Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 665

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Д.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дэмбэрэлийн Энхтөрд холбогдох эрүүгийн “1811020940793” дугаартай, 186/2018/0643/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, моторчин мэргэжилтэй, Улаанбаатар эрдэм их сургуульд жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхэд, ач нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Вива Сити хотхоны 19/5-2 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дэмбэрэлийн Энхтөр /РД:ЦВ62071178/, 

 

Холбогдсон хэргийн талаар;

Д.Ннь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар эрдэм” их сургуулийн хашаанд Т.Телепбердитэй маргалдаж улмаар түүний цээжин тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг: Шүүгдэгч Д.Ннь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би “Улаанбаатар эрдэм” их сургуулийн гаднах үүдний сандал дээр сууж байгаад хохирогч Т.Төлепбердигтэй тааралдсан. Т.Төлепбердиг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би ч мөн бага уусан байсан. Тэгээд бид хоёр маргалдаад намайг эхлээд цохьсон болохоор нь би зууралдаад хашааны гадаа гарч яваад цээжин тус газар нь санаандгүй цохьсон гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч                                                                                                                Т.Төлепбердигийн:...Би нилээд согтуу байсан учраас болсон зүйлийг сайн санахгүй байгаа.Тарган залуу /сүүлд нэрийг нь мэдсэн Энхтөр/ түлхэж газарт унагаасан. Тэгээд газарт унасан байхад цээж рүү нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх-11/,                                                                                         

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Түмэнжаргалын:...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би жижүүртэй байхад 12 цагийн үед Энхтөр, сантехникч Ганаа нар ирсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Ганаа түрүүлээд гараад явсан. 19 цагийн үед сургуулийн гадаа сандал дээр Энхтөр, Лхамаа бид гурав юм яриад сууж байхад манай сургуулийн хашааны гадна байрлах ТҮЦ-ны эзэн залуу согтуу ирээд Энхтөртэй маргалдаж байгаад хашаанаас гарч яваад эргэж 2 лааз пиво авчраад Энхтөр, Лхамаа  хоёрт өгсөн. Лхамаагийн пивыг тэр залуу цохьж унагаж асгасан. Тэр залуу Энхтөртэй маргалдахад Энхтөр сандал дээрээс босоод ирсэн чинь тэр залуу Энхтөрийг цохиход Энхтөр газарт унасан. Энхтөр босож ирээд тэр залуутай барьцалдаж авахаар нь би салгаад тэр залууг хашааны гадаа гаргаад хаалгаа цоожлоод Энхтөр бид хоёр сургууль дотор орсон. Араас тэр казак залуу орж ирэхэд нь би тэр залуугийн хүүхэд рүү утсаар ярьсан чинь хүүхэд нь хөдөө явж байна гэсэн. Тэгээд хүүхэд нь өөр залуутай ярьж аавыгаа аваад явсан гэх мэдүүлэг. /хх-12/,

 

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Лхамхүүгийн:..2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сургууль дээр цахилгаан машинаар хувиараа юм оёод сууж байхад Энхтөр, Гансүх хоёр нэг шил архи авч өрөөнд орж] ирээд тэр архиа хувааж уугаад гарсан. 20 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ явах гээд гарахад Энхтөр жижүүрийн хажууд байж байсан. Тэгээд Түмэнжаргал, Энхтөр бид гурав сургуулиас гараад гадаа үүдний сандал дээр сууж байхад манай сургуулийн хашааны үүдэнд ТҮЦ ажиллуулдаг залуу сургуулийн хашаанд орж ирээд Энхтөртэй мэнд мэдэлцээд байж байхад Энхтөр амралтаа тэмдэглээд явж байна гэхэд гаднаас орж ирсэн залуу Энхтөрийг юу уухын гэхэд Энхтөр 2 пиво авчраад өгчих гэсэн. Тэгээд тэр залуу хашаанаас гарч 2 пиво авчирч Энхтөр бид хоёрт өгсөн. Хажуунаас нь Түмэнжаргал тэр залууг чи архи уусан байна ТҮЦ-ээ хаа гэж хэлсэн чинь тэр залуу миний ТҮЦ-ээ хаах хаахгүй та нарт хамаагүй гэж, та нар ямар их орлого оруулдаг биш гэр маань Баян-Өлгийд усанд автаж, аюулд орсон байхад та нар юугаар туслалцаа үзүүлсэн юм гэсэн. Энхтөр тэр залууг чи зүгээр энэ хашаанаас гараад яваад өг гэсэн чинь гарахгүй Энхтөртэй маргалдаад байсан. Тэгээд Түмэнжаргал, Энхтөр тэр залуутай сургуулийн хашааны хаалга руу сандал дээрээс босоод явж байсан чинь тэр залуу Энхтөрийг гэнэт цохиод газарт унагасан. Түмэнжаргал тэр залууг барьж аваад хашааны хаалгаар гарсан. Тэгээд Түмэнжаргалын түлхүүр газарт тараад унасан байсан болохоор Энхтөр, Түмэнжаргал бид гурав газраас түлхүүрийг нь түүж авсан. Тэгтэл нөгөө залуу дахиад хашаанд орж ирэх гэж байхад нь Түмэнжаргал, Энхтөр нар өөдөөс хашаанаас гарсан. Тэгээд би айгаад нааш цааш гүйж байгаад хашааны заагаар гараад гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг. /хх-14/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Кадирбекийн:..2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай аав Телепберди ТҮЦ дээр ажиллаж байсан. 17-18 цагийн үед манай аав надруу утсаар яриад би хүнд зодуулчихлаа, намайг ирж аваарай гэж хэлэхээр нь би яваад очсон чинь аав Телепберди Эрдэм их сургуулийн хашааны гадаа ганцаараа хэвтэж байсан. Тэгээд аавыг босгоод гэрлүү авч явсан бөгөөд гэрт очоод бие өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм авч өгөөд унтуулчихсан. Гэтэл өглөө нь босоод ирсэн чинь хүзүү, цээж хэсэг нь хавдчихсан, хөдөлж чадахгүй  байхаар нь түргэн рүү залгасан чинь ачаалал ихтэй байна гэсэн тул шууд гэмтлийн эмнэлэг рүү өөрсдөө аваад очсон. Гэмтлийн эмнэлэгт очоод  аавыг үзүүлсэн чинь цээжинд нь хий дүүрээд, хавирга хугарчихсан байна гэсэн тул тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтээд 7 хоноод гарсан гэх мэдүүлэг. /хх-15/,

2.5. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9085 тоот актын: 

1.Т.Теленбердийн  биед цээжний хэнхэрцгийн баруун талын 8,9-р хавирганы хугаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт. /хх 22-23/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-43/, шүүгдэгч Д.Энхтөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, хохирогч Т.Төлепбердигийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-50/,  Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар эрдэм” их сургуулийн хашаанд Т.Телепбердитэй маргалдаж улмаар түүний биед цээжний хэнхэрцгийн баруун талын 8, 9-р хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санааатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Төлеберд, гэрч Т.Түмэнжаргал, Я.Лхамхүү, Т.Кадербек, шинжээчийн 9085 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Энхтөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Төлепберд нь шүүгдэгч Д.Энхтөрөөс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

            Шүүхээс шүүгдэгч Д.Энхтөрийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дэмбэрэлийн Энхтөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Энхтөрийг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Энхтөрд оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ннь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Ннь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхтөрд  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ