Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/00720

 

 

Н ЮББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/00450 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ЮХЗХ-ны хариуцагч Г.М, М.Өнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 86 044 599 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагч М.Өы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Г.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хариуцагч Г.М, М.Өнар нэхэмжлэгч Н ЮХЗХ-той 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ2019100111498 дугаартай зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөг 30 хоногийн 2.99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1 170 000 төгрөгийг хүүд төлснөөс хойш одоог хүртэл төлөлт хийгээгүй ба зээлдүүлэгчээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хойшлуулсаар өдийг хүрсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, мөн зээлийн гэрээний 2.6, 3.1.3-т заасны дагуу хариуцагч Г.М, М.Өнарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нарыг зээл авахад нь хоршоондоо гишүүнээр элсүүлсэн учраас зээл олгосон, хэргийн материалд баримт байхгүй. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 70 000 000 төгрөг, зээлийн хүү 15 341 433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650 666 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 52 500 төгрөг, нийт 86 044 599 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ... 1655 а, 1655г тоотод тус тус байрлах, 108 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн Г.Мгийн тайлбарт: Миний танил М.Өминий нэр дээр Н ЮХЗХ-оос зээл авахын тулд өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө надад түр хугацаагаар шилжүүлэн 70 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийн 35 000 000 төгрөгийг 8 автомашины гараж барихад зарцуулж нийт өртөг нь 48 000 000 төгрөг болсон. 35 000 000 төгрөгийг М.Өнь манай Бизнес Пойнти ХХК-аар Ар хустай хотхонд 4 айлын пент хаус, 8 машины гараж бариулсан боловч одоог хүртэл төлбөрөө өгөхгүй маргаантай байгаа. Миний бие уг зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй. Хүн өөрийнхөө эд хөрөнгөд санаа тавихгүй, зээлээ төлөхгүй байгаа тул хөрөнгүүдийг шүүхийн журмаар хураан авч Н ЮХЗХ-г хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Харин намайг чанаргүй зээлдэгч гэсэн ангилалд оруулж байгаад гомдолтой байна. Анхнаасаа эдийн засагч н.Огэх хүн М.Өчинь орлого муутай, хар түүхтэй юм байна. Тань руу барьцаагаа шилжүүлвэл зээл гаргаж өгнө гэж зөвлөсний дагуу М.Өнад руу шилжүүлж зээл авч, өөрөө зарцуулсан. Зээлийн гэрээ байгуулсан талаар маргахгүй боловч Н ЮХЗХ нь өөрийн гишүүддээ зээл олгох ёстой бөгөөд хариуцагч нар уг хадгаламж зээлийн хоршоонд ямар нэгэн гишүүнчлэлгүй байхад хууль зөрчиж зээл олгосон. Иймээс үндсэн зээлийг төлнө. Зээл авснаас хойш хийсэн төлөлтөө хасч тооцуулж, төлөлтийг хариуцагч М.Өтай хамтарч хариуцах ёстой гэжээ.

 

Хариуцагч М.Өы тайлбарт: Миний бие Архустайн зусланд байрлалтай өөрийн эзэмшлийн газар дээрээ хаус хотхоны төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 хаусын барилгыг 70 хувьд хүртэл барьсан. Улмаар Г кХХК /захирал нь миний аав Ж.М/-ийн зүгээс уг төсөлд хөрөнгө оруулж дээрхи 4 хаусыг дуусгаж өгөхөөр тохирсон ба Г.Мтай тус компани 120 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Г.М нь өөрийн үүсгэн байгуулсан Б ПХХК-ийн нэр дээр уг гэрээг байгуулсан бөгөөд дээрхи 4 хаусын болон гадна тохижилтийн үлдсэн ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр дуусган хүлээлгэж өгөх, төлбөрт нь нийт 200 000 000 төгрөгийн тус бүр 3 өрөө, 2 орон сууцыг өмчлөлдөө авах, зөрүү 80 000 000 төгрөгийг Г кХХК-д буцаан өгөхөөр тохирсон. Г кХХК үүргээ 100 хувь биелүүлсэн байдаг. Гэвч Г.М нь 2 орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлээд захиран зарцуулсан бөгөөд үүнээсээ 75 000 000 төгрөгийг гэрээний зөрүүнд Г кХХК-д өгсөн. Ажил гүйцэтгэлийн хугацааг хагас жилээр хэтрүүлэн, гэрээнд заасан ажлынхаа 30-40 хувийг л гүйцэтгэсэн байдлаар ажлаа дуусгаж нийт 120 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тайлан гарган өгч гэрээний үүргээ зөрчсөн тул талуудын хооронд асуудал үүссэн. Г.М уг ажлаа дуусгахын тулд надад 2 хаусыг чинь ах нь барьцаанд тавьж зээл аваад чиний ажлыг дуусгая. Төлбөрт авсан 2 орон сууцаа энэ зуур зараад хаусыг чинь буцаагаад суллаж өгнө, аавдаа битгий хэл гэж гуйсаар надаар зөвшөөрүүлж Номин дээр хүрээд ир гэсэн. Харин Н Юхаусуудын өмчлөл нь зээл авах хүний нэр дээр байх ёстой гээд Г.Мгийн өмчлөлд шилжүүл гэсний дагуу 2 хаусаа түүний өмчлөлд шилжүүлж зээлээ авсан. Мөн газар нь минийх тул намайг хамтран зээлдэгчээр бүртгэсэн. Г.М уг зээлээсээ миний барилгад нэг ч төгрөгийн ажил хийлгүйгээр бүх зээлээ өөртөө захиран зарцуулж, зээлээ төлөхөөс ч татгалзсан. Уг зээлийг Г.М төлж миний хаусуудыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөх ёстой. Хариуцагч Г.М нь М.Өы барилгыг гүйцэтгээд төлбөрөө одоо хүртэл аваагүй. Нэхэмжлэгчээс авсан зээлийнхээ 34 000 000 төгрөгийг М.Өы эхнэр н.Дданс руу хийсэн. Миний бие уг төлбөрөөс нэг ч төгрөгийг хэрэглээгүй. Г.М нь миний барилгын төсөлд гүйцэтгэгчээр орохдоо тус төслийн хөрөнгө оруулагч Г ккомпанитай 18/05 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээний гүйцэтгэлийн хөлсөндөө Г ккомпаниас тус бүр 3 өрөө 2 ширхэг орон сууц авсан. Г кХХК нэг орон сууцыг суллаж өгөх асуудал нь удаарширсан тул оронд нь М.Өиргэн н.Уянгын нэр дээр байсан өөрийн хамаарал бүхий нэг 4 өрөө орон сууцыг Г.Мгийн өмчлөлд шилжүүлсэн. Уг орон сууцанд Г.М өөрөө амьдардаг төдийгүй дээрхи 3 орон сууцыг бүгдийг нь Газар капитал ББСБ, Есөн шижир ББСБ болон банкны зээлийн барьцаанд тавьж захиран зарцуулсан байдаг. Харин өөрөө гэрээнд заасан гүйцэтгэлийн үнэ, хөлс болон орон сууцны үнийн зөрүү төлбөрт 80 850 000 төгрөгийг Г кХХК-д төлөхөөс өмнө нь 40 000 000 төгрөг төлөөд, гэрээнд заасан 15 төрлийн ажлын гүйцэтгэлээс 2 ажлыг хийгээд 13 ажлыг хийгээгүй, Г захиралтай уулзахаас зайлсхийж гэрээний дүнгийн зөрүү үлдэгдэл 40 850 000 төгрөгийнхөө 34 000 000 төгрөгийг надаар дамжуулж хийе гэхээр нь мобайл банктай эхнэрийнхээ дансыг өгсөн. Уг мөнгийг манай эхнэр н.Д цааш нь Г захирал Ж.Мт өгсөн гэж тайлбарласан. Зээл авсаныхаа дараа Н ЮХЗХ-ны эдийн засагч н.Од-Эрдэнэд 3 000 000 төгрөгийн хахууль өгсөн. Энэ удаагийнх нь зээл Г.Мд ямар нэгэн эрсдэл учруулахгүй, эрсдэлийг М.Өэд хөрөнгөөрөө хүлээх, нөгөө талаар Глобтой хийсэн гэрээнийхээ дутуу үүргийг цайруулахын тулд уг зээлийн барьцаа хөрөнгийг ашиглаж нэхэмжлэгчийг дэмжин барьцаа хөрөнгүүдийг шүүхийн журмаар хураан авч "Номин Юнион" ХЗХ-г хохиролгүй болгох нь зүйтэй гэсэн тайлбар өгч байна. М.Өыг Номингоос зээл авахаар боллоо гэж Г.М дуудаж, эдийн засагч н.Огэж өөрийгөө танилцуулсан залуу "чиний орлого хүрэхгүй учраас болзол хангахгүй. Иймээс чи барьцаа хөрөнгөө Г.М руу шилжүүлээд хамтран зээлдэгчээр орсон тохиолдолд манай хоршоо Г.Мд зээл өгч болж байна" гэж М.Өыг ятгасан байдаг. Энэ нь Г.Мг үндсэн зээлдэгч болгож зээлийн мөнгийг түүний дансанд хийх замаар зээлийг захиран зарцуулах давуу эрхийг түүнд олгох гэсэн эрмэлзлэл гэж хардах боломжийг олгож байх тул зээл олгосон процесс нь өөрөө хуулийн дагуу явагдсан гэхэд эргэлзээ төрүүлж байна. Хариуцагч М.Өыг нэхэмжлэгч нь хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр бүртгээгүй, хэргийн материалд баримт байхгүй. Зээлийн болон барьцааны гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г.М, М.Өнараас 67 830 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ЮХЗХ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 18 214 599 төгрөгт холбогдох шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н ЮХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740 600.51 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.М, М.Өнараас улсын тэмдэгтийн хураамжид 497 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ЮХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжпэгч Н ЮХЗХоршоо нь хариуцагч Г.М, М.Өнартай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ2019100111498 болон БГ2019100111498 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг 30 хоногийн 2.99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлээ эргэн төлөөгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарыг гишүүнээр элсүүлсэн учраас зээл олгосон гэж тайлбарлаж байх боловч Г.М, М.Өнарыг Н ЮХЗХ нь гишүүнээр элсүүлж, тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийн бүртгэлд бүртгэсэн эсэх, хариуцагч нар нь гишүүнээр элсэхийг хүссэн өргөдөлөө гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжпэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэжээ. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардаж тайлбартаа зээлийн гэрээ болон хоршооны гишүүний бүртгэлийн талаар маргаагүй ба шүүх хуралдааны явцад Хадгаламж зээлийн хоршооны гишүүнчлэлийн талаар маргасан. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарыг хуульд заасны дагуу хоршооны гишүүнээр элсүүлсэн тул гишүүнчлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гарган өгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох боломжтой гэж маргасан боловч шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ... захирамж гаргана" гэж заасантай нийцээгүй. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч Н ЮХЗХ-ны гишүүн бус этгээдтэй байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул ... зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна ... гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Шүүх хариуцагч нараас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад зөвхөн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг үндэслэж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

 

 

 

Нэхэмжлэгч Н ЮХЗХ-ны зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 15 341 433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650 666 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 52 500 төгрөг, нийт 86 044 599 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Өэс зөвшөөрч Г.М миний өмчлөлийн 2 хаусыг өөрийн нэр дээр шилжүүлэн зээл авч өөрөө захиран зарцуулсан, би хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр бүртгүүлээгүй, зээлийн болон барьцааны гэрээ хууль зөрчиж хийгдсэн гэж, хариуцагч Г.М ... 70 000 000 төгрөгийн зээлийг М.Өзахиран зарцуулсан, хоршооны гишүүн биш, үндсэн зээлийг М.Өтай хамтарч төлнө гэж маргажээ.

 

Хариуцагч Г.М, М.Өнар нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Н ЮХЗХ-оос 70 000 000 төгрөг, 12 сарын хугацаатай, сарын 2.99 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ...тоот хаягт байршилтай тус тус 108 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /хх12-18/

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр хэрэгт хадгаламж зээлийн хоршооны гишүүнчлэлтэй холбоотой баримт авагдаагүй боловч хариуцагч нар Хадгаламж зээлийн хоршооноос зээл авч байгаа гэдгээ бүрэн ойлгож, ухамсарлаж гэрээнд гарын үсэг зурсан болох нь шүүхэд гаргасан тайлбар, зээлээ төлөхийг зөвшөөрсөн нөхцөл байдал зэргээс харагдаж байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан банк банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй. /хх11/

 

 

 

Хариуцагч тал гэрээний хугацаанд үндсэн зээлд 70 000 000 төгрөг, зээлийн хүү 25 116 000 төгрөг, нийт 85 116 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 2 170 000 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх74/

 

 

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд гэрээний үүргээ 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор биелүүлэхийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлээр, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор биелүүлэхийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдлээр тус тус мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүргийн зөрчил 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн байх ба талууд гэрээний 3.4.3, 4.2, 4.3-д зааснаар үүргийн зөрчил үүссэн нөхцөлд зээлийн төлбөрийг зээлдэгчийн борлуулалтын орлогоос үл маргах журмаар хураан авах, барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэхээр тохиролцсон байна. /хх21-24/

 

Гэтэл зээлдэгчид үүргийн зөрчил илт үүсч, зээлдүүлэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүй байхад зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардаж, гэрээнд заасан арга хэмжээг аваагүй байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.8-д заасан үндсэн зарчимтай нийцэхгүй байна. Хадгаламж зээлийн хоршоо мэргэжлийн байгууллагын хувьд зээлдэгчид үүсэх эрсдэлийг анхаарч үзэх нь үндсэн зорилгод нь нийцнэ.

 

Иймд хариуцагч нараас 4 сарын хүүг гэрээний 2.6-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулах нь зүйтэй. Хариуцагч Г.М, М.Өнар нь зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хариуцах этгээдийг зөв тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний хөлсд төлсөн 52 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийг тооцвол үндсэн зээл 70 000 000 төгрөг, 4 сарын зээлийн хүү, үүнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс өмнө төлөгдсөн 2 170 000 төгрөгийг хасч, үлдэгдэл дүн дээр нотариатын үйлчилгээний хөлс 52 500 төгрөг нэмэгдэж, нийт 78 021 700 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/00450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М, М.Өнараас 78 021 700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ЮХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 022 899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын бүртгэлийн Ү-2203038814 дугаарт бүртгэлтэй ... 1655 а тоот хаягт байршилтай, 108 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй ... 1655 г тоот хаягт байршилтай, 108 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангасугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 497 100 гэснийг 548 058  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 223 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

 

 

А.МӨНХЗУЛ