Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00644

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00644

 

 

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00246 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч Монголиан пропертис ХХК-д холбогдуулан гаргасан 150 108 517 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ундраа, В.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Харилцагч Монголиан пропертис ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл болох 109 942 611.92 төгрөгийг төлөлгүй өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдэл, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг төлүүлэх тухай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн албан шаардлага, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 109 942 611.92 төгрөгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 40 165 905 төгрөг, нийт 150 108 517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ариунаа гаргасан боловч Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр энэ тухай бичигдээгүй байсан. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байхад тушаал гарсанаас хойш бүртгүүлэхгүй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрчилгээнд эрх бүхий этгээд нь бүртгэгдэж, албан эрх нь үүсдэг. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс тус байгууллагыг төлөөлөх эрх нь үүссэн байна. Тус байгууллагын төлөөлөх эрх хууль ёсны болоогүй байхад нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв итгэмжлэл олгосон хүн нь н.Алтанчимэг байсан бол болох байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Н.Ариунаа бичигдээгүй байх үед итгэмжлэл олгосон байна. Н.Ариунааг ажилд нь эгүүлэн тогтоосноос хойш улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Алдангийг төлөх боломжгүй тул хасч тооцож өгнө үү гэжээ.

   Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2.-т заасныг баримтлан хариуцагч Монголиан Пропертис ХХК-аас 150 108 517 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэгч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монголиан Пропертис ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 908 492 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвасүрэн, өмгөөлөгч Ц.Дарьжав нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Тус компанийн санхүүгийн асуудал доголдож өр хуримтлагдсан байдлыг харгалзан үзэж 40 165 905 төгрөгийн алдангийг хасч өгөх хүсэлтийг хүлээн аваагүй нь өр төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байдлыг бий болгож байна. Манай компанийн зүгээс ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж өр хуримтлагдсан байдалдаа дүгнэлт хийж тухайн үндсэн өрийг хэрхэн барагдуулах талаар тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэн санхүүгийн байдлаа сайжруулах, авлагын асуудлуудыг шүүхээр шийдвэрлүүлэх, хөрөнгийн борлуулалт хийх гэх мэтээр бэлэн мөнгөний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунааг тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээнд албан ёсоор бүртгээгүй байхад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь н.Алтанчимэг гэх хүн бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцэхгүй. Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Надмидын Ариунааг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон тушаалыг нэхэмжлэлд хавсаргасан хэдий ч энэ хүн урд нь тухайн ажил албыг гүйцэтгэж байсан болох нь баримтаар нотлогдоогүйг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл 109 942 611.92 төгрөг, алданги 40 165 905 төгрөг, нийт 150 108 517 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Монголиан пропертис ХХК нь алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд 109 942 611.92 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, улсын байцаагчийн өр барагдуулах тухай албан шаардлага, мэдэгдэл, хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, төлбөр барагдуулах хүсэлт, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй байна. /хх7-9, 13-17/

Харин хариуцагч нь алдангийн хэмжээг багасгуулах үндэслэлээ компанийн санхүүгийн асуудал доголдож өр хуримтлагдсан учраас өр төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байна гэж тайлбарладаг.

Шүүх маргаантай үйл баримт болсон үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зүйл заалт буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг үндэслэн хариуцагч компаниас хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд 40 165 905 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв. Алдангийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул хасч тооцох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Н.Ариунааг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгууллагаа төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс төлөөллийн талаар хийсэн дүгнэлт зөв. /хх4-5/

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 780 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ