Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00758

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00027 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: М.Б-

          Хариуцагч: “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

          33,075,705 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие ТОСК ТӨААТҮГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад 2017-11-24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд би шүүхэд хандсан бөгөөд ЧДИХАШШ-н 2018-02-05-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, олговор 7,919,535 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэр Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018-09-21-ний өдрийн 1224 дугаартай тогтоолоор хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон. Хариуцагч намайг ажилд эгүүлэн авахгүй байсан учир би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан, шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа хийсэн ч ажилдаа ороогүй л байж байгаад 2018-11-27-ны өдөр ажилдаа орж, 7,919,535 төгрөгийн олговроо авсан. Дэвтрүүдэд бичилт хийгээгүй байгаа. Иймд 2018-02-05-ны өдрөөс 2018-11-07-ны өдөр хүртэлх 33,075,705 төгрөгийг олговорт гаргуулж, хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж нэхэмжлэгч М.Б-ыг 2018-11-27-ны өдөр ажилд нь авч 7,919,535 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварыг суутган 7,207,582 төгрөгийг олгосон. Манай байгууллагын цалин хөлсний хэмжээнд 2018-05 сард өөрчлөлт, газрын дарга нарын нэг сарын цалин 1,450,000 төгрөг болсон. Нэхэмжлэгчийн тооцоолол буруу байх бөгөөд шүүхийн шийдвэрт заасан дүнгээр тооцох боломжгүй. Бидний тооцооллоор ажлын 200 хоногийн олговор нь 18,184,982 төгрөг болж байгаа. 33,075,705 төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Цалин буурсан дүнгээр тооцох ёстой. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 182/ШШ2019/00027 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-аас 31,181,392 төгрөгийг гаргуулж М.Б-ад олгож, нэхэмжлэлээс 1,894,313 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, М.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар М.Б-аас төлсөн 316,587 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 313,857 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан 9 сар 16 хоногийн цалин хөлсийг нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,2 сая төгрөгөөр тооцоолон нийт 31,181,392 төгрөг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. ЧД-ийн ИХАШШ-ийн 2018-12-25-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр М.Б-ын 2018-02-05-с 2018-11-27-ны хоорондох ажилгүй байсан дундаж цалин хөлсийг тогтоохдоо Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-02-05-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр тогтоогдсон М.Б-ын 2017-11-24-с 2018-02-05-ны хоорондох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болох 3,2 сая төгрөгийн дундаж цалин хөлсийг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл цаг хугацааны хувьд эрх бүхий байгууллагаас /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар/ манай байгууллагын цалингийн санг шинэчлэн тогтоосон 2018 оны 60-р тогтоолыг үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2018-05-07-ны өдрийн “Ажил, албан тушаалын сарын үндсэн цалин, цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай” А/55 тоот тушаалаар 2018-05-14-с цалингийн санг бууруулж баталсан тул батлагдсан төсвийн хүрээнд М.Б-ын албан тушаалын цалин 1,450,000 төгрөг болж буурсан ба 2018-05-07-ны өдрөөс 2018-11-27-ны өдөр хүртэлх хугацаанд уг цалинг авах боломжтой байсан. /ТӨБЗГ-ын 60-р тоггтоол, “ТОСК” ТӨҮГ-ын А/55 тоот тушаалыг баталгаажуулан нотлох баримтаар авагдсан. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ийн а-д буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заасан боловч ажилгүй байсан хугацаанд эрх бүхий байгууллагын шийдвэрээр цалин хөлс буурсан тохиолдолд хэрхэн тооцох талаар уг журамд зохицуулаагүй тул Иргэний хуулийг уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэхээр байна. ИХ-ийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан ба олох байсан орлого буюу сарын үндсэн цалин болох 1,450,000 төгрөгийг М.Б- шаардах эрхтэй болно. Нөгөөтэйгүүр Хэдийгээр шүүх хүний эрхийг хамгаалах байгууллага боловч шүүхээс нэхэмжлэгчийн талд ашигтайгаар өгсөн мэдүүлэг, баримтыг нотлох баримтад үнэлж, харин хариуцагчийн талд ашигтай баримтуудыг нотлох баримтад үнэлэхгүй байгаа нь шүүх хуралдаанд оролцогч талууд болох зохигчдод ялгавартай хандаж байна гэж үзэхээс аргагүй бөгөөд энэ нь ИХШХШТХ-ийн 4.1-д заасан ШҮҮХИЙН ӨМНӨ ТЭГШ БАЙХ зарчим зөрчигдсөн байна. Дээрх байдал нь ИХШХШТХ-ийн 40.1, 116.2-т заасныг зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, 18,184,982 төгрөгийг М.Б-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,890,723 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     М.Б- “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан 2018-11-07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018-02-05-ны өдрөөс 2018-11-07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 33,075,705 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаарджээ. 

    Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас манай байгууллагын цалингийн санг шинэчлэн тогтоосон бөгөөд  2018 оны 60-р тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2018-05-07-ны өдрийн “Ажил, албан тушаалын сарын үндсэн цалин, цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай” А/55 тоот тушаалаар 2018-05-14-с цалингийн санг бууруулж баталсан... М.Б-ын албан тушаалын цалин 1,450,000 төгрөг болсон тул 2018-05-07-ны өдрөөс 2018-11-27-ны өдөр хүртэлх хугацаанд уг цалингаар бодно...” гэж маргасан байна. 

    Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 31,181,392 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ

    Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй  орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-02-05-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр М.Б-ыг “ТОСК” ТӨААТҮГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 3,2 сая төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 148,837 төгрөг гэж тооцон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,919,535 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэрийг ажил олгогч 2018-11-27-ны өдөр биелүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

   Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

   Шүүх ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан 2018-02-05-ны өдрөөс 2018-11-27-ны өдрийн тушаал гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг М.Б- нь ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т нийцжээ. 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт олговорыг “...урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх...” хэмжээгээр тооцохоор заасан учир хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

   Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00027 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ