Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/00189

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК ,

Хариуцагч: Б.Э,

 Хариуцагч: Д.У нарт холбогдох иргэний хэрэгт,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ц-ийг оролцуулан

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,204,036,004.76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас,  нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагч “С” ХХК, Б.Э, Д.У нар нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хтай 1470008065 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлдэн авсан.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БИ1470008065-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БГ1470008065-01 дугаартай барьцааны гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БИ1470008065-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан.

Үүнд:

1.  БИ1470008065-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр:

-     Улсын бүртгэлийн Ү-2203027718 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 14-р байрны 1 тоот, 387 м.кв үйлчилгээний талбай;

-     Улсын бүртгэлийн Ү-2203033536 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 14-р байр 2 тоот, 155 м.кв үйлчилгээний талбай;

-      Улсын бүртгэлийн Ү-2203033539 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 14-р байр 3 тоот, 355 м.кв үйлчилгээний талбай;

-      Улсын бүртгэлийн Ү-2203031757 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 14-р байр 3 тоот, 304.12 м.кв үйлчилгээний талбай;

-     Улсын бүртгэлийн Ү-2203033672 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 14-р байр 7 тоот, 54.95 м.кв үйлчилгээний талбай;

2.  БИ1470008065-02 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр:

-     Улсын бүртгэлийн Ү-2207004920 дугаартай, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Их ам /12611/ гудамж, ШТС64 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай шатахуун түгээх станц; |

3.  БГ1470008065-01 дугаартай Барьцааны гэрээгээр:

-     Улсын бүртгэлийн Г-2207003984 дугаартай, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Их ам /12611/ гудамж, ШТС64 тоот хаягт байршилтай, 2000 м.кв эзэмших эрхтэй газар.

Банк нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 576,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 129,560,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 295,500,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 98,940,000 төгрөг, нийт 1,200,000,000 төгрөгийг зээлдэгч талд хэсэгчлэн олгож зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

            Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 275,000,000 төгрөг, зээлийн хүүнд 507,465,920.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,416,948.95 төгрөг тус тус төлсөн.

            Зээлийн гэрээгээр талууд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүү буцаан төлөхөөр тохирсон учраас хэсэгчлэн шилжүүлсэн зээлд ногдох хэмжээний хүүг тохирсон хуваарийн дагуу буцаан төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний байдлаар зээлийг бүхэлд нь шилжүүлэн өгсөн тул мөн хугацаанаас тохирсон хэмжээгээр, тогтоосон хуваарийн дагуу зээлийн хүүг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс үндсэн зээл 25,000,000 төгрөгийг, хүүгийн хамт төлөх үүргийг хариуцагч нар хүлээсэн.

Гэвч хариуцагч нар нь 1470008065 дугаартай зээлийн гэрээний 3.4.2-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг cap бүр төлөх үүргээ зөрчиж ирсэн бөгөөд 2019 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийг буцаан төлөх үүргээ огт биелүүлэлгүй 424 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

Банк нь зөрчил арилгах талаар зээлдэгч нарт шаардлага хүргүүлж байсан боловч ямар ч үр дүн гараагүй тул зээлийн гэрээг 2019 оны 9 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Зээлийн гэрээг цуцалсан өдрийн байдлаар хариуцагч нар зээлийн үндсэн хүүд 269,076,706.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,959,298 төгрөг тус тус төлөх үүрэг үүссэн байсан тул энэ төлбөрийг үндсэн зээл 925,000,000 төгрөгийн хамт буюу нийт 1,204,036,004.76 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдийг худалдан борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “С” ХХК, Б.Э, Д.У нараас зээлийн гэрээний үүрэгт 1,204,036,004.76 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд хариуцагч Б.Эт 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, хариуцагч Д.Уд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Цд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдрүүдэд тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болох талаар хариуцагч нар болон гуравдагч этгээдэд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус мэдэгдсэн боловч хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуралдаанд ирээгүй байна.

 

Хариуцагч нар болон гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор удаа дараа хангаж, шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр 3 удаа хойшлуулж байсан боловч хариуцагч нар нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, тус шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч нар болон гуравдагч этгээдийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв

 

“Х” ХХК болон “С” ХХК, Б.Э, Д.У нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1470008065 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Х” ХХК нь үндсэн хөрөнгийн зориулалтаар 1,200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлийн хүүг жилийн суурь хүү дээр 7.5% хувийг нэмсэнтэй тэнцүү, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн буюу 365 хоногийн суурь хүүгийн хэмжээг 16.5 %, энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 24% байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч “С” ХХК, Б.Э, Д.У нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр тогтоосон хэмжээгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Үүнээс гадна “Х” ХХК болон Б.Э нар 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БИ1470008065-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-г хамтран өмчлөгч Д.Угийн зөвшөөрлийн үндсэн дээр, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БИ1470008065-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-г, “Х” ХХК болон Э.Ц нар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БГ1470008065-01 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан байна.

 

            -БИ1470008065-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр Б.Э, Д.У нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027718 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 2 давхрын 1 тоотод байршилтай, 387,12 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033536 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 2 давхрын 2 тоотод байршилтай, 155 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033539 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 2 давхрын 3 тоотод байршилтай, 355 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031757 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 3 давхрын 3 тоотод байршилтай, 304,12 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033672 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 4 давхрын 7 тоотод байршилтай, 54,95 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг,

            -БИ1470008065-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр Б.Эын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004920 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Их ам /12611/ гудамж, ШТС64 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий шатахуун түгээх станц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

            -БГ1470008065-01 дугаартай “Барьцааны гэрээ”-ээр Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/52 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай, шатахуун түгээх станцын зориулалтаар Э.Цд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нэгж талбарын 18672297147231 дугаар бүхий Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Их ам /12611/ гудамж, ШТС64 тоот хаягт байршилтай, 2,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг ЗГ1470008065 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна.

 Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэл болон Нийслэлийн газрын албанд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.2, 451 дүгээр зүйлийн 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д тус тус заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

    

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Зээлийн гэрээний хавсралт 1-д зааснаар зээлдүүлэгч нь 1,200,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч нарт шилжүүлэх, зээлдэгч нар 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр зээлийг хүүг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр үндсэн зээл 25,000,000 төгрөгийг, тухайн сард бодогдсон хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Хэргийн баримтаар зээлдүүлэгч “Х” ХХК нь 2016  оны 8 дугаар сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 576,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 129,560,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 295,500,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 98,940,000 төгрөг  тус тус шилжүүлэх замаар зээл 1,200,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлэн зээлдэгч “С” ХХК-ийн 1470008065 тоот дансаар шилжүүлэн олгосон болох нь тогтоогдож байна.

 

Зээлдүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс зээлдэгч нарт хохирол учирсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, зээлдэгч нар энэ үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй, зээлийг авч ашигласан байх тул 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 19,010,288.22 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 16,418,353.27 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13,917,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 7,243,000 төгрөгийн хүүг буюу тухай бүр шилжүүлэн авсан зээлийн хэмжээгээр ашигласан хугацааны хүүг /гэрээгээр тохирсон хувиар/ эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд буцаан төлсөн зээлдэгч нарын үйлдлийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасанд нийцсэн гэж үзнэ.

 

Үүрэг гүйцэтгэх хугацааг зээлдүүлэгч хэтрүүлснээс үүссэн үр дагаврыг талууд дээрх байдлаар хууль болон гэрээнд нийцүүлэн өөрсөддөө ашигтай байдлаар шийдвэрлэсэн байх тул зээлдэгч нар зээлийг бүрэн хэмжээгээр шилжүүлэн авснаас хойших хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзвэл зээлдэгч нар 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 575,000,000 төгрөг төлөхөөс 275,000,000 төгрөг, зээлийн хүүд 746,748,966.48 төгрөг төлөхөөс 507,465,920.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,352,857.37 төгрөг төлөхөөс 1,416,948.95 төгрөг буюу нийт 783,882,869.66 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд дээрх төлбөрийг төлөхдөө эргэн төлөлтийн хуваарийг байнга зөрчиж гүйцэтгэснээс гадна 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрээний үүргийн зөрчлийг арилгуулах талаар зээлдүүлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шаардах хуудас хүргүүлсэн боловч зөрчил бүрэн арилаагүй, зөрчлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор арилгах мэдэгдлийг дахин 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн боловч үр дүн гараагүй тул зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр цуцалсан нь зээлийн гэрээний 5.1.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь зохицуулалтад нийцжээ.

 

Зээлийн гэрээ ийнхүү цуцлагдсанаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй, гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдах тул шүүх нэхэмжлэгчийг зээлийн үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 925,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар бодогдсон хүү 269,076,706.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,959,298 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч нар буюу зээлдэгч “С” ХХК, Б.Э, Д.У нараас бүгд 1,204,036,004.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч “С” ХХК, Б.Э, Д.У нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан “С” ХХК, Б.Э, Д.У нараас 1,204,036,004.76 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “С” ХХК, Б.Э, Д.У нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

            -Б.Э, Д.У нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027718 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 2 давхрын 1 тоотод байршилтай, 387,12 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033536 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 2 давхрын 2 тоотод байршилтай, 155 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033539 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 2 давхрын 3 тоотод байршилтай, 355 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031757 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 3 давхрын 3 тоотод байршилтай, 304,12 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033672 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 4 давхрын 7 тоотод байршилтай, 54,95 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүд,

            -Б.Эын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004920 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Их ам /12611/ гудамж, ШТС64 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/52 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай, шатахуун түгээх станцын зориулалтаар Э.Цд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нэгж талбарын 18672297147231 дугаар бүхий Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Их ам /12611/ гудамж, ШТС64 тоот хаягт байршилтай, 2,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,248,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 6,248,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА