Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 3693

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2018/03693

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:С.О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т.К ХХКомпанид холбогдох

 

2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдорж, Ч.Энхбаяр, өмгөөлөгч Д.Жаргал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, Б.Гангамөрөн, өмгөөлөгч Ж.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 120/Б тоот тушаалаар Т.К ХХКомпанид орлогын нягтлан бодогчийн ажилд орж улмаар тус компанид 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 008/Б тоот тушаалаар ахлах нягтлан бодогчоор 2018 оны 2 дугаар сар хүртэл ажиллаж байсан.Би Т.К ХХКомпанид 6 жил тасралтгүй ажиллаж байсан ба энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гэтэл 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 тоот тушаал гарч ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэлийг сонсоход Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчин анхан шатны баримт дутуу бүрдүүлдэг, мөнгөн хөрөнгөд хий баримтгүй орлого зарлагын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийгдэггүй, 2014-2017 онд данс бүртгэл дутуу хөтөлсөн, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа татварын тухай хуульд заасан хугацаанд гаргаж тайлагнаагүй, дутуу гаргасан гэх үндэслэлүүдийг дурдсан байгаа нь ор үндэсгүй гэж үзэж байна.Намайг дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа бол 2014-2017 оны зөрчилд тухайн үед нь сахилгын шийтгэл оногдуулахгүйгээр 2018 оны 2 дугаар сард ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгааг зөвшөөрөхгүй. Ажлаас халах тушаалд дурдсан 2014-2017 онуудад дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн боловч би тус байгууллагад 2014 онд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй, орлогын нягтлан бодогчоор ажиллаж байсан.Иймд Т.К ХХКомпанийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.О Т.К ХХКомпанид 6 жил тасралтгүй ажилласан ба энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ажлаас халсан байдаг бөгөөд ажлаас халсан үндэслэл нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчин анхан шатны баримтыг дутуу бүрдүүлдэг, мөнгөн хөрөнгөд баримтгүй орлого, зарлагын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийдэггүй, 2014-2017 онд данс бүртгэл дутуу хөтөлсөн, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа хуульд заасан цаг хугацаанд нь гаргаж  тайлагнаагүй, дутуу гаргасан гэж үзсэн байна.Энэ ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан зөрчлүүд нь 2014-2017 онд гарсан зөрчлүүд байдаг.Ажил олгогч нь С.Оийг дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа бол С.Оэд сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, шийдвэр байдаггүй.Иймд Т.К ХХКомпанийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан  хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргаж байна.Хариуцагч тал С.Оийг К.Т ХХК-д давхар ажилладаг гэдгийг юугаар нотлоод байгаа  нь тодорхой биш байна.Т.К ХХК-тай холбоотой санхүүгийн баримтууд дээр, Маршал К.Т ХХК-ийн санхүүгийн баримт дээр Эко констракшн ХХК-ийн баримт орсон байдаг.Эдгээр баримтууд нь энэ хэрэгт ямар хамааралтайг шүүх дүн шинжилгээ хийх байх.Мөн хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдэг  ч С.О нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй болно. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гангамөрөн тооцоо нийлэхэд дахин тооцоог нягталж шалгах юм чинь гарын үсгээ зурчих гэсэн байдлаар 247 000 000 төгрөгийн санхүүгийн баримт дээр гарын үсгээ зурсан байдаг гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Т.К ХХК-ийн ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан“  40.1.5 “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх заалтуудыг баримталж ажлаас халсан байдаг.Эдгээр заалтуудад дурдсан ноцтой зөрчлийг С.О гаргаж байгаагүй, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.Хөндлөнгийн аудитын байгууллагаар 420 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч Т.К ХХК-д хохирол учруулсан гэдгийг албан ёсоор тогтоогоогүй байгаа.Цагдаагийн байгууллага энэ хохирлыг эцэслэн шийдвэрлэнэ.Хариуцагч талын хохирол учруулсан гэж байгаа нь хуулийн үндслэлгүй байна.Т.К ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлд “ноцтой зөрчил” гэдгийг тодорхойлсон байна.С.Оийг ажлаас халсан тушаалд “байгууллагын санхүүгийн тайлан балансийг хоцроож гаргадаг” гэж байдаг.Тайлан балансийг хоцроож гаргасны үр дагавар юу байсан, компанид ямар хохирол учруулсан, хэрэв хохирол учруулсан бол дүүргийн татварын алба торгууль оногдуулсан байх ёстой.Гэтэл энэ талаар баримт хэрэгт байхгүй тул С.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-т заасны дагуу ажлаас халах үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалд Санхүү бүртгэлийн албаны 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн тушаах нь гэж бичсэн байна.Ямар байгууллагын Санхүү бүртгэлийн албаны хурлын тэмдэглэлийг үндэслээд энэ хүнийг ажлаас халсан бэ? Эко констракшн ХХКомпани буюу өөр байгууллагын хурлын тэмдэглэлийг үндэслэн ажлаас халсан гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна, С.Оийг ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагч Т.К ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа: С.О Т.К ХХКомпанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа К.Т ХХК-д нягтлан бодогчоор 2015 оноос давхар ажиллаж Т.К ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханы хууль бус үйлдлийг нуун дарагдуулах, хамтран, туслах, мөн Т.К ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт дутуу бүрдүүлэх, баримтгүй орлого зарлагын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийгээгүй, компанийн данс бүртгэл дутуу хөтөлсөн, тайлан цаг хугацаанд нь гаргадаггүй, тайланг дутуу гаргах зэргээр Т.К ХХКомпани болон ажил олгогчийн итгэлийг алдсан байна.

Т.К ХХК-ийн хариуцан ажилладаг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны ус дулаан дамжуулах зориулалттай ЦТП-ээс огтолгоо авч ашигладаг Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай 65-67 дугаар байр, 57в байр, 74-р байр, 75а байр, 75с байр,  756-р байр, 776-р байр, 84-р байрнуудыг үйлчилгээг Т.К ХХКомпани нь хариуцан ажилладаг байсан боловч Т.К ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нь дур мэдэн албан тушаалаа ашиглан өөрийн үүсгэн байгуулан бусдыг төөрөгдүүлсэн К.Т ХХК-д шилжүүлэн авч дээрх орон сууцны барилгын цэвэр, бохир ус, дулааны мөнгийг К.Т ХХКомпани нь орлогод авдаг байсан боловч К.Т ХХК-ийн өөрийн хариуцан үйлчилгээ үзүүлдэг орон сууцны барилгуудын ус, дулааны төлбөрийг Т.К ХХК-аар 2015 оноос хойш Д.Баярсайхан нэхэмжлэгч С.О нар нь албан тушаалаа ашиглан төлүүлэх, мөн Т.К ХХК-ийн ажлын байр, инженер, техникийн ажилчдыг К.Т ХХК-ийн хууль бусаар хариуцах болсон орон сууцны барилгын засварын дуудлаганд ажиллуулах зэргээр ажил олгогч байгууллагад харш үйлдлийг нэхэмжлэгч С.О нь гаргаж байсан.Нэхэмжпэгч С.О нь ОСНАА үйл ажиллагаа явуулдаг Т.К ХХК болон Д.Баярсайханы бусдыг төөрөгдүүлсэн нэртэй ОСНАА үйл ажиллагаа явуулдаг К.Т ХХК-д давхар нягтлангаар ажиллаж байсан тул Т.К ХХК-ийн санхүүгийн тайланг будлиантуулж Т.К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхантай хамтран их хэмжээний мөнгө завшсан байдаг.

Т.К ХХКомпани нь 2015 оны 5 сараас Эко констракшн ХХК-ийн барьж байсан Маршал хотхон, Гранд Вилла хотхоны барилга, МН Тауэр барилгад ажил гүйцэтгэсэн бөгөөд гэрээний дагуу Эко констракшн ХХК-иас ажлын хөлсөнд нийт 62 854 340 төгрөгийг авсан мөртлөө дээрх мөнгийг нэхэмжлэгч С.О нь компанийн орлогод огт тусгалгүй Эко констракшн ХХК-д гэрээгээр ажиллаж байсан Т.К ХХК-ийн ажилчдын цалинг Т.К ХХК-иас төлүүлж гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай нийлж 62 854 340 төгрөгийг завшсан байдаг.

Т.К ХХК-ийн санхүүгийн тайлангаас К.Т ХХК-ийн санхүүгийн тайланг нуух зорилгоор К.Т ХХКомпанид 1 885 000 төгрөгөөр зөөврийн компьютер, 3 600 000 төгрөгөөр санхүүгийн программыг худалдан авсан. Дээрх компьютер болон программ худалдан авсан нийт 5 485 000 төгрөгийг Т.К ХХК-ийн санхүүд зардал үүсгэн төлүүлж ажил олгогч байгууллагын хохироосон байгаа.

С.О, гүйцэтгэх захирал байсан Д.Баярсайхан нар нь иргэн Хүрэлбаатарын нэр дээр 2014 оны 12 сарын 01-ний өдөр халаалт, халуун усны шугамын ажлын 30 000 000 төгрөгийн өглөгийн данс зориудаар үүсгэж, өглөгийг 2014 оны 12 сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 1 сарын 14-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 1 сарын 16-ны өдөр 17 000 000 төгрөгийн баримтуудад нэхэмжлэгч С.О нь Хүрэлбаатар гэх хүний гарын үсгийг зурж тухайн Т.К ХХК-ийн данснаас авч завшсан байдаг.

Т.К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь Т.К ХХК-ны тусгай зөвшөөрлийг ашиглан иргэн Пүрэвсүрэнгийн 57в байрны ус дулаан түгээх үйл ажиллагааны Аж ахуйн гэрээг К.Т ХХК-ийн нэрээр байгуулан харилцагчийг хууран мэхлэх замаар 2015 оны 11 сараас эхлэн нийт 53 128 378 төгрөгийг К.Т ХХК-ийн орлогод татан төвлөрүүлсэн боловч 57в байрны ус, дулааны 53 128 378 төгрөгийн зардлыг Т.К ХХК-иар төлүүлж, санхүүд тайлагнах ажлыг С.О нь Т.К ХХК болон К.Т ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан албан тушаалаа ашиглан тайлагнаж байсан.

Т.К ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Баярсайханы зүгээс хөндлөнгийн Юнайтед индепендент аудит ХХК-иар Т.К ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийлгүүлсэн бөгөөд 2018 оны 4 сарын 13-ны өдрийн АТ/04-13 тоот Аудиторын дүгнэлтээр Т.К ХХК-ийн 2014 оны 1 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайланд аудитын шалгалт хийж Т.К ХХК-д С.О нь гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай нийлж нийт 412 565 114 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөндлөнгийн аудиторын дүгнэлтээр тогтоогдсон.

С.О, Т.К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нарын хууль бус үйлдлийг шалгуулахаар “Таун Томфорт” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Баярсайхан нь Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасны дагуу нэхэмжлэгч С.О болон Д.Баярсайхан нарт эрүүгийн 180502445 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа болно.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дэх заалтыг үндэслэн гарсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор хуульчиж өгсөн бөгөөд С.О нь ажил олгогч байгууллагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.6-д заасны дагуу өөрийн хариуцсан бараа, материал, тоног төхөөрөмжийн талаарх мэдээл тайланг буруу гаргаж мэдээлсэн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор гэрээнд тусгайлан зааж өгсөн.Мөн С.О нь санхүүгийн анхан шатны баримтыг дутуу бүрдүүлэх, баримтгүй, орлого зарлагын баримтын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийгээгүй, компанийн данс бүртгэл дутуу хөтөлсөн, тайланг цаг хугацаанд нь гаргадаггүй, дутуу гаргах зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Т.Отгонсүхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул С.Оийн Т.К ХХКомпанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Т.К ХХКомпани болон К.Т ХХКомпаниуд ялгаатай, С.Оийг Т.К ХХКомпанид 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нягтлан бодогчоор ажилд авсан байдаг бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс ахлан нягтлан бодогчоор ажиллуулсан байдаг.С.О Т.К ХХКомпанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2015 оны 4 дүгээр сараас эхлэн ерөнхий захирал С.Баярсайханд мэдэгдэлгүйгээр Д.Баярсайханы үүсгэн байгуулсан К.Т ХХКомпанид нягтлан бодогчоор 2015 оноос хойш давхар ажиллах болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасныг зөрчсөн.С.О К.Т ХХКомпанид давхар нягтлангаар ажиллаж байхдаа Т.К ХХКомпанийн харъяа байрнуудын орлогыг К.Т ХХКомпаниар хураан авч байсан тул С.О нь Д.Баярсайхантай нийлж К.Т ХХКомпанийг байгуулж бусдыг төөрөгдүүлсэн ба орлогыг К.Т ХХКомпаниар хураан авч, Т.К ХХКомпанийн тайлан тооцоог зөрүүтэй гаргаж байсан нь ажил олгогч Т.К ХХКомпанийн итгэлийг алдсан үйлдэл болох нь хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллага болох CSI ХХКомпанийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.Д.Баярсайхан С.О нар 2015 оноос хойш Т.К ХХКомпанийн инженер техникийн ажилчдыг К.Т ХХКомпанийн хууль бусаар хариуцах болсон орон сууцны засварын дуудлаганд ажиллуулж ажил олгогчид харш үйлдэл  гаргасан, мөн Т.К ХХКомпанийн санхүүгийн тайланг будлиантуулж, Д.Баярсайхантай их хэмжээний мөнгө завшсан хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.С.О ажил олгогч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1, 6.5, 12.6-д заасан заалтуудыг зөрчиж компанийн эрх бүхий этгээдийн хувьд Т.К ХХКомпанийн захирал С.Баярсайханд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, К.Т ХХКомпанийн захирал Д.Баярсайхантай нийлж компанийн нэр хүнд, тусгай зөвшөөрөл, ажиллах хүч, эд хөрөнгийг ашиглаж байсан нь санхүүгийн баримтууд, иргэд, ААН-тэй байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байгаа.С.О К.Т ХХКомпанид ажиллаж Т.К ХХКомпанид их хэмжээний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд С.О Т.К ХХКомпанид 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 247 649 117 төгрөгийн өглөгтэй болохыг тооцоо нийлж баталгаажуулсан байдаг.Т.К ХХКомпанийн үүсгэн байгуулагч С.Баярсайхан хөндлөнгийн аудитын байгууллагаар Т.К ХХКомпанийн санхүүгийн тайланд шалгалт хийлгэхэд С.О Д.Баярсайхантай нийлж Т.К ХХКомпанид 412 565 114 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.С.О К.Т ХХКомпанид 1 885 000 төгрөгийн зөөврийн компьютер, 3 600 000 төгрөгөөр санхүүгийн праграмм худалдан авсан 5 285 000 төгрөгийг Т.К ХХКомпанийн санхүүд зарлага төлүүлж ажил олгогчид хохирол учруулсан.С.О, Д.Баярсайхан нар иргэн Хүрэлбаатарын нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр халаалт, халуун усны шугамын ажлын 30 000 000 төгрөгийн өглөгийн данс зориудаар үүсгэж, өглөгийг 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17 000 000 төгрөгийн баримтуудад С.О Хүрэлбаатар гэх хүний гарын үсгийг зурсан байдаг.Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасныг үндэслэн гарсан бөгөөд С.О хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан.Мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор хуульчилсан байдаг гэв.

Хариуцагч Т.К ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.О 2014 онд тооцооны нягтлан буюу тодорхой хэмжээний эд хөрөнгө захиран зарцуулах эрхтэй албан тушаалтан байсан, 2015 онд Т.К ХХК-ийн ерөнхий нягтлан, 2016, 2017 оны Т.К ХХК-ийн санхүүгийн тайланг гаргасан.Си эс ай аудит ХХК-ийн дүгнэлтээр 2014-2017 он хүртэлх санхүүгийн анхан шатны баримтуудыг дутуу бүрдүүлж, данс бүртгэл дутуу хөтөлсөн, тайланг цаг хугацаанд нь гаргадагүй, дутуу гаргах зэргээр Т.К ХХК-ийн санхүүгийн баримтанд тулгуурлан дүгнэлт гаргасан. Т.К ХХК-ийн С.Отэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн  9.6-д “санхүүгийн хөдөлгөөний тайланг буруу ташаа гаргасан бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасны дагуу гэрээг цуцалсан.Нэхэмжлэгч анхан шатны санхүүгийн тайлан тоооцоог дутуу гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.Т.К ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Баярсайханд С.О 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “2015 оноос 2017 оны данс хөтлөлтийг буруу хөтөлсөн, санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлэлт буруу байсан нь үнэн болно гэж тодорхойлолт гаргаж өгсөн.Т.К ХХК-ийн ахлах нягтлангаар ажиллаж байх хугацаанд К.Т ХХК-д давхар нягтлангаар ажиллаж, тайлан тооцоо будлиантуулах нөхцөл үүүссэн.Тухайн хоёр байгууллага 2018 онд тооцоо нийлэхэд Т.К ХХКомпани К.Т ХХК-д 241 000 000 төгрөгийн өглөг үүсгэсэн байдаг, үүнийгээ өөрөө зөвшөөрсөн.С.О ажил үүргээ сайн гүйцэтгээд явж байсан бол энэ өглөг үүсэхгүй байсан.Нөгөөтэйгүүр энэ өглөгийн талаар үүсгэн байгуулагч С.Баярсайханд мэдэгдэх ёстой байсан.Гэтэл Д.Баярсайхантай нийлж ийм зөрчил гаргаж байсан.Одоо нэхэмжлэгч тал Т.К ХХК-ийн үүсгэн байгуулагч К.Т ХХК-ийг байгуулахыг зөвшөөрсөн гэж ярьдаг. Нэгдүгээрт тийм зүйл байхгүй, Хоёрдугаарт 2 байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээ байхгүй, 2018 онд Си эс ай аудит ХХКомпани Т.К ХХК-ийн санхүүгийн тайланд дүгнэлт хийхэд уг зөрчил илэрсэн.К.Т ХХКомпани 2015 онд байгуулагдаж, орлого зарлага авч байсан болох нь мэдэгдсэн, 3 жилийн хугацаанд Т.К ХХК-ийн ерөнхий захирал С.Баярсайхан өөрийн компаний дотор К.Т ХХКомпани байгуулагдсаныг мэдээгүй байсан.Учир уг зөрчлүүдийг илрүүлж мэдээллэх үүрэгтэй албан тушаалтанууд нь өөрсдөө дээрх үйлдлүүдээ нуун дарагдуулж байсан нь 2018 онд хийсэн Си эс ай аудит ХХК-ийн дүгнэлтээр С.О, Д.Баярсайхан нарын үйлдлүүд илэрч ажлаас халсан тушаал гарсан. Нэхэмжлэгч тал 2014-2017 онуудад зөрчил гаргасан бол яагаад арга хэмжээ аваагүй юм бэ гэж асууж байна.Энэ асуудлын талаар 2018 онд компанид хийсэн санхүүгийн шалгалтаар К.Т ХХКомпани байгуулсныг мэдсэн. С.О 2 компьютертэй бөгөөд нэг дээр Т.К ХХК-ийн тайланг гаргаж үүсгэн байгуулагч С.Баярсайханд танилцуулдаг.Нөгөө компьютер дээр К.Т ХХК-ийн санхүүгийн тайланг гаргаж, түүнийгээ нуудаг байсан нь илэрсэн.С.Оийг Юнайтед энд Индепендент аудит ХХК-ийн дүгнэлтээр бус Си эс ай аудит ХХК-ийн хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан. Юнайтед энд Индепендент аудит ХХКомпани нь Си эс ай аудит ХХК-ийн дүгнэлтийг баталгаажуулж өгсөн.Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4, 40.1.5-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна.Хавтаст хэрэгт авагдсан С.Оийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт “2015 оны 3 дугаар сараас эхлэн К.Т ХХК-д ажиллаж байгаа” гэж мэдүүлсэн нь К.Т ХХКомпанид ажиллаж байсан гэдгийг нотолж байна.Тиймээс нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч Т.К ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гангамөрөн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ямар ч нягтлан 247 649 000 төгрөгийн тооцоог дараа өөрчилж өгнө гээд гарын үсэг зурдаг зүйл байхгүй. Нягтлан хүн бусдын хөрөнгийг хамгаална гэж захиралтайгаа гэрээ хийдэг, С.О Хүрэлбаатар гэдэг хүний өмнөөс гарын үсэг зураад мөнгө авсан.Мөн нэхэмжлэх дээр Т.К ХХКомпани, К.Т ХХКомпани гээд 2 компани бичсэн нь санхүүгийн хууль зөрчсөн байна.Нэхэмжлэлийн үнийн дүн дээр К.Т ХХК-ийн тамгыг дарж, Т.К ХХК-ийн нягтлан С.О гэж  бичиж байгаа нь хүн хуурах ажлаа санаатай хийж байсан нь тодорхой байгаа. С.О нягтлан хүний хэзээ ч хийж зүрхлэхгүй зүйлийг хийсэн, хажууд нь хамт сууж байсан надад ийм зүйл хийж явсныг нь би мэдээгүй.С.О нь Т.К ХХК-ийн ажлын байр, байгууллагын эд хөрөнгө, боловсон хүчийг ашиглаад К.Т ХХК-иар орлого олдог, С.Оийн энэ үйлдэл  яагаад илрээгүй гэхээр санхүүгийн аудитын шалгалт 3-4 жилийн хугацаанд 1 удаа хийгддэг.Хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр илэрсэн хэрэг.Дээрх зөрчлүүдийг илрүүлээд бид цагдаагийн байгууллагад хандана гээгүй учруулсан хохирлоо С.Баярсайхан захиралтай яриад, төлөхөө бод гэж хэлсэн учраас С.О өөрөө тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан гэв.

 

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О хариуцагч Т.К ХХКомпанид  холбогдуулан Т.К ХХКомпанийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч С.О Т.К ХХКомпанид 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орлогын нягтлан бодогчоор, 2015 оны 3 дугаар сарын  2-ны өдрөөс эхлэн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Т.К ХХКомпанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаартай тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 13.7, Хөдөлмөрийн гэрээний 9.2, 9.2.2, 9.6, Санхүү бүртгэлийн албаны 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн тус байгууллагын ахлах бодогч ажилтай С.О нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчин анхан шатны баримт дутуу бүрдүүлдэг, мөнгөн хөрөнгөд хий, баримтгүй орлого зарлагын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийдэггүй, 2014-2017 оны хагас жилийн аудитын дүгнэлтээр данс бүртгэл дутуу хөтөлсөн, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаа татварын хуульд заасан цаг хугацаанд гаргаж тайлагнадаггүй, дутуу гаргадаг зөрчлүүдийг гаргасан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүд бөгөөд үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

 

Т.К ХХКомпанийн С.Отэй 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6-д сэлбэг, бараа материал нийлүүлэгчидтэй хувийн сонирхолын үүднээс харьцан ажиллаж өөрийн хариуцсан бараа, материал, тоног төхөөрөмжийн талаарх ашиглалтын болон үлдэгдлийн хөдөлгөөний мэдээ тайланг буруу гаргаж мэдээлсэн бол ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байна.

 

Хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад Т.К ХХКомпани нь Компорт Таун ХХКомпанид 247 649 117 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулан, тооцоо үүссэн гүйлгээний жагсаалтыг хавсралтад дурдсан байх бөгөөд улмаар тооцооны нэгтгэлд С.О гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

 

Хэргийн 158-165 дугаар хуудсанд авагдсан Т.К ХХКомпанийн 2014-2017 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтад дотоод аудит хийсэн CSI Аудит ХХКомпанийн 2017 оны дүгнэлтэд “2014-2017 оны эхний хагас жилийн байгууллагын орлого, зарлага, балансын дансны ажил гүйлгээ данс бүртгэлд зөрүүтэй тусгах, гүйлгээ хийхдээ дансны буруу бичилт хийснээс их хэмжээний орлого, зарлага дансанд буруу илэрхийлэгдсэн, анхан шатны баримт үндэслээгүй, байгууллагын тооцоо нийлсэн актаар хөөн шалгахад шилжүүлсэн мөнгө, авсан ажил гүйлгээ зөрүүтэй байгаагаас 2014-2016 оны санхүүгийн тайланг материаллаг хэмжээний буруу илэрхийлэгдсэн,  тухайн байгууллагад нягтлан бодох бүртгэлийн бодлого байхгүй, нягтлан бодох бүртгэлийн заавар аргачилал, стандартыг баримтлаагүйгээс санхүүгийн тайлан буруу гарсан, нягтлан бодох бүртгэлийн бичилтийг буруу хийдэг, харьцахгүй данс бүртгэлд ажил, гүйлгээг бичсэнээс их хэмжээний эрсдэл агуулсан санхүүгийн тайлан бэлдсэн, орон сууцны орлого бүртгэх аргачилал байхгүйгээс сар болгоны айл, өрхийн төлөлт орон сууцны программтай зөрсөн, суугчдаас авах авлага, борлуултын орлого данс бүртгэлд буруу бичигдсэн, тус байгууллага 2014-2015 онуудад их хэмжээний алдагдалтай байгаа нь зөвхөн данс бүртгэлээ буруу хөтөлснөөс зардлын гүйлгээ нь НӨАТ-тай худалдан авалтын НӨАТ-ын хэмжээгээр өссөн, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг зардалд бичсэн, мөн зардалд тавих хяналтгүй, дотоод хяналт байхгүйгээс өртөг, зардал их хэмжээгээр гарсан, тооцооны дансанд өр үүсгэн зардалд бичих зэргээс алдагдал үүссэн, үндсэн хөрөнгө болох конторын тавилга, компьютер дагалдах хэрэгсэл зэргийг бараа материал дансанд орлого шууд зарлага болгож бүртгэлээс хассан, гэрээт байгууллагатай тооцоо нийлж үлдэгдэлээ актаар баталгаажуулж байгаа ч шилжүүлсэн, авсан нэхэмжлэлийн дүн зөрүүтэй байгаа нь мөнгөн хөрөнгөд тавих хяналт сул, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ тухайн байгууллагын дансанд шилжүүлээгүй хувь хүнд өгч тооцоо хийснээс байгууллагын тооцоонд хоёр талд оруулаагүй зөрүү үүсгэж эцсийн үлдэгдэлээр тооцоо нийл акт үйлдсэнээс УБДС-д 28,8 сая төгрөг илүү төлсөн бөгөөд 2015-1016 онуудад 20-30 сая төгрөгийн нэхэмжлэл, шилжүүлсэн тооцоо зөрүүтэй байна” гэжээ.

 

Мөн “балансад тусгасан зардал баримтаар нотлогдоогүй, зардал үнэн зөв тусгагдаагүй, НӨАТ-гүй ажил үйлчилгээ, бараа материалын зардал, санхүүгийн тайланд тусгагдсан урсгал засварын зардал, балансад тусгагдсан зээлийн хүүгийн зардал зөрчилтэй, харилцагч бүрээс авах орлогыг данс бүртгэлд буруу бичилт хийсэн, суугчдаас авах авлага болон борлуулалтын зөрүү үүссэн, дулаан, цахилгааны зардал холбогдох байгууллагаас ирсэн нэхэмжлэлтэй тохирохгүй, борлуулалтын орлогоос НӨАТ хасаагүй дүнгээр тайлагнасан, борлуулалтын орлого дансанд данс андуурсан гүйлгээ, материалын буцаалт, НДХ-ээс орж ирсэн акт, лист, жирэмсэн болон амаржсаны тооцоо, буцалтгүй тусламж зэрэг гүйлгээг дансны буруу бичилт хийснээс борлуулалтыг өсгөж, орлого илүү тайлагнасан зэрэг зөрчилтэй байна” гэжээ.

 

Хэргийн 172 дугаар хуудсанд “С.О би Т.К ХХКомпанид ахлах нягтлан бодогч ажил хийдэг, 2015-2017 онд данс бүртгэл буруу хөтөлсөн, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт буруу байсан нь үнэн, цаашид эдгээр зүйлс дээр анхаарч дахин ийм зөрчил гаргахгүй, мөн айл өрх, АА-н тооцоо нийлэн акт үйлдэн ажиллана, дээрх алдаа дутагдалыг 2018 оны 2 сард залруулна, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр” гэжээ.

 

Дээрх CSI Аудит ХХКомпанийн 2017 оны дүгнэлтээс үзэхэд С.О Т.К ХХКомпанид ахлах нягтлан бодогчоор буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцан ажиллаж байхдаа ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байна гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байхад С.О Т.К ХХКомпанийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаартай тушаалыг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан атлаа шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч С.О Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар дээрх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, уг хугацааг сэргээх талаар шүүхэд хандаагүй байна.

 

Иймд С.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Т.К ХХКомпанийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Т.К ХХКомпанид даалгах тухай С.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.5-д зааснаар С.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          З.ДОРЖНАМЖИН