Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/00083

 

 

 

 

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/00083

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Ш.Чгийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Чгийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.С, Т.З, Ч.З нарт холбогдох,

“И Л констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоох, тус компанийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,   Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Бт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох,   улсын 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох, эдгээр хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэх бүртгэлийг хийхийг бүртгэлийн болон холбогдох  байгууллагад даалгуулах, хүү Б.Бийг өвлүүлэгч С.Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, “И Л констракшн” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороон дахь улсын бүртгэлийн Ү-2205040300, Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 6, 7 тоот орон сууцны, 90-90 УБД дугаартай Порше маркийн машин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн машин, 83-83 УБЧ дугаартай Ланд круйзер маркийн автомашины ногдох хувийг тус тус гаргуулах, Мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг  тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 5-р хороонд Т.Дтэй хамтран эзэмшдэг газрын С.Бын эзэмших хэсгийн эзэмшигчээр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн С.Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, “И Л констракшн” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг  тогтоолгох, Баянгол дүүрэг, 5-р хороо,  10-р хороолол, 119-р байрны 6, 7 тоот   орон сууцны, Ланд круйзер маркийн 83-33 УБЧ дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД дугаартай автомашин, 10-30 УНБ улсын дугаартай автомашины ногдох хувийг тогтоолгох, Г.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын оногдох хувийн эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч П.С, Т.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М,  хариуцагч П.С, Т.З нарын өмгөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээд Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Чгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие С.Бтай 2005 онд танилцах үед өөрийн бизнестэй байсан бөгөөд Оросын Холбооны улсаас мотоциклийн сэлбэг оруулж, 20 тоннын 2 чингэлэгт  зардаг,  3 өрөө байр, автомашинтай байсан. С.Б Замын цагдаагийн газарт замын цагдаагаар ажилладаг байсан. Бид миний хийж байгаа бизнесийг өргөжүүлье гэж ярилцаад, 2006 оны 5  дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1-д хамтын үйл ажиллагааны үр дүнгээс үүдсэн зардал, олсон орлого, өр авлага бусад зүйлс нь талуудын хамтран өмчлөх дундын өмч байхаар, 1.1-д хамтран ажиллах гэрээтэй холбоотой хөрөнгө оруулалтыг 50, 50 хувиар гаргахаар тусгаж, хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулахад хуулийн этгээд байгуулаагүй. Хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан тул 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2 000 000  төгрөгийн дүрмийн сантай “И Л констракшн” ХХК-ийг байгуулсан. 2006 оны 12 дугаар сард өөрийн 3 өрөө орон сууцаа зараад, хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж, мэргэжилтэн авчирч тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, ажилчдыг сургах зэрэгт шаардагдсан хөрөнгүүдийг дангаараа гаргасан.  2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би хүү Батбаатарын Баттөрийг төрүүлсэн тул  хүүхдээ харж, үйлдвэрлэлээ явуулах, зээл авах зэрэгт амар хялбарыг бодолцож, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “И Л констракшн” ХХК-аас өөрийн эзэмшдэг   1 000 000   төгрөгийн хувьцаа эзэмших эрхээ бэлэглэлийн гэрээгээр С.Бт  шилжүүлсэн. С.Б нь миний оруулж ирсэн хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 152 500 000 төгрөгөөр “И Л констракшн” ХХК-ийн  дүрмийн санг нэмж, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  154 500 000 төгрөг болгож, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнийг би 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр С.Быг нас барсны дараа мэдсэн. Хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн  үнийг би гаргасан, бид хоёрын хамтын ажиллагааны дүнд бий болсон хөрөнгө тул намайг “И Л констракшн” ХХК-ийн хөрөнгийн 50 хувийг оруулсан болохыг тогтоож, тус компанийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү. Шүүхээс С.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоосон. Миний хувьд хамтран ажиллах гэрээний дагуу өөрт ногдох ашгийг авч байгаагүй, хамтран амьдрагч, компанийн хувьцаа эзэмшигч С.Б компанийн  ногдол ашгийг өөрийн нэр дээр авсан. Иймээс энэхүү орлогоор босгосон бүхий л эд хөрөнгө, тухайлбал Баянгол дүүргийн, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 06, 07 тоотын үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын ард байрлах 0,07 га дундын эзэмшлийн газар, Ланд Крузер маркийн 83-38 УБЧ улсын дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашин, Хьюндэй маркийн 10- 30 УНБ улсын дугаартай автомашин зэргийн өмчлөгчөөр С.Б бүртгэгдсэн болно. “И Л констракшн” ХХК-ийн орлогын 50 хувь нь надад оногдох ногдол ашиг байсан юм. Иймд миний бие дээрхи хөрөнгийн 50 хувь буюу Баянгол дүүргийн, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 06 тоот үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах 0,07 га дундын эзэмшлийн газар болон  улсын 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох, эдгээр хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэх бүртгэлийг хийхийг бүртгэлийн болон холбогдох  байгууллагад даалгуулах шаардлага гаргаж байна. Түүнчлэн хүү Б.Б нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч С.Бын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү. Б.Б нь С.Бын нэр дээр байгаа бүх үл хөдлөх хөрөнгө болон бусад хөдлөх хөрөнгийг өвлөх эрхтэй тул “И Л констракшн” ХХК-ийн  хувьцааны  ногдох хэсгийн эзэмшигчээр тогтоож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/, Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн 7 тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн  06 тоот орон сууцнаас түүнд ногдох хувийг гаргуулах, 90-90 УБД дугаартай Порше маркийн автомашин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн автомашин, 83-83 УБЧ дугаартай Ланд круйзер маркийн автомашинаас ногдох хувийг гаргуулах, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Бт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох,  Мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг  тогтоож  өгнө үү гэжээ.

Хариуцагч П.С, Т.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “И Л констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар компани тусдаа хөрөнгөтэй байх нь тодорхой харагдаж байна. Хамтран ажиллах гэрээгээр “И Л констракшн” ХХК-ийн хувьцааг эзэмшихээр тохирсон зүйл байхгүй. Компанийн  үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө, үйл ажиллагаанаас бий болсон зүйл тодорхойгүй байгаа. Хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Залуу монгол корпорацийн  хашааг хөлслөж байршуулж байсныг Ш.Ч өөрийн хамаатны үеэлийнхээ “Босох өргөө” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж,  “Босох өргөө” ХХК бусдад төлөх шүүхийн шийдвэртэй өр төлбөрт хураалгасан. “И Л констракшн” ХХКомпанийн дүрмийн санг нэмэгдүүлснийг Ш.Ч мэдээгүй бөгөөд хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр “И Л констракшн” ХХК-ийн дүрмийн сан нэмэгдэж, бүртгэгдээгүй. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хувьцаа эзэмших эрхийг нотлох тухай заасан. Иймд Ш.Ч “И Л констракшн” ХХК-д хөрөнгө оруулсныг болон  хувьцаа эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй.  Компаний дүрмийн санг нэмэгдүүлсэн асуудлыг өвийн асуудлын дараа бүртгэлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6, 7 тоот дахь  талийгаач С.Бын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үүсгэхэд Ш.Ч  хөрөнгө оруулаагүй. Тухайн 119 дүгээр байр нь 10 давхар бөгөөд  захиалагчдын хөрөнгөөр  “И Л констракшн” ХХК  барьж ашиглалтанд оруулсан. Ш.Чгийн  орлогоор нь орон сууц босгосон гэх хөнгөн бетоны үйлдвэр нь оруулж ирснээс хойш үйл ажиллагаа явагдаж байгаагүй, 2006 онд уг төхөөрөмж нь хөлдсөнийг Ш.Ч мэдэж байгаа. Дээрх үйлчилгээний зориулалттай байрууд компанийн бий болгосон хөрөнгө тул С.Б өөрийн нэр дээр гэрчилгээ гаргаад, Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлд барьцаалсан байгаа. Иймд 06 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ш.Ч өөрийгөө  тогтоолгохоор шаардах эрхгүй. Т.Дтэй хамтран эзэмшдэг газрын, талийгаач С.Бт оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр Ш.Чг тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулахаар шаарджээ. Гэтэл С.Б нь “И Л констракшн” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч байхдаа Т.Дтэй хамтарч газар эзэмших эрхийг авсан юм. Ш.Чгийн хөрөнгө ороогүй. Анх Т.Д нь гарааж барих зорилгоор газрыг эзэмшсэн байдаг  бөгөөд  119 дүгээр байрыг хамтарч барьсны дараа С.Бтай хамтарч, байшин барих зорилгоор түүний нэрийг хамтран эзэмшигчээр уг газарт оруулсан. Ланд круйзер маркийн 83-33 УБЧ дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД дугаартай автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн автомашинууд нь С.Бын нэр дээр эзэмших эрхтэй байсныг Монкорд хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлд С.Б барьцаалуулж, хариуцагч Ч.Зын эзэмшилд уг автомашинуудын эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Ш.Чгийн хөрөнгө энд ороогүй тул  Порше маркийн улсын 90-90 УБД дугаартай автомашины эзэмшигчээр түүнийг тогтоолгох үндэслэлгүй, мөн холбогдох бүртгэл хийхийг даалгуулахаар шаардах эрхгүй. Мобикомын 99119192, 9114041, 99062626, 99296262, 94016868  дугааруудын эзэмшил  Ш.Чд хамааралгүй учраас Ш.Чг эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм. Хүү Б.Бийг өвлүүлэгч С.Бын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах тухайд С.Б нь хариуцагч нарын төрсөн хүү бөгөөд өвчний учир нас барсан, албан ёсоор хэн нэгэнтэй гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй. Ш.Чгийн хүү Б.Б нь С.Баар овоглосон боловч нь хүүхэд биш гэдэг нь шүүхийн шинжилгээгээр батлагдсан.  Ш.Ч болон хариуцагч нарын  хүү С.Б нь 2006 оноос хойш хамтарч ажиллах гэрээ байгуулснаас хойш нэг жил болоод хоорондоо маргалдаж, хамтарч ажиллаж чадахгүй болсон. 2006-2008 он хүртэл хоорондоо маргаж шүүхээр явсан. Ш.Ч нь зургаан удаа хуурамч бүртгэл хийлгэж, хариуцагч нарын хүүгийн компанийг өөрийн болгох гэж явсан. Гэвч Ш.Чгийн хүү нь нэгэнт хүү С.Баар овоглосон  тул С.Баттөрийг С.Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоохыг зөвшөөрч байна. “И Л констракшн” ХХК-ийн хувьцааны ногдох хэсэг,  6,7 тоот орон сууцыг ногдох хэсгээр хамтран өмчлөх, 3 автомашиныг ногдох хэсгээр хамтран өмчлөх байх. Мобикомын дугаарууд “И Л констракшн” ХХК-ийн эзэмшлийнх тул дугаар эзэмшигчээр түүнийг тогтоохыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ч.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний нэр дээр эзэмших эрх нь шилжсэн байгаа 83-83 УБҮ дугаартай Ланд круйзер маркийн, 10-30 УНБ дугаартай Хьюндай  маркийн, 90-90 УБД дугаартай Порше маркийн автомашинуудыг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр  С.Б нь Монкорд хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн барьцаанд тавьсан. Уг автомашинууд нь Монкорд ХЗХоршооны захирлын тушаалаар миний нэр дээр шилжсэн. Улмаар С.Б 2012 онд нас барсан. Зээл нь төлөгдөж дуусаагүй байгаа. С.Бын зээл төлөгдөөд, Монкорд ХЗХоршоог хохиролгүй болгосон тохиолдолд миний бие уг  автомашинуудыг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.С, Т.З  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нарын төрсөн  хүү С.Б 2012 оны 2 дугаар сарын  24 өдөр өвчний улмаас нас барсан. Ш.Ч нь талийгаач С.Бын төрсөн эцэг, эх болох  хариуцагч нарыг хууль ёсны өвлөгч биш гэж маргаж байгаа учир   хариуцагч нарыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, “И Л констракшн” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг өвлөх,  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/, Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300, Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 06, 07 тоот орон сууц, мөн 3 автомашины ногдох хувийг тодорхойлж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын ард байрлах 0,07 га хэмжээтэй, Т.Дтэй хамтран эзэмшдэг газрын С.Бт ногдох хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Ш.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би хариуцагч нарын өвлөхийг хүссэн хөрөнгийн 50 хувийн өмчлөгч, харин үлдэх хэсгийг миний хүү Б.Б бүхэлд нь өвлөх эрхтэй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д тайлбартаа: Ш.Ч 2006 онд С.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулж, С.Быг хөнгөн бетоны үйлдвэр оруулж ирэхээр гадаад явсан хойгуур, гарын үсгийг нь дуурайлган зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн С. Батбаатарыг компанийн хувьцаа эзэмшигчээс хассан байсныг хариуцагч нар заргалдаж, шүүхээр явж шийдвэрлүүлсэн. Ш.Ч өөрийгээ хуурамчаар бичиг баримт үйлдсэн эрүүгийн хэргээс чөлөөлүүлэхийн тулд  “И Л констракшн” ХХК-аас  өөрийн эзэмшдэг  хувьцааг бэлэглэлийн гэрээгээр С.Бт шилжүүлсэн. Хөнгөн бетоны үйлдвэр нь 2006 онд хөлдсөн бөгөөд ажиллаж, орлого олсон зүйл байхгүй. Ш.Чгийн нотлох баримтаар өгсөн хөнгөн бетон үйлдвэрлэсэн мэт хийсэн худалдах худалдан авах гэрээнүүд нь дүр үзүүлсэн гэрээ  юм. Ш.Ч өөрийн үеэл эгчийнхээ “Босох өргөө” ХХК-д Залуу монгол корпорацийн хашаанд хадгалуулсан хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  270 000 000 төгрөгийн өрөнд өгөхөөр, бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлж өгсөн. Ингээд 2007 оны сүүлч, 2008 оны эхээр С.Б надтай уулзаж би нэг гишүүнтэй компанитай, тантай хамтарч ажиллая, Ш.Чтэй хамтарч ажиллах гэсэн чинь ёстой худлаа юм байна гэсэн. Тэгээд бид 2 хамтарч ажиллахаар болж, 2008 онд  Баянгол дүүрэг, 5-р хороонд орон сууцны байр /119 дүгээр/ барих гэрээ хийгээд, захиалагч нараас хөрөнгийг цуглуулах ажлыг хийсэн. Мөн  би барилга барих хөрөнгийг олж босгож,  2011 он хүртэл барилгыг барьж дуусгасан. Энэ барилгыг барихад  Ш.Ч болон Т.З, П.С нараас хөрөнгө ороогүй. Ш.Ч 2007 оноос хойш С.Быг нас барах хүртэл компанийн  хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмших эрхийн талаар маргаан үүсгээгүйг би хамт ажиллаж байсан учир сайн мэдэж байна. 119 дүгээр байрны 06, 07 тоотын талаар “И Л констракшн” ХХК-д холбогдуулан 2011 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг шийдвэрлэхээс өмнө С.Б нас барсан, дараа нь эдгээр хүмүүсийн өвлөх эрхийн маргаанаас үүдэн, өвийн асуудлыг шийдэгдтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж, одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. 6, 7 тоот орон сууцыг болон байр гараажуудыг битүүмжлэх арга хэмжээ авагдсан. Ш.Ч урьд нь сэлбэг зардаг байсан нь үнэн байх. Гэтэл нэг ч төгрөг оруулаагүй байж, орон сууцыг, компанийг өмчлөх эрхийг авах гээд байдаг нь ёс суртахууны доголдол юм. Ш.Ч нь С.Быг нас барснаас хойш янз бүрийн үндэслэл гаргаж ирж, 6 жил шүүхээр заргалдаж байна.  Би С.Бтай 2008 оноос хамтран ажилласныхаа үр дүнд Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах, миний оршин сууж байгаа 2А байрны гаднах газар болох 0,07 га хэмжээтэй газрыг барилга барьж ашиглахаар 5 жилийн хугацаатай, хамтран эзэмших болсон.  С.Б хамтран ажиллаагүй учраас энэ газрыг хамтран эзэмших эрхгүй. Газрын талаар манай байрны “Тасган” СӨХ захиргааны шүүхэд гомдол гаргаж, захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа дууссан. Өнөөдөр энэ газар хэний эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шаардлагаа нотлохгүй байгаа тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн газар эзэмшихтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсгийг баримтлан хариуцагч П.С, Т.З нарт холбогдох, “И Л констракшн” ХХК-д хөнгөн бетоны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулсан болохыг тогтоох, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоотод байрлах,улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,   Д.Д хамтран эзэмшдэг газрын С.Бт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох,   улсын 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох, дээрх эрх болон хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэх бүртгэлийг хийхийг бүртгэлийн болон холбогдох  байгууллагад даалгуулах тухай Ш.Чгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсгийг баримтлан Батбаатарын Баттөр, Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нарыг өвлүүлэгч Сүхбаатарын Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоож,  “И Л констракшн” ХХК-ийн хувьцааг Б.Б 33,34 хувиар, П.С 33,33 хувиар, Т.З 33,33 хувиар тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоож, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг баримтлан Б.Б, Т.З, П.С нар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаартбүртгэгдсэн 7 тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, 6 тоот орон сууцыг тус бүр 1/3 хэсгээр, 90-90 УБД дугаартай Порше маркийн машин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн машин, 83-83 УБЧ дугаартай, Ланд круйзер маркийн автомашинуудыг тус бүр 1/3 хэсгээр тус тус дундаа хамтран өмчлөх,  Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах, нэгж талбарын 4/0191 дугаартай, Т.Дтэй хамтран эзэмшдэг 700 м.кв газраас өвлүүлэгч С.Бт ногдох ½ хэсгийн газрыг  өвлөгч Б.Б, Г.З,  П.С нар тус бүр 1/3 хэсгээр буюу тус бүр 116,66 м.кв талбайг эзэмшихээр холбогдох газарт хүсэлтээ гаргах эрхтэйг тогтоож, Б.Бийн нэхэмжлэлээс Мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг  тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  өвлөгч Б.Б, Т.З, П.С нарыг эзэмшигч, өмчлөгчөөр  бүртгэх, гэрчилгээг олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт  даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 07132, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11414 захирамжуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Чгийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Амьд хүний хөрөнгө өвлөгдөхгүй, миний бие шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн. 2008 оны 3 шатны шүүхийн шийдвэр, гэрчийн мэдүүлэгүүд, хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг давсан хуулийг дорд үзсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Өмнө нь энэ хэргийг 2 удаа анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс ханган шийдвэрлэсэн. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх баримтуудыг үгүйсгэж байгаа нь хууль бус юм. Зохигч нар тус шүүхэд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх гэж хандсан боловч шүүгч Д.Наранцэцэг маргааныг шийдвэрлэх биш бүр эсрэгээрээ 1/3 гэж хамт болгож, 3 хүнийг нийлүүлж, салгаж өгөхгүй маргааныг дуусахгүй байдалд хүргэсэн. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 10 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны 03218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Ш.Ч “И Л констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоож, тус компанийн хувьцааны 50 хувийн эзэмшигч, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй 06 тоот орон сууц, 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох, Т.Дтэй хамтран эзэмшдэг газрын өвлүүлэгч С.Бт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох,   эдгээр хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэхийг бүртгэлийн болон холбогдох  байгууллагад даалгах, хүү Б.Бийг өвлүүлэгч С.Бын хууль ёсны өвлөгчөөр, “И Л констракшн” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийн өвлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн Ү-2205040300, Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 06, 07 тоот орон сууцны, 90-90 УБД дугаартай Порше маркийн автомашин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн автомашин, 83-83 УБЧ дугаартай Ланд круйзер маркийн автомашины ногдох хувийг тус тус гаргуулах, Мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг  тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 5-р хороонд Т.Дтэй хамтран эзэмшдэг газрын С.Бын эзэмших хэсгийн эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжилснийг,  

хариуцагч П.С, Т.З нар зарим хэсгийг нь эс зөвшөөрч “И Л констракшн” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг  тогтоолгох, Баянгол дүүрэг, 5-р хороо,  10-р хороолол, 119-р байрны 6, 7 тоот   орон сууцны, Ланд круйзер маркийн 83-33 УБЧ дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД дугаартай автомашин, 10-30 УНБ улсын дугаартай автомашины ногдох хувийг тус тус тогтоолгох, Т.Дтэй хамтран эзэмшдэг газрын ногдох хэсгийн эзэмшигчээр тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

          Талуудын хоорондын маргаан 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй байх бөгөөд уг гэрээ нэхэмжлэгч Ш.Ч, өвлүүлэгч С. Батбаатар нарын хооронд байгуулагдаж үйл ажиллагааны дүнд олсон орлогоосоо жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж авах, хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг сар тутамд хуваан гаргах, гэрээний хугацаанд бий болсон орлого эд  хөрөнгө.., зэргүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар тохиролцсон байна. Гэрээний агуулгаас үзэхэд талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ  байгуулсан байх боловч мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар ашиг алдагдал хувиарлах, гэрээнээс гарах, гэрээ дуусгавар болох үндэслэл, дундын хөрөнгө хувиарлах, талуудаас төлөгдөх хураамжийн хэмжээ тусгагдаагүй байхын зэрэгцээ хамтын ажиллагааны явцад хэрхэн ажиллаж, хөрөнгө хуримтлуулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

    

          Шүүх нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэлт өгчээ.

 

            Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “2007 онд 2.0 сая төгрөгийн дүрмийн сантай “Икс ланд констракшн” ХХК байгуулж БНХАУлсаас хөнгөн бетон үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж холбогдох зардлыг өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа худалдаж гаргасан” гэж тайлбарладаг боловч энэ нь хамтран ажиллах гэрээ, “Икс ланд констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэр, гишүүдийн оруулсан хөрөнгийн жагсаалт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хэлтсийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч С.Чимгээ Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 113-р байрны 15 тоот дахь өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн лавлагаа, мөн нэхэмжлэгч Ш.Ч, өвлүүлэгч С.Б нарын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2006 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал компани 2007 онд байгуулагдахаас өмнө 2006 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тоног төхөөрөмж худалдаж авсан, 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч өмчлөлийн орон сууцаа бусдад худалдсан байх тул нэхэмжлэгчийн тайлбар дээрх үйл баримттай зөрүүтэй байна.

        Өвлөгдвөл зохих хөрөнгийн үүсэл, захиран зарцуулалтын талаар хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд “И Л констракшн” ХХК 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр С.Б, Ш.Ч нарын 2 гишүүнтэй, 2.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, улсын бүртгэлд 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч нь тус компанийн дүрмийн сангийн 50 хувь буюу 1 000 000 төгрөгийг хариу төлбөргүйгээр, С.Бт шилжүүлэн компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж холбогдох бүртгэл хийгдсэн нь тогтоогдож байна.

            Компани байгуулахаас өмнө нэхэмжлэгч нь БНХАУ-аас оруулж  хөнгөн бетон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өвлүүлэгч С.Бтай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ зөрчиж, өөрийн “Чибитэ” ХХК-ийн нэр дээр үнэлүүлэн, 2007 оны 01 сард “Чибитэ” XXК-ийн дүрмийн санг 260 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн бүртгүүлж, тэрээр С.Быг 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Чибитэ” ХХК-ийн хувь нийлүүлэгчээр, 2007 оны 03 дугаар 12-ны өдөр хувь нийлүүлэгчээс хасуулах бүртгэлийг хийлгэсэн, 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Чибитэ” ХХК-ийн захирал Ш.Ч нь С.Бт мэдэгдэлгүйгээр “Босох өргөө” ХХК-д дээрх тоног төхөөрөмжөө бэлэглэхдээ түүний  иргэний үнэмлэхийг ашиглаж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба энэ талаар С.Б нь Үндэсний татварын ерөнхий газрын харьяа, Улсын бүртгэлийн албаны татварын улсын байцаагч нарт холбогдуулан, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасныг  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн  Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 249 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 тогтоол хүчинтэй байна.   

 

          Түүнчлэн өвлүүлэгч С.Б анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг гарсан даруйд нь “Чибитэ” ХХК, “Босоо өргөө” ХХК-д холбогдуулан “Чибитэ” ХХК-ийн дүрмийн сангийн 99.7 хувь болох 260 000 000 төгрөгийн хөрөнгийг бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжилж улмаар шүүх 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1647 дугаар захирамжаар хөнгөн бетон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг захиран зарцуулах эрхийг нь хориглосон боловч “Босох өргөө” ХХК-ийн гомдлоор уг захирамжид тоног төхөөрөмжийг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэх, барьцаалахыг хориглосон өөрчлөлт оруулсан байх ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 214 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад үүнд үндэслэн нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгожээ.

 

             Нэхэмжлэгч нь өвлүүлэгч С.Быг 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсны дараа “И Л констракшн” ХХК-ийн хувьцааны 49.35 хувийг өөрийнхээ нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

                   

          Хэргийн 3 дугаар хавтасны 77-153 дах талд авагдсан баримтуудаас үзэхэд  “Босох өргөө” ХХК Хан Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр захирамжаар “Уулсболд” ХХК-д 40 654 250 төгрөгийн, 2009 оны 04 дгээр сарын 02-ны өдрийн 323 дугаар захирамжаар “Меритон” ХХК-д 33 603 870 төгрөгийн, 2009 оны 06 дугаар 09-ний өдрийн 552 захирамжаар “Тедмент” ХХК-д 20 103 000 төгрөгийн, 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар захирамжаар Д.Туяахүүд 17 095 500 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй байх ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хөнгөн бетон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг төлбөр авагч нарын төлбөрт шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

        

        Хэдийгээр 2008 оны 214 дүгээр шийдвэрээр “Чибитэ” ХХК, “Босох өргөө” ХХК-ийн дүрмийн санд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосон ч “Босох өргөө” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байсан тоног төхөөрөмжийг тус компани бусдад төлөх өр төлбөртөө шилжүүлэн өгсөн байгаа нь тогтоогджээ.   

 

         Шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийж Ш.Чг хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өөрөө захиран зарцуулсан гэж дүгнэж компанийн хөрөнгө оруулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

         Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн орон сууц болоод автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

            Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр олсон орлогоос Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энх тайвны өргөн чөлөө, 119-р байрны 06 тоот үйлчилгээний зориулалттай барилга, 90-90 УБД дугаартай Порше маркийн автомашин бий болсон гэж тайлбарладаг боловч үүнийг нотлох эргэлзээгүй баримт ирүүлээгүй байна. Гуравдагч этгээд нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэргийн 1-р хавтасны 140-145 дугаар тал авагдсан орон сууцны барилга худалдах, худалдан авах болон бараа нийлүүлэх гэрээг ашиг орлого олж байгаа гэж бусдад харуулахад ашиглах зорилгоор дүр үзүүлж хийгдсэн гэрээ гэж тайлбарласан бөгөөд эдгээр баримтууд нь хөнгөн бетон үйлдвэрийн үйл ажиллагаанаас “И Л констракшн” ХХК болон С.Б орлого олсныг нотлохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу биш.  

 

          С.Б, Г.Д хамтран эзэмшдэг газрынхаа эзэмших эрхийг нэхэмжлэгч Ш.Чгийн өмчлөлийн автомашиныг зарж худалдаж авсан гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.

 

          Нэхэмжлэгчийн Б.Бийг төлөөлөн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар Б.Б нь С.Бын хууль ёсны өвлөгч байна.

 

         “И Л констракшн” ХХК 154 500 000 төгрөгийн дүрмийн сантай, ганц гишүүнтэй бөгөөд С.Б 100 хувь эзэмшигч байхын зэрэгцээ маргаан бүхий  06, 07 тоот үйлчилгээний зориулалттай сууц, 90-90 УБД дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн автомашин, 83-83 УБЧ дугаартай, Ланд круйзер маркийн автомашины өмчлөгч, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах 0,07 га газрыг гуравдагч этгээд Т.Дтэй хамтран эзэмшдэг нь автомашин, орон сууц, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. 

 

           Ш.Ч, С.Бтай 2006-2012 онуудад хамтын амьдралтай байж, 2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Б.Б Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу С.Баар овоглогджээ.

 

      Шүүх эцэг, эх, хүүхдийн хооронд үүсэх эрх, хүлээх үүрэг болоод гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

          Б.Б Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан этгээдтэй адил хэмжээгээр өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөх эрхтэй, энэ талаар түүнтэй нэгэн адил өвлөх эрхтэй өвлүүлэгчийн эцэг, эх болох Т.З, П.С нар гомдол гаргаагүй болно. Хууль буюу гэрээний үндсэн дээр бусдын эзэмшлээс хөрөнгө, эрх шаардах тул маргаан бүхий зүйлийн эзэмшил нь хууль бус гэдэг нь тогтоогдоогүй нөхцөлд мобикомын 99119192, 99114041, 99296262, 99062626 99066868, 94016868 дугааруудыг шаардах эрхгүй болно.  

          Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  Хариуцагч Т.З, П.С нар С.Бын төрсөн эцэг, эхийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэг заасан хууль ёсны өвлөгч мөн. Энэ хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2 дахь хэсэгт заасны дагуу өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй.

 

            Дээр дурьдагдсан өвлөгч нарын хэн аль нь өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар наториатын байгууллагад хандсан боловч өвлөгдөх хөрөнгийн талаар маргаантай гэх үндэслэлээр Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилснийг шүүхээс авч үзэж, компанийн хувьцааг адил тэнцүү хэмжээгээр эзэмшүүлж, бусад хөрөнгө, хөрөнгө эзэмших эрхийг зээлийн үүрэг ногдсон, нэхэмжлэлийн дүнг мөнгөн дүнгээр илэрхийлж тодорхой заагаагүй байгааг харгалзан өвлөгч тус бүр 1/3 хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

          Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                               А.МӨНХЗУЛ

 

ком