Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00097

 

 

............ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/00269 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 643 дугаар магадлалтай,

 

............ХХК-ний нэхэмжлэлтэй

............т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Гүльдарийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2608 тоот захирамжаар ............ХХК-аас 125 032 000 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн ............дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москва гудамж 42 дугаар байрны 207.55 м.кв үл хөдлөх хөрөнгийг шинжээч 248 850 000 төгрөгөөр үнэлсэн. Уг барилга нь хотын А бүсэд байрладаг бөгөөд тэр орчмын орон сууцны 1 м.кв-ын үнэ 2 000 000-2 200 000 төгрөг байдаг. Гэтэл 248 850 000 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг 1 200 000 төгрөг хүрэхгүй үнээр үнэлсэн нь хэт бага үнэлгээ гэж үзэж байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжаар ............ХХК-аас 125 032 000 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх 18271086/02, 18271086/05, 18271086/06 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Москва гудамж, 42 дугаар байр, тоотод байрлах, 207.55 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 292 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 248 850 000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч ............ХХК-ийн захирал С.Гүльдарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/21719 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг, тайлантай танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/000269 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ............ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031 Москвагийн гудамж 42 тоот 207.55 м.кв талбай бүхий 2-4 давхрын хэсэг, улсын бүртгэлийн ............дугаар бүхий/ үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ............ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ............ХХК-ийн захирал С.Гүльдараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 643 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/00269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ............хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалд тус тус гомдол гаргаж байна. ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс мөн шийдвэрийг хэвээр үлдээн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгаа тул дараах гомдлын шаардлагыг гаргаж байна. 1.ИХХШТХуулийн 11.2 дахь заалтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх талаар шүүх шийдвэртээ дурьджээ. Энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар огт маргаагүй бөгөөд харин шүүхийн шийдвэр биелүүлэх явцад гарч байгаа ажиллагаанд хууль заасан эрх үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс гомдол гаргаад байгаа бөгөөд энэ нь үнэлгээг заавал үнэн бодит гэж хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй. 2. Мөн дээрх хуулийн заалтуудын дагуу барьцааны хөрөнгө битүүмжлэх, шинжээч томилох., хөрөнгө хураах талаар маргаагүй бөгөөд зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнтэй холбогдуулан гомдол гаргасан байхад шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг аль хуулийн заалтыг баримтлан зах зээлийн үнээс хэт доогуур үнэлээгүй үнэлгээ хуулийн дагуу хийгджээ гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. 3. Мөн шүүхээс ...............ХХК... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, уг үнэлгээг зах зээлийн ханштай харьцуулсан баримт хавтас хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус компаниас томилогдсон төлөөлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон хэргийн оролцогчийг хавтас хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргаж өгөх, хариу тайлбар гаргаж өгөх хуулийн хугацаагаар шүүхээс хангаж өгөлгүй төлөөлөгч томилогдсон өдөр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт байхгүй гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүнийг мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж гомдлыг хангахгүй шийдсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дараах гомдлын шаардлагыг гаргаж байна. Шийдвэр болон магадлалд тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ............ХХК хариуцагч ............т холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгч ............ХХК-ийн захирал ............хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаарх хүсэлтийг шүүх хуралдаан дээр бичгээр гаргажээ. ............нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх журамтай.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамж буцаан олгохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/00269 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 643 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч ............т холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ ............ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА