Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00676

 

 

 

 

Б.Онэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00487 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Охариуцагч Н.Х, Н.Х, Н.Хнарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 14 223 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Намайг ... 64а тоотод гэртээ байж байтал 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Н.Х, Н.Х, Н.Х нар бүлэглэн, хүч хэрэглэж зодож зүүн шанаа хэсэг цөмөрч, мөн хамар таславчийн муруйлт гэмтэл үүсэж, бие махбодид ноцтой хохирол учруулсан. Мөн маргааш нь ээж н.Энь үл таних хүмүүстэй ирж хавдартай нүүр хэсэгт зодож, хэл амаар доромжилж, хууль бус санаатай үйлдлээр миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсны улмаас ажил хийх боломжгүй болж, орлого олохгүй байсан учир нэг хэсэгтээ маш их сэтгэл санааны дарамтанд орж, хоол унд ч орохгүй их турсан. Гоо сайхны хувьд нүүрний хэлбэр өөрчлөгдөн одоог хүртэл эмчилгээ, хагалгаа хийлгэж чадахгүй байна. Тухайн үед би зэрэг хоёр хүүхэдтэй болсон, зодуулаад гэмтэлтэй байсан тул амьдралаа гээд хуулийн байгууллагаар явж чадаагүй хугацаа алдсан. Би цагийн багш хийдэг бөгөөд энэ хүмүүст зодуулсны улмаас 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сар хүртэл ажилгүй байсан. Миний сарын орлого 1 000 000 төгрөг тул 2 сарын орлого 2 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн тархины томографи зураг авахуулсан 300 000 төгрөг, 2015 онд 3 дугаар эмнэлэгт хамрын хагалгаа хийлгэсэн 412 000 төгрөг, Ачтан эмнэлэгт 2014 оны 10 сард үзүүлсэн 20 000 төгрөг, өмсөж байсан өмд, пудволк, цамц урагдсан тул өмдний 15 000 төгрөг, пудволкны 5 000 төгрөг, цамцны 20 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 890 700 төгрөгийн эм, тариа авсан. Мөн 3 сарын хугацаанд эмнэлэг гэр хоёрын хооронд явсан таксины төлбөр 350 000 төгрөг, эмчээс утсаар зөвлөгөө авсан утасны нэгжний үнэ 60 000 төгрөг болсон, эрүү нүүрний мэс заслын эмчид 2 удаа үзүүлсэн 40 000 төгрөг, асаргаа сувилгаа, дусал тариа, 2014 оны 09 дүгээр сарын сүүлээр 6 удаа массаж хийлгэсэн 90 000 төгрөг, 3 дугаар эмнэлэгт 7 удаа боолт хийлгэсэн 21 000 төгрөг, 2 өдөр дараалан зодуулаад шаналж маш их өвдөлт мэдэрсэн, хоол идэж чадахгүй, 2 сар зөвхөн шингэн юм ууж байсан тул их турж, гутарсан сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, цаашид зүүн шанаа цөмөрсөн тул Монголд эмчилгээ хийнэ гэдэг. Харин Солонгос улсад гоо сайхны мэс засал, эмчилгээ хийлгэхэд 5 000 000 төгрөг болно гэсэн. Иймд эмчилгээний зардал нийт 14 223 700 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж, 776 300 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Н.Хгийн тайлбарт: Би Б.Ог танихгүй, уулзаж ч байгаагүй. Бидний хооронд зодолдсон асуудал огт болоогүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Миний эгч Н.Х, Н.Х нар Б.Ог зодож цохисон гэдгийг би мэдэхгүй. Эгч Н.Х Б.О гэгчтэй хамтран амьдрах үедээ 1 хүүтэй болоод салсан байдаг. Харин ч Б.О нь эцэг хүний хариуцлагыг умартан хүүхдийн тэтгэлэг огт өгч байгаагүй. Тэтгэлэг тогтоолгохоор хөөцөлдөхөд нь оршин суугаа хаягаа өөрчилсөн гэсэн. Хариуцагч нар Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт оршин суудаг байхад нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн гардуулж байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хариуцагч нарын гэм буруу тогтоогдсон гэж нэхэмжлэлдээ бичээд байгааг ойлгохгүй байна. Шүүх, цагдаагийн байгууллагаас нэг ч удаа утасдаж байгаагүй.

 

Хариуцагч М.Хишигсайханы тайлбарт: Н.Х, Н.Х нар нь Б.Ог танихгүй. Хэрэг явдал 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болсон гэж бичсэн атлаа эмнэлэгийн бичиг нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн он сартай, ямар ч тамга тэмдэггүй. Б.Охамт амьдардаг Г.Ггэгч нь ...эмнэлэгт ажилладаг. Би Б.Отэй танилцаж 2014 оны 02 сард хүүтэй болсон боловч огт хамт амьдарч байгаагүй, тэрээр нас ахимаг Г.Ггэгчтэй хамтран амьдардаг байсан. Тус шүүхэд би хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжпэл гаргасан боловч одоог хүртэл шийдэгдээгүй. Б.О нь энэ мэтчилэн худал гүтгэж, цаг хугацаа алдуулсаар байна. Б.О нь надтай танил байхаас л өөр хүнтэй давхар амьдардаг, худал хуурмаг хүн байсан гэжээ.

Хариуцагч Н.Хын тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ог би огт танихгүй бөгөөд цохиж зодож байгаагүй, зодсон хүнийг нь ч хараагүй. Би осолд орж байсан учир тархи толгой байнга өвддөг, мартаж санах өвчтэй гэжээ.

  

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжпэгч Б.Охариуцагч Н.Х, Н.Х, Н.Хнарт холбогдох гэм хорын хохиролд 14 223 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгөөс 232 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 70 50 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Одавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх нэхэмжлэлийг хариуцагч нарын гэм буруу тогтоогдоогүй, гэм буруутайг тогтоосон баримт хэрэгт байхгүй" гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тус шүүх хурал нь 3 удаа хойшлогдсон. Н.Хыг эрэн сурвалжилсан, Н.Х нь намайг зодоогүй, танихгүй мэтээр илт худал тайлбар хийсэн нь Эрүүгийн хэрэг санаатай үйлдсэнийг нуун далдлах мөн гэр бүлийн хүмүүстэйгээ урдаас хэлэлцэж тохирсон нь хуулийг санаатай зөрчиж, шүүх хуралдааныг тасалдуулж байна. Тухайн хэргийг харсан хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй нь нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд буруутай этгээдээс гэм хорын зардлыг гаргуулна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Н.Х, Н.Х, Н.Хнарт холбогдуулан олох байсан орлого, эмчилгээний зардал, хувцасны үнэ, эм тариа, такси, утасны төлбөр, сэтгэл санааны хохиролд нийт 14 223 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Н.Х, Н.Х, Н.Х нар гэрт ирж бүлэглэж зодсоны улмаас зүүн шанаа цөмөрч, хамрын таславч муруйсан ... гэж тайлбарладаг боловч хариуцагч нарын дээрх үйлдлийн улмаас түүний биед нь дээрх хүндэвтэр гэмтэл учирсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба хариуцагч Н.Х ... Б.Ог танихгүй, уулзаж байгаагүй. Бидний хооронд зодоон болоогүй. Манай эгч Н.Х, Б.О нар дундаасаа 1 хүүхэдтэй, эцэг хүнийхээ хариуцлагыг хүлээдэггүй, хүүхдийн тэтгэлэг өгч байгаагүй гэж, хариуцагч Н.Х ... Би Б.Отэй танилцаж хүүхэдтэй болсон боловч бид хамт амьдарч байгаагүй. Б.Ог зодсон асуудал огт болоогүй. Түүний бүрдүүлсэн баримтууд нь бүгд хуурамч, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н.Х ... Б.Ог танихгүй, цохиж зодоогүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

Хэргийн 3-8, 11 дүгээр талд нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Прокурорын тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн зүүн хацар ясны нум цөмөрч хугарсан, хамрын таславч мурийж хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч уг гэмтэл хэзээ, ямар хүчин зүйлийн улмаас бий болсон нь тодорхойгүй тодруулбал, хариуцагч нарт зодуулсны улмаас хохирол учирсан болох нь нотлогдохгүй байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч нарт зодуулснаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаар тогтоолоор ... Б.Обиед зүүн хацар ясны нумын цөмөрсөн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдсон, дээрх хэрэг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн ... гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 1/155 дугаар тогтоолд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын нэхэмжлэгч Б.Огаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг дурдсан байх ба үүнд ... Б.Огэрчээр болон хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгүүд нь зөрүүтэй, мэдүүлэгт дурдсан 5-6 залууд зодуулсан гэх асуудал нь гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн, өөрт учирсан гэмтлийг шардуу царайтай махлаг залууд зодуулснаас үүссэн байж болох талаар мэдүүлсэн зэргээс дүгнэлт хийхэд хохирогч Б.Ог 5-6 залуу бүлэглэн зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдоогүй гэжээ. /хх8, 17-18/

Маргааны үйл баримтын талаар Цагдаагийн байгууллагаас шалгасан дээр дурьдсан баримтуудаас өөр хуульд заасан журмын дагуу олж авсан буюу нотолгооны шаардлага хангасан баримтуудыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар зохигч нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ... өөрөө олж авах боломжгүй болон гэрчийн мэдүүлгийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлдэг журамтай. Хэргийн 14-15, 54 дугаар тал дахь Б.Э, Г.О нарын маргааны үйл баримтын талаар гараар бичсэн тодорхойлолт, эм, эмийн бүтээгдэхүүн худалдаж авсан гэх зарлагын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримт гэж үзэхгүй.

 

Тодорхойлолт бичсэн иргэн Б.Э, Г.О нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг өгснөөр уг мэдүүлэг нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримт баримт болно. Эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авсан зарлагын баримт нь худалдагч, худалдан авагчийн нэр тодорхойгүй, уг баримтанд тусгагдсан эм, тариаг эмчийн жороор /заавраар/ худалдан авсан гэх баримтгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хариуцагч нарын гэм буруугийн улмаас нэхэмжлэгчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тухайн үед зодоон харсан гэх н.Л-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч түүний нэрийг бүрэн мэдэхгүй, гэрийн хаяг нь тодорхойгүй, олох боломжгүй гэх үндэслэлээр уг хүсэлтээсээ татгалзсан байна. Шүүх дээр дурьдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч асуух, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулдаг тул нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлтээсээ өөрөө татгалзсанд шүүхийг буруутгах үндэслэлгүй. /хх136/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ