Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 390

 

                               

 

 

 

 

 

 

   2020 оны 02 сарын 10 өдөр              Дугаар 183/ШШ2020/00390                            Улаанбаатар хот

                        

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох,

Гэрээний үүрэгт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 5,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 500,000 төгрөг төлж, үүнээс хойш сар бүр 300,000 төгрөгөөр 15 сарын дотор бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөхөөр тохиролцож, 2014 оны 4 сарын 06-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулан, биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Хариуцагч нь гэрээний дагуу хуваарьт төлөлтөөр нийт 2,950,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2,750,000 төгрөг төлөөгүй, тул гэрээ дуусгавар болсон, 2015.07.06-ны өдрөөс 1174 хоног өнгөрсөн тул гэрээний 6.2-ын дагуу хүү 3,228,500 төгрөг болсон. Иймд барааны төлбөр 2,750,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь уг компани маш чанартай бүтээгдэхүүн, зах зээлийн үнээс хямдаар зарж байна гэж тайлбарлаж зарсан. Хэсэг хугацааны дараа үнэ нь маш хямд 1-2 сая төгрөгийн хооронд худалдаалж байсан. Иймд би гэрээ цуцлах санал тавьсан, гэтэл янз бүрийн тайлбар хэлж гэрээг цуцлахгүй байсан. Манай бүтээгдэхүүн илүү сайн чанартай баталгаатай, гадуур байгаа нь хулхи муу гэх мэт. Гэтэл чимээгүй алга болж байгаад 2-3 жилийн дараа шүүхэд хандсанд гайхаж байна. Би мөнгө хийхдээ захирал н.Жавхлан болон тухайн үед ажиллаж байсан худалдааны төлөөлөгчдийн дансанд мөнгө шилжүүлж нийт 4,0 сая төгрөг төлсөн. Би гэрээг цуцалж өгсөн мөнгөний талыг нь авч, бараагаа буцаах санал тавьсан, барааг сэлбэг уут нь байхгүй учир сүүлийн 3 жил хэрэглээгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

“Т” ХХК нь Ц.Бид холбогдуулан гэрээний үүрэгт

3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хүүгийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь төлбөрийг төлсөн гэж маргаж байна.

“Т” ХХК нь хариуцагчид Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг төлж, биет байдлын болон эрхийн доголдолгүй төхөөрөмжийг хүлээн авч 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч үнийг төлөхөөс өмнө худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөх үүргийг хүлээхээр заасан болон талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1-д заасан тохиролцооноос дүгнэхэд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Гэрээгээр Ц.Б нь төхөөрөмжийн төлбөрт 5,700,000 төгрөгийг төлөхөөр тохиролцон, урьдчилгаа төлбөрт 200,000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг сар бүр 300,000 төгрөгөөр 15 сарын хугацаанд буюу 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 2,950,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч хэдийгээр 4,000,000 төгрөг төлсөн, төхөөрөмжийн үнэ нь маш хямд 1-2 сая төгрөгийн хооронд худалдаалж байсан, гэрээг цуцлах талаар хэлсэн гэж тайлбарлах ч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас гэрээний үүрэгт 2,750,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Талууд гэрээний 6.2 дахь заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь тооцохоор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцжээ.

Тухайн тохиолдолд төлөгдөөгүй барааны төлбөр 2,750,000 төгрөгийн 0,1 хувь нь хоногт 2,750 төгрөг байх бөгөөд сүүлийн төлбөр хийсэн 2016.09.16-ны өдрөөс 2018.08.13-ны өдрийг хүртэл 703 хоногоор тооцоход 1,933,255 төгрөг болохоор байна.

Гэвч нэхэмжлэгч нь хүүний төлбөрт 750,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсныг буруутгах боломжгүй тул хариуцагч нь төлөх үндэслэлтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт

 

авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боос худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, “Т” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ