Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01499

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн

          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00246 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр магадлалтай, 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох, 

150,108,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ундраа, В.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч ******* нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 109,942,611 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх шимтгэлийг төлүүлэхээр *******-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 109,942,611 төгрөгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна гэж заасны дагуу алданги тооцож 40,165,905 төгрөг нийт 150,108,517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ариунаа гэгч нь гаргасан боловч Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр энэ тухай бичигдээгүй байсан байна. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зохицуулалтаар Улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байхад тушаал гарснаас хойш бүртгүүлэхгүй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн байна. Эндээс харахад гэрчилгээнд эрх бүхий этгээд нь бүртгэгдэж албан эрхийг нь үүсгэдэг. Гэрчилгээнээс харахад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс тус байгууллагыг төлөөлөх эрх нь үүссэн байна. Тус байгууллагын төлөөлөх эрх нь хууль ёсны болоогүй байхдаа нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд алдангийг төлөх боломжгүй байна. Тиймээс алдангийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00246 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2.-т заасныг баримтлан хариуцагч Монголиан Пропертис ХХК-иас 150,108,517 /Нэг зуун тавин сая нэгэн зуун найман мянга таван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монголиан Пропертис ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 908,492 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00246 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,780 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00246 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Улсын бүртгэлийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан холбогдох хуулийг хэрэг шийдвэрлэхдээ хэрэглээгүй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунааг тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээнд албан ёсоор бүртгээгүй байхад Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Алтанчимэг гэх хүн бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцэхгүй байгаа түүнчлэн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Н.Ариунааг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон тушаалыг нэхэмжлэлд хавсаргасан хэдий ч энэ хүн урд нь тухайн ажил албыг гүйцэтгэж байсан болох нь. баримтаар нотлогдоогүйг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн тухай хуульд нийцэх эсэхэд хяналтын шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянан зөвтгөж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс *******-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 109,942,611, алданги 40,165,905 нийт 150,108,517 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.  

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байна.  

Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.  

1. Хариуцагч *******-нь 2018.10.01-ний өдрөөс 2019.9.13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 109.942.611,92 төгрөгийг хугацаандаа төлөөгүй болох нь тогтоогдсон, үүнд 40.165.905 төгрөгийн алданги тооцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс алдангийг багасгаж өгөхийг хүсч байснаас өөрөөр үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй,

20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасантай нийцжээ.  

Маргааны үйл баримтад хамааралтай Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтад 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацааны үед хүчин төгөлдөр үйлчилж байсан энэ хуулийн зүйл, заалтыг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болно.  

Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул хуулиар ногдуулсан хариуцлага болох алдангиас чөлөөлөгдөх үндэслэлгүй. 

2. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Ариунааг шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн тогтоосон Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019.05.30-ны өдрийн Б/14 дүгээр тушаал хэрэгт авагджээ.  

Н.Ариунаа нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр /тушаал/ томилогдсон, хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байна .  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг буюу Н.Ариунааг албан тушаалд томилсон шийдвэрийн талаар дүгнэхгүй.  

...улсын бүртгэлийн гэрчилгээнд түүнийг албан ёсоор бүртгэж баталгаажуулсан тэмдэглэл байхгүй..., нэхэмжлэл гаргах эрхгүй... гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй. 

Н.Ариунаа нь албан тушаалд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарснаар албан үүргээ хэрэгжүүлэх учиртай, нэхэмжлэл гаргах эрх болон төлөөллийн талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.  

Анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд хамаарах Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.  

Харин шийдвэр, магадлалд хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн, техникийн шинжтэй энэ алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2.-т... гэснийг ... 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт... гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ 

Д.ЦОЛМОН 

Х.ЭРДЭНЭСУВД