Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0447/З |
Дугаар | 254 |
Огноо | 2020-06-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 254
“Г о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын “Г о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0006 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0006 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Гүнбилэг орд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн өмгөөлөгч Д.Батсүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүх “Г о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
4. Анхан шатны шүүхийн “...Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй байхад, өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэн маргаан бүхий А/69 дүгээр тушаал хууль зөрчөөгүй...” гэсэн дүгнэлт болон давж заалдах шатны шүүхийн “...Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11/3271 дүгээр албан бичгээр уг дүгнэлт байхгүй гэж дурдсанаас үзвэл энэхүү дүгнэлт гарсан болох нь тогтоогдоогүй байна...” гэсэн дүгнэлтүүдийн талаар.
5. Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаал нь Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн гарсан байдаг. Уг дүгнэлт нь “Г о” ХХК-иас гаргасан тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтүүд болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудад үндэслэн хийгдсэн гэж үзэхээр байгаа.
6. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй, дүгнэлт гарсан болох нь тогтоогдоогүй байна хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй.
7. Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх асуудлаар гаргасан гомдлын дагуу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалын 1 дэх заалт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлт гэх баримт бичгүүдэд тодорхой тусгагдсан. Тухайн үед “Г о” ХХК-тай нэг тушаалаар асуудал нь шийдвэрлэгдсэн “Лукрий” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар “Г о” ХХК-тай яг адилхан асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс дүгнэлт гарсныг хэрэгт нотлох баримтаар авахуулсан.
8. Дээрх баримтуудаар “Г о” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх асуудлаар гаргасан гомдлын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс тодорхой дүгнэлт гарч, уг дүгнэлтийг үндэслэн тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг дээд шатны дарга болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга гаргасан.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн “...Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй...” гэх дүгнэлтийг зөвтгөж дүгнэлт хийхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтэст хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан “...архивын материал эмх цэгцгүй, дугаарлалтгүй, замбараагүй байна...” гэх тэмдэглэлийг анхааран үзээгүй бөгөөд архивын баримт материал дугаарлалтгүй, эмх цэгцгүй байгаа байдал нь уг дүгнэлтийг төрийн захиргааны байгууллага өөрийн хариуцлагагүй байдлын улмаас алга болгосон гэдгийг харуулж байна.
10. Өөрөөр хэлбэл, огт байхгүй, гараагүй дүгнэлтийг үндэслэж, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг гаргах боломжгүй, уг дүгнэлт гарсан болох нь хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалын 1 дэх заалт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээр нотлогдож байна.
11. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, харин хариуцагч сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа гарцаагүй байдлын улмаас явуулах шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй...” хэмээн дүгнэсэн дүгнэлтийн талаар.
12. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч компанид мэдэгдэх, ямар ч үйл ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулалгүй, мөн компанийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн нөхцөл байдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодруулах зэрэг ажиллагааг хийлгүйгээр гаргасан гэж маргасан.
13. Хариуцагч маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар “Г о” ХХК-д мэдэгдэж, тус компанид тайлбар гаргах боломж олгох ёстой байсан. Гэтэл маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эрхээр хангаагүй, нэхэмжлэгч компанид тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааг явуулаагүй.
14. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон холбогдох зүйл, заалт, бусад мэдээлэл, үндэслэлийн талаар заагаагүй, тэдгээрт тайлбар гаргах боломж, хэлбэрийг зааж өгөөгүй нь сонсох ажиллагаа явуулах тухай дээр дурьдсан Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг хангахгүй байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хууль бус болсон. Захиргааны ерөнхий хуулийн дээр дурьдсан зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулсан эсэхийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
15. Хариуцагчийн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа “...гарцаагүй байдлын улмаас сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан...” гэж тайлбарласан ба энэ тайлбараараа дээрх ажиллагааг явуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн.
16. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг маргаан бүхий шийдвэртэй холбогдуулан сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна гэж дурьдсан атлаа уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь “шүүх гагцхүү хуульд захирагдах” тухай Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчимд нийцээгүй.
17. Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий А/63 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй, харин хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэ байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт гэж үзнэ” гэх дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ талаар хийсэн “...Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын дарга 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаар өөрийнхөө А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна...” гэж дүгнэсэн нь тус тус дараах байдлаар хуульд нийцээгүй дүгнэлт болсон.
18. Хариуцагч маргаан бүхий захиргааны актад гурван хууль зүйн үндэслэлийг заасан. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг нь өмнө нь гарсан А/49 тушаал нь хууль зөрчсөн, хуульд нийцээгүй гэдгийг тодорхойлох хуулийн зохицуулалт биш. Харин агентлагийн даргын хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргах эрх олгосон харилцааг зохицуулсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг үндэслэл болгосон байдаг.
19. Ийм тушаал гарсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, ийм баримт хэрэгт авагдаагүй. Нотлох баримт цуглуулах ажиллагаагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сайдын тушаалыг авчирсан боловч энэ нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаартай “ажлын хэсэг томилсон тухай” тушаалыг ирүүлсэн.
20. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг сэргээх, цуцлахтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргад байдаг. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Кадастрын даргын шийдвэр хууль бус гэх асуудлаарх гомдлыг Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиараа агентлагийн даргад хянан шийдвэрлэдэг.
21. Өөрөөр хэлбэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалыг хүчингүй болгох асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах, даалгавар өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаал гэх захиргааны актын үндэслэн гарсан маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцээгүй гэж үзнэ.
22. Энэхүү гомдолд дурьдсан тайлбар, үндэслэлийг хянан үзэж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 220 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
23. Нэхэмжлэгч “Г о” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын “Г о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд маргаан бүхий захиргааны актаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг тус тус үндэслэн нэхэмжлэгч ХХК-ийн 13297А дугаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.
24. Нэг. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... АМГТГ-ын даргын тушаалаар “Г о” ХХК-ийн 13297А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байсан талаар хүсэлт гаргаснаар АМГТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн АМГТГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар тус ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн ...”, “... (уг) дүгнэлт гарсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалын 1 дэх заалт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлт гэх баримт бичгүүдэд тодорхой тусгагдсан ...” гэж, хариуцагчаас “... хавтаст хэрэгт дүгнэлт гарсан талаар баримт байхгүй учраас дүгнэлт гарсан гэж үзэх үндэслэлгүй ...” гэх байдлаар маргасан; 1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх талд Ашигт малтмалын газрын даргын 01/20 дугаартай албан даалгавар гэсэн баримт авагдсан бөгөөд уг баримтад “2016.7.27” гэж огноолоод “Хэнд: Кадастрын хэлтэст ... “Г о” ХХК-ийн 13279А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж, өргөдлийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэх ...” гэсэн баримт авагдсан байхад анхан шатны шүүх энэ талаар нэмэлт нотлох баримт цуглуулж, эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа “... уг дүгнэлт ашигт малтмал, газрын тосны газрын архивт хадгалагдаагүй, дээрх компанитай холбоотой дүгнэлт, хяналт шалгалт хийсэн талаар аливаа мэдээ, мэдээлэл, баримт материал байхгүй талаар Ашигт малтмалын газрын дарга Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11/3271 дүгээр албан бичгээр нотолсон ...” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
25. Иймд, уг дүгнэлт гарсан эсэх, гарсан бол ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээх нь зүйтэй гэж үзсэн талаар тухайн дүгнэлтийг үйлдсэн этгээдүүдээс гэрчээр асууж, бусад байдлаар уг дүгнэлтийг нотлох баримтаар цуглуулах ажиллагаа хийж, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
26. Хоёр. Хариуцагчаас “... Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж улмаар холбогдох хуулийг зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн зөрчлийг арилгаж, хуульд нийцүүлж ажиллахыг мэдэгдэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг хамт ирүүлсэн ...” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... ийм тушаал гарсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй ..., ... Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ... тушаалыг хүчингүй болгох асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах, даалгавар өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй ...” гэж маргасан байхад анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг нотлох баримтаар цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь мөн буруу байна.
27. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан; анхан шатны шүүх дээрх байдлаар талуудын маргаж буй үйл баримтад хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх алдааг залруулаагүй нь буруу, хяналтын шатны шүүх энэ үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ