Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00756

 

 

 

Т Б КХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00390 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т Б КХХК-ийн хариуцагч Ц.Бхолбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Бнь Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 5 700 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 500 000 төгрөг төлсөн. Ингээд сар бүр 300 000 төгрөгөөр 15 сарын дотор бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөхөөр тохиролцож, 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Хариуцагч нь гэрээний дагуу хуваарьт төлөлтөөр нийт 2 950 000 төгрөг төлж, үлдэгдэл 2 750 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээ дуусгавар болсон. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1 174 хоног хэтэрсэн тул гэрээний 6.2-т заасны дагуу хүү 3 228 500 төгрөг болсон. Иймд барааны төлбөр 2 750 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч компани маш чанартай бүтээгдэхүүн, зах зээлийн үнээс хямдаар зарж байна гэж тайлбарласан. Хэсэг хугацааны дараа үнэ нь маш хямд буюу 1 000 000-2 000 000 төгрөгийн хооронд худалдаалж байсан. Иймд би гэрээ цуцлах санал тавьсан боловч янз бүрийн тайлбар хэлж гэрээг цуцлахгүй байсан. Ингээд 2-3 жилийн дараа шүүхэд хандсанд гайхаж байна. Би төлбөр төлөхдөө захирал н.Жболон тухайн үед ажиллаж байсан худалдааны төлөөлөгчдийн данс руу нийт 4 000 000 төгрөг шилжүүлсэн. Би гэрээг цуцалж өгсөн авсанаа буцаах санал тавьсан. Барааг сэлбэг уут нь байхгүй учир сүүлийн 3 жил хэрэглээгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан .......... овогтой Ц-ийн Бос /РД:.............../ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 500 000 төгрөг гаргуулан, Т Б КХХК-д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 70 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Бавуудоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие ...ХХК-аас 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 5 700 000 төгрөгөөр худалдан авсан. Нийт 4 000 000 орчим төгрөг төлсөн. Гэтэл уг төхөөрөмжийн зах зээлийн ханш нь 1 000 000-2 000 000 төгрөгийн үнэтэй байсаныг хэт өндөр үнээр худалдсан болохыг сүүлд мэдэж энэ талаар худалдагчид хэлж төхөөрөмжөө буцааж өгөөд зөрүү мөнгөө буцааж авъя гэсэн саналыг тавьсан. Гэтэл ямар нэгэн хариу өгөөгүй алга болсон. Ингээд 3 жилийн дараа буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд хандсан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй.

 

Миний тооцоолсноор 4 000 000 орчим төгрөг төлсөн. 2 950 000 төгрөг бол зөвхөн компанийн данс руу шилжүүлсэн. Харин тухайн үед захирал н.Жболон зээл хариуцаж байсан ажилтнууд нь зарим тохиолдолд хувийнхаа дансаар төлбөрөө шилжүүлж авдаг байсан. Иймээс захирал н.Жболон тухайн үед ажиллаж байсан ажилтнуудынх нь дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтэй байсан. гэтэл намайг шүүх хуралдаанд оролцож өөрийн эрх ашигийг хамгаалах боломжоор хангаагүй. Би шүүх хуралдаанд бага зэрэг хоцорч очсон байхад намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т Б КХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан барааны төлбөрт 2 750 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ц.Бнь 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Т Б КХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 5 700 000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөр 1 000 000 төгрөгийг 3 хоногийн дотор төлөх, үлдэгдэл төлбөрийг 15 сарын хугацаанд сар бүр 300 000 төгрөгөөр төлж дусгахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч урьдчилгаа төлбөрт тодорхой мөнгөн дүн төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх6-9/

 

Зохигчид барааны үнэ төлсөн дүнгийн хэмжээнд маргадаг бөгөөд нэхэмжлэгч нь Ц.Бгэрээний төлбөрт 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 2 950 000 төгрөг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тайлбарладаг бол хариуцагч нэхэмжлэгч байгууллагын захирал н.Жболон тухайн үед ажиллаж байсан худалдааны төлөөлөгчдийн данс руу нийт 4 000 000 төгрөг шилжүүлсэн гэж үгүйсгэдэг. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлохоор Т Б КХХК-ийн захирал н.Жболон тухайн үед ажиллаж байсан худалдааны төлөөлөгч нарын дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулахыг хариуцагч хүссэн байна. Шүүх уг хүсэлтийг ямар банкны ямар дансанд хэзээ, хэдэн төгрөг шилжүүлснээ тодорхойлоогүй гэх үндэслэлээр хангахгүй орхисон нь буруу. /хх26/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг журамтай. Хариуцагчийн гаргуулахыг шаардсан нотлох баримтууд хэрэгт ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийн агуулгийг тодруулахгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарна.

 

Түүнчлэн, тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Талууд худалдах, худалдан авах гэрээний 6.2-т захиалагч нь төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгчид төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хүү төлөхөөр тохиролцсон байх ба уг тохиролцоо нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу тогтоосон хүү эсхүл хугацаа хэтэрсэнтэй холбоотой төлөх анзын алин болохыг тодруулж талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай, шүүх гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00390 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

А.МӨНХЗУЛ