Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01438

 

 

Б.Одхүүгийн нэхэмжлэлтэй

               иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00487 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 676 дугаар магадлалтай, 

Б.Одхүүгийн нэхэмжлэлтэй,

Н.Хишигсайхан, Н.Хишигжаргал, Н.Хишигдаваа нарт холбогдох, 

Гэм хорын хохиролд 14,223,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч Б.Одхүү, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Б.Эрдэнэмөнх нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Одхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би гэртээ байж байтал 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Н.Хишигжаргал, Н.Хишигдаваа болон Н.Хишигжаргалын хүү нар ирж бүлэглэн, хүч хэрэглэн намайг зодож, зүүн шанаа хэсэг цөмөрч, мөн хамар таславчийн муруйлт гэмтэл үүсэж, бие махбодид ноцтой хохирол учруулсан. Мөн маргааш нь ээж Эрдэнэтуяа нь үл таних хүмүүстэй ирж хавдартай нүүр хэсэгт зодож, хэл амаар доромжилж, хууль бусаар санаатай үйлдлээр миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсны улмаас ажлаа хийж чадахгүй, орлого олохгүй байсан учир нэг хэсэгтээ маш их сэтгэл санааны дарамтад орж, хоол унд ч орохгүй их турсан. Нүүр шанаа хэсэгт гоо сайхны хувьд нүүрний хэлбэр өөрчлөгдөн одоог хүртэл эмчилгээ, хагалгаа хийлгэж чадахгүй байна. Дээрх хариуцагч нарын гэм буруу тогтоогдсон учир гэм хорын хохирол эмчилгээний зардал 3,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг, цаашид хийх эмчилгээ, хагалгааны зардал 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч Н.Хишигсайхан, Н.Хишигдаваа, Н.Хишигжаргал нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 776,300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нараас 14,223,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Хишигдаваа шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Одхүү гэгчийг танихгүй, мэдэхгүй, уулзаж ч байгаагүй. Бидний хооронд зодоон цохион огт болоогүй. Түүнийг зодсон гэж Цагдаагийн байгууллагад огт шалгагдаж байгаагүй. Миний эгч Н.Хишигжаргал, Н.Хишигсайхан нар Б.Одхүүг зодож цохисон гэдгийг би мэдэхгүй. Эгч Н.Хишигсайхан Б.Одхүү гэгчтэй хамтран амьдрах үедээ 1 хүүтэй болоод салсан байдаг. Харин ч Б.Одхүү гэгч нь эцэг хүний хариуцлагыг умартан төдийгөөс өдий хүртэл хүүхдийн тэтгэлэг огт өгч байгаагүй. Шүүх, цагдаагийн байгууллагаас болон хохирогч болох Б.Одхүү нь нэг ч удаа утастаж байгаагүйг тогтоож үнэн зөвийг олж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.Хишигсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Одхүүгийн нэхэмжлэлийг татгалзаж байна. Учир нь тийм үйл явдал огт болоогүй. Н.Хишигдаваа, Н.Хишигжаргал нар нь Б.Одхүүг таних ч үгүй. Хэрэг явдал 2014 оны 9 дүгээр сарын 12-нд болсон гэж биччихээд эмнэлгийн бичиг нь хуучин, 2014 оны 12 дугаар сарын 26-ны он сартай, ямар ч тамга тэмдэггүй, эрүүгээс татгалзсан тамга тэмдэггүй. Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хамт амьдардаг хүн Г.Гаамаа гэгч нь ажилладаг. Ямар ч шаардлага хангахгүй, тэмдэг, хэзээ ч болж байгаагүй үйл явдал бичсэн байна. Би Б.Одхүүтэй танилцаж 2014 оны 2 сард хүүтэй болсон боловч огт хамт амьдарч байгаагүйгээр барахгүй Б.Одхүү нь өөр нас ахимаг Г.Гаамаа гэгчтэй хамтран амьдардаг. Тус шүүхэд би хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл өгсөн, одоо хүртэл шийдэгдээгүй. Б.Одхүү нь энэ мэтчилэн худал гүтгэж, цаг хугацаа алдуулсаар байна. Энэ хүний үгэнд итгэхийн аргагүй. Ийм учраас татгалзаж байна гэжээ. 

Хариуцагч Н.Хишигжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүнийг би огт танихгүй, цохиж зодоогүйгээс гадна цохиж зодсон хүнийг нь хараагүй. Би осолд орж байсан учир тархи толгой байнга өвддөг учир мартаж санах өвчтэй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Одхүүгийн хариуцагч Н.Хишигсайхан, Н.Хишигжаргал, Н.Хишигдаваа нарт холбогдох гэм хорын хохиролд 14,223,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,000 төгрөгөөс 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7050 төгрөгийг улсын орлогоос гаргуулан түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 676 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Одхүү, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Б.Эрдэнэмөнх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 07 өдрийн 184/ШШ2020/00487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25 өдрийн 676 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хэрэгт авагдсан Прокурорын тогтоолоос харахад хариуцагч нарыг яллагдагчаар татах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусчхаад байна гэдэг утга санаа тодорхой харагдаж байна. Түүнээс хариуцагч нарыг ямар ч гэм буруугүй гэсэн хууль зүйн дүгнэлт прокурорын тогтоол дээр байдаггүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь гэмт этгээд гэмт хэрэг үйлдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрвөл түүнийг яллагдагчаар татаж болохгүй гэсэн ойлголт болохоос биш түүнийг иргэний хариуцлагаас чөлөөлнө гэсэн үг биш юм. Энэ ойлголтыг Эрүүгийн хуульд маш тодорхой заасан байдаг бөгөөд тус хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Үүнээс харвал хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт нь гэмт хэрэг үйлдсэн этгээд дээр яригддаг ойлголт болох нь тодорхой байна. Ийм ч учраас хяналтын прокурор хэргийг хаах тогтоол дээрээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бичиж хэргийг хааж буйгаа дурдсан болохоос хариуцагч нарыг гэм буруугүй болохоор нь хэргийг хаалаа гэж дүгнээгүй нь илт байна. Гэтэл анхан, давж заалдах хоёр шатны шүүхүүд дээрх хуулийн заалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэжээ. Иймд хариуцагч нар Б.Одхүүд гэм хорын хохирол учруулаагүй буюу зодсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй болно. Хариуцагч нар бүгд Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэг гэсэн өөр өөр хаягт оршин суудаг нь баримтаар тогтоогдсон байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн харьяаллыг ноцтой зөрчжээ. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д гэм хорын нэхэмжлэлийг нэхэмжлэгч оршин суугаа газрын шүүхэд гаргаж болохоор заасан ч энэхүү зохицуулалтад хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болохоор бас заасан. Нэхэмжлэгч аль шүүхэд гаргахаа сонгох боломжтой гэсэн үг. Харин илүү нарийвчилсан зохицуулалтаар хэд хэдэн хариуцагчтай тохиолдолд мөн хуулийн 15.3-т хариуцагч нарын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж императив хэм хэмжээгээр зааж өгсөн. Өөрөөр хэлбэл хуулийн 15.1-д ...болно гэж, 15.3-т ...гаргана гэж заасан байна. Иймд шүүхийн харьяалал зөрчигдсөн байна. Нэхэмжлэгч анхан шатны хуралд хариуцагч нарт зодуулаад гэмтэл авсан тул хариуцагч нарыг биечлэн шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзжээ. Гэтэл хариуцагч нарыг биечлэн шүүх хуралд оролцуулж хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргуулсны дараа шүүх бүрэлдэхүүн тайлбарыг нь сонсож үзээд хэргийг шийдвэрлэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох байлаа. Гэвч анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр хүсэлтийг хангалгүй татгалзаж, талууд нэг нь зодуулсан, нөгөө нь зодоогүй гэх эсрэг тэсрэг байр суурьтай байхад хэргийг хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Энэ нь ИХШХШТХ-ийн 6.3-т заасан хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэх талаар мэтгэлцэх боломжийг нэхэмжлэгчид олголгүй түүний эрхийг хязгаарласан байна. Уг гэм хорын хэргийн хувьд цаг хугацааны хувьд удсан байдаг тул хариуцагч нарыг шүүх хуралд оролцуулан мэтгэлцүүлж шийдвэрлэх нь хэргийг бүх талаас нь судлан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан байна. Шүүх хариуцагч нарыг биечлэн шүүх хуралд оролцуулахгүйгээр, нэхэмжлэгчийг өмгөөлөгчгүй хуралдааныг үргэлжлүүлэн явуулснаар талууд шүүхийн өмнө мэтгэлцэх, эрх тэгш байх зарчим бүрэн дүүрэн хэрэгжилгүй хэрэг шийдвэрлэгджээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Одхүү нь ...2014.09.13-ны өдөр Н.Хишигжаргал, Н.Хишигдаваа, Н.Хишигсайхан нарт зодуулсан, ...зүүн шанаа цөмөрч, хамрын таславч муруйсан ...,гэж олох байсан орлого, эмчилгээний зардал, хувцасны үнэ, эм тариа, такси, утасны төлбөр, сэтгэл санааны хохиролд нийт 14,223,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал ...Б.Одхүүг зодоогүй..., ... танихгүй..., уулзаж байгаагүй ... гэж эс зөвшөөрсөн байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.  

1. Нэхэмжлэгч нь 2017 онд Цагдаагийн байгууллагад бусдад зодуулсан асуудлаар гомдлоо гаргасан, нэхэмжлэгчийн зүүн хацар ясны нум цөмөрч хугарсан, хамрын таславч мурийж хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч уг гэмтэл хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.12.25-ны өдрийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2018.02.15-ны өдрийн 210 дугаар тогтоол, хохирогч Б.Одхүүг 5-6 залуу бүлэглэн зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэн, хэргийг хаасан дүүргийн прокурорын тогтоолыг зөв гэж үзсэн Монгол улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын 2018.04.06-ны өдрийн 1/155 дугаар тогтоол зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд дээрх нотлох баримтуудаас өөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтуудыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй.  

Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, үүний тулд гэм хор, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.  

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгчид учирсан гэмтэл хэдийд, хэний буруутай үйлдлээс үүссэн болохыг нотолж тогтоосон баримт байхгүй байна.

Иймд хариуцагч Н.Хишигжаргал, Н.Хишигдаваа, Н.Хишигсайхан нарын буруутай үйлдлээс Б.Одхүүгийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.  

2. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно гэж заасныг дагуу өөрөө сонгож, өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар харьяаллын асуудлаар маргаагүй байна.  

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцож, хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн, шүүх талуудаас гаргасан хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэсэн, гэрч асуулгах хүсэлтээсээ нэхэмжлэгч өөрөө татгалзсан зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ. 

Иймээс ... харьяалал зөрчигдсөн..., ...хариуцагч нарыг болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг биечлэн оролцуулаагүй..., мэтгэлцэх, эрх тэгш байх зарчим бүрэн хэрэгжээгүй..., хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан нь үндэслэлгүй.  

Дээр дурдсаныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 676 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ 

П.ЗОЛЗАЯА 

Х.СОНИНБАЯР