Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00643

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00643

 

 

Станбул ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/00269 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Станбул ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2608 тоот захирамжаар Станбул ХХК-аас 125 032 000 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201049055 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москва гудамж 42 дугаар байрны 207.55 м.кв үл хөдлөх хөрөнгийг шинжээч 248 850 000 төгрөгөөр үнэлсэн. Уг барилга нь хотын А бүсэд байрладаг бөгөөд тэр орчмын орон сууцны 1 м.кв-ын үнэ 2 000 000-2 200 000 төгрөг байдаг. Гэтэл 248 850 000 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг 1 200 000 төгрөг хүрэхгүй үнээр үнэлсэн нь хэт бага үнэлгээ гэж үзэж байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн тайлбарт: Шүүгчийн захирамжаар Станбул ХХК-аас 125 032 000 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх 18271086/02, 18271086/05, 18271086/06 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201049055 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Москва гудамж, 42 дугаар байр, тоотод байрлах, 207.55 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжпэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 292 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 248 850 000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч Станбул ХХК-ийн захирал С.Гүльдарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/21719 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг, тайлантай танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Станбул ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031 Москвагийн гудамж 42 тоот 207.55 м.кв талбай бүхий 2-4 давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2201049055 дугаар бүхий/ үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Станбул ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Станбул ХХК-ийн захирал С.Гүльдараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Гүлдарийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх шийдвэртээ ... Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж Станбул-ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол/18031/ Москвагийн гудамж 42 тоот /207,55 м2 талбай бүхий 2-4 давхрын хэсэг улсын бүртгэлийн ү-2201049055 дугаар/ үл хөдлөх эд хөрөнгийг 248 850 000 төгрөгөөр үнэлсэн ажиллагаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 заасантай нийцжээ, ... харьцуулахад зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй ... барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнх оргил трейд ХХК нь үнэлгээ тогтоохдоо хотын А зэрэглэлд байрлах шинэ орон сууцыг 1 200 000 төгрөгийн хооронд үнэлсэн нь тухайн байрлалд орших хуучны байруудын зах зээлийн үнэ ханшинд ч огт нийцэхгүй, хэт доогуур үнэлсэн бөгөөд тухайн байрлалд байрлах шинэ орон сууцнууд 2 000 000-2 200 000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх талаар шүүх шийдвэртээ дурьджээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар огт маргаагүй бөгөөд харин шүүхийн шийдвэр биелүүлэх явцад гарч байгаа ажиллагаанд хууль заасан эрх үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс гомдол гаргасан бөгөөд энэ нь үнэлгээг заавал үнэн бодит гэж хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн барьцааны хөрөнгө битүүмжлэх, шинжээч томилох, хөрөнгө хураах талаар маргаагүй бөгөөд зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнтэй холбогдуулан гомдол гаргасан байхад шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн аль заалтыг баримтлан зах зээлийн үнээс хэт доогуур үнэлээгүй, үнэлгээ хуулийн дагуу хийгджээ гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс Станбул ХХК нь ... гэх нэхэмжлэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, уг үнэлгээг зах зээлийн ханштай харьцуулсан баримт хавтас хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус компаниас томилогдсон төлөөлөгчийг хавтас хэрэгтэй танилцах, нотлох баримт болон хариу тайлбар гаргаж өгөх хуулийн хугацааг шүүх олгоогүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Станбул ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 184/ШШ2020/02608 дугаар захирамжаар Станбул ХХК-аас 124 606 409.07 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, москвагийн гудамж 42 тоот /207.55 м.кв бүхий 2-4 давхрын хэсэг/ улсын бүртгэлийн Ү-2201049055 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон Станбул ХХК-ийн өмчлөлийн бусад хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, хэрэв сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заажээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 49 дүгээр зүйлийн 49.4.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар харилцан тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгч нь Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч барьцааны хөрөнгийг 248 850 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн зэрэг ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна /хх53, 56, 75/

 

Хэргийн 57-71 дүгээр талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан хөрөнгийг өртгийн, зах зээлийн хандлагын аргаар үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээний дүнгээр үнэлгээг тогтоожээ.

 

Шинжээч үнэлгээг тогтоохдоо үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хийц, загварын хувьд ойролцоо, тухайн үед худалдахаар зарлагдсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай барилга-объекттой харьцуулан үзсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн.

 

Мөнх оргил трейд ХХК эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй, нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/00269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ