмжээ авахгүй байсан. Тийм учраас би шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хандсан. Энэ өдрийг хугацааны цалин хөлс 31 727 500 төгрөг байсан. Хариуцагч “ТОСК” ТӨААТҮГ нь намайг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажилд авч, 7 919 535 төгрөгийн олговрыг олгосон, харин дэвтрүүдэд бичилт хийгээгүй байгаа. Иймд би хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилд орох хүртэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цалин хөлсөө тооцоход 1 397 565 төгрөгөөр нэмэгдэж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хариуцагч “ТОСК” ТӨААТҮГ нь цалин хөлсөөр хохироосон тул би Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсөө шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт олговорт 33 075 705 төгрөгийг хариуцагч “ТОСК” ТӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Манай байгууллага шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж нэхэмжлэгч М.Быг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажилд нь авсан, шийдвэрт заасан 7 919 535 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварыг суутган 7 207 582 төгрөгийг олгосон. Манай байгууллагын цалин хөлсний хэмжээнд 2018 оны 05 сард өөрчлөлт, газрын дарга нарын нэг сарын цалин 1 450 000 төгрөг болсон. Нэхэмжлэгчийн тооцоолол буруу байх бөгөөд шүүхийн шийдвэрт заасан дүнгээр тооцох боломжгүй. Бидний тооцооллоор ажлын 200 хоногийн олговор нь 18 184 982 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч мөн хуралдаан дээр шаардлагаа нэмэгдүүлж 33 075 705 төгрөг болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Цалин буурсан дүнгээр тооцох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТОСК” ТӨААТҮГ-аас 31 181 392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 894 313 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, М.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “ТОСК” ТӨААТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Бын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Баас тэмдэгтийн хураамжид төлсөн 316 587 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Бад олгож, хариуцагч “ТОСК” ТӨААТҮГ-аас 313 857 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. М.Бын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 3 200 000 төгрөг байхаар тогтоож, 9 сар 16 хоногийн цалин хөлст 31 181 392 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна: 4-т аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого гэж зааснаар зохицуулагддаг. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлс, түүнтэй адилдах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч энэ нь бүхэлдээ цалин хөлс гэж үзэх үндэслэл болохгүй. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т ажилтанд олгож байгаа ..., хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан ба нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дунджаар тооцох нь буруу бөгөөд сар бүр /2017 оны 8,9,10 сар/ М.Бад олгосон хоол, унааны хөнгөлөлт 220,000 /ажлын 22 хоног*10,000/ төгрөгийг цалин хөлсөөс хасч тооцоход М.Бын дундаж цалин хөлс нь 2,980,000 төгрөг болж байна. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д үндсэн цалин 2 800 000 төгрөг, 5.1.4-т ажил олгогч ажилтанд хоол, унааны зардал олгож болно гэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас ажилтан М.Бад хөдөлмөрийн гэрээнд зааснаар 2 800 000 төгрөгийн үндсэн цалин, хоол унааны зардалд хоног тус бүр 10 000 төгрөг олгодог гэсэн тайлбар гаргасан ба үүнд нэхэмжлэгч маргаагүй гэх байдлаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 3 200 000 төгрөгийн дундаж цалин хөлсийг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Энэ нь нэхэмжлэгчид хууль бусаар төлбөр гаргуулж өгөх, төрийн өмчийг зориулалтын бусаар зарцуулах, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчмыг зөрчсөн, хууль бус дүгнэлт гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, нотлох баримтаар нотлогдоогүй байхад хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт захирал дараахь эрх, үүрэгтэй: 4-т үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох гэж тус тус заасны дагуу манай байгууллагын ерөнхий захирлын 2018 оны 5 дугаар сарын 07- ны өдрийн А/55 тоот тушаалаар М.Бын албан тушаалын цалин 1 450 000 төгрөг болж буурсан ба 2018 оны 05 сарын 07-ны өдрөөс 2018 оны 11 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд уг цалинг авах боломжтой байсан. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заасан боловч ажилгүй байсан хугацаанд эрх бүхий байгууллагын шийдвэрээр цалин хөлс буурсан тохиолдолд хэрхэн тооцох талаар уг журамд зохицуулаагүй тул Иргэний хуулийг уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэнэ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан ба олох байсан орлого буюу сарын үндсэн цалин болох 1 450 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2- т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд энэ нь ажилтан учирсан хохирлыг нөхөн зорилготой хуулийн хэм хэмжээ болно.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд бидний хариу тайлбартаа хавсаргаж өгсөн М.Бад олгох нөхөн олговорын тооцоонд заасан 200 ажлын хоногийн цалин 18 184 982.84 төгрөгийг М.Бад олгох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн үлдэх хэсэг 14 890 722.16 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т заасныг тус тус үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 18 184 982 төгрөгийг М.Бад олгож, нэхэмжлэлээс үлдэх 14 890 723 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “ТОСК” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 33 075 705 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар нэхэмжлэгч М.Быг хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт  7 919 535 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 242 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 864 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1224 дүгээр тогтоол хэрэгт авагдсан, эдгээр нь хуулийн хүчин төгөлдөр байна. /хх5-15, 29/

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг цаг тухайд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 9 сар 16 хоног эрхэлсэн ажилгүй байж цалин хөлсөөрөө хохирсон байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг ажил олгогч байгууллага хариуцах үндэслэлтэй.

 

Ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд ажлаас халсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдох хүртэлх хугацаа хамаарах тул энэ хугацааны олговрыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 60 дугаар тогтоолын дагуу “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “ажил, албан тушаалын сарын үндсэн цалин, цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох” тухай А/55 тоот тушаал гаргаж, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын сарын үндсэн цалинг 1 450 000 төгрөгөөр тогтоосон гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх хуулийн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасныг үндэслэн шүүх нэхэмжлэгчид олгогдох олговрыг өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоосон нь буруу биш.  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 242 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн 1 сарын цалин хөлстэй тэнцэх олговорыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д заасныг үндэслэн тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 9 сар 16 хоногийн цалин хөлсийг нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 200 000 төгрөгөөр тооцоолон нийт 31 181 392 төгрөг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч талын шүүх нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт хийсэн, нотлох баримт баримт үнэлэх журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангахгүй орхив.

.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

   ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

                                 А.МӨНХЗУЛ