Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00642

 

 

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00583

 

 

 

 

Ц.Бямбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00131 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Бямбаагийн хариуцагч Д.Батчулуунд холбогдуулан гаргасан газар чөлөөлөхийг даалгах үндсэн, маргаан бүхий газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгчөөр тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Бямбаа миний бие 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30/б/ тоот хаягт байрлах газрыг хууль ёсоор өмчлөх болсон. Ингээд өөрийн өмчлөлийн газар дээрээ хашаа хатгах гэж байтал 2011 оноос эхлэн Д.Батчулуун гэх иргэн хашаа хатгаж, байшин бариад амьдарч эхэлсэн. Дүүргийн газрын алба болон өмчлөгч миний зүгээс газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй өдийг хүрсэн тул 357 м.кв газрыг хуулль бус эзэмшлээс нь чөлөөлж өгнө үү. Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 Б тоот хаягт байрлах 357 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Миний хууль ёсны өмчлөл хэвээр байхад П.Цогтсайхан гэгч би наад газрыг чинь өөр хүнд зарчихсан. Оронд нь Найрамдал зусланд байдаг газар өгье гэж хэлсэн. Үүний дагуу П.Цогтсайхантай хамт Найрамдал зуслангийн газрыг очиж үзсэн боловч уг газар таалагдаагүй учраас ямар нэгэн худалдаа, солилцоо хийгдээгүй, үүнээс хойш өөр газар олж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Ц.Бямбаагийн зүгээс нэг бол өөрийн өмчлөлийн газрыг авъя, эсвэл газар олж өг гэсэн шаардлагыг удаа дараа тавьж харъяа дүүргийн газрын албанд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардах хуудсыг хариуцагчид хэд хэдэн удаа хүргүүлж байсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зөвхөн эзэмших, ашиглахтай холбоотой газрын маргааныг тухайн байгууллагын дээд шатны албан тушаалтан шийдвэрлэхээр заасан тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Уг газар дээр 2008 оноос хойш манайх амьдарч байгаа. Ц.Бямбаа газраа худалдаад, сүүлд нь бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр болгочихоод одоо хэл ам хийж байна. Манайд эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ болгох гэхэд буцаагаад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өгчихсөн, тэр нь байхгүй болсон. Кадастрын зураг гарчихсан газар эзэмших эрхийн гэрчилгээ гарчихсан байсан. н.Цогтсайхан өмчлөгч болгоно гэж аваад буцаад газрын албанд өгчихсөн, буцааж авах гэхээр байхгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ Ц.Бямбаагийн нэр дээр гарсан байгаа. Гэтэл Ц.Бямбаа миний газар гээд байдаг. Газар чөлөөлөх талаар холбогдох газруудаас албан бичиг ирээгүй, гарын үсэг ч зуруулаагүй. Эзэнгүй газар дээр хашаа хатгаад байшин барина гэж хэн ч бодохгүй. Нэгэнт худалдаад авчихсан учраас байшин, гарааж барьсан. Тог авах гэхээр заавал кадастрын зураг хэрэгтэй. 2008 оноос өмнө Ц.Бямбаа газар авсан байж байгаад манайд худалдсан нь үнэн. 2008 оноос өмнө нь газрын албанаас гэрчилгээ авсан гэснийг үгүйсгээгүй, хамгийн гол нь бусдад худалдчихаад буцаад минийх байсан гэдэг байдлаар хандаад байгааг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: 2008 онд иргэн Пүрэвийн Цогтсайхан тохиролцож дээрх газрыг 1 500 000 төгрөгөөр худалдан авч Ц.Бямбаа гэх хүний нэр дээр байсан кадастрын зургийг С.Хоролсүрэн өөрийн нэр дээр шилжүүлэн, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд журмын дагуу материал бүрдүүлэн өгч газар эзэмших гэрчилгээг авсан. Гэтэл П.Цогтсайхан газрын гэрчилгээгээ өгчих өмчлөхийн гэрчилгээг чинь гаргуулж өгнө гэж авсан. Тухайн үед миний нөхөр Д.Батчулуун Солонгос улсад ажиллаж амьдарч байсан учир С.Хоролсүрэн би газар худалдан авах талаар нөхөртэйгээ ярилцаж тухайн газар өндөрлөг бөгөөд хогийн цэг болсон байсан учир техник хэрэгсэл ашиглан ойр орчмыг цэвэрлэн газар шороог тэгшилж хашаа хатган эзэмшиж байгаад 2014 онд байшин барихаар П.Цогтсайханаас өмчлөлийн гэрчилгээ шаардахад байшингаа барьж бай асуудалгүй гэж хэлсэн. Бид ая тухтай амьдрахын тулд байшингаа барьж амьдраад 12 жил болсон. Гэтэл биднийг хуурч мэхлэн хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, бидний эрх ашгийг хохироож байх тул шударга эзэмшигч болохыг тогтоож, хуульд заасан үндэслэлээр өмчлөгчөөр тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Ц.Бямбаагийн зүгээс 2001 оны 07 дугаар сарын 16, 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх шаардлагыг удаа дараа тавьж, дүүргийн газрын албанд хандан газар чөлөөлүүлэх шаардах хуудсыг хүргүүлж байсан. Мөн Д.Батчулуун, С.Хоролсүрэн нар нь маргаан бүхий газарт 11 жил амьдрахдаа харъяа газрын алба, Засаг даргад ямар нэгэн байдлаар хүсэлт, өргөдөл гаргаж байсан эсэх, дээрх хугацаанд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр бодитой, идэвхитэй үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Газар эзэмших эрхийг холбогдох байгууллагаас авалгүйгээр газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсээр байтал маргаан бүхий газарт хөрөнгө оруулалт хийж амьдарсан нэхэмжлэгчийг шударга эзэмшигчээр тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцуулах шаардлагууд нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 90, 91, 104, 105 дугаар зүйлд заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь тухайн үедээ хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх хуулийн заалт үйлчлэхгүй. Сөрөг нэхэмжлэлдээ Ц.Бямбаагийн яг ямар үйлдэл хууль зөрчиж, тэдний шударга эзэмшигч болох эрхэд халдсан талаар нэг ч өгүүлбэр дурьдаагүй тул Ц.Бямбааг хариуцагчаар татах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан ямар нэгэн гэрчилгээ, кадастрын зураг байхгүй. н.Хоролсүрэнгийн нэр дээр юм бол яагаад н.Хоролсүрэн нэхэмжлэл гаргахгүй байгаа, н.Хоролсүрэн өөрөө хэргийн оролцогч этгээд мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн дотор шаардлага гаргах ёстой байсан. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар эзэнгүй эд юмсыг 10 гаруй жилийн хугацаанд өөрийн юм шиг эзэмшиж ирсэн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх:    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бямбаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30/б/ тоот хаягт байрлах гэр бүлийн зориулалтай Г-2201010437 дугаар бүхий 357 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.Батчулууны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1,104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батчулууны Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30Б тоотыг иргэн Сономын Хоролсүрэнгийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгчөөр тооцуулах тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Батчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Батчулуунаас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалсан шийдвэр гарсангүй гэж үзэж байна. П.Цогтсайханг гэрчээр асуух явцад н.Бямбаа гэгч зарах газар байгааг, бичиг баримт нь гараагүйг овжин ашиглаж өөрийн нэр дээр албажуулж авсан байгааг нягтлах шаардлагатайг эс хайхарсан мөн тухайн маргаан бүхий хаяг дээр огт амьдарч байгаагүй байж улсын бүртгэлийн байгууллагад амьдардаг, оршин суудаг нь үнэн гэсэн албан тодорхойлолт авч баримтжуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байгааг шүүх эс хайхарсан. Хэдийгээр шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боловч процессын хувьд иргэн н.Бямбааг хариуцагчаар татаж эрх үүрэг эдлүүлэлгүй нэхэмжлэгчийн эрх олгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх ашиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн маргаан бүхий газарт эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байхад өөрсдийн хүч хөдөлмөрөөр тэгшилж, цэвэрлэж хашаа хатган байшин барьж 12 жил амьдарсан иргэний Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, үр хүүхдээ өв залгамжлуулах эрх, эрх ашгийг ноцтой зөрсөн үйлдлийг үл хайхарч шийдвэр гаргасан. Хэдийгээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад эргэлзээтэй зүйл тогтоогдсон үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Ц.Бямбаагийн хариуцагч Д.Батчулуунд холбогдох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30/б/ тоот хаягт байрлах 357 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргаан бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0149460 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн 13-30б тоот хаягтай 500 м.кв газрыг эзэмшиж байгаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр уг газраас 357 м.кв газрыг өмчлөлдөө авсан байх ба нэхэмжлэгчийн дүүргийн газрын албанд гаргасан өргөдөл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох, амины хашааны газар эзэмших эрхийг шилжүүлэх захирамж, захирамжийн хавсралт зэрэг баримтууд хэрэгт авагдсан боловч тухайн газрыг хариуцагч бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. /1хх114-124/

Хэргийн 24, 118 дугаар талд өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгчээс 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, хариуцагч 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус кадастрын зураглал хийлгэсэн баримт авагдсан байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий газрыг хогийн цэг болсон байхад нь техник хэрэгсэл ашиглан цэвэрлэж, газар шороог тэгшлэн хашаа хатган эзэмшиж байгаад байшин барьж 12 жил амьдарч байна гэж тайлбарладаг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн аж ахуйн нэгж байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болох, мөн иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байхаар заасан байна.

Хариуцагчийн тайлбар болоод иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхтэй холбоотой дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь хариуцагчийн эзэмшиж байгаа газар мөн эсэх, эзэмшлийн хувьд давхцалтай эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай. Мөн хариуцагч тухайн газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан журмын дагуу эзэмшиж байгаа бол нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэзээ, хэрхэн хэрэгжүүлсэн нөхцөл байдал зэргийг тодруулах шаардлагатай байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00131 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Т.ТУЯА

А.МӨНХЗУЛ