Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00755

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00755

 

 

 

                                       Н.Онэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00411 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Охариуцагч “ХААБ” ХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие ХААБ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар төлбөр тооцоо, ложистикийн хэлтсийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба гүйцэтгэх захирлын өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар стратеги, судалгаа хөгжлийн хэлтсийн мэргэжилтнээр, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирлын А/35 дугаар тушаалын хавсралтаар компанийн орон тоог шинэчлэн баталж, тус тушаалаар захиргаа, дотоод аудитын хэлтсийн мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоо хасагдсан шалтгаанаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр байгууллагын бүтэц, орон тоог өөрчлөх эрхгүй. ХААБ ХХК-ийн үйл ажиллагааны ерөнхий журмын 9.1 дэх хэсэгт бирж нь дотоод үйл ажиллагааны хяналт, хариуцагч байгууллага болон биржийн хооронд үүсэх харилцаанд тавих хяналт, биржийн арилжааны хяналт тус тус хэрэгжүүлнэ, Арилжааны журмын 5.2.2 дахь хэсэгт арилжааг холбогдох журмын дагуу зохион байгуулагдаж хянах чиг үүрэг бүхий хяналт мониторингийн албаны мэргэжилтэн, 1.2.3 дахь хэсэгт арилжаа хянагч нь арилжаанд оролцогчдын арилжааны явцыг хянах чиг үүрэг бүхий хяналтын албаны ажилтан байхаар заасан байхад орон тоо хассан нь үндэслэлгүй. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг бол компанийн үндсэн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн, хууль тогтоомж, хэм хэмжээний актаар зохицуулагдсан харилцаа бөгөөд орон тоо хасагдсан гэж байгаа боловч миний хийж гүйцэтгэж байсан ажил үүргийг одоо өөр мэргэжилтэн гүйцэтгэсээр байгаа тул хасагдсан гэж үзэхгүй. Гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/35 дугаар тушаалыг надад албан ёсоор танилцуулаагүй, ямар үндэслэлээр орон тоо хасах шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна. Миний бие энэ байгууллагад 3 өөр хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд орон тоо хасагдах болсон гэж үзвэл өөр сул орон тоонд шилжүүлэн ажиллуулах бүрэн боломжтой /урьд сэлгэж ажиллаж байсан/ байтал хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, түүнтэй холбогдуулан гаргасан дүрэм, журам, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах санал боловсруулах зэргээр аудитын хяналт шалгалт хийж, улмаар иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалган шийдвэрлэж байсан бөгөөд энэ хугацаанд компанийн эрх бүхий ажилчин, албан хаагчид аудит хийлгэхээс татгалзаж, ашиг сонирхлын зөрчил гаргах, хавчин гадуурхах, аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлж байсан нь намайг ажлаас халах бодит шалтгаан болсон гэж үзэж байна. Иймд урьд эрхэлж байсан захиргаа дотоод аудитын хэлтсийн мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгалын хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ХААБ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/35 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-1/350 дугаар албан даалгаварт компанийн удирдлага, менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах талаар үр дүнтэй, оновчтой хэлбэрээр шинэлэг ажлыг зохион байгуулж, үр дүнд хүргэх, улирал бүр тайлагнах, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолд төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах үүрэг өгсөн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-2/3440 дугаар албан даалгавраар дээрх тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн. Мөн ХААБ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/31 дугаар тушаалаар тус байгууллагад ложистикийн төв байгуулах, блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем тус бүрийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан нийт ажилтнуудын ажлын ачааллыг жигдрүүлэх, зарим ажлын байрыг өөрчлөх талаар судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын А/35 дугаар тушаалын хавсралтаар ХААБ ТӨХХК-ийн бүтэц, орон тоо, ажил албан тушаалын жагсаалтыг баталж Захиргаа, дотоод аудитын хэлтсийн захирал 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15.00 цагт нийт ажилчдын хурал дээр албан ёсоор танилцуулсан. Улмаар Н.Од 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Н.Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ХААБ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцсэн. Иймд иргэн Н.Оээлжийн амралттай байхад нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХААБ ХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Онэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитойгоор хянан үзээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 638 дугаартай тогтоолоор баталсан удирдамжинд зааснаар “Хөдөө аж аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бнь “Компанийн тухай хууль, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан компанийн бүтэц орон тоо, албан тушаалын жагсаалтыг удаа дараа өөрчилж, хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэнд халдсан, батлагдсан бүтэц орон тоогоор тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4, Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн тухай хуулийн 5.1.4 дэх заалт, ХААБээр арилжаалагдсан түүхий эдийн тодорхойлолт олгох журмыг тус тус зөрчсөн, арилжигдаагүй түүхий эд бараанд тодорхойлолт олгосон, нөхөж арилжаанд оруулсан, тус журамд хууль зөрчсөн нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг зөрчил гаргасан тул сахилгын арга хэмжээ авахуулах шийдвэр гаргасан байдаг. Уг баримтанд дурдагдсанаар үзвэл компанийн бүтэц орон тооны жагсаалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ТУЗ батлах эрхтэй болох нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх дээрхи баримтыг үнэлэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан” гэснийг дүгнэлтийнхээ үндэслэл болгон дээрхи нотлох баримтыг хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамааралгүй гэж үзсэн нь нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитойгоор хянаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн хариуцагч талаас энэхүү баримтыг няцаах ямар нэгэн тайлбар, нотлох баримт гаргаагүй бөгөөд гагцхүү нотлох баримтын шаардлага хангахгүй талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн байдаг. Иймд хариуцагчийг татгалзлалаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд “ХААБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дотоод хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгээгүй, арилжааны хэлтсийн мэргэжилтнээр арилжааг хийлгэдэг, үүнээс үүдэн ашиг сонирхлын зөрчил гаргадаг тайлбарласан. Энэ нь хариуцагчийн тайлбар болон шүүхэд гаргасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 638 дугаартай тогтоолоор нотлогдсон. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тайлбарлахдаа мониторинг дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын ачаалал бага, ахлах аудитор дангаар гүйцэтгэх боломжтой гэсэн байх боловч энэхүү дүгнэлтийг гаргасан судалгааг гаргаж өгөөгүй. Нэхэмжпэгч талаас дээрхи баримтыг хариуцагчаас албадан гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Үүнээс үзвэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын орон тоог хасах бодит үндэслэлээ баримтаар тайлбарлан, нотолж чадаагүй бөгөөд гагцхүү Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-1/350 албан даалгавар, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/2/3440 албан бичиг, Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн гэж тайлбарласан боловч цаг хугацааны хувьд дээрхи шийдвэрүүдийг хүлээн авснаас хойш 2018 оны 10 дугаар сарын 18-ны А/50 дугаартай тушаалаар компанийн бүтэц орон тоог шинэчилж байсан тул хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэх үзэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Н.Оажлаас халсан үндэслэлээ хариуцагч дээрхи баримт бичгүүдийг үндэслэсэн байхад шүүх хариуцагчийн татгалзлалыг хүлээн аваагүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь логикийн хувьд алдаатай. Хариуцагчийн татгалзлалын хүрээнд буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй зөвхөн шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр орон тоо хасагдсан нь үндэстэй байна гэсэн дүгнэлтийг өгч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь орон тоо хасах зайлшгүй үндэслэл, бодит нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болох төсөв хэмнэх зорилгоор эрх бүхий байгууллагын албан тоотуудыг үндэслэсэн гэх боловч тэрхүү баримтууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсантай нийцээгүй, орон тоо хасах бодит үндэслэл, судалгаа шинжилгээ хийсэн тухай баримтаар шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгч талаас судалгаа шинжилгээ хийсэн баримтыг гаргуулахыг хүссэн боловч шүүх хангаагүй ба хариуцагч татгалзлалаа нотлох үүргийн хүрээнд өөрөө гаргаж өгөөгүй. Энэ нь хариуцагч нэхэмжлэгчийн ажлын орон тоог хасах бодит үндэслэл байгаагүй гэсэн шаардлагыг няцааж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “ХААБ” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан мониторинг, дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь “ХААБ” ХХК-д  2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс стратеги, судалгаа, хөгжлийн хэлтэст мониторинг, дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба гүйцэтгэх захирал нь уг шийдвэрийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, “ХААБ” ХХК-ийн дүрмийн 1.2, 14.6.3, 14.6.5-д зааснаар компанийн үйл ажиллагааны үндсэн зорилго, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гаргасан гэж үзэхээр байна. /хх4, 65-65/

Шүүх хариуцагч компанийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны чиг үүргийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцлагдсан  тохиолдолд ажил олгогч байгууллагын бүтцээс тухайн ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон байх ёстой.

 

Хэргийн 40-45, 216-217 дугаар талд авагдсан “ХААБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал, ажлын хэсэг байгуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/31 дугаар тушаал, компанийн бүтэц өөрчлөх тухай ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, орон тоо шинэчлэн батлах тухай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/35 тоот тушаал, хавсралт зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн  эрхэлж байсан ажлын байр хасагдсан болох нь тогтоогджээ.

 

Хариуцагч компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг дэмжих тухай тогтоолоор компани зохион байгуулалтын хувьд 5 хэлтэстэй, орон тооны хязгаар 40 байхыг дэмжжээ. Тэрээр компани 2017 онд 40, 2018 онд 43, 2019 онд 43 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан байна. /1хх207, 235-236/

 

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, тус компанийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.7.4-т зааснаас үзэхэд хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог тогтоох нарийвчилсан зохицуулалтгүй байх ба гүйцэтгэх удирдлага нь мөн дүрмийн 14.6.5-д зааснаар компанийн бүтэц, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажилтан сонгох, томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй байна. 

 

Гүйцэтгэх захирал нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар “ХААБ” ТӨХХК-д ложистикийн төв байгуулах, блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем тус бүрийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан нийт ажилтнуудын ажлын ачааллыг жигдрүүлэх, зарим ажлын байрыг өөрчлөх талаар судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан, тус ажлын хэсэг нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “ХААБ” ХХК-ийн хэлтсүүдийн зарим албан тушаалуудыг хасч, шинээр ажлын байр бий болгох саналыг дэвшүүлж, мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хасах, уг албан тушаалтан нь “ажлын ачаалал бага ахлах аудитор дангаар ажлыг бүрэн гүйцэтгэх боломжтой” гэсэн дүгнэлтийг гаргажээ. /1хх41-43/ Уг дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/35 дугаар тушаалаар компанийн орон тоог шинэчлэн баталж,  Захиргаа, дотоод аудитын хэлтсийн мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрыг хасч, ахлах аудиторт нэхэмжлэгчийн ажлын чиг үүргийг шилжүүлэн, ложистикийн төвийн менежерийн албан тушаалыг шинээр бий болгосон байна. /1хх62-63/

           

“ХААБ” ХХК-ийн 2019 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ложистикийн төв шинээр байгуулах, Монгол Улсын Засгийн газраас дэмжигдсэн дижитал шилжилт хийж бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах чиглэлийн дагуу  дотооддоо бүтцийн өөрчлөлт хийсэн нь ажил олгогчид хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал болно.

 

Нэхэмжлэгч нь “миний гүйцэтгэж байсан ажил үүргийг одоо өөр мэргэжилтэн гүйцэтгэсээр байгаа тул орон тоо хасагдсан гэж үзэхгүй” гэх боловч түүний ажил үүргийг ямар албан тушаалтан давхардуулан гүйцэтгэж байгааг баримтаар нотлоогүй байна. Хэргийн 1 дүгээр хавтасны 223-226 дугаар талд авагдсан мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн, ахлах аудиторын ажлын байрны тодорхойлолтыг шүүх харьцуулан үзэж нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил үүрэг нь ахлах аудиторын ажлын байрны нийтлэг чиг үүрэгтэй давхардсан болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00411 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД                          Ц.ИЧИНХОРЛОО

 

 

       А.МӨНХЗУЛ