Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 960

 

Д.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Очбадрах,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 73 дугаартай эсэргүүцлээр Д.Эхолбогдох 1811020940793 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Д.Э, 1962 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, моторчин мэргэжилтэй, Улаанбаатар эрдэм их сургуульд жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхэд, ач нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Вива сити хотхоны 19/5-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЦВ62071178/;

Д.Энь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар эрдэм” их сургуулийн хашаанд Т.Т маргалдаж улмаар түүний цээжин тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Д.Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Д.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эоногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Энь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Д.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолоор Д.Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Д.Эторгох ял оногдуулахдаа уг ялыг 2 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох хэсэг”-т өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Эпрокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь би шүүх хуралдаан дээр уг торгуулийн мөнгийг 2 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Торгуулиа төлөөд 150.000 төгрөг үлдсэн. ...” гэжээ.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Эхолбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон ба шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж миний зүгээс улсын яллагчийн эсэргүүцэл бичээгүй. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Эхолбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Д.Энь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар эрдэм” их сургуулийн хашаанд Т.Тмаргалдаж улмаар түүний цээжин тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Т-ийн “... 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Соёл Эрдэм” дээд сургуулийн 2 манаач, үйлчлэгч эмэгтэйн хамт сууж байсан. Тэгээд намайг очтол пиво аваад өгчих гэхээр нь 2 лааз пиво авч өгсөн. Намайг очиход тэр 2 нилээн согтуу байсан ба юм яриад сууж байтал юунаас болсон нь мэдэхгүй жаахан муудалцаад туранхай эрэгтэй нь эхлээд миний баруун хавирга орчим өшиглөөд газар унагаасан ба дээрээс бүдүүн эрэгтэй, туранхай эрэгтэй 2 миний толгой, цээж, нуруу орчим зөндөө өшиглөсөн. Би уйлаад орилж байсан ба нэг мэдсэн гэртээ байсан. Өнөөдөр бие өвдөөд гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлэхэд 3 хавирга хугарсан байсан. ...” /хх-9-10/,

гэрч Т.Т-ын “... 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр казак залуу Д.Этэй маргалдахад Д.Эсандал дээрээс босоод ирсэн чинь тэр залуу Д.Эийг цохиж унагаасан. Гэтэл Д.Эбосч ирээд тэр залуутай барьцалдаж авахаар нь би салгаад тэр залууг хашааны гадна гаргаад хаалгаа цоожилсон. ...” /хх-12/,

гэрч Т.К-ийн “... 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай аав Т над руу залгаад “би хүнд зодуулчихлаа, намайг ирж аваарай” гэж хэлэхээр нь очиход “Эрдэм” их сургуулийн хашааны гадаа ганцаараа хэвтэж байсан. Тэгээд гэрт очиход бие өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгөөд унтуулсан. Гэтэл өглөө босоод ирэхэд аавын хүзүү, цээж хэсэг нь хавдсан, хөдөлж чадахгүй байхаар нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “цээжинд нь хий дүүрээд, хавирга нь хугарчихсан байна” гэж хэлсэн. ...” /хх-15/,

Д.Д.Эийн яллагдагчаар өгсөн “... 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ... би Телепбердиг яв гэж хэлээд босоод ирэхэд намайг цохиод унагаачихаар нь би босч ирэхэд Түмэнжаргал Телепбердиг хашааны гадаа түлхээд гаргаж байсан. Тэгэхээр нь би хашаанаас гараад Телепбердитэй барьцалдаж авсан бөгөөд түүнийг түлхэж унагаад зууралдаж, ноцолдож байсан. Энэ үед Т ирээд намайг салгаад сургууль руу оруулсан. Би тэр үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. ...” /хх-39-40/ гэх мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Т.Т-ийн биед цээжний хэнхэрцэгийн баруун талын 8, 9 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо” гэх 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 9085 дугаар дүгнэлт /хх-22-23/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Д.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Д.Энь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаж, прокуророос уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзээд, хүлээн авч, түүнд 450.000 төгрөгөөр торгох ялын санал танилцуулсан. Уг саналыг шүүгдэгч Д.Эхүлээн зөвшөөрсөн ба анхан шатны шүүх хуралдаан дээр шүүх хуралдаан даргалагчаас торгуулийн мөнгийг ямар хугацаанд төлж барагдуулах боломжтой талаар асуухад, 2 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан ба анхан шатны шүүхээс Д.Эоногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь зөрчөөгүй байна.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Д.Энь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг төлсөн ба үлдэгдэл 150 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг шийтгэх тогтоолд заасан хугацаанд төлж барагдуулна гэдгээ илэрхийлж прокурорын бичсэн эсэргүүцэлд тайлбар гаргасан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсгийг зөрчсөн эсхүл уг заалт зөрчигдсөн байдал үүсээгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Иймд дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 73 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 73 дугаартай эсэргүүцлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН