Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/00721

 

 

Г.Эы нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00324 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Эы хариуцагч Д.Охолбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 80 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Э би Д.О 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Д.О гэрээний үүргээ зөрчиж, зээлийн хүү, алдангиа одоо болтол төлөхгүй байна. Иймд Д.Оаас 80 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Д.О зээлээ төлөхгүй барьцаа хөрөнгө болох автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй, залилан зугтсан. 2019 оны 05 дугаар сард цагдаагаар хайлгуулж машиныг нь олсон. 2019 оны 05 дугаар сар хүртэл мөнгөө өгнө гэдгээ мессэжээр болон утсаар хэлж, өнөөдрийг хүртэл зугтаж байна. Би Д.Омөнгөө зээлэхдээ банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлж, хүүг нь төлж байгаа. Д.О Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн тайлбар өгдөг боловч энэ нь өөр хэрэг ба үүнийг хамааруулан ярьж зугтах гэж оролдсон. 200 000 000 төгрөгийн сарын хүү нь 10 000 000 төгрөг бөгөөд 5 сараас хойш хүү тооцоогүй, алданги нэхээгүй. 1 сар болоод мөнгөө өгчихнө, өгч чадахгүй бол байр, машин, зогсоолоо өгөхөөр гэрээ хийсэн байдаг. 2019 оны 06 сард гэрээ сунгасан бөгөөд энэ хүртэл хугацааны хүүг төлнө гэж хэлсэн. Тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр бичсэн зүйлийг нотлох баримтаар өгсөн. Энэ баримт нь Д.Оын гарын үсэгтэй. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны ,5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны нийт 8 сарын хүү болох 80 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь сүүлд 29 000 000 төгрөгийг зээлийн хүүнд өгсөн мэтээр худал тайлбар хэлсэн. Сүүлийн хавтаст хэргийн 60 дугаар хуудаст авагдсан Д.Оын мэдүүлэг дээр сүүлд тусд нь авч байсан хүүнийхээ төлбөрт өгсөн гэсэн байгаа. 2019 оны 03 сард өгсөн 12 000 000 төгрөг бол Цагдаагийн газарт шалгагдаж байхдаа хүүний төлбөрт зориулж өгсөн мөнгө гэдэг нь нотлогддог. Хариуцагч талаас 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 000 000 төгрөгийг буцааж хүүд өгсөн гэж худал ярьдаг. Энэ мөнгийг сүүлд зээлсэн 80 000 000 төгрөгийн зээлэнд нэг өрөө орон сууц шилжүүлэхээр болсон боловч тэр нь бүтээгүй учраас би буцааж 17 000 000 төгрөгөө авсан байдаг. Надаас авсан 270 000 000 орчим төгрөгөөр БНХАУ-аас арматур оруулж ирсэн. 2019 оны 09 дүгээр сард уулзахад мөнгийг 4, 5 дахин нугалсан, удахгүй өгнө гэж хэлсэн. Намайг өмнөх хуралд 80 000 000 төгрөгийн хүүгээс төлсөн гэж яриагүй гээд байна. Энэ зээлийн асуудал 200 000 000 төгрөгийн зээлийн асуудалд хамааралгүй учир би ярих шаардлагагүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн тайлбарт: 80 000 000 төгрөгийн хувьд 2 хувааж мэтгэлцэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 3 сарын хугацаатай 200 000 000 төгрөгийг зээлдэн авсан байдаг. 3 сарын хүү төлөхөөр тохиролцсон тул 8 сарын хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дах хэсэгт зааснаас үзэхэд 3 сарын хүү шаардах эрхтэй. 8 сарын хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй, гэрээгээр тохиролцоогүй 5 сарын хүү болох 50 000 000 төгрөгийг шаардах эрхгүй, харилцан тохиролцсон бичгийн гэрээ байхгүй. Иймд 5 сарын хүү 50 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 3 сарын хүү болох 30 000 000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан.

 

Нэхэмжлэгч Д.Энхтайван хууль хяналтын байгууллагад худал ярьдаг. Цагдаагийн байгууллагад орон сууц худалдаж аваад залилуулсан гэж гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас зээлийн барьцаа болох байрыг төлбөр тооцоог нь төлөөд чөлөөлсөн гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүний үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж аваад залилуулсан гэж ярьдаг. Энэ тохиолдолд ч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсныхаа дараа залилуулсан гэж Цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулсан. Мөн хариуцагчийн эхнэрийн приус маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зээлийн барьцаанд шилжүүлж авсан. Гэтэл мөнгөө өгчихөөд машинаа авч чадахгүй байгаа мэтээр Цагдаагийн байгууллагад ханддаг. Тухайн Лексус-570 болон Ланд крузер 200 маркийн автомашиныг нь худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өөрийн нэр дээр шилжүүлсэн. Түүний дараа худалдаж авсан, мөнгөө өгчихөөд орон сууц, машинаа авч чадахгүй байгаа мэт Цагдаагийн байгууллагад хохирсон хүний дүр эсгэн шалгуулдаг. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт хариуцагч талаас худал хэлсэн зүйл байхгүй. Энэхүү баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн учир гомдол гаргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 200 000 000 төгрөгөөс тусдаа 80 000 000 төгрөг бус 60 000 000 төгрөгийг хариуцагчид нэмж өгсөн үйл баримт байгаа. 3 сараас хойш хүү нэхсээр байсан учир хариуцагч нь нэхэмжлэгчийн дарамт шахалтад орж 60 000 000 төгрөг биш 80 000 000 төгрөг гэж тохирсон мэт нөхцөл байдал үүсгэсэн. Нэхэмжлэгч нь анх Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө Д.О60 000 000 төгрөг өгсөн. 16 000 000 төгрөгийг н.Бэхцэцэг гэх хүн төлсөн үлдэгдэл 54 000 000 төгрөгөө Д.Оаас авбал гомдолгүй гэж хэлсэн атлаа одоо огт мөнгө аваагүй хүн шиг дахин нэхэмжлэл гаргасан байна. Дахин их хэмжээний мөнгө үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаан дээр 80 000 000 төгрөгийн хүү гэх мэт зүйлс яриагүй. Гэтэл одоо 80 000 000 төгрөгийн хүү төлсөн мэт зөрүүтэй зүйлс ярьж байна. Бичгээр гэрээ байгуулж, 80 000 000 төгрөг зээлсэн зүйл огт байхгүй. Үнэхээр 80 000 000 төгрөгийн тусдаа төлбөр тооцоотой байгаа бол хариуцагчаас авсан мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлдээ яагаад авсан мөнгөө хасаж тооцдоггүй юм бэ. Нэхэмжлэлээс 12 000 000 төгрөг хасагдах ёстой байтал хасалгүй 82 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж хүний эд хөрөнгийг авч Улсын бүртгэлийн байгууллагад хуурамч бичиг баримт үзүүлэн өөрийн нэр дээр шилжүүлдэг. Дараа нь худалдаж аваад хохирсон мэт Цагдаагийн байгууллагад худал гомдол гаргаж шалгуулдаг. Өөр шүүгч дээр хянан хэлэлцэгдэж байгаа маргаан дээр тухайн машиныг төлбөрт тооцож авсан байдаг. 200 000 000 төгрөгийн хүү 29 000 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .......... овогт Д.О-аас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...........овогт Г.Э-д олгож, нэхэмжлэлээс 50 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрт заасан гэрээний дүнд П.О бид 2 харилцан тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлийн хүү, зээлийг бүрэн төлнө гэснийг авч үзээгүй. Уг гэрээг нэмэлт гэрээ болгож харилцан тохиролцож нотариатаар батлуулсан. Зээл, зээлийн хүүг бүрэн төлөөгүй бол барьцаанд тавьсан эд хөрөнгийг өөр хүнээс авсан талаар маргаантай байгааг мэдсээр байж надад барьцаалсан. П.От өгсөн мөнгийг миний бие Арвайн үр ББСБ-аас зээлдэн өгсөн, одоог хүртэл хүүг нь төлж байгааг шүүх анхаарч үзээгүй. Иймд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлийн гэрээ байгуулагдсан, хүү төлөөгүй, алданги өдрийн 0,5 хувиар гэж тооцон 38 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Оаас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, хариуцагчийн эрх ашиг, сонирхлыг хохироож байна. Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 200 000 000 төгрөг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд эхний эргэн төлөлтийг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хийх байсан ба уг өдрөө нэхэмжлэгчийн Хаан банкны данс руу 17 000 000 төгрөг шилжүүлсэн нь цаг хугацааны болоод зээлийн хүүгийн эргэн төлөлтийн графиктай тохирдог. Гэвч шүүх нэхэмжлэгчийн 17 000 000 төгрөг зээлдүүлээд тухайн өдөртөө буцаагаад авсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 17 000 000 төгрөг зээлдүүлээд тэр даруй буцаан төлөх байсан бол анхнаасаа зээл авах шаардлагагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэвч хэрэгт 17 000 000 төгрөг зээлдүүлээд тэр өдөртөө буцаан авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх хүүнд төлсөн 17 000 000 төгрөг хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Түүнчлэн хариуцагч нь хүүнд 12 000 000 төгрөг төлсөн байхад шүүх мөн уг баримтыг үнэлээгүй, энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Д.Охолбогдуулан зээлийн хүүд 80 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээгээр тохиролцсон 3 сарын хүүг төлсөн, 5 сарын хүү төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

 

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Г.Эаас 200 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авсан талаар хэн аль нь маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16303 дугаартай захирамж, зохигчдын тайлбараар талуудын хооронд 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс гадна 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс үүсэлтэй Г.Эы нэхэмжлэлтэй, Д.Охолбогдох маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нь тогтоогдсон. Хэргийн 2 дугаар хавтасны 4-5, 13 дугаар талд авагдсан хариуцагч Д.Оын ХААН банкны дансны хуулгаар нэхэмжлэгч Г.Эд 17 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, 5 000 000 төгрөгөөр нийт 29 000 000 төгрөг шилжин орсон. Үүнээс хариуцагч 12 000 000 төгрөгийг 80 000 000 төгрөгийн, эсхүл 200 000 000 төгрөгийн хүүнд төлсөн эсэх нь тодорхойгүй байна.

 

Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ... 80 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 12 000 000 төгрөг өгсөн. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй ... гэж, хариуцагч .... 80 000 000 төгрөгтэй холбоотой маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч тус хэргийн шүүх хуралдаан дээр 200 000 000 төгрөгийн хүүнд 12 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг. Энэ хэргийн шүүх хуралдаанд 80 000 000 төгрөгийн хүүнд төлсөн гэж хоёр өөр байдлаар тайлбарладаг... гэж тус тус тайлбарлалаа.

 

12 000 000 төгрөг дээрх 2 гэрээний алинд нь төлөгдсөн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчид нь ижил 2 маргааныг шүүхийн нэг ажиллагаагаар хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасанчлан уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 450 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ