Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02946

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02946

 

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Ганьтийн 40 дүгээр байр, 63 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Шаравын Чимгээ /РД:ЧЖ66072362/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 93 тоот хаягт оршин суух, Тайж нар овогт Пүрэвжалын Сүхбаатар /РД:ЧЛ49020611/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 93 тоот хаягт оршин суух, Тайж нар овогт Төмөрхүүгийн Загдсүрэн /РД:ЧЛ54103102/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 38 дугаар гудамж, 751б тоот хаягт оршин суух, Адиа овогт Чойжилын Золжаргал /РД:ЧО67121371/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Чимгээг “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоож, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох бүртгэл хийлгэхийг даалгуулах, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Батбаатарт оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгож, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, хүү Б.Баттөрийг өвлүүлэгч С.Батбаатарын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, “Икс лэнд констракшн” ХХК-ийн хувьцааны оногдох хэсгийг тогтоолгох, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, С.Батбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 7 тоот орон сууц, Ү-2205040301 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 6 тоот орон сууцны оногдох хувийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Чимгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч П.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд С.Батбаатартай анх танилцсан. Тэрээр замын цагдаа ажилтай байсан. Миний бие тухайн үед ОХУ-аас мотоциклийн сэлбэг оруулж ирэн Нарантуул зах дээр борлуулдаг байсан. 2006 онд бид хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. С.Батбаатар 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бидний дундын хөрөнгө хөнгөн бетоны үйлдвэрийг 152.500.000 төгрөгөөр үнэлүүлээд 154.500.000 төгрөг болгож, дүрмийн сангаа нэмэгдүүлснийг миний бие мэдээгүй бөгөөд нас барсных нь дараа мэдсэн. Энэхүү хөнгөн бетоны үйлдвэрийг ажиллуулж олсон ашиг орлогоор “Икс лэнд констракшн” ХХК-ийн болон С.Батбаатарын нэр дээрх Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06,07 тоот үл хөдлөх хөрөнгө, Д.Дамдинсүрэнтэй хамтарч газар авсан. Одоо Ч.Золжаргалын нэр дээр байгаа Ланд круйзер маркийн 83-38 УБЧ улсын дугаартай автомашин, порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашин, 10-30 УНБ улсын дугаартай автомашинуудыг, утасны дугаарууд зэрэг маргаан бүхий хөрөнгүүд үүссэн. Хамтран ажиллах гэрээний дагуу “Икс лэнд констракшн” ХХК-ийг бид хоёр үүсгэн байгуулсан. С.Батбаатар бид 2 хамтран ажиллах хугацаандаа хамтран амьдарч, хүү Б.Баттөрийг 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрүүлсэн. Би хүүгээ асраад бичиг баримт хөөцөлдөхөд төвөгтэй байсан тул “Икс лэнд констракшн” ХХК-ийг С.Батбаатарын нэр дээр шилжүүлсэн. Энэхүү байдлыг далимдуулан С.Батбаатар дангаараа хөнгөн бетоны үйлдвэрийг үнэлүүлэн шилжүүлсэн байсан. С.Батбаатар 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барж, түүнийг төрүүлсэн эцэг, эх, дүү Баттулга бид нарын хооронд хөрөнгийн маргаан бий болсон. Иймд намайг “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоож, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох бүртгэл хийлгэхийг даалгуулах, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Батбаатарт оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгож, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, хүү Б.Баттөрийг өвлүүлэгч С.Батбаатарын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Чимгээг “Икс Лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоолгож, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгах гэжээ. Гэтэл Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасанчлан компани нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй байхаар хуульчлагдсан. Эндээс компани тусдаа хөрөнгөтэй байх нь тодорхой харагдаж байна. Компанийн хөрөнгө нь хувьцаанаас ялгаатай ойлголт юм. Хэрэв хөрөнгө нийлсэн холилдсон гэж үзвэл тэр нь Ш.Чимгээг компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэл биш юм. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6,7 талийгаач С.Батбаатарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үүсгэхэд Ш.Чимгээ миний хөрөнгө нийлсэн тул 06 тоотын өмчлөгчөөр Ш.Чимгээг тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах гэжээ. Гэтэл тухайн орон сууцыг “Икс лэнд констракшн” ХХК нь барьж ашиглалтанд оруулсан байдаг. Компанийн бий болгосон хөрөнгө буюу 06 тоот хөрөнгийн өмчлөгчөөр Ш.Чимгээг тогтоох боломжгүй юм. Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Батбаатарт оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр Ш.Чимгээг тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах гэжээ. Гэтэл С.Батбаатар нь Икс лэнд констракшн ХХК-ийн 100 хувийн эзэмшигч байхдаа Т.Дамдинсүрэнтэй хамтарч бий болгосон хөрөнгө юм. Ш.Чимгээгийн хөрөнгө ороогүй. Анх Т.Дамдинсүрэн нь гараж барих зорилгоор авсан бөгөөд дараа нь С.Батбаатарын нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан юм. Ланд круйзер маркийн 83-33 УБЧ дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД дугаартай автомашин, 10-30 УНБ улсын дугаартай автомашинуудыг миний хөрөнгөөр авсан тул Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгон, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах гэжээ. 99119192, 9114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр Ш.Чимгээг тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах гэжээ. Гэтэл дээрх автомашинууд болон утасны дугаарууд нь С.Батбаатарын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд эдгээр автомашинууд болон утасны дугааруудыг худалдаж авахад Ш.Чимгээгийн хөрөнгө ороогүй учраас Ш.Чимгээг эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм. Хүү Б.Баттөрийг өвлүүлэгч С.Батбаатарын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах гэжээ. Гэтэл С.Батбаатар нь бидний төрсөн хүү бөгөөд өвчний учир нас барсан. Хүү маань албан ёсоор хэн нэгэнтэй гэрлэлтээ батлуулж байгаагүй ба Ш.Чимгээгийн хүү Б.Баттөр нь миний хүүгээр овоглогдсон байдаг. Ш.Чимгээгийн хүү Б.Баттөр нь С.Батбаатарын хүүхэд биш гэдэг нь шүүхийн шинжилгээгээр батлагдсан. Ш.Чимгээгийн хүүг Т.Загдсүрэн би хүүгийнхээ нэрээр овоглосон нь буруу болсон. Ш.Чимгээ болон миний хүү С.Батбаатар нь 2006 оноос хойш хамтарч ажиллах гэрээ байгуулсан боловч нэг жил болоод хоорондоо маргалдаж, хамтарч ажиллаж чадахгүй болсон. Улмаар 2006-2008 он хүртэл маргаж шүүхээр явсан. Ш.Чимгээ нь зургаан удаа шунахай сэтгэл гаргаж хуурамч бүртгэл хийж миний хүүгийн компанийг өөрийн болгох гэж явсан нь бүгд нотлогдсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

            Хариуцагч Ч.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Батбаатар нь Монкорд хадгаламж зээлийн хоршоонд зээлийн төлбөртэй тул уг төлбөрийг барагдуулсны дараа автомашинуудыг шилжүүлэхэд татгалзахгүй. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хүү С.Батбаатар 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш Б.Баттөрийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чимгээ нэхэмжлэл гарган төрсөн эцэг, эх болох П.Сүхбаатар, Т.Загдсүрэн бидэнд холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгө болон түүний өөрсдөд ногдох хэмжээний талаар маргаан үүсгээд байгаа билээ. Ш.Чимгээ нь талийгаач С.Батбаатарын төрсөн эцэг, эх болох бид хоёрыг хууль ёсны өвлөгч биш гэж маргаж байгаа учраас талийгаачийн төрсөн эцэг, эх болохын хувьд бид өөрсдийгөө хүүгийнхээ хууль ёсны өвлөгч мөн гэж үзэж байгаа бөгөөд бусад өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй гэж үзэж байгаа учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, мөн хуулийн 520.1.1-д “... нас барагчийн төрүүлсэн эцэг, эх”, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө”, мөн зүйлийн 515.3 дахь хэсэгт “Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ” гэж заасан. Иймд С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгосонтой холбогдуулан өвлөгдөх хөрөнгүүдийн оногдох хэсгийг тогтоолгож, Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны оногдох хэсгийг тогтоолгох, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, С.Батбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 7 тоот орон сууц, Ү-2205040301 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 6 тоот орон сууцны оногдох хувийг тогтоож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч Ш.Чимгээ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд нарын өвлөхийг хүссэн хөрөнгийн 50 хувийн өмчлөгч нь би бөгөөд үлдэх хэсгийг миний хүү Б.Баттөр бүхэлд нь өвлөх эрхтэй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь нотлогдож байгаа. Орон сууцтай байсан. Орон сууцаа худалдаж борлуулсан баримт. Мөн банкнууд дахь данснуудад байсан мөнгө, хадгаламжууд, өгөөмөр зах дээр контейнер ажиллуулдаг байсан гэдэг нь нотлогдож байгаа. Талийгаач С.Батбаатарын замын цагдаагийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байдаг. Энэ баримтаар С.Батбаатар нь хөрөнгөгүй байсан гэдэг нь нотлогддог. Хөрөнгийн эх үүсвэрээ оруулаад хамтран ажиллах гэрээ хийж 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн боловч 50, 50 хувиар авъя гэж гэрээний заалт дээр тохиролцсон байдаг. Хамтран ажиллах гэрээний үр дүнд хөнгөн блокны үйлдвэр бий болсон. Энэ үйлдвэрийн хөрөнгийг 50, 50 хувиар эзэмших эрхтэй юм байна гэдгийг 2006 оноос эхлээд 2008 онд гаргасан захиргааны 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. Энэ 152.500.000 төгрөгийн хөрөнгө байна гэдгийг 3 шатны шүүхээр нотолсон байгаа. Энэ 152.500.000 төгрөгийн хөрөнгө нь “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө болон үлдсэн. Тухай захиргааны шүүх дээр маргаж байхдаа 260.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан хөрөнгө яагаад 152.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа вэ гэхээр 2008 он хүртэлх элэгдэл хорогдлыг хасаж тооцож гаргасан дүн,  Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 06, 07 тоот гэх адилхан тус тусдаа 200 м.кв  2 байрны 6 тоотын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан. Тухайн орон сууцыг “Икс лэнд констракшн” ХХК барьж гүйцэтгэсэн. С.Батбаатар энэ байрыг дангаараа өмчлөх эрх байхгүй миний хөрөнгө холилдсон байгаа гэдэг. Т.Дамдинсүрэн, С.Батбаатар нарын хамтран эзэмшдэг газрын өмчлөгчөөр шинээр тогтоолгох хүсэлт гаргасан. Энэ хөрөнгийн эх үүсвэр нь Ш.Чимгээгээс гарсан.  Мөн 3 авто машины нэг 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох. Бусад 2 авто машинаас оногдох хэсгийг гаргуулах, Мобикомын “Икс лэнд констракшн” ХХК-ийн эзэмшилд байдаг 6 ширхэг утасны  дугаарын эзэмшигчээр тогтоолгох,  Хүү Б.Баттөрийг талийгаач С.Батбаатарын өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлүүлэх, холбогдох бүртгэл хийлгэхийг даалгах хүсэлттэй байгаа. Өвлөгч Б.Баттөр нь 3 сарын дотор өв хүлээн авахгүй гэсэн нотариатад хариу өгөөгүй бол өв хүлээн авах эрхтэй этгээд мөн болно. Эх Т.Загдсүрэн үлдээсэн байсан 3 данснаас хариуцагч П.Сүхбаатар 3 дансны мөнгөн хөрөнгөөс татгалзаж байна гэсэн хүсэлтээ 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бичгээр бичиг өгсөн байдаг. Мөн энэ тоот хаяг бүгд бүртгэлтэй байдаг боловч, энэ хаягт цуг амьдарч байгаагүй  гэдгийг гэрч нар болон нотлох баримтаар нотлогддог. Дүүргийн Иргэний хэргийн шүүхээс хамтын амьдралтай байсан гэдгийг нь тогтоолгосон байгаа. Энэ хурал дээр асуугдсан гэрч нар С.Батбаатар, Ш.Чимгээ нар хамт Сансарт амьдарч байсан гэж нотолсон. Нэг жилийн дотор “Икс лэнд констракшн” ХХК-ийн өвлөгдөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлттэй байдаг. Талийгаачийн зураг хүүхдийнхээ зурагтай нь үнэхээр адилхан байдаг юм билээ. Мөн С.Батбаатар компанид хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй гэв.

Хариуцагч П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан гэж хэлж байгаа. Энэ гэрээн дээр оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцааг эзэмшинэ гэсэн заалт байхгүй. Компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож тоног төхөөрөмжийн бүртгэлийг хийлгэж, дүрмийн сан нэмэгдсэн болохоор хувьцаа эзэмшихэд оролцох эрхтэй гэж нэхэмжлэгч үзээд байгаа. Хуулийн этгээдийн бүртгэл хууль ёсны дагуу хийгдээгүй байна гэж шүүх үзсэн байдаг. Ш.Чимгээ “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан гэх үндэслэл байхгүй. Компанийн хувьцаа эзэмшигч гэх мөн гэж нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч ямар эд хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзээд байна вэ гэхээр “Икс лэнд констракшн” ХХК 06, 07 тоот орон сууцыг барьсан эн орон сууцыг барихад оролцсон хөрөнгө оруулалт миний эд хөрөнгө байгаа гэж нэхэмжлэгч ярьж байна. Мөн С.Батбаатарын 100 хувийн хөрөнгө оруулалттай, “Икс лэнд констракшн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, “Икс лэнд констракшн” ХХК-ийн хөрөнгө болох 6 ширхэг утасны дугааруудын хувьд бол компанийн хувьцаа эзэмшигч гарч ирсний дараа дугааруудыг шилжүүлэх эрхтэй. Мөн тухайн нотариатын тэмдэглэгээг жил дуусахаас өмнө 2 хоногийн өмнө бүртгүүлсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тиймээс эцэг, эх хоёрын хувь өвлөх эрхээ алдаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд бол 06 тоот үл хөдлөх хөрөнгийг эзэмшигчээр тогтоолгож, бусад эд хөрөнгийг шүүхийн тогтоосон хэмжээгээр хариуцагч нар төлөхөд татгалзах зүйлгүй. Газрын асуудал захиргааны шүүхээр шийдэгдэх боломжтой. Хамтын амьдралтай гэдгийг шүүхийн онцгой ажиллагааны журмаар тогтоосон байдаг. Мөн онцгой ажиллагааны журмаар тогтоосон нь өвлөх эрхтэй холбоотой гэдэг нь үндэслэлгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Батбаатартай хамтран ажилласныхаа үр дүнд тус газрыг хамтран эзэмшинэ гэж тохиролцсон боловч хамтран ажиллаагүй учраас С.Батбаатар нь газрыг хамтран эзэмших эрхгүй. Мөн газар эзэмших эрхийн хугацаа дууссан, өнөөдөр уг газар хэний эзэмшилд байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь шаардлагаа нотлохгүй байгаа тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн газар эзэмшихтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             

Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.Чимгээ нь хариуцагч П.Сүхбаатар нарт холбогдуулан Ш.Чимгээг “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоож, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох бүртгэл хийлгэхийг даалгуулах, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Батбаатарт оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгож, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, хүү Б.Баттөрийг өвлүүлэгч С.Батбаатарын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага,

            хариуцагч П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нар нь  С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгосонтой холбогдуулан өвлөгдөх хөрөнгүүдийн оногдох хэсгийг гаргуулах, “Икс лэнд констракшн” ХХК-ийн хувьцааны оногдох хэсгийг тогтоолгох, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, С.Батбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 7 тоот орон сууц, Ү-2205040301 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 6 тоот орон сууцны оногдох хувийг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

            Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            Нэг. Нэхэмжлэгч Ш.Чимгээгийн “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоож, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах шаардлагын талаар.

 

            Ш.Чимгээ, талийгаач С.Батбаатар нар нь 2006 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаатай “хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээний үр дүнд олсон бэлэн мөнгөний 50, 50 хувийг гарган жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж авах, тухайн гэрээний үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар тохирсон байна. Харин Ш.Чимгээ нь дээрх гэрээний дагуу БНХАУ-аас оруулж ирсэн “хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмж”-ийг 260.000.000 төгрөгөөр үнэлүүлж, С.Батбаатарын зөвшөөрөлгүйгээр өөрийн компани болох “Чибитэ” ХХК-ийн дүрмийн санд бүртгүүлсэнийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 214 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох нь Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 249 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

            Талийгаач С.Батбаатар нь дээрх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2011 онд дахин үнэлүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/97 дугаар шийдвэрээр дахин үнэлсэн үнэлгээ болох 152.500.000 төгрөгөөр өөрийн “Икслэнд констракшн” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Дээрх шүүхийн шийдвэрээр хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг С.Батбаатар, Ш.Чимгээ нар 50, 50 хувиар өмчлөх эрхтэй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар маргаагүй тул “Икс лэнд констракшн” ХХК-ийн дүрмийн санд Ш.Чимгээгийн 76.250.000 төгрөгийн хөрөнгө орсон болох нь тогтоогдлоо.

            Нэхэмжлэгч Ш.Чимгээ нь компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагын үндэслэлээ өөрийнх нь 76.250.000 төгрөгийн хөрөнгө “Икслэнд констракшн” ХХК-ийн дүрмийн санд орсон бөгөөд зөвхөн 1.000.000 төгрөгийн хувьцаагаа бэлэглэсэн болохоос 76.250.000 төгрөгийн хувьцааг бэлэглээгүй гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ” гэж тодорхойлсон. Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно”, 31.2.1-д “нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах”, 31.2.2-д “хувьцаа нэмж гаргах замаар өсгөх” гэж зохицуулсан.

            Ш.Чимгээ нь “Икслэнд констракшн” ХХК-ийн хувьцааны өөрт ногдох хэсэг болох дүрмийн сангийн 50 хувь буюу 1.000.000 төгрөг болон үүнтэй холбоотой эрхийг бэлэглэлийн гэрээгээр С.Батбаатарт шилжүүлж, тус компанийн дүрмийн сан 2.000.000 төгрөг болж, үүсгэн байгуулагч нь С.Батбаатар болсон болох нь зохигчдын тайлбар, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Үүн дээр хөнгөн бетон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 152.500.000 төгрөгөөр үнэлж, дүрмийн сангийн хэмжээ нь нэмэгдэж 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Икслэнд констракшн” ХХК-ийн дүрмийн сан 154.500.000 төгрөг болж бүртгэгдсэн байна.

            Дээрхээс дүгнэхэд “Икслэнд констракшн” ХХК-ийн дүрмийн сан нь Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д “нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах” гэсэн байдлаар нэмэгдсэн болох нь харагдаж байна.

            Өөрөөр хэлбэл, компанийн дүрмээ сан 152.500.000 төгрөгөөр нэмэгдэхдээ компанийн хувьцааны тоо нэмэгдээгүй, харин хувьцааны үнэ нэмэгдсэн байх тул Ш.Чимгээгийн би 1.000.0000 төгрөгт ногдох хувьцаа л бэлэглэсэн болохоос, 76.250.000 төгрөгт ногдох хувьцааг С.Батбаатарт бэлэглээгүй тул энэхүү хөрөнгөдөө ногдох хувьцаа эзэмшигчээр бүртгүүлнэ гэх шаардлага үндэслэлгүй байна.

            “Икс лэнд констракшн” ХХК-ийн дүрмийн санд нэмэгдэж бүртгэгдсэн хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан Ш.Чимгээ, С.Батбаатар нарын дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн боловч мөн хуулийн 108.8-д зааснаар Ш.Чимгээ нь өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй болохоос өөрт ногдох хэсэгтээ компанийн хувьцааг шаардах эрхгүй тул түүний “Икс лэнд констракшн” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

            Хоёр. Ш.Чимгээгийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох холбогдох бүртгэл хийлгэхийг даалгуулах, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Батбаатарт оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгож, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах шаардлагын талаар.

 

            Нэхэмжлэгч Ш.Чимгээ нь дээрх хөрөнгийг С.Батбаатартай дундаа хамтран өмчилдөг хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон тул 2006 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул ногдох хэсгийнхээ өмчлөгчөөр тогтоолгох, зөрүү мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлав.

            Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот, Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь С.Батбаатар  болох нь хэрэгт авагдсан 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар,  порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигч нь Ч.Золжаргал байх бөгөөд харин С.Батбаатар дээрх автомашиныг 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр худалдаж авсан болох нь Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгсэл бүртгүүлэх маягт, тээврийн хэрэгслийн лавлагаагаар, 99119192 /2011.01.10-аас/, 99114041 /2010.08.05-аас/, 99062626 /2010.11.30-аас/, 99296262 /2012.03.12-аас/ дугаарын эзэмшигч нь “Икс лэнд констракшн” ХХК болох нь “Мобиком корпораци” ХХК-ийн албан бичгээр, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 154/0191 дугаартай, 700 м.кв газрын эзэмших эрхийг 2010 оноос эхлэн  С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нар эзэмшиж байгаа болох нь Нийслэлийн Газрын албанаас ирсэн албан тоотоор тус тус тогтоогдож байна.

            Дээрх хөрөнгүүд нь хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэлгээг хийж, улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө бий болжээ. “Икс лэнд коснтракшн” ХХК нь дүрмийн сангаа нэмэгдүүлэх шийдвэрийг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж, 2011 оны 4 дүгээр сарын 26-нд бүртгүүлсэн байхаас гадна “Икс лэнд констракшн” ХХК нь анх байгуулагдсан цагаасаа эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлээ барилгын материалын үйлдвэрлэл гэж тодорхойлсон байна.

            Иймд эдгээр хөрөнгө нь нэхэмжлэгч Ш.Чимгээгийн С.Батбаатартай дундаа хамтран өмчлөх эрх бүхий хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Гурав. Хүү Б.Баттөрийг өвлүүлэгч С.Батбаатарын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын талаар.

 

            Нэхэмжлэгч Ш.Чимгээ нь 2006 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд талийгаач С.Батбаатартай гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Баттөрийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 3937 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Үүнээс гадна хариуцагч Т.Загдсүрэн нь С.Батбаатарыг Б.Баттөрийн биологийн эцэг биш болохыг тогтоолгох нэхэмжлэл, 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн эцэг тогтоолгох өргөдлийг үндэслэн хийгдсэн захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, түүнийг үндэслэн хийгдсэн Б.Баттөрийн эцгийг захиргааны журмаар тогтоосон бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттөрийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ. Иймд Б.Баттөр нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач С.Батбаатарын хууль ёсны өвлөгч мөн байна.

            Хариуцагч Сүхбаатар, Т.Загдсүрэн нар нь талийгаач С.Батбаатарын төрсөн эцэг, эх мөн тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар мөн талийгаач С.Батбаатарын хууль ёсны өвлөгч болох тул талийгаачийн хүү Б.Баттөр нь өвлөгдөх хөрөнгийн дангаар өвлөх эрхгүй, хууль ёсны өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

            Талийгаач С.Батбаатарын өвлөгдөх хөрөнгө нь “Икс лэнд констракшн” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот, Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 07 тоот, Ү-2205040300 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Монкорд ХЗХоршооны зээлийн барьцаанд тавьж, Ч.Золжаргалын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээд байгаа 90-90 УБД улсын дугаартай, Порше маркийн автомашин, 83-38 УБЧ улсын дугаартай Тоёота ланд круйзер аввтомашин, 10-30 УНЧ улсын дугаартай Хьюндэй маркийн ачааны автомашин, Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах, 700 м.кв газар эзэмших эрхийн 50 хувь, Худалдаа хөгжлийн банк дахь 452541338, 452541339, 456058112 тоот данс болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо. 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 дугаар нь талийгаач С.Батбаатарын өвлөгдөх хөрөнгөд хамаарахгүй болох нь “Мобиком корпораци” ХХК-иас шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдов.

   Дээрх  3 автомашины эзэмшигчээр хариуцагч Ч.Золжаргал бүртгэлтэй байгаа боловч нэхэмжлэгч Ш.Чимгээ, хариуцагч Т.Загдсүрэн нарын тайлбар, хариуцагч Ч.Золжаргалын “зээлийг төлсөн тохиолдолд 3 автомашины эзэмших эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбараар С.Батбаатар нь “Монкорд” ХЗХ-ноос 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээл авахдаа дээрх 3 автомашиныг “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний үндсэн барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл С.Батбаатар, Ч.Золжаргал нарын хооронд тухайн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг бүрмөсөн шилжүүлэх хэлцэл байгуулагдаагүй гэж үзэв. Иймд дээрх 3 автомашиныг өвлөгдөх эд хөрөнгө гэж үзсэн болно.

            “Хөрөнгийн үнэлгээний Төв” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 256 тоот албан бичгийн хамт ирсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн үнэлгээг зохигчид хүлээн зөвшөөрч, маргаагүй тул энэхүү үнэлгээг баримталж, өвлөгчдийн өвлөх хөрөнгийн ногдох хэсгийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч Сүхбаатар, Т.Загдсүрэн нар нь өв хүлээн авах хүсэлтдээ Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрыг хүлээн авах талаар дурдаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөгдөх энэхүү хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байна. Мөн Сүхбаатар нь Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өв хүлээн авахаас татгалзсан талаарх нотариатын баримт хэрэгт авагдсан байна.

            Иймд хүү Б.Баттөрийн өвлөх хөрөнгийг дараах байдлаар тогтоов: Үүнд:

            “Икс лэнд констракшн” ХХК-ийн хувьцааны гуравны нэг болох 33.34 хувийн хувьцааг эзэмших, үйлчилгээний зориулалттай тус бүр нь 666.000.000  төгрөгийн үнэ бүхий 2 үл хөдлөх хөрөнгө, 60.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 автомашины үнэ буюу 716.000.0000 төгрөгийн гуравны нэг болох 238.666.667 төгрөг, Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 154/0191 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын С.Батбаатарын эзэмших эрхийг, Худалдаа хөгжлийн банк дахь 452541338, 452541339, 456058112 тоот дансуудыг Т.Загдсүрэнгийн хамтаар эзэмших гэж тогтоох нь зүйтэй байна.

 

            Дөрөв. Хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарын С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, “Икс лэнд констракшн” ХХК-ийн хувьцааны оногдох хэсгийг тогтоолгох, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, С.Батбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 7 тоот орон сууц, Ү-2205040301 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 6 тоот орон сууцны оногдох хувийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

   Хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач С.Батбаатарын эд хөрөнгийг өвлөх тэргүүн ээлжийн өвлөгч нар бөгөөд түүний эд хөрөнгийг өвлөх хүсэлтээ 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатчид бүртгүүлж, Монголын Нотариатчдын танхимын “өв залгамжлах эрхийн гэрчилгээ хүссэн хүсэлтийн нэгдсэн бүртгэл”-д 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн байна. Харин нэхэмжлэгч Ш.Чимгээ нь хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарыг С.Батбаатартай хамт амьдарч байгаагүй, хуульд заасан хугацаа хэтрүүлэн бүртгүүлсэн үндэслэлээр өвлөгдөх эд хөрөнгөөс татгалзсан гэж маргажээ. С.Батбаатар нь 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх ба түүний өвийг хүлээн авах хүсэлтээ хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тойргийн нотариатчид гаргасан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

   Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд өвлөгдөх эд хөрөнгийг Б.Баттөртэй адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

            Иймд эцэг П.Сүхбаатарын өвлөх хөрөнгийг “Икс лэнд констракшн” ХХК-ийн хувьцааны гуравны нэг болох 33.33 хувийн хувьцааг эзэмших, үйлчилгээний зориулалттай тус бүр нь 666.000.000  төгрөгийн үнэ бүхий 2 үл хөдлөх хөрөнгө, 60.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 автомашины үнэ буюу 716.000.0000 төгрөгийн гуравны нэг болох 238.666.666 төгрөг гэж, эх Т.Загдсүрэнгийн өвлөх хөрөнгийг “Икс лэнд констракшн” ХХК-ийн хувьцааны гуравны нэг болох 33.33 хувийн хувьцааг эзэмших, үйлчилгээний зориулалттай тус бүр нь 666.000.000  төгрөгийн үнэ бүхий 2 үл хөдлөх хөрөнгө, 60.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 автомашины үнэ буюу 716.000.0000 төгрөгийн гуравны нэг болох 238.666.666 төгрөг, Худалдаа хөгжлийн банк дахь 452541338, 452541339, 456058112 тоот дансуудыг Б.Баттөрийн хамтаар эзэмших гэж тогтоох нь зүйтэй байна.

            Сөрөг нэхэмжлэлээс гуравдагч этгээд Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газар эзэмших эрхийг өвлөх эрхтэй болохоо тогтоолгож, ногдох хэсгээ гаргуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 дугаарыг өвлөх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 119 дүгээр байрны 6 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч нэхэмжлэгч Ш.Чимгээгийн өмчлөлд, Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 119 дүгээр байрны 7 тоот үйлчилгээний зориулалттай,  200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нарын өмчлөлд , 83-38 УБЧ улсын дугаартай Тоёота ланд крузер-100 маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай  маркийн ачааны  автомашиныг хариуцагч П.Сүхбаатарын өмчлөлд шилжүүлж, холбогдох бүртгэл хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Авто тээврийн Үндэсний төвд тус тус даалгаж, нэхэмжлэгч Ш.Чимгээгээс 89.333.333 төгрөг гаргуулан хариуцагч П.Сүхбаатарт 14.666.666 төгрөг, хариуцагч Т.Загдсүрэнд 74.666.667 төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.         

 

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй байсан тул тус бүр 140.400 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалтыг баримтлан үндсэн нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох хувьцаа эзэмшигч болон газар эзэмших эрхтэй холбоотой хэсэгт тус бүр 70.200 төгрөг, 238.666.667 төгрөг гаргуулах хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1.351.283 төгрөг, нийт 1.491.683 төгрөгийг хариуцагч П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нараас, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох хувьцаа эзэмшигчээр тогтоосон хэсэгт 70.200 төгрөг, 477.333.332 төгрөг гаргуулах хэсэгт 2.544.617 төгрөг, нийт 2.614.817 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Чимгээгээс тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2,.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Чимгээг “Икс лэнд констракшн” ХХК-д 76.250.000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Икс лэнд констрашн” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, бүртгэл хийлгэхийг даалгах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох холбогдох бүртгэл хийлгэхийг даалгуулах, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Батбаатарт оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгож, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь заалтыг баримтлан Батбаатарын Баттөр, Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нарыг талийгаач Сүхбаатарын Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоож,  Б.Баттөрийг “Икс лэнд констракшн” ХХК-ийн 33.34 хувийн, П.Сүхбаатарыг 33.33 хувийн, Т.Загдсүрэнг 33.33 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоосугай.

 

            3.  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Чимгээг, гуравдагч этгээд Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 154/0191 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын эзэмших эрхийн эзэмшигчээр Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Чимгээг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 7 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарыг,  83-38 УБЧ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн ачааны  автомашинуудын өмчлөгчөөр хариуцагч П.Сүхбаатарыг, Худалдаа хөгжлийн банкны 452541338, 452541339, 456058112 тоот дансны эзэмшигчээр Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Чимгээ, хариуцагч Т.Загдсүрэн нарыг тус тус тогтоож, Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Чимгээгээс 89.333.333 төгрөг гаргуулан хариуцагч П.Сүхбаатарт 14.666.666 төгрөг, хариуцагч Т.Загдсүрэнд 74.666.667 төгрөг олгож, сөрөг нэхэмжлэлээс гуравдагч этгээд Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газар эзэмших эрхийг өвлөх эрхтэй болохоо тогтоолгож, ногдох хэсгээ гаргуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 дугаарыг өвлөх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх өмчлөгч, эзэмшигч нарыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Авто Тээврийн Үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк ХХК, Нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.   

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нараас үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 1.491.683 төгрөгийг хуваан, нэхэмжлэгч Ш.Чимгээгээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2.614.817 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ