Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00294

 

 

 

 

 

 

 

 

 

С.Оийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03693 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Оийн, хариуцагч “Т К” ХХК-д холбогдуулан, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч С.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 120/Б тоот тушаалаар “Т К” ХХКомпанид орлогын нягтлан бодогчийн ажилд орж улмаар тус компанид 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 008/Б тоот тушаалаар ахлах нягтлан бодогчоор 2018 оны 2 дугаар сар хүртэл ажиллаж байсан. “Т К” ХХКомпанид 6 жил тасралтгүй ажиллаж энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гэтэл 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 тоот тушаал гарч ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчин анхан шатны баримт дутуу бүрдүүлдэг, мөнгөн хөрөнгөд хий баримтгүй орлого зарлагын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийгддэггүй, 2014-2017 онд данс бүртгэл дутуу хөтөлсөн, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа татварын тухай хуульд заасан хугацаанд гаргаж тайлагнаагүй, дутуу гаргасан гэх үндэслэлүүдийг дурдсан байгаа нь ор үндэсгүй гэж үзэж байна. Дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа бол 2014-2017 оны зөрчилд тухайн үед нь сахилгын шийтгэл оногдуулахгүйгээр 2018 оны 2 дугаар сард ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгааг зөвшөөрөхгүй.

Ажлаас халах тушаалд дурдсан 2014-2017 онуудад дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн боловч би тус байгууллагад 2014 онд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй, орлогын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Иймд “Т К” ХХКомпанийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү. Ажил олгогч нь ажилтанг дурдсан зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа бол сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, шийдвэр байдаггүй. “Комфорт Таун” ХХК-д давхар ажилладаг гэдгийг юугаар нотлож байгаа нь тодорхой биш байна. “Т К” ХХК-тай холбоотой санхүүгийн баримтууд дээр, “Маршал Комфорт таун” ХХК-ийн санхүүгийн баримт дээр “Эко констракшн” ХХК-ийн баримт орсон байдаг. Эдгээр баримтууд нь энэ хэрэгт ямар хамааралтайг шүүх дүн шинжилгээ хийх байх. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдэг ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гангамөрөн тооцоо нийлэхэд дахин тооцоог нягталж шалгах юм чинь гарын үсгээ зурчих гэсэн байдлаар 247 000 000 төгрөгийн санхүүгийн баримт дээр гарын үсгээ зурсан байдаг. Ажлаас халах тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5 “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажиг олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх заалтуудыг баримталж ажлаас халсан байдаг. Эдгээр заалтуудад дурдсан ноцтой зөрчлийг гаргаагүй, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Хөндлөнгийн аудитын байгууллагаар 420 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч “Т К” ХХК-д хохирол учруулсан гэдгийг албан ёсоор тогтоогоогүй. Цагдаагийн байгууллага энэ хохирлыг эцэслэн шийдвэрлэнэ. Хохирол учруулсан гэж байгаа нь хуулийн үндслэлгүй байна. “Т К” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлд “ноцтой зөрчил” гэдгийг тодорхойлсон байна. Намайг ажлаас халсан тушаалд “байгууллагын санхүүгийн тайлан балансийг хоцроож гаргадаг гэж  байдаг. Тайлан балансыг хоцроож гаргасны үр дагавар юу байсан, компанид ямар хохирол учруулсан, хэрэв хохирол учруулсан бол дүүргийн татварын алба торгууль оногдуулсан байх ёстой.  Гэтэл энэ талаар баримт хэрэгт байхгүй тул С.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-т заасны дагуу ажлаас халах үндэслэлгүй. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалд Санхүү бүртгэлийн албаны 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн тушаах нь гэж бичсэн байна. Ямар байгууллагын Санхүү бүртгэлийн албаны хурлын тэмдэглэлийг үндэслээд ажлаас халсан эсэх “Эко констракшн” ХХКомпани буюу өөр байгууллагын хурлын тэмдэглэлийг үндэслэн ажлаас халсан гэжээ.

 

Хариуцагч “Т К” ХХКомпанийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч С.О нь “Т К” ХХКомпанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2015 оноос “Комфорт Таун” ХХК-д нягтлан бодогчоор давхар ажиллаж, “Т К” ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханы хууль бус үйлдлийг нуун дарагдуулах, хамтран туслах, мөн “Т К” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт дутуу бүрдүүлэх, баримтгүй орлого зарлагын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийгээгүй, компанийн данс бүртгэл дутуу хөтөлсөн, тайланг цаг хугацаанд нь гаргадаггүй, дутуу гаргах зэргээр “Т К” ХХКомпани болон ажил олгогчийн итгэлийг алдсан байна. “Т К” ХХК-ийн хариуцан ажилладаг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны ус дулаан дамжуулах зориулалттай ЦТП-ээс огтолгоо авч ашигладаг Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай 65-67 дугаар байр, 57в байр, 74-р байр, 75а байр, 75с байр, 756-р байр, 776-р байр, 84-р байрнуудыг үйлчилгээг “Т К” ХХКомпани нь хариуцан ажилладаг байсан боловч “Т К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нь дур мэдэн албан тушаалаа ашиглан өөрийн үүсгэн байгуулсан бусдыг төөрөгдүүлсэн “Комфорт Таун” ХХК-д шилжүүлэн авч дээрх орон сууцны барилгын цэвэр, бохир ус, дулааны мөнгийг “Комфорт Таун” ХХКомпанийн орлогод авдаг байсан боловч “Комфорт Таун” ХХК-ийн өөрийн хариуцан үйлчилгээ үзүүлдэг орон сууцны барилгуудын ус, дулааны төлбөрийг “Т К” ХХК-аар 2015 оноос хойш Д.Баярсайхан нэхэмжпэгч С.О нар нь албан тушаалаа ашиглан төлүүлэх, мөн “Т К” ХХК-ийн ажпын байр, инженер, техникийн ажилчдыг “Комфорт Таун” ХХК-ийн хууль бусаар хариуцах болсон орон сууцны барилгын засварын дуудлаганд ажиллуулах зэргээр ажил олгогч байгууллагад харш үйлдлийг нэхэмжлэгч С.О нь гаргаж байсан ба орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг “Т К” ХХК болон Д.Баярсайхан бусдыг төөрөгдүүлж, “Т К” ХХК-ийн санхүүгийн тайланг будлиантуулж, Д.Баярсайхантай хамтран их хэмжээний мөнгө завшсан. “Т К” ХХКомпани нь 2015 оны 5 сараас “Эко констракшн” ХХК-ийн барьж байсан Маршал хотхон, Гранд Вилла хотхоны барилга, МН Тауэр барилгад ажил гүйцэтгэсэн бөгөөд гэрээний дагуу “Эко констракшн” ХХК-аас ажпын хөлсөнд нийт 62 854 340 төгрөгийг авсан атлаа дээрх мөнгийг нэхэмжпэгч С.О нь компанийн орлогод огт тусгалгүй “Эко констракшн” ХХК-д гэрээгээр ажиллаж байсан “Т К” ХХК-ийн ажилчдын цалинг “Т К” ХХК-аас төлүүлж гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай нийлж 62 854 340 төгрөгийг завшсан байдаг. “Т К” ХХК-ийн санхүүгийн тайлангаас “Комфорт Таун” ХХК-ийн санхүүгийн тайланг нуух зорилгоор “Комфорт Таун” ХХКомпанид 1 885 000 төгрөгөөр зөөврийн компьютер, 3 600 000 төгрөгөөр санхүүгийн программ худалдан авсан. Дээрх компьютер болон программ худалдан авсан нийт 5 485 000 төгрөгийг “Т К” ХХК-ийн санхүүд зардал үүсгэн төлүүлж ажил олгогч байгууллагын хохироосон. С.О, гүйцэтгэх захирал байсан Д.Баярсайхан нар нь иргэн н.Хүрэлбаатарын нэр дээр 2014 оны 12 сарын 01-ний өдөр халаалт, халуун ус шугамын ажлын 30 000 000 төгрөгийн өглөгийн данс зориудаар үүсгэж, 2014 оны 12 сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 1 сарын 14-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 1 сарын 16-ны өдөр 17 000 000 төгрөгийн баримтуудад нэхэмжлэгч нь н.Хүрэлбаатар гэх хүний гарын үсгийг зурж “Т К” ХХК-ийн данснаас авч завшсан байсан. “Т К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь “Т К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглан иргэн н.Пүрэвсүрэнгийн 57в байрны ус дулаан түгээх үйл ажиллагааны Аж ахуйн гэрээг “Комфорт Таун” ХХК-ийн нэрээр байгуулан харилцагчийг хууран мэхлэх замаар 2015 оны 11 сараас эхлэн нийт 53 128 378 төгрөгийг “Комфорт Таун” ХХК-ийн орлогод татан төвлөрүүлсэн боловч 57в байрны ус, дулааны 53 128 378 төгрөгийн зардлыг “Т К” ХХК-аар төлүүлж, санхүүд тайлагнах ажпыг С.О нь “Т К” ХХК болон “Комфорт Таун” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан албан тушаалаа ашиглан тайлагнаж байсан.

“Т К” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бы зүгээс хөндлөнгийн “Юнайтед индепендент аудит” ХХК-аар “Т К” ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийлгүүлсэн бөгөөд 2018 оны 4 сарын 13-нь өдрийн АТ/04-13 тоот Аудиторын дүгнэлтээр “Т К” ХХК-ийн 2014 оны 1 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайланд аудитын шалгалт хийж “Т К” ХХК-д С.О нь гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай нийлж нийт 412 565 114 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөндлөнгийн аудиторын дүгнэлтээр тогтоогдсон.

 

С.О, “Т К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нарын хууль бус үйлдлийг шалгуулахаар "Таун Томфорт” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Б нь Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасны дагуу нэхэмжпэгч С.О болон Д.Баярсайхан нарыг эрүүгийн 180502445 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа болно.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дэх заалтыг үндэслэн гарсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор хуульчиж өгсөн бөгөөд С.О нь ажил олгогч байгууллагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.6-д заасны дагуу өөрийн хариуцсан бараа, материал, тоног төхөөрөмжийн талаарх мэдээ тайланг буруу гаргаж мэдээлсэн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор гэрээнд тусгайлан зааж өгсөн. Мөн С.О нь санхүүгийн анхан шатны баримтыг дутуу бүрдүүлэх, баримтгүй орлого зарлагын баримтын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийгээгүй, компанийн данс бүртгэл дутуу хөтөлсөн, тайланг цаг хугацаанд нь гаргадаггүй, дутуу гаргах зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Т.Отгонсүхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул С.Оийн “Т К” ХХКомпанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.О “Т К” ХХКомпанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2015 оны 4 дүгээр сараас эхлэн ерөнхий захирал С.Бд мэдэгдэлгүйгээр Д.Баярсайханы үүсгэн байгуулсан “Комфорт Таун” ХХКомпанид нягтлан бодогчоор 2015 оноос хойш давхар ажиллах болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасныг зөрчсөн. С.О “Комфорт Таун” ХХКомпанид давхар нягтлангаар ажиллаж байхдаа “Т К” ХХКомпанийн харъяа байрнуудын орлогыг “Комфорт Таун” ХХКомпаниар хураан авч байсан тул С.О нь Д.Баярсайхантай нийлж “Комфорт Таун” ХХКомпанийг байгуулж бусдыг төөрөгдүүлсэн ба орлогыг “Комфорт Таун” ХХКомпаниар хураан авч, “Т К” ХХКомпанийн тайлан тооцоог зөрүүтэй гаргаж байсан нь ажил олгогч Т К ХХКомпанийн итгэлийг алдсан үйлдэл болох нь хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллага болох С31 ХХКомпанийн дүгнэлтээр тогтоогдсон. С.О ажил олгогч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1, 6.5, 12.6-д заасан заалтуудыг зөрчиж компанийн эрх бүхий этгээдийн хувьд “Т К” ХХКомпанийн захирал С.Бд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, “Комфорт Таун” ХХКомпанийн захирал Д.Баярсайхантай нийлж компанийн нэр хүнд, тусгай зөвшөөрөл, ажиллах хүч, эд хөрөнгийг ашиглаж байсан нь санхүүгийн баримтууд, иргэд, аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байгаа. С.О “Комфорт Таун” ХХКомпанид ажиллаж “Т К” ХХКомпанид их хэмжээний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд “Т К” ХХКомпанид 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 247 649 117 төгрөгийн өглөгтэй болохыг тооцоо нийлж баталгаажуулсан байдаг.

Нэхэмжлэгч С.О нь 2014 онд тооцооны нягтлан буюу тодорхой хэмжээний эд хөрөнгө захиран зарцуулах эрхтэй албан тушаалтан байсан, 2015 онд “Т К” ХХК-ийн ерөнхий нягтлан, 2016, 2017 оны “Т К” ХХК-ийн санхүүгийн тайланг гаргасан “Си эс ай аудит” ХХК-ийн дүгнэлтээр 2014-2017 он хүртэлх санхүүгийн анхан шатны баримтуудыг дутуу бүрдүүлж, данс бүртгэл дутуу хөтөлсөн, тайланг цаг хугацаанд нь гаргадагүй дутуу гаргах зэргээр “Т К” ХХК-ийн санхүүгийн баримтанд тулгуурлан дүгнэлт гаргасан. “Т К” ХХК-ийн С.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6-д “санхүүгийн хөдөлгөөний тайланг буруу ташаа гаргасан бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасны дагуу гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч анхан шатны санхүүгийн тайлан тоооцоог дутуу гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. “Т К” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бд С.О 2018 оны 01 дүгээр сарын 10-нь өдөр “2015 оноос 2017 оны данс хөтлөлтийг буруу хөтөлсөн, санхүүгийн анхаг шатны баримтын бүрдүүлэлт буруу байсан нь үнэн болно гэж тодорхойлолт” гаргаж өгсөн. Тухайн хоёр байгууллага 2018 онд тооцоо нийлэхэд “Т К” ХХКомпани, “Комфорт таун” ХХК-д 241 000 000 төгрөгийн өглөг үүсгэсэн ба үүнийгээ өөрөө зөвшөөрсөн. С.О ажил үүргээ сайн гүйцэтгээд явж байсан бол энэ өглөг үүсэхгүй байсан. Нөгөөтэйгүүр энэ өглөгийн талаар үүсгэн байгуулагч С.Бд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл Д.Баярсайхантай нийлж ийм зөрчил гаргаж байсан. Одоо нэхэмжлэгч тал “Т К” ХХК-ийн үүсгэн байгуулагч “Комфорт таун” ХХК-ийг байгуулахыг зөвшөөрсөн гэж ярьдаг нь худал, 2 байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээ байхгүй 2018 онд “Си эс ай аудит” ХХКомпани “Т К” ХХК-ийн санхүүгийн тайланд дүгнэлт хийхэд уг зөрчил илэрсэн. “Комфорт Таун” ХХКомпани 2015 онд байгуулагдаж, орлого зарлага авч байсан болох нь мэдэгдсэн, 3 жилийн хугацаанд “Т К” ХХК-ийн ерөнхий захирал С.Б өөрийн компаний дотор “Комфорт таун” ХХКомпани байгуулагдсаныг мэдээгүй байсан. Учир уг зөрчлүүдийг илрүүлж мэдээллэх үүрэгтэй албан тушаалтанууд нь өөрсдөө дээрх үйлдлүүдээ нуун дарагдуулж байсан нь 2018 онд хийсэн аудитын дүгнэлтээр илэрч, уг албан тушаалтнуудыг ажлаас халсан тушаал гарсан: Нэхэмжлэгч тал 2014-2017 онуудад зөрчил гаргасан бол яагаад арга хэмжээ аваагүй юм бэ гэдэг. Энэ асуудлын талаар 2018 онд компанид хийсэн санхүүгийн шалгалтаар “Комфорт Таун” ХХКомпани байгуулсныг мэдсэн С.О 2 компьютертэй бөгөөд нэг дээр “Т К” ХХК-ийн тайланг гаргаж үүсгэн байгуулагч С.Бд танилцуулдаг. Нөгөө компьютер дээр “Комфорт Таун” ХХК-ийн санхүүгийн тайланг гаргаж, түүнийгээ нуудаг байсан нь илэрсэн. С.Оийг “Юнайтед энд Индепендент аудит” ХХК-ийн дүгнэлтээр бус “Си эс ай аудит” ХХК-ийн хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан. “Юнайтед энд Индепендент аудит” ХХКомпани нь “Си эс ай аудит” ХХК-ийн дүгнэлтийг баталгаажуулж өгсөн. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан С.Оийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт “2015 оны 3 дугаар сараас эхлэн “Комфорт Таун” ХХК-д ажиллаж байгаа" гэж мэдүүлсэн нь түүнийг “Комфорт Таун” ХХКомпанид ажиллаж байсан гэдгийг нотолж байна. Тиймээс нэхэмжпэгч талын тайлбар үндэслэлгүй байна. Ямар ч нягтлан 247 649 000 төгрөгийн тооцоог дараа өөрчилж өгнө гээд гарын үсэг зурдаг зүйл байхгүй. Нягтлан хүн бусдын хөрөнгийг хамгаална гэж захиралтайгаа гэрээ хийдэг, С.О н.Хүрэлбаатар гэдэг хүний өмнөөс гарын үсэг зураад мөнгө авсан. Мөн нэхэмжлэх дээр “Т К” ХХКомпани, “Комфорт Таун” ХХКомпани гээд 2 компани бичсэн нь санхүүгийн хууль зөрчсөн байна. Нэхэмжлэлийн үнийн дүн дээр “Комфорт Таун” ХХК-ийн тамгыг дарж, “Т К” ХХК-ийн нягтлан С.О гэж бичиж байгаа нь хүн хуурах ажлаа санаатай хийж байсан нь тодорхой байгаа. С.О нягтлан хүний хэзээ ч хийж зүрхлэхгүй зүйлийг хийсэн. С.О нь “Т К” ХХК-ийн ажлын байр, байгууллагын эд хөрөнгө, боловсон хүчийг ашиглаад “Комфорт Таун” ХХК-аар орлого олдог, С.Оийн энэ үйлдэл яагаад илрээгүй гэхээр санхүүгийн аудитын шалгалт 3-4 жилийн хугацаанд 1 удаа хийгддэг. Хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр илэрсэн ба учруулсан хохирлоо С.Б захиралтай яриад, төлөөрэй гэж хэлсэн учраас С.О өөрөө тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар “Т К” ХХКомпанийн захирлын 2018 оны 2 дугаар сарьн 05-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Т К” ХХКомпанид даалгаж, Сүхбатын Отгонсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Оийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Т К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/18 тушаалд “... 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Санхүү бүртгэлийн албаны хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн тушаах нь ” гэснийг шүүх шийдвэртээ үндэслэл болгосныг буруу гэж үзэж байна. “Т К” ХХК-д санхүү бүртгэлийн алба байдаггүй бөгөөд хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эко констракшн” ХХК-ийн санхүү бүртгэлийн албаны албан тушаалтнууд оролцсон хурлын тэмдэглэл байдаг. Энэ хуралд оролцсон албан тушаалтнууд нь “Т К” ХХК-ийн ажилчид биш бөгөөд С.Оийн ажил үүргийг дүгнэх албан тушаалтнууд биш. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Ажилтаны гэм буруутай болохыг тогтоолгох гэж биш, халсан тушаал нь хуулийн үндэслэлтэй гарсан эсэхийг тогтоолгох хүсэлтэй байсан. Шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Санхүү бүртгэлийн албаны хурлын тэмдэглэл хэрэгт огт байхгүй, мөн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эко констракшн” ХХК-ийн санхүү бүртгэлийн албаны ажилтангуудыг оролцуулсан хурлын тэмдэглэл хэрэгт байсан байтал шүүх уг баримтыг хууль ёсны гэж үзсэн нь буруу. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2014-2017 оны эхний хагас жилийг хамруулан аудитын дүгнэлт гаргасан “Си Эс Ай аудит” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгожээ. Уг дүгнэлтээр С.Оийг цаашид ажиллахдаа анхааруулж зөвлөмж гаргасан гэж ойлгогдохоор дүгнэлт хийсэн. Хэрвээ уг аудитын дүгнэлтээр С.О нь алдаа дутагдал гаргасан бол энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтантай байгуулсан гэрээнд заасан зөрчил гэж үзсэн бол сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авах эрх нь ажил олгогчид тухайн үед 2017 онд байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн буруу. Ажилтанг ажлаас нь халахдаа хууль бус бүрэлдэхүүнээр ажлаас халсан, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаар ажлаас халах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч “Т К” ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж орлогын нягтлан бодогчоор, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллуулж байгаад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 13.7 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2, 9.2.2, 9.6 дахь заалт, Санхүү бүртгэлийн албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчин анхан шатны баримт дутуу бүрдүүлдэг, мөнгөн хөрөнгөнд хий баримтгүй орлого, зарлагын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийдэггүй, 2014-2017 оны хагас жилийн аудитын дүгнэлтээр данс бүртгэл буруу хөтөлсөн, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланг Татварын тухай хуульд заасан цаг хугацаанд тайлагнадаггүй зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүд” гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх58, 33-36,96/

 

Хэргийн 92-93 дугаар талд авагдсан ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.2-т сахилгын ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх боловч тушаалын үндэслэл болгосон зөрчлийг уг жагсаалтад тусгаж өгөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байх бөгөөд хуулийн дээрх зүйл заалтад заасан зөрчилтэй хамааралтай баримтууд хэргийн 78, 155-170, 172 дугаар талуудад авагдсан байна. Тодруулбал, “Комфорт таун” ХХК нь “Т К ХХК”-д 247 649 117 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан баталгаа, “Т К” ХХК-ийн 2014-2017 он хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хараат бус аудиторын тайлан, дүгнэлт, “Си Эс Ай аудит” ХХК-аас “Т К” ХХК-ийн 2014-2017 оны эхний хагас жилийн санхүүгийн гэрээт ажлын шалгалтын дүгнэлт, материал, хурлын протокол, нэхэмжлэгч С.Оийн гараар бичсэн тайлбар зэрэг баримтууд авагдсан байх ба эдгээр баримтуудаас “... нэхэмжлэгч С.О нь “Т К” ХХК-д ахлах нягтлан бодогчоор буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцан ажиллаж байхдаа ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

 

Үүний зэрэгцээ шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардан авч, гарын үсэг зурсан байх ба шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. /хх243/

 

Шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгч талаас шүүхэд гомдол гаргасан хугацааны талаар тодруулахад хугацаа хэтрүүлсэн үндэслэл, ийнхүү хугацаа хэтрүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тайлбарлаагүй, уг хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

   ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

                                 А.МӨНХЗУЛ